Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 223/МА2018/00014

 

 

2018 оны 06 сарын 25 өдөр

 Дугаар 223/МА2018/00014

 

 

ЗМ СХС-н нэхэмжлэлтэй

Иргэний хэргийн тухай

 

 Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж,  шүүгч Г.Болормаа, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 151/ШШ2018/00484 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ТЗМ СХС-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Б-д холбогдох,

“ЗМ СХС-н төлбөр 12 811 934 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувдмаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Номин-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувдмаа, нарийн бичгийн дарга Г.Шаравдорж нар оролцов.

 Нэхэмжлэгч ТЗМ СХС шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Зуунмод сумын Сум хөгжүүлэх сангаас 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1380 тоот гэрээг Д.Баярчулуунтай байгуулсан бөгөөд уг гэрээгээр 15.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай 2015 оны 5 сарын 21-ний өдрийн дотор төлж дуусгах ёстой байсан боловч зээлийн гэрээний хугацаанд Д.Б нь 2013 оны 11 дүгээр сарын 02-нд 270.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 19-нд 4.000.000 төгрөг төлсөн байдаг.  Зуунмод сумын Сум хөгжүүлэх сан нь жилийн 3 хувийн, сарын 0.25 хувийн хүүтэй бол нэмэгдүүлсэн хүүг гэрээний 3.3-т зааснаар зээлдэгч нь зээлийн үндсэн өрийг бүрэн буюу тодорхой хэсгийг нь төлөөгүй тохиолдолд энэ гэрээний хавсралт 5-д зааснаас хэтэрсэн хугацаанд үндсэн хүүгээс гадна төлөгдөөгүй үндсэн өрийн үлдэгдэлд хүүгийн 20 хүртэлх хувиар нэмэгдүүлсэн хүү тооцно гэж заасан болно. 2013 онд төлсөн 270.000 төгрөгөөс хүүнд 225.000 төгрөг суутгаж үндсэн зээлээс 45.000 төгрөгийг хасч 14.955.000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэл үлдсэн. Д.Б нь 2013 оны 12 сараас 2016 оны 9 сар хүртэл зээлийн эргэн төлөлтөө төлөөгүй байсан тул 2014 оны хүүг сарын 37.500 төгрөгөөр бодож 1 жил 1 сар буюу 13 сараар бодож 487.500 төгрөг, 2016 онд хүүг сарын 37.388 төгрөгөөр 9 сараар тооцоод 336.480 төгрөг, нийт 1.272.638 төгрөг, хүүний 20 хувиар 2014 онд сарын 7500 төгрөгөөр 4 сарын нэмэгдүүлсэн хүү тооцож 30.000 төгрөг, 2015 онд сарын 7.478 төгрөгөөр 12 сарын нэмэгдүүлсэн хүү тооцож 89.730 төгрөг, 2016 онд сарын 7.478 төгрөгөөр 9 сарын нэмэгдүүлсэн хүү тооцож 67.298 төгрөг. Нийт 187.028 төгрөг тооцож Д.Б төлсөн 4.000.000 төгрөгнөөс хүүний нийт мөнгө болох 1.272.638 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний нийт мөнгө болох 187.028 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн болох 2.540.335 төгрөгийг үндсэн зээлээс хасч 12.414.665 төгрөгийн зээлийн үлдэгдэл үлдсэн байгаа. Зээлийн гэрээний 1.6.4, 1.6.5, 1.6.6-т тус тус заасны дагуу 2016 оны 10 сараас 2017 оны 8 сар хүртэлх хүүг сарын 31.037 төгрөгөөр 11 сараар тооцож 341.403 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг сарын 6207 төгрөгөөр 9 сараар тооцож нийт 55.866 төгрөг, нийт 12.811.934 төгрөгийг нэхэмжилж байна.” гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар хариуцагч Д.Баярчулуунаас 12 811 934 төгрөгийг гаргуулж Төв аймгийн Зуунмод сумын Сум хөгжүүлэх санд олгож,

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Төв аймгийн Зуунмод сумын Сум хөгжүүлэх сан нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д.Б-аас улсын тэмдэгтийн хураамж 109 971 төгрөгийг гаргуулж төрийн санд оруулж,

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдаж,      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувдмаа давж заалдах гомдолдоо:  “... Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 00484 тоот шийдвэрт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувдмаа би дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Хариуцагч Д.Баярчулуун нь Зуунмод сумын сум хөгжүүлэх сангаас 2013 оны 05 сарын 02-ны өдрийн 1380 тоот гэрээгээр 15 000 000 төгрөгийн зээлийг 2 жилийн хугацаатай авсан байна. Энэ зээлийн хугацаа 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр дууссан. Энэ үеэс эхлэн зээлдэгч төлбөрөө хугацаанд нь хийгээгүй учир зээлдүүлэгчийн шаардах эрх нь үүссэн байна. Гэтэл энэ үеэс шаардах эрхээ хэрэгжүүлэлгүйгээр явснаас зээлийн хүүгийн хэтрэлт хүү 2016, 2017 онуудад тооцогдсон байна. Мөн 2015 оны 05 дугаар сард зээлийн гэрээний хугацаа дууссан байхад нэхэмжлэгч хүүг тооцож сарын 37 500 төгрөгөөр болгож 9 сарын хүүд 336 480 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2016 онд сарын 7 478 төгрөгөөр тооцож 9 сарын нэмэгдүүлсэн хүү 67 298 төгрөг тооцсон. Гэрээний нийт хугацаа дууссанаас хойш 2016 оны 10 сараас 2017 оны 08 сар хүртэл хүү сарын 31 037 төгрөгөөр тооцож 341 403 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг сарын 6207 төгрөгөөр 9 сараар тооцож нийт 55 866 төгрөг тооцох үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ нь зээлдэгчийг улам хүндрүүлэн хохироосон гэж үзэхээр байна. Иймд 2016, 2017 онд хүү нэмэгдүүлсэн хүү тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үндсэн зээлээс хасаж тооцож өгнө үү. Д.Баярчулууны эхнэр Т.Оюун-Эрдэнэ нь Франц улсад элэг шилжүүлэн суулгахаар бага хүүгийн хамт явсан, том охин Б.Хулан хотод оюутан, өөрөө элэгний цирози өвчний улмаас сүүлийн 6 сар эмнэлэг дамжин эмчилгээ хийлгэж байгаа тул одоогоор тодорхой өрхийн баталгаат орлогогүй болсон. Энэ байдал нь зээл төлөлтөнд нөлөөлсөн. Мөн цаашид зээл төлөх ямарч баталгаагүй гэр бүл болсон байна. ” гэжээ.  

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх  зүйн маргаантай  харилцааг буруу тодорхойлсноос хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх зөвтгөн залруулах боломжтой гэж үзэв.

Нэхэмжлэгч Төв аймгийн Зуунмод сумын “Сум хөгжүүлэх сан” нь зохигчдын хооронд 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг үндэслэн хариуцагч Д.Баярчулуунаас зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд 12 811 934 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч гэрээний хугацаа дууссанаас хойш гэрээг сунгаагүй атлаа хүү, алданги нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Зохигчдын хооронд 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр хариуцагч Д.Баярчулуун нь Зуунмод сумын Сум хөгжүүлэх сангаас 15 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 3 хувийн, /сарын 0,25 хувийн/ хүүтэй модон эдлэлийн үйлдвэрлэлийн зориулалтаар зээлдэн авсан байна.

Зээлдэгч Д.Баярчулуун нь дээрх зээлийн гэрээгээр үндсэн зээл 15 000 000 төгрөг, хүү 900 000 төгрөг, нийт 15 900 000 төгрөг төлөх үндсэн үүрэгтэйгээс  зээлийн гэрээний хугацаанд зээлийн хүүд  270 000 төгрөгийг төлж, гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2016 оны 9 дүгээр сард 4 000 000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт төлснөөс өөрөөр гэрээний үүргээ биелүүлээгүй байх бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцааг  Иргэний хуулийн 451 дүгээр зүйл буюу  банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох эрх зүйн харилцаа гэж үзсэнээр зээлдэгчийн хүлээх үүргийн хэмжээг буруу тодорхойлсноос гадна  хэргийн нотлох баримтад үндэслэгдээгүй дүгнэлт өгч зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, хууль буруу хэрэглэсэн алдаа гаргажээ.

Нэхэмжлэгч Төв аймгийн Зуунмод сумын Сум хөгжүүлэх сан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд болох нь хэргийн баримтаар нотлогдоогүй байхаас гадна нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлахдаа ийм эрх бүхий этгээд биш гэдэг тухай тайлбарласан болно.

Нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн үйл ажиллагааг эрхлэх эрх бүхий этгээд биш байх тул гэрээний 1.6.6,  3.3-т заасан хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй болно.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дээрх тохиролцоо нь зөвхөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан эрх бүхий этгээдийн шаардах эрхэд хамаарах зохицуулалт тул  мөн  хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1., 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ хэсэгтээ хүчин төгөлдөр бус гэж үзэх ба үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилгыг хангаж чадахуйц байгаа учир хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэх юм. Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үндсэн үүргийн гүйцэтгэл буюу 11 630 000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1. дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний асуудлаар болон хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 11 630 000 төгрөгийг гаргуулж, үлдэх 1 181 934 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага 12 811 934 төгрөгийг хангахдаа түүнд  ногдох тэмдэгтийн хураамж 219 940.94  төгрөг болох байтал хариуцагч Д.Баярчулуунаас улсын тэмдэгтийн хураамж 109 971 төгрөгийг гаргуулсан нь буруу болохыг тэмдэглэх нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 151/ШШ2018/00484  дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Б-ас 11 630 000 төгрөгийг гаргуулж, ЗМ СХС-д олгож, үлдэх 1 181 934 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дугаар заалтын  “...109 971 төгрөг...” гэснийг “...201 030 төгрөг...” гэж тус тус өөрчилж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.   

2. Хариуцагч нь Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 151/ШЗ2018/01944 дугаар шүүгчийн захирамжаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.ЭНХМАА                     

                                                 ШҮҮГЧИД                                Г.БОЛОРМАА

                                                                                            Ц.ӨРНӨНДЭЛГЭР