Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Өлзийгийн Хажидмаа |
Хэргийн индекс | 123/2019/0009/З |
Дугаар | 123/ШШ2019/0012 |
Огноо | 2019-05-28 |
Маргааны төрөл | Газар, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 123/ШШ2019/0012
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хажидмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: иргэн Ж.Э, Р.Б нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Төв аймгийн Ж сумын З Д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Ж сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/55 тоот захирамжийг хүчингүй болгуулах
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.Батбаяр, нэхэмжлэгч Ж.Э-гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхбаатар, хариуцагч Төв аймгийн Ж сумын З Д Т.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нарыг оролцуулан хийв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ж.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн газарт сүүлийн 2-3 жил үйл ажиллагаа явуулж, ашиглаагүй нь Ж.Э гадаадад эмчилгээнд яваад холбоо тасарсантай холбоотой. Бид нар хоорондоо ямар нэг үйл ажиллагааны холбогдол байхгүй байснаас болж энэ захирамжийг гаргахад хүргэсэн. Ж.Эгийн энэ байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэж Засаг даргын захирамжийг цуцалж өгнө үү гэсэн саналтай байна. Ж.Э гэнэт гадаад явсан. Явахынхаа өмнө намайг чи ногоо тарих юм чинь үргэлжлүүлээд явж бай. Газрын төлбөрийг 3 жилээр нь хийсэн шүү. Үүнээс хойш төлөөд явж байгаарай гэсэн. Надад өгсөн бичиг баримт дотор газрын гэрээ гэж байгаагүй. Газрын гэрчилгээ, кадастрын зураг байсан. Төлбөрийг жилээр төлсөн гэж ойлгоод 300.000 гаруй төгрөгийг гуравт хуваахад 100.000 гаруй төгрөг гараад би тэрнээс хойш тэрүүгээр нь төлсөн. Яг нэг жилийн төлбөр нь хэд вэ гэдгийг харах гэхээр гэрчилгээн дээр байхгүй. Кадастрын зураг дээр байхгүй. Гэрээн дээр байдаг юм байна лээ. 2015 оны намар газрын даамал Золзаяа дээр очиж тооцоо нийлнэ гээд очтол Ж.Эг авчир гэсэн. Тантай тооцоо нийлээд байх юм байхгүй гэсэн. Гэрээ хаана байгаа юм гэсэн. Би дандаа 102.000 төгрөгөөр төлчихдөг байсан, сүүлд нотлох баримтаас харахад жилийн төлбөр 157.000 төгрөг байсан. Ж.Эгийн төлбөр төлсөн гэсэн баримт нь 2 жилээр төлсөн баримт байсан. 1 жилийнхийг огт төлөөгүй. Бусад нь 50.000 гаруй төгрөгийг дутуу төлөгдөөд яваад байсан. Үр тарианы зориулалтаар ашиглах байсан. 2015, 2016 онд 15, 15 га газарт төмс тарьсан. 2016 онд уринш хийсэн. Тэр үед Р.Б ах ирсэн. Тухайн үед Ж.Э 133 га газар байгаа. Үүнийг ашиглаж болно. Энд манай хамаатан ах бий гэж хэлж байсан. Би мэдээгүй. Р.Б ах ийм учиртай. Тариалалт хийх гэж байгаа бол надтай хамтарч юм хийх ёстой гэсэн зүйл ярьсан. 2017, 2018 онд ийм шалтгааны улмаас үйл ажиллагаа явуулж чадаагүй. Холбогдож чадахгүй байсаар байгаад 2017 онд ирсэн. 2018 оны намар холбогдож энэ газрын асуудлыг шийдье гэж уулзсан. Засаг дарга, газрын даамал холбоо барьж газар дээр нь очсон. Ж сумын газар үржил шим сайтай. Энэ 133 га газрын тухайд эдгээр нөхцөл байдал байсан. Эзэмшигч хүн нь тариа ногоо тарих сонирхолтой, холбогдолтой зүйлүүдээ бүрдүүлж гэрээгээ хийсэн гэдэг. Хүнд өвчний улмаас гадагшаа тодорхойгүй хугацаагаар явсан. Энэ байдлыг харж үзэж захирамжаар цуцлуулж өгнө үү. Тооцоо нийлэх гэж очиход гэрээгээ аваад ир гээд гэрээ байхгүй байсан тул тооцоо нийлж чадаагүй. Уринш хийчихээд тариалалт хийж чадаагүй нь 2014, 2015 онуудад хямрал дайрах үед хүнээс бензин, түлш зээлж аваад уринш хийж чадаагүй. Тал талаас хүмүүс хэл ам хийгээд байсан. Тэгээд энэ дээр тариалалт хийж чадаагүй. Манай дүү чи надтай тариалалт хийж чадахгүй бол би энэ газрыг Ж руу өгнө гэж хэлсэн. Одоо бол тэнд малтай айлууд байгаа тариалалт хийх нөхцөлгүй болсон гэв.
Нэхэмжлэгч Р.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 133 га газрыг Ж.Э бид 2 2016 оноос эзэмшээгүй нь үнэн. Ж.Эг газрын төлбөрийг төлсөн төлөөгүй гэдэг талаар мэдэхгүй байна. Хуулийн дагуу буцаан олгож өгнө үү гэж хүсэж байгаа. Газрын төлбөрийг би мэдэхгүй. Би ч өөрөө нэг ч төгрөг төлөөгүй. Энэ газрыг 2016 оноос хойш эзэмшээгүй нь үнэн. Зориулалтын дагуу ашиглаагүй байгаа. 100 га газраас дээш бол үр тариа тарих зориулалттай байдаг. Хуулийн дагуу газрыг эргүүлэн олгож өгнө үү гэсэн саналтай байна. Явахаасаа өмнө тариалалт хийж байсан. 2014 оноос хойш буюу явсанаас хойш тариалалт хийгдээгүй. Тэгээд би тэр газрыг хагалах гээд ирсэн байхад нь хагалах гэж байсан залуу дээр очоод гэрчилгээн дээр Р.Б гэж байгаа. Хараарай гэж хэлсэн. Тэрнээс хойш дахин уулзаагүй гэв.
Хариуцагч Т.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ газарт 2016 оноос тариалалт хийгдэхгүй байгааг нь мэдсэн. Тухайн газар нь атаршсан, олон наст ургамал ургасан байсан. Ямар хүний эзэмшил дээр байна гээд хайхад Ж.Э, Р.Б гэж хүний нэрс байсан. Р.Б надад ямар ч гэрчилгээ байхгүй. Хамтран эзэмшигч гэдэг. Хувийн хэргийг нь харахаар Р.Б гэж хүний нэр харагдахгүй. Ж.Э гэж хүнийн нэр байдаг. Ж.Эг эрэн сурвалжилсан боловч ерөөсөө олдоогүй. Гэтэл 2019 оны хавар хаягаар нь шууданд мэдэгдэл өгсөн. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 дахь заалтыг барьсан. Газрын тухай хуульд газар эзэмшигч нь гэрээ байгуулж, газрыг жил бүр дүгнэж ажиллана гэсэн заалт байгаа. Энэ гэрээг 2008 онд буюу анх авахдаа гэрээ байгуулсан гэдэг боловч гэрээ байгуулаагүй. Өөрөө гэрээ байгуулж байсан гэж хэлдэг. Огт гэрээгээ дүгнэж байгаагүй. Газрын төлбөрийг шүүж үзэхэд жил болгон 102.000 төгрөг төлсөн. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д эзэмшигч нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлсөн байх ёстой гэсэн заалт байгаа. Энэ хүн төлбөрөө бүрэн төлөөгүй. Газраа зориулалтын дагуу ашиглаагүй. Тухайн газар дээр үзлэг хийхэд ажлын хэсгийн дүгнэлтээр өөрсдөө тариалаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Одоо ч шүүх хуралдаанд 2016 оноос хойш тариалалт хийгээгүй гэдгийгээ нэхэмжлэл гаргасан 2 хүн хүлээн зөвшөөрч байна. энэ байдлыг үндэслэн А/55 дугаар захирамжийг гаргасан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч иргэн Ж.Э нь шүүхэд хандан Төв аймгийн Ж сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/55 тоот захирамжийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн Р.Б нь би маргаан бүхий дээрхи захирамжыг хүчингүй болгохыг хүссэн Ж.Эгийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж өөрийн газар эзэмших эрхийг хамгаалж шүүх хуралдаанд оролцмоор байна. Учир нь би газар эзэмших эрхийн гэрчилгээнд энэ 133 га газрыг хамтран эзэмшигч юм гэж бичгээр нэхэмжлэлээ гаргаж, улмаар Ж.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхбаатар, хариуцагч нар түүний нэхэмжлэлд өгөх өөр тайлбар, нотлох баримт байхгүй гэснээр шүүх хуралдаан үргэлжилсэн болохыг тэмдэглэж байна.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбар мэдүүлэгт тулгуурлан дор дурьдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Төв аймгийн Ж сумын З Д2008 оны 08 сарын 11-ны өдрийн 242 тоот захирамжаар тус сумын Ар толгойн 203 га талбайгаас нэгж талбарын 18559384611466 дугаартай, 133 га газрыг Үр тарианы зориулалтаар 20 жилийн хугацаатай иргэн Ж.Эд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд уг захирамжийг үндэслэн 2008 оны 08 дугаар сарын 20-ны өдөр газар эзэмшигч Ж.Э, хамтран эзэмшигч Р.Б /Рег ЧМ 72080214/ нарт газар эзэмших эрхийн гэрчилгээг олгожээ.
Хариуцагч нь маргаан бүхий 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/55 тоот захирамжаар иргэн Ж.Э, Р.Б нарын газар эзэмших эрхийн 019406 дугаар гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч сумын З Днь иргэн Ж.Эг Газрын тухай хууль, тогтоомж зөрчиж газар эзэмших гэрээ байгуулаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр 2015 оноос хойш газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж тайлбарлан маргаж, нэхэмжлэгч Ж.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхбаатар нар газрын төлбөрөө төлж байсан, 2014 оны 8 дугаар сард гадаадад эмчилгээнд явж 3 жил эмчлүүлж байгаад ирсэн тул хүндэтгэн үзэх шалтгаанаар газраа зориулалтын дагуу ашиглаж чадаагүй, гэхдээ 2015 онд уринш хийж, 2016, 2017 онуудад төмс ногоо тариалсан гэж, нэхэмжлэгч Р.Б газрын төлбөрийн асуудлыг Ж.Э л мэднэ, би төлж байгаагүй, газраа 2015 оноос хойш ашиглаагүй нь үнэн, Ж.Э олдохгүй болсон, Ж.Эгаас болж газар ч үгүй боллоо, буцааж авмаар байна гэж маргаж буй маргааны үндэслэлийг авч үзвэл:
1. Шүүх хуралдаан дээр өгсөн нэхэмжлэгч Ж.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхбаатарын Ж.Э нь 3 жилийн газрын төлбөр төлсөн гэж 308000 төгрөгийн баримт үлдээсэн тул би үүнийг нь 3 жилд хуваагаад жилд 102000 төгрөг төлөх ёстой юм байна гэж бодоод л төлдөг байсан чинь хэрэгт авагдсан баримтаас үзэхэд дутуу төлж, 1 жилийн төлбөр бүр төлөөгүй байсан байна лээ гэх, нэхэмжлэгч Р.Бы газрын төлбөрийн асуудлыг Ж.Э л мэднэ, би төлж байгаагүй гэх тайлбар, хэрэгт авагдсан газрын төлбөрийн баримтууд, сумын татварын улсын байцаагч А.Хишигжаргал, газрын даамал Л.Цэцэгмаа нарын шүүхэд гаргасан ... Ж.Эгийн газрын төлбөр төлсөн судалгаа зэрэг бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ж.Э,Р.Б нар нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй болох нь нотлогдож байна. Энэ нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэж заасантай нийцэж байна.
2. Мөн нэхэмжлэгч Ж.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхбаатар шүүх хуралдаанд газар эзэмших гэрээ хийсэн гэж Ж.Э өөрөө хэлдэг боловч гадагшаа явахдаа надад ямар нэг гэрээ үлдээгээгүй гэж, нэхэмжлэгч Р.Б нь гэрээ байгуулсан эсэхийг би мэдэхгүй гэж, хариуцагч сумын З Днь Ж.Э нь газар эзэмших гэрээгээ нэг ч удаа дүгнүүлж байгаагүй, бидэнд өгөөгүй гэж тус тус мэдүүлсэн тайлбар, Ж.Э нь газар эзэмших гэрээ байгуулсан гэх боловч уг гэрээгээ шүүхэд гаргаж өгөөгүй байх тул нэхэмжлэгч нарыг газар эзэмших гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгч нарыг Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгоно гэж, 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж, 34 дүгээр зүйлийн 34.8-д Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
3. Нэхэмжлэгч Ж.Э нь нэхэмжлэлдээ өөрийгөө өвчний учир Нидерландын вант улсад очиж эмчлүүлэхээр 2014 оны 8 дугаар сард явж, хагалгаанд орсон, үр дүнд хүрч чадалгүй 2017 онд Монгол улсдаа эргэж ирсэн гэж дурьдсаны зэрэгцээ өвчтэй байсан энэ хугацаанд эзэмшил бүхий газартаа тариалалт хийж чадаагүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгээ нотлохоор зарим нэг бичгийн баримтыг ирүүлсэн байна. Гэвч энэхүү 24 хуудас баримт нь Монгол хэл дээр орчуулагагүй, хаана, хэдийгээс хэдий хүртэл ямар хугацаагаар эмчлүүлсэн эсэх нь тодорхойгүй, нотлох баримт нь эх хувиараа байх эсхүл нотриатаар баталгаажуулсан байх хуулийн шаардлагыг хангаагүй, нөгөөтэйгүүр шүүх хуралдаанд өгсөн нэхэмжлэгч Ж.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхбаатарын Нидерлантаас Монгол хэлрүү орчуулах газар Монголд байдаггүй юм билээ, тэгээд л өгсөн гэх тайлбар зэргээс дүгнээд дээрхи баримт бичгийг шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзлээ.
Мөн нэхэмжлэгч нар нь сумын Засаг даргаас 2008 оны 242 дугаар захирамжаар газар тариалангийн зориулалтаар эзэмшүүлсэн өөрсдийн эзэмшил бүхий 133 га газраа 2016-2018 оны хооронд зориулалтын дагуу ашиглаагүй гэдгээ шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар мэдүүлэг, тус сумын газар тариалангийн мэргэжилтэн А.Оюумаагийн тодорхойлолт, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Ж.Э, Р.Б нарын эзэмшиж буй тариалангийн газар дээр очиж үзсэн сумын ажлын хэсгийн тэмдэглэл зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгч нар нь эзэмшил бүхий 133 га газраа 2016-2018 онд ашиглаагүй болох нь тогтоогдож байна. Энэ нь мөн нэхэмжлэгч нар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухай газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэж заасантай нийцэж байна.
Нөгөөтэйгүүр хариуцагч сумын Засаг даргааас маргаан бүхий актыг гаргахын өмнө 2019 оны 02 дугаар сарын 15-ны дотор иргэн Ж.Эд газар эзэмших гэрээгээ дүгнүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлсэн, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ажлын хэсгээс гарч нэхэмжлэгч нарын эзэмшил бүхий 133 га газар дээр очиж үзэж, ярилцлага хийсэн тэмдэглэл зэргээс үзвэл сумын З Дшийдвэр гаргахаас өмнө захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчид мэдэгдэх, сонсгох ажиллагааг хийсэн байх Захиргааны ерөнхий хуулийн шаардлагыг хангасан байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд дээрхи хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч нар нь хариуцагч Төв аймгийн Ж сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/55 тоот захирамжын улмаас нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 34 дүгээр зүйлийн 34.8, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Э, Р.Б нарын гаргасан Төв аймгийн Ж сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/55 тоот захирамжийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХАЖИДМАА