Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/231

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр

Улсын яллагч: Н.Цогням,

  Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ******* овогт Балдангомбын *******, регистрийн дугаар: *******,

Үйлдсэн хэргийн талаар

            Шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн өглөө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн 33-09 тоот иргэн *******ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай гэрийн цоожийг нь мултлан, хууль бусаар нэвтэрч мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 2,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/   ТОДОРХОЙЛОХ нь:

  Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:      

Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

 2023 оны 06 сарын 29-ний өдөр аймагт ирсэн. ******* гэх айлд байж байгаад хөдөө явсан. 2023 оны 07 сарын 16-ны өдөр аймагт буцаж ирсэн. Аймагт байх хугацаандаа буюу 2023 оны 07 сарын 20-ны үед манай дүү эмнэлэгт хэвтсэн гээд би гадуур гарсан. Надад нэг түлхүүр нь байдаг байсан. Би 3, 4 хоног архи уусан байсан. Архи ууж явж байгаад хээр хоносон байсан. Өглөө нь ******* ахынд ирсэн чинь эзэнгүй байсан. Надад түлхүүр гар утас байхгүй байсан. Тэгээд гадаа нь сууж байгаад хаалганы даруулгыг татаж сугалаад орсон. Орсон чинь миний цүнхтэй хувцас байгаагүй. Ширээний шургуулгыг татаад сода усанд хийж байгаад найруулж уусан. Тэгээд дотор бүлбэгэнээд байхаар нь цай чанаад  мөнгөн аяганд боорцог хөшиглөж уусан. Жаахан унтаж байгаад толгой өвдөөд байхаар нь мөнгө төгрөг байхгүй байсан болохоор аягыг нь аваад явсан. Тухайн аягаар зардлын мөнгө хийж Улаанбаатар хот руу явсан. Би үнэхээр гэмшиж байна гэв.

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн

.. Би яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцсан. Би бусдын эд зүйлийг хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Харин хууль бусаар нэвтэрсэн гэдгийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Улаанбаатар хотоос 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр аймагт ирээд тэгээд хөдөө очиж байж байгаад ургийн баярт оролцчихоод тэгээд аймаг ирээд 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 22-ны өдрийн хүртэл манай эхнэрийн төрсөн ах ын гэрт нь байсан. 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдөр би тэднийхээс гараад өөрийн төрсөн дүү ийнд оччихоод гадуур найз нөхөдтэйгөө 2 хоног архи уусан. Тэгээд 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр би ахынд очсон чинь гэр нь цоожтой байсан. Гар утсаар ярих гэсэн чинь би гар утсаа хаячихсан байсан. Гэрийнх нь түлхүүрийг хайгаад олоогүй. Гэрт нь миний цүнхтэй хувцас байсан. Тэгээд яадаг юм билээ гэж бодож байгаад гэрийнх нь хаалганы цүүг нь салгаад гэрт нь ороод ус буцалгаж уугаад жаахан хэвтэж байгаад хотруу явах гэсэн чинь зардал мөнгө байхгүй байсан. Аяганых нь шургуулгаас аяга авч ус уусан чинь тэр шургуулгад мөнгөн аяга нь байж байхаар нь аягыг нь зараад зардал хийгээд явчихъя гээд аягыг нь аваад аяганы гадна талынх нь мөнгийг нь салгаж аваад, аягыг нь хаячихсан. Тэгээд аяганаас салгаж авсан мөнгийг нь авч яваад Есөн-Эрдэнэ зах дээр очоод алт мөнгөний дархан хийдэг хүнд 107,000 төгрөгөөр зарсан. Бас нэг жаахан мөнгө үлдэхээр нь би авч яваад захын хойд талд нэг машинтай 2 залуу байхаар нь тэрэнд нөгөө мөнгөө үзүүлээд 20,000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/,Хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

******* нь Баянцагаанд ургийн баярт явсан. Энэ хүн манай хүргэн дүү байгаа юм. Хөдөөнөөс ******* түрүүлээд явахаар нь түлхүүр өгөөд явуулсан. Манай дүү Улаанбаатар луу буцаад явсан байсан. ******* болон дүүдээ түлхүүрээ өгсөн учраас би өөрийнхөө түлхүүрийг нуучихаад Улаанбаатар хот явсан. Улаанбаатар хот руу явчихаад ирсэн чинь аяга алга болсон байсан. Гэрийн цоожны цуурга сугалаад орсон байхаар нь *******ыг түлхүүртэй юм чинь сугалахгүй гэж бодоод цагдаад мэдэгдсэн. Тэгээд шинжээч нар ирээд гутлын мөр гарсан. *******ын утас нь холбогдохгүй байсан. Хот явахдаа *******ын  гар утас руу залгасан утас нь холбогдоогүй байсан гэв.

Хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн

...Би гэрээсээ гарахдаа алдсан гэх дунд гарын мөнгөн аяганд цай уучихаад гэрийнхээ хойморт байх модон ширээнийхээ нүдэнд хийгээд үлдээсэн. 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 19 цагийн үед ирээд цайгаа чанаад уух гээд аягаа авах гэсэн чинь байхгүй байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна. Би мөнгөн аягаа алга болсон байна гэдгээ мэдээд хүн ороод авчихсан юм байхдаа гэж бодоод гэр болон хашааныхаа гадна, цотор талыг шалгаж үзтэл өрхний баруун талд даруулж уядаг уяаны хажуу талаар харагдсан. Монгол цоожны гол бага зэрэг мурийсан, том болон жижиг хаалгыг хооронд нь уяагаар холбож уясан, хашааны гадна талд жижиг хаалганы орчимд нэг гутлын өлмий хэсгийн мөр байсан. Тэр мөр бол бороо орсны дараа үлдсэн мөр байсан... Надад хардаж байгаа нэг хүн байгаа миний төрсөн дүү ийн нөхөр болох ******* гэх хүн байгаа. Тэр хүн эхнэрийнхээ эд зүйлийг аваад зараад архи уучихдаг гэсэн. 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Баянцагаан сумаас ирээд манайхаар хонож өнжөөд яваад байсан. Намайг аяганы шүүгээнд аягаа хийдэг гэдгийг тэр хүн мэдэж байгаа. Гэрийн өөр эд зүйл, хөдөлгөөнгүй байхыг бодоход тэр хүн мөнгөн аягыг авсан байх магадлалтай. Манай хашааны жижиг хаалгыг түгжээтэй нь уячихсан байдаг уяанаас татаад онгойдог гэдгийг тэр хүн бас мэдэж байгаа. Тэгээд тэр уяагаар жижиг хаалгыг том хаалгатай холбоод уячихсан байсан. Намайг Улаанбаатар хот руу явахын өглөө манайд согтуу ирээд явсан. Бас Улаанбаатар хот руу мөнгө олж байж явна гээд байсан. Тэр хүний эхнэр болох манай дүү надтай утсаар ярихдаа ******* авсан байх магадлалтай. Таныг явсны дараа танайд очсон байна. Надад би тэднийд очсон чинь гэр нь цоожтой байхаар нь буцаад явсан гэж хэлсэн гэж байсан. Тэгээд хашааны гадаа нэг гутлын мөр байсан *******ын өмсөж явсан гутлын улны зургийг дүүгээсээ аваад нөгөө мөртэй харьцуулж үзэхэд адилхан байх шиг байсан. Тэгээд манайд хэд хонож байгаад 2023 оны 7 дугаар сарын 22-ны өдөр ******* нь өөрийн төрсөн дүү гэдэг айл руу явсан. 2023 оны 7 дугаар сарын 23-ны өдөр би Улаанбаатар хот руу явсан. 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр аймагт гэртээ ирсэн чинь манай гэрт хулгай орж нэг ширхэг мөнгөн аяга алга болсон байхаар нь би цагдаад мэдэгдсэн... Манай гэрээс ганцхан ширхэг мөнгөн аяга л алга болсон байгаа... Аяга авна гэж надад огт хэлээгүй. Надад аяга авна гэж хэлсэн бол би цагдаа руу явахгүй шүү дээ...Надад ямар нэгэн санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй... ******* нь манайд байдаг байхдаа миний мөнгөн аягыг харсан. Би түүнийг байхад нь тэр аягандаа цай уудаг байсан юм. Хаана байдгийг нь ч тэр мэднэ...Би тухайн мөнгөн аягыг надад бэлэглэсэн гэх манай хүргэн Н.Батмагнай гэх залуугаас хэзээ, хэдэн төгрөгөөр худалдаж авч байсан талаар асуусан чинь "Миний ааваас надад өвлөгдсөн болохоор хэзээ, хэдэн төгрөгөөр худалдаж авсныг мэдэхгүй байна. Гэхдээ хуучны Дарьганга хийцийн аяга" гэсэн. Манай хүргэний аав нь бурхан болсон. Би үнэт эдлэл зардаг газруудаар явж өөрийн аяганы талаар хэлээд хэдэн төгрөгийн үнэтэй болохыг тодруулахад модны үндсээр хийсэн тагш нь 350,000 төгрөгөөс дээш үнэтэй худалдаалагддаг гэсэн. Тэгээд Дарьганага хийцийн модны үндсээр хийсэн тагштай, хуучны мөнгөн аяга 3,000,000 төгрөг орчим үнэтэй байдаг юм байна. Тэгээд би одоо алдсан гэх мөнгөн аягаа дүүгийн нөхөр болох ******* гэх хүнээс мөнгөн аяганы үнэ болон Улаанбаатар хотоос Баянхонгор аймагт ирсэн замын зардал болох 50,000 төгрөг, алдагдсан мөнгөн аяганд үнэлгээ тогтоолгоход надаас зээлж авсан 50,000, нийт 3,100,000 төгрөгийг нэхэмжилж байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 15-16, 19, 88-89/

Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...Эртний эдлэл авна гэсэн хаягтай үнэт эдлэлийн дэлгүүртэй байж байхад үл таних эрэгтэй хүн орж ирж мөнгөн аяганы ёроолын мөнгө болон эмэгтэй хүний жижиг цагариган мөнгөн бөгж гаргаж ирээд энийг тушаамаар байна наадамд ирсэн буцах зардалгүй болчихлоо гэхээр нь би аваад дэнсэлж үзэхэд 50.6 грамм буюу 1.4 лан болсон. Үүнийг би 1 лангийг нь 80,000 төгрөгөөр үнэлж, нийтдээ 107,000 төгрөгөөр худалдаж авсан. Би мөнгийг бэлнээр өгсөн..Тэгсэн чинь тэр хүн мөнгөн аяганы эвдчихсэн ёроол гаргаж ирээд энийг авах уу гэхээр нь би наадах чинь ямар учиртай аяганы ёроол юм гэсэн чинь тэр хүн ах нь нутгийнхаа наадамд ирчихээд буцах гэсэн чинь зардалгүй болчихоод тушаах гэсэн юм гэсэн. Тэгээд тэрийг нь жинлэж үзсэн чинь 1 лан, 4 цэн мөнгө байсан. Тэгээд 107,000 төгрөг бэлэн мөнгөөр нь өгөөд уг мөнгийг нь авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24, 93/,

Баянхонгор аймгийн Энх нахиа ХХК-ийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 218 дугаартай

...Мөнгөн аяга, уг мөнгөн аяга нь их гарын, хуучны мөнгөн аяга, орц сайтай, Дарьганга хийц гэх, зах зээлийн дундаж ханшаар үнэлэв. 1 ширхэг, нэг бүрийн үнэ 2,500,000 төгрөг, үнэлгээ хийж буй эд зүйлийн нийт үнэ цэнэ 2,500,000 төгрөг болохыг тодорхойлов...гэх  дүгнэлт /хх-ийн 29/,

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн  03/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-8/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 56-59/, шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 71/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 73/, депозит дансны хуулганууд /хх-ийн 75-79/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

 Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч ******* хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 2,500,000 төгрөгийн хохирол учруулсан учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн өглөө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн 33-09 тоот иргэн *******ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай гэрийн цоожийг нь мултлан, хууль бусаар нэвтэрч мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 2,500,000 төгрөгийн хохирол гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч *******ын... аягыг нь аваад аяганы гадна талынх нь мөнгийг нь салгаж аваад, аягыг нь хаячихсан,...аяганаас салгаж авсан мөнгийг нь  алт мөнгөний дархан хийдэг хүнд 107,000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/,

Хохирогч *******ын... аймагт гэртээ ирсэн чинь манай гэрт хулгай орж нэг ширхэг мөнгөн аяга алга болсон,.... Монгол цоожны гол бага зэрэг мурийсан, том болон жижиг хаалгыг хооронд нь уяагаар холбож уясан, хашааны гадна талд жижиг хаалганы орчимд нэг гутлын өлмий хэсгийн мөр байсан,... ******* нь манайд байдаг байхдаа миний мөнгөн аягыг харсан. Би түүнийг байхад нь тэр аягандаа цай уудаг байсан, хаана байдгийг нь ч тэр мэднэ..." гэх мэдүүлэг /хх-ийн 15-16, 19, 88-89/

Гэрч *******гийн...Үл таних эрэгтэй хүн орж ирж мөнгөн аяганы ёроолын мөнгө гаргаж ирээд энийг тушаамаар байна буцах зардалгүй болчихлоо гэхээр нь дэнсэлж үзэхэд 50.6 грамм буюу 1.4 лан болсон. Үүнийг 1 лангийг нь 80,000 төгрөгөөр үнэлж, нийтдээ 107,000 төгрөгөөр худалдаж авсан, мөнгийг бэлнээр өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24, 93/,

Баянхонгор аймгийн Энх нахиа ХХК-ийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 218 дугаартай...Мөнгөн аяга, уг мөнгөн аяга нь их гарын, хуучны мөнгөн аяга, орц сайтай, Дарьганга хийц гэх, зах зээлийн дундаж ханшаар үнэлэв. 1 ширхэг, нэг бүрийн үнэ 2,500,000 төгрөг, үнэлгээ хийж буй эд зүйлийн нийт үнэ цэнэ 2,500,000 төгрөг болохыг тодорхойлов...гэх  дүгнэлт /хх-ийн 29/, болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг, бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч *******ын үйлдэл,  шүүгдэгчийн хулгай хийсэн обьект нь хүн байнга амьдрах зориулалттай монгол гэр бөгөөд гэрийн хаалганы цүүг нь салгаж гэр дотроос нь эд зүйл хулгайлсан нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон тул дээрх шүүгдэгчийн үйлдэл хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч *******ын үйлдэл нь хохирогч *******ын гэрээс авсан мөнгөн аяганы гадна талынх нь мөнгийг нь салгаж авсан,  мөнгийг нь алт мөнгөний дархан хийдэг хүнд 107,000 төгрөгөөр зарсан үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв. 

Шүүгдэгч ******* нь тохиолдолын шинжтэй анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан ... шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан буюу  хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрсэн гэж үзэх боломжгүй тул хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, хулгай хийхийн тулд хууль бусаар нэвтрээгүй тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 1, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг зөвтгөж өгнө үү ....хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Эрүүгийн хуулийн Арван гуравдугаар бүлэгт хуульчлагдсан Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэргүүдээс “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэрэг нь Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хувь хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, түүний дотор орон байрны халдашгүй байдалд халдаж буй үйлдэл бөгөөд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, өөрөөр хэлбэл зөвшөөрөлгүйгээр бусдын орон байранд нэвтэрсэн үйлдэл бүрэн хийгдсэнээр төгсдөг, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Хохирогч *******ын эзэмшлийн хүн байнга амьдрахад зориулагдсан Монгол гэр нь Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “орон байр” гэх ойлголтод хамаарч байх бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч *******ын зөвшөөрөлгүйгээр түүний гэрт хууль бусаар нэвтрэн орж хохирогч *******ын халдашгүй чөлөөтэй байх эрхэд нь халдаж, дураараа авирласан нь тогтоодохгүй байна.

Хулгайлах гэмт хэргийн хувьд хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдвэл урчуулсан хохирлын хэмжээнээс үл хамааран хэргийн зүйлчлэлийг тогтоох бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч *******ын монгол гэрт нэвтэрсэн аргын хувьд гэрийн хаалганы цүүг онгойлгож орсон , түүнчлэн хохирогч *******ын .... Намайг Улаанбаатар хот руу явахын өглөө манайд согтуу ирээд явсан, бас Улаанбаатар хот руу мөнгө олж байж явна гээд байсан, ******* нь манайд байдаг байхдаа миний мөнгөн аягыг харсан, би түүнийг байхад нь тэр аягандаа цай уудаг байсан...гэх мэдүүлэг, шүүгдэгч  *******ын...хохирогчийн гэрт Баацагаан сумаас ирснээс хойшхи хугацаандаа байдаг байсан, надад гэрийнхээ нэг түлхүүрээ үлдээсэн, би түлхүүрийг нь хаячихсан байсан...гэх мэдүүлэг зэргээс үзэхэд   хохирогч ******* нь шүүгдэгч *******т  гэрийнхээ түлхүүрийг үлдээсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь мэдүүлээгүй, мөн шүүгдэгч  ******* нь хохирогч *******ын гэрт очиход гэрийн хаалга нь цоожтой байсан, Улаанбаатар хотруу явах замын зардлаа олох зорилгоор  хохирогч О.ын монгол гэрт нэвтэрсэн үйл баримт тогтоогдсон болно.

Уг гэмт хэргийн хохирогч *******ын хулгайд алдагдсан гэх  1 ширхэг мөнгөн аягыг нийт 2,500,000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь маргаагүй, хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч *******т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөнгөн аяганы үнэ 2500000 төгрөг, замын зардал 50000 төгрөг, шинжээчийн зардал 50000 төгрөг, нийт 3,100,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, шүүх шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн хөнгөрүүлэх байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******ыг 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 Хэрэгт эд мөрийн баримтын хураагдсан ...1 хос гутлыг утстгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газарт даалгав.

Шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж  цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг,  36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус  удирдлага болгон    ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч ******* овогт Балдангомбын *******ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтын хураагдсан 1 хос гутлыг утстгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газарт даалгасугай.

5. Шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж  цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.  Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ          Ч.БАЙГАЛМАА