Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2022/00533

 

 

Ж.О-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 145/ШШ2020/00231 дүгээр шийдвэр,   

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 204/МА2020/00014 дүгээр магадлалтай,

Ж.О-ы нэхэмжлэлтэй,

Ж.Д, Т.Ө нарт холбогдох,

Гэм хорын хохиролд 58,322,657 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын өмгөөлөгч Ч.А-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ч.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О нь хариуцагч Ж.Д, Т.Ө нарт холбогдуулан гэм хорын хохиролд 58,322,657 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч Ж.Дгээс ...Э.Н, Г.Б нар ямар эмнэлгийн магадлал болон эмчийн зөвлөгөөний дагуу заавал Солонгос улсад эмчлүүлэх шаардлагатай болсноо тайлбарлаагүй, өөрсдийн сайн дурын үндсэн дээр явж эмчлүүлсэн. ...нөхөр Г.Б нь Солонгос улсад ажиллаж байгаа гэж надад хэлсэн. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэсэн, хариуцагч Т.Өаас ...зөвхөн эмчилгээний зардал төлөх хүсэлтэй байна, ...нэхэмжлэгч нарын цалин, цалингийн зөрүү, орон сууцны болон цалингийн зээл нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй, ...нэхэмжилж байгаа 58,322,647,5 төгрөг нь Г.Б, Э.Н нарын нэхэмжилж байгаа үнийн дүн мөн эсэхэд эргэлзэж байна. ...Г.Б нь Ж.Дтэй уулзахдаа Солонгос улсад ажил хийж байгаа гэсэн байдаг... гэсэн тайлбарууд гарган, маргажээ.

2. Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 145/ШШ2020/00231 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497 дугаар зүйлийн 497.3, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Ж.Дгээс 12,596,546 төгрөг, Т.Өаас 12,596,546 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Нд, хариуцагч Ж.Дгээс 5,908,950 төгрөг, хариуцагч Т.Өаас 5,908,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Бд тус тус олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг 21,311,664.55 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нарыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Ж.Дгээс 250,477 төгрөг, хариуцагч Т.Өаас 250,477 төгрөгийг тус тус гаргуулан орон нутгийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.   

3. Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 204/МА2020/00014 дүгээр магадлалаар: Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 145/ШШ2020/00231 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ж.Д, түүний өмгөөлөгч Ч.Алдар, хариуцагч Т.Ө, түүний өмгөөлөгч Б.Батсайхан нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч Ж.Дгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 250,477 төгрөгийг, хариуцагч Т.Өаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 250,477 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч нарын өмгөөлөгч Ч.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.12-ны өдөр 204/МА2020/00014 тоот магадлалыг эс зөвшөөрч ...хяналтын шатны шүүхэд хяналтын журмаар дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

4.1. Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ж.О нь нэхэмжлэл гаргахдаа хариуцагч нараас хэн нь нэхэмжлэх эрхтэй хэн нь нэхэмжлэл гаргаад байгаа нь тодорхой бус, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.5 дахь заалтыг ноцтой зөрчсөн нэхэмжлэлийг хүлээн авсан.

4.2. Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.12-ны өдөр 204/MA2020/00014 тоот магадлалд тусгагдсан. Нэхэмжлэгч Ж.Оы нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Д, хариуцагч Т.Ө нарын хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 2019.02.18-ны өдрийн 25 дугаартай итгэмжлэлд Ж.О нь Г.Б-г төлөөлөх эрх өгөөгүй байхад шүүх төлөөлөх эрхтэй гэж илт хууль бус шийдвэр гаргасан. Итгэмжлэлд зөвхөн Э.Н ИХШХШТХуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүргээ Ж.О-д өгсөн, харин Г.Б нь ийм эрх үүргийг Ж.О-д олгоогүй байхад шүүх шийдсэн нь үндэслэлгүй байна.

4.3. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оы нэхэмжлэгчтэй хариуцагч Т.Ө, Ж.Д нарт холбогдох гэм хорын хохирол болох 58,322,657 төгрөг гаргуулах, иргэний хэргийн шүүх хуралдааны явцад шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх өөрийн санаачилгаар нотлох баримт цуглуулж, хэргийг шийдвэрлэх гэж байгаа нь шүүх хөндлөнгийн байр сууринаас зохигчдын мэтгэлцээний үндсэн дээр хэргийг шийдвэрлэх гэсэн зарчмыг зөрчиж, зохигчид өөрийн тайлбар татгалзлыг өөрөө шүүхийн өмнө нотлох үүрэгтэй байсаар байтал шүүх хөндлөнгийн байх үүргээсээ гажиж, нэхэмжлэгчийн талын нотлох баримтыг өөрийн санаачилгаар цуглуулж байгаа нь шүүх хэнээс ч хараат бус байх зарчим, мэтгэлцэх зарчим оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчсөн.

Иймд Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.12-ны өдрийн 204/МА2020/00014 тоот магадлалаар нэхэмжлэгч Ж.Оы нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Дгээс 12,596,546 төгрөг, хариуцагч Т.Өаас 12,596,546 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Нд, мөн хариуцагч Ж.Дгээс 5,908,950 төгрөг, хариуцагч Т.Өаас 5,908,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Бд тус тус олгож шийдвэрлэсэн шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагч нарын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.  

6. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О нь хариуцагч Ж.Д, Т.Ө нарт холбогдуулан гэм хорын хохиролд 58,322,657 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлийг “...охин Э.Н хүнд гэмтлийн улмаас 2018.01.05-ны өдөр БНСУ руу явж эмчлүүлсэн, нөхөр Г.Б нь асран хамгаалагчаар хамт явсан. ...одоо эмчилгээний төлбөр 24,194,382 төгрөг, замын зардал 1,623,680 төгрөг, Э.Нгийн 2018 оны 01 дүгээр сараас 2019 оны 7 дугаар сарыг дуусталх хугацаанд дутуу авсан цалин 10,148,549 төгрөг, түүний цалингийн зээл 3,644,278 төгрөг, мөн орон сууцны зээл 6,140,868 төгрөг, Г.Бгийн 2018 оны 01 дүгээр сараас 2019 оны 7 дугаар сарыг дуусталх хугацаанд дутуу авсан цалин 11,309,100 төгрөг, мөн сувиллын зардал 1,261,800 төгрөгийг тус тус гаргуулна гэжээ.

7. Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хариуцагч Ж.Дгээс ...Э.Н, Г.Б нар ямар эмнэлгийн магадлал болон эмчийн зөвлөгөөний дагуу заавал Солонгос улсад эмчлүүлэх шаардлагатай болсноо тайлбарлаагүй, өөрсдийн сайн дурын үндсэн дээр явж эмчлүүлсэн. ...нөхөр Г.Б нь Солонгос улсад ажиллаж байгаа гэж надад хэлсэн. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэсэн, хариуцагч Т.Өаас ...зөвхөн эмчилгээний зардал төлөх хүсэлтэй байна, ...нэхэмжлэгч нарын цалин, цалингийн зөрүү, орон сууцны болон цалингийн зээл нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй, ...нэхэмжилж байгаа 58,322,647,5 төгрөг нь Г.Б, Э.Н нарын нэхэмжилж байгаа үнийн дүн мөн эсэхэд эргэлзэж байна. ...Г.Б нь Ж.Дтэй уулзахдаа Солонгос улсад ажил хийж байгаа гэсэн байдаг... гэсэн тайлбарууд гарган, маргажээ. 

8. Анхан шатны шүүх хариуцагч Ж.Д, Т.Ө тус бүрээс 12,596,546 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Нд, хариуцагч тус бүрээс 5,908,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Бд тус тус олгож, нэхэмжлэлийн үлдэх 21,311,664.55 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. 

9. Хоёр шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүхүүд маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй гэж үзлээ.

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, .../-д/ хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан. Хуулийн энэ зохицуулалтаар бусдын эрүүл мэндэд учирсан хохирлыг гэм хор учруулсан этгээд хариуцан арилгах үүрэгтэй ба гэм хор учруулсантай холбогдон гарсан бүх зардлыг хариуцан төлөх үүрэгтэй байна. 

Мөн, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-т гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ гэж заасан.

11. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч Т.Ө нь 2017.03.03-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Ланд круйзер-100” маркийн, 90-99 ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а, 9.2 дахь заалтуудыг зөрчсөнөөс, мөн хариуцагч  Ж.Д нь “Делика” маркийн, 66-10 ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.5, 7.6 дахь заалтуудыг тус тус зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж, Э.Н, Г.Б нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, тодруулбал, хариуцагч Ж.Д, Т.Ө нарын буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Э.Нгийн биед хүнд гэмтэл учирч, эрүүл мэндэд хохирол учирсан нь тогтоогдсон тул хариуцагч нар нь нэхэмжлэгчид учруулсан гэм хорын хохирлыг хариуцан төлөх үүрэгтэй байна.  

12. Хоёр шатны шүүх хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч Э.Нгийн БНСУ-д болон сувиллын газарт эмчилгээ хийлгэсэн болон Г.Бгийн эхнэр Э.Нг асран хамгаалахтай холбогдон гарсан зардлын баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хариуцагч нарын буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн биед хүнд гэмтэл учирч, эрүүл мэндэд хохирол учирсан нь тогтоогдсон, хариуцагч нар нь учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж дүгнэн, хариуцагч Ж.Дгээс 12,596,546 төгрөг, Т.Өаас 12,596,546 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Нд, хариуцагч Ж.Дгээс 5,908,950 төгрөг, хариуцагч Т.Өаас 5,908,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Бд тус тус олгож, нэхэмжлэлийн үлдэх 21,311,664 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497 дугаар зүйлийн 497.3, 505 дугаар зүйлийн 505.1-д заасанд нийцсэн байна.

13. Хариуцагч нарын өмгөөлөгчийн ...Э.Н нь ИХШХШТХуулийн 25, 26 дугаар зүйлд заасан итгэмжлэлийг Ж.Од өгсөн, харин Г.Б нь итгэмжлэл олгоогүй байхад шүүх хэргийг шийдсэн нь үндэслэлгүй. ...зохигч өөрийн тайлбар, татгалзлыг өөрөө шүүхийн өмнө нотлох үүрэгтэй байсаар байтал шүүх хөндлөнгийн байх үүргээсээ гажиж, нэхэмжлэгч талын нотлох баримтыг өөрийн санаачилгаар цуглуулж байгаа нь шүүх хэнээс ч хараат бус байх зарчим, мэтгэлцэх зарчим, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн. ...магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна. Учир нь, хэргийн баримтаас үзэхэд шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримт гаргах ба цуглуулах, бүрдүүлэх, үнэлэх талаарх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй, нэхэмжлэгч Э.Н, Э.Б нараас 2019.02.18-ны өдөр Ж.Од олгосон итгэмжлэл хэрэгт авагдсан байна. /хх-ийн 5 тал/

14. Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 145/ШШ2020/00231 дүгээр шийдвэр, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 204/МА2020/00014 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Ж.Дгээс улсын тэмдэгтийн хураамжид 2020.06.04-ний өдөр төлсөн 250,477 төгрөг, мөн хариуцагч  Т.Өаас 2020.06.04-ний өдөр төлсөн 250,477 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.БАНЗРАГЧ

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                       Б.МӨНХТУЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Д.ЦОЛМОН