Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/­­­62 

 

 

 

  

 

 

     2023      оны  05          сарын02 өдөр                                  Дуга  2023/ШЦТ/­­­­62                                               

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.З,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Г,

Шүүгдэгч: У.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Г-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан  журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г шанх овогт У Б холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “Оюу толгой” ХХК-д гүний уурхайн цахилгаанчин ажилтай, ам бүл 5, аав, ээж, эгч, дүүгийн хамт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх 2 дугаар баг, Цагаан овоо 16-р гудамж, 8 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Г шанх овогт У Б /РД:/.

  Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  Шүүгдэгч У.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч У.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Э өгсөн “... 2023 оны 02 сарын 15-ны өдрийн өглөө 10:00 цагийн үед гэртээ байхдаа би найз Бат-Итгэлтэй гар утсаар яриад бид хоёр уулзахаар болсон. Бид хоёр уулзаад дэлгүүрээс том савтай Сэнгүр 4 савыг авсан юм. ... бид хоёр авсан пивонуудаа дуусгаад сумын төв рүү орж ирээд ... М гэрийн гадаа байхдаа Б машин дотор бага зэрэг маргалдсан. Тэр үед би нэлээн их согтсон байхдаа пиво уухгүй гэх үед Б “Чи юун сүртэй юм голоод байна уу” гэж байсан. Бид хоёр үүнээс болж маргалдаж эхэлсэн юм. Тэр үед Б намайг миний нүүр хэсгийн хамар болон шанаа хэсэг рүү хэд хэдэн удаа цохиж бас миний үүдэн шүд рүү хэд хэдэн удаа цохисон юм. Бас миний хүзүү, нуруу, гарыг самардчихсан байсан. Үүнээс болж тухайн үед миний нүдний доод хэсэг их хөхөрч, хамар бага зэрэг мурийж, үүдэн 2 шүдний нэг нь эмтэрч, хоёулаа хөдөлсөн байсан. Хүзүү болон нуруу, гар хумсны сорви үүссэн байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.М өгсөн “... тухайн өдөр намайг гэртээ байж байхад манай хүү Б найз О гэх охин над руу залгаад “Э, Б хоёр гадаа зодолдоод байна” гээд намайг дуудсан. Тэгэхээр нь би О гэх охины гэрт нь хүрээд очиход Э, Б хоёр хашааны гадаа зодолдсон байдалтай хоёулаа хашаа түшээд сууж байсан. Тэгээд би Б аваад Э хүргэж өгье гэхэд Э машинд суугаагүй алхаад яваад өгсөн. ... намайг очиход тэр хоёр зодолдсон байдалтай ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.М өгсөн “... манай эхнэр болох О нь надад хэлэхдээ “Б, Э нар 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 17:00 цагийн үед манай гэрийн гадаа ирж хоорондоо барьцалдаад зогсож байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч П.О өгсөн “... 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 17:00 цагийн үед манай хашааны гадаа 2 хүн хэрэлдэж муудалцаад байхаар нь юу болж байгааг мэдэх санаатай гэрээсээ гараад очтол манай нөхөр болох М сайн найзууд болох Б, Э нар нь нэг нэгнээсээ зуурчихсан байдалтай хэрэлдэж маргалдаад зогсож байсан. Тэгэхээр нь Б ээжийнх нь дугаар утсан дээр тэмдэглээстэй байсан болохоор залгаж учир байдлыг хэлсэн. Тэгээд Б ээж нь ирээд тэр 2-ыг салгаад Б аваад явсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 93 дугаартай “Эмнэлгийн бичиг баримттай танилцан дүгнэхэд: “1. А.Э биед тархины доргилт, баруун ухархайн гадна ханын хугарал, зүүн нүдний доод зовхины цус хуралт, 2 шүд эмтэрсэн, хүзүү, баруун эгэм, цээжний өмнө, ар хэсэг, баруун шуу, зүүн бугалганы зулгаралт гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтлүүд нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл /ухархайн ханын хугарал/ нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч У.Б “... 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн өглөө найз Э бид хоёр утсаар яриад уулзахаар болсон. Би Э гэрийн гадаа очиж Э аваад бид хоёр дэлгүүр орж 4 том савтай Сэнгүр пиво авсан. Пивоо аваад бид хоёр Цогтцэций сумын хойно байх тоглоомын талбай дээр очиж пивоо хувааж уусан. Үүний дараа бид хоёр найз М уулзахаар тэдний гэрийн гадаа очсон. М гэрийн гадаа байхдаа Э бид хоёр бага зэрэг маргалдаж улмаар зодолдсон. Маргалдсан шалтгаан нь Э намайг хаяж явах гээд байсан. Тэгээд би Э чи юун сүртэй юм бэ. Хоёулаа хамт уух юмаа дуусгаад хамт харья” гээд бид хоёр маргалдаж зодолдсон. Тэгээд би Э толгой хэсэг рүү нь хэд хэдэн удаа гараараа цохисон. Тэр үед найз Мө эхнэр О гэрээсээ гарч ирээд бид хоёрыг болиулаад дараа нь манай ээж ирж намайг аваад явсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

             Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

             Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал /бодит байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.

  Шүүгдэгч У.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

  Шүүгдэгч У.Б гэмт үйлдлийн улмаас хохирогч А.Э эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

              Шүүгдэгч У.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

              Хохирогч А.Э эрүүл мэндэд учирсан 400,000 /дөрвөн зуун мянга/-н төгрөгийн хохирлыг шүүгдэгч У.Б нь төлж барагдуулсан болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, хүсэлт зэрэг баримтаар тогтоогдсон байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хавтаст хэргийн 16, 89 дахь тал/ 

             Эрүүгийн хариуцлагын талаар:

 

   Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

   Шүүгдэгч У.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн” зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

   Шүүгдэгч У.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 60 дахь тал/  

   Иймд шүүгдэгч У.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч У.Б иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Г овогт У Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч У.Б 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар шүүгдэгч У.Б оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй. 

 5. Шүүгдэгч У.Б нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь хохирогч А.Э эмчилгээний зардалд 400,000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч У.Б иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.БАТМӨНХ