Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 10

 

           Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ё.Мөнхгэрэл,

            Улсын яллагч: Увс аймгийн прокурорын газрын Орлогч прокурор Б.Баярмагнай,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Мөнхөө

            Шүүгдэгч: П.Азбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хойд овогт Пүрэвсүрэнгийн Азбаярт холбогдох 201620000281 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Биеийн байцаалт: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/

1. Монгол улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс баяд, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаангом сумын 9 дүгээр баг 22-20 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 14 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн, мөн Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 32 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 50000 төгрөгний эд хөрөнгө хурааж, 2 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, Сум дундын 25 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 21 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 9 сар 10 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, Хойд овогт Пүрэвсүрэнгийн Азбаяр. /РД:ОЖ93112516

             Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/ Шүүгдэгч П.Азбаяр нь 2016 оны 9 дүгээр сарын 13-ны шөнө Увс аймгийн Малчин сумын 1 дүгээр багийн нутаг “Улаан булаг” гэх газраас хохирогч Д.Батцэндийн 1 тооны гүү хулгайлж, 550.000 төгрөгний хохирол учруулсан, Мөн давтан үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 14-ний шөнө Малчин сумын 1 дүгээр багийн нутаг “Зах цагаан толгой” гэх газраас хохирогч Б.Эрдэний 1 тооны гүү хулгайлж, 700000 төгрөгний хохирол учруулсан, 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Малчин сумын 1 дүгээр багийн нутаг “Рашаан гурив” гэх газраас хохирогч Х.Отгонбаярын олон тооны буюу 39 хонь хулгайлж, 2,175,000 төгрөгний хохирол учруулсан, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаангом сумын 11 дүгээр багийн 12-01 тоотод оршин суух хохирогч Д.Баярмаагийн гэрт нэвтрэн орж 22 ширхэг хурганы арьс хулгайлж, 440,000 төгрөгний хохирол учруулсан, 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Малчин сумын 2 дугаар багийн иргэн Т.Бат-Эрдэний итгэмжлэн өгсөн 1 тооны морийг Улаангом суманд авч ирж зарж борлуулан завшиж, 460,000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

               Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

              1. Хохирогч Д.Баярмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ...Даваасүрэн эгч, Азбаяр нар нь манайд хоносон. Маргааш өглөө нь би 9 цагийн орчимд авдарт байсан 22 ширхэг хурганы арьсыг гаргаж ирээд Даваасүрэн эгчид үзүүлээд “энэ хурганы арьсыг би зармаар байна. Хүн худалдаж авах болов уу ” гэж асуусан бөгөөд энэ үед манай гэрт Азбаяр байсан. Би элдсэн хурганы арьсыг Даваасүрэн эгчид үзүүлчихээд буцаагаад авдартаа хийсэн. Бид нар 10 цагийн орчимд бүгд гарч Гиваны талбай явцгаасан. Гиваны талбай дээр очиод удаагүй байж байтал Азбаяр нь ...салаад явсан. Бид нар Гиваны талбай дээр байж байгаад өдөр 12 цагийн орчимд хүүхдүүдээ дагуулаад гэрлүүгээ явсан. ...13 цагийн орчимд буцаад Гиваны талбай руу Даваасүрэн эгчтэй хамт явсан. Бид 2-ыг Гиваны талбай дээр байж байтал миний хүү Пүрэвгончиг, Нямдалай, Сүрэнхорлоо нар ирээд гэрийн түлхүүр надад өгөөд явсан. Даваасүрэн эгч бид 2-ыг буцаж очиход манай гэрийн өрхийг хаасан байсан. Манай гэрийн хаалга, цоож бүрэн бүтэн байсан бөгөөд намайг хаалгаа онгойлгож ороход тооно, багана хоёрын завсарт хийсэн мод унасан. Мөн хурганы арьс хийсэн байсан авдрын тагыг дутуу хаасан байдалтай байсан. Би тэр дороо авдараа онгойлгож үзэхэд дотор нь байсан 22 ширхэг элдсэн хурганы арьс алга болсон байсан учраас цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би хулгайд алдсан 22 ширхэг элдсэн хурганы арьсаа буцааж авсан учраас одоо надад ямар нэгэн гомдол тэмцэл, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 50-53-р тал/,

             2. Хохирогч Х.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Малчин сумын 3 дугаар багт мал маллаж амьдардаг. 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 16:00 цагийн орчимд өөрийн эхнэр Б.Жаргалын хамт Сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд саналаа өгөхөөр Малчин сумын төв явсан. Тухайн үед манай гэр Малчин сумын 3 дугаар багийн нутаг Рашаан гурив гэх нэртэй газарт байсан бөгөөд Жаргал бид 2 сумын төв орж саналаа өгчихөөд орой 23 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Бид 2-ыг ирэхэд манай хүү Алтанхуяг  та 2-ыг явсаны дараа Азбаяр ах ганцаараа ирээд явсан гэж хэлсэн. Тухайн үед харанхуй болчихсон байсан учраас бид нар шууд унтаж амарсан. Маргааш өглөө нь босоод би хонь, ямаагаа бэлчээрт гаргах гэтэл манай хонь цөөрсөн байх шиг харагдсан. Тэгээд хүүгэсээ чи хонио айлын хоньтой нийлүүлсэн үү гэж асуухад нийлүүлээгүй гэж хэлсэн. Би тэр өдрийн үдээс хойш өөрийнхөө хонь, ямааг тоолж бүртгэж үзэхэд нийт 39 тооны мал дутаж байсан. Би тэр өдрөөс хойш өөрийнхөө хонь ямааг хайсан боловч нэг ч хонь олж чадаагүй. Тухайн алга болсон 39 тооны хонинд 13 тооны хурга, 26 тооны хонь байсан. 26 тооны хонь дотор нас гүйцсэн эр хонь 11, нас гүйцсэн эм хонь 10, эр төлөг 5 дутаж байсан. Тухайн алга болсон хонь бүгд миний өөрийн эзэмшлийн хонь байсан. Алга болсон хонинууд нь ихэвчлэн хар халзан, шар халзан зүстэй хонинууд байсан. Би өөрийнхөө хулгайд алдсан 39 тооны хонийг нийтэд нь 3000000 /гурван сая/ төгрөгөөр үнэлнэ. Мөн хулгайд алдсан хонио хайхад гарсан зардал болох 500000 төгрөгийг гэмт хэрэг үйлдсэн буруутай этгээдээс нэхэмжилнэ. Надад хонио хайхад гарсан зардлын санхүүгийн баримт гэж ямар нэгэн зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 54-56-р тал/,

                   3. Хохирогч Д.Батцэндийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2016 оны 9 дүгээр сарын 16, 17-ны үед миний төрсөн дүү Д.Нямхүү над руу утсаар залгаж “би морь сольж унах гээд адуун дээр очиход таны хээр гүү алга болсон байна” гэж хэлсэн. Тухайн үед манай адуу Малчин сумын 1 дүгээр багийн нутаг Улаан булаг гэх нэртэй газарт бэлчээрлэж байсан. Би Д.Нямхүүг ярьснаас хойш 2-3 хоногийн дараа би Улаан булаг гэх газарт адуун дээрээ очиход миний өөрийн эзэмшлийн хээр зүстэй, баруун гуяндаа хайчны бариул тамгатай 1 тооны гүү алга болсон байсан. Тухайн үед би тэр гүүг хэн хулгайлсан болохыг мэдэхгүй байсан. Миний хулгайд алдсан гүү нь 6 настай гүү байсан. Тэрнээс хойш би гүүгээ хайгаад олоогүй. Би 6 настай 1 тооны гүүгээ хулгайд алдсан. Би өөрийн хулгайд алдсан гүүгээ буцааж авсан болохоор одоо надад ямар нэгэн гомдол тэмцэл нэхэмжлэх зүйл байхгүй болно. Би хохиролгүй болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 57-60-р тал/,

                4. Хохирогч Б.Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай малыг миний төрсөн ах Бөхбат нь Увс аймгийн Тэс сумын 5 дугаар багт харж, малладаг. Би хувьдаа 13 тооны адуутай бөгөөд миний адуу нь Бөхбат ахын адуутай хамт бэлчээрлэдэг. 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр миний төрсөн ах над руу утсаар залгаж “манай адуунаас чиний халиун гүү хулгайлагдсан байна. Чи наагуураа сураг тавьж байгаарай. Аймгийн төв рүү ороод алагдаж зарагдаж магадгүй. Миний халтар морины хүзүүнд сурын тасархай зүүгээд явуулчихсан байна” гэж хэлсэн. Тэрнээс хойш би өөрийнхөө гүүг хайгаад, сураг тавьж байтал миний эзэмшлийн хулгайлагдсан халиун гүү нь Малчин сумын нутагт Батчулуун гэдэг айлд байна гэж сураг сонссон. Би 2016 оны 10 дугаар сарын 21-22-ны үед Батчулуун гэдэг айлд очиход миний гүү нь тэр айлын гадна чөдөртэй байсан. Би өөрийнхөө эзэмшлийн гүүг харангуутаа таньсан бөгөөд Батчулуун гэдэг хүнтэй уулзаж “таньд энэ гүүг хэн авч ирж өгсөн бэ. Энэ миний гүү байна. Хэд хоногийн өмнө би хулгайд алдсан” гэж хэлэхэд Батчулуун “Энэ гүүг Малчин сумын харьяат Азбаяр гэдэг хүн авчирч өгсөн. Азбаяр надад хэлэхдээ “би энэ гүүг найзаасаа авлаа” гэж хэлсэн. Хулгайн гүү болохыг нь би огт мэдээгүй. Намайг түр хугацаанд харж бай гээд үлдээгээд явсан” гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө эзэмшлийн гүүг Батчулуунаас буцааж авсан. Азбаяр нь надад ямар нэгэн хохирол, төлбөр төлж барагдуулаагүй. Гэхдээ би хулгайд алдагдсан 1 тооны гүүгээ буцааж авсан. Надад ямар нэгэн гомдол тэмцэл нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 61-64-р тал/,

               5. Хохирогч Т.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай гэр Увс аймгийн малчин сумын 1 дүгээр багийн нутаг Тээгийн худаг гэх газарт байдаг. Би гэртээ аав Тоочин, ээж Оюун, дүү Батзориг нарын хамт мал маллаж амьдардаг. 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр би мал хайх гээд өөрийнхөө эзэмшлийн хээр зүстэй, 5 настай, зүүн талын гуяндаа мухар олом тамгатай морийг унаад Малчин сумын 1 дүгээр багийн нутаг Цагаан толгой гэх газарт Чимэд гэдэг айлд очсон. Намайг тэднийд очиход П.Азбаяр нь Улаангом сумаас тэднийд ирчихсэн байсан. П.Азбаяр хэзээ ямар унаагаар ирсэнийг би мэдээгүй. Би Чимэдийнд оччихоод Малчин сумын харьяат Батуу гэдэг айлд очиж хоносон. Би унаж явсан морио Чимэдийн гадаа үлдээчихээд явсан. Би Батуугийн гэрт хоночихоод маргааш өглөө нь морио авахаар Чимэдийн гэрт ирэхэд П.Азбаяр нь миний морийг унаад явчихсан байсан. Тэгээд би Малчин сумын 1 дүгээр багийн нутаг Шар дов гэх газарт, хөдөө хээр Дэлдээ гэдэг айлын мал ялгаж байсан газарт очиход П.Азбаяр тэнд байсан. Би П.Азбаяртай уулзаад миний морийг унаж яваад манай гэрт хүргээд өгчих. Би мотоцикльтэй яваад малаа харчихаад араас чинь очъё. Манай гэрт аав ээж дүү нар байгаа гээд морио өгөөд явуулсан. Би 19:00 цагийн үед гэртээ очиход П.Азбаяр байгаагүй. Гэтэл П.Азбаяр нь манай гэрт оччихоод, миний морийг өгөлгүйгээр тэр чигт нь унаж яваад Улаангом сум руу оруулаад Бат-Арвижих дэлгүүрийн хашаанд алж, янзлаад махыг нь тарааж зарсан байсан. Би өөрийнхөө морийг гэрт хүргэчих гээд П.Азбаярт өгсөн болохоос Улаангом сум руу оруулаад алаад, зараад өг гэж огт хэлээгүй. Би тухайн морийг П.Азбаярт өгч, бэлэглэсэн зүйл огт байхгүй. Би өөрийнхөө морийг 1500000 төгрөгөөр үнэлнэ. Мөн би эрэл хайгуулын зардалд 200000 төгрөг нэхэмжилж байна. Би П.Азбаяраас нийт 1700000 мянган төгрөг нэхэмжилнэ. Би П.Азбаярт морь өгж явуулахдаа өөрийнхөө эзэмшлийн 2013 оны 9 дүгээр сараас хойш ашиглаж байгаа 3 нь ястай эмээл, 2016 оны 5 дугаар сараас хойш ашиглаж байгаа 8 метр урттай суран бугуйл, 2016 оны 4 дүгээр сараас хойш ашиглаж байгаа суран хазаар, 2016 оны 4 дүгээр сараас хойш ашиглаж байгаа яргай модон ташуур зэргийг өгч явуулсан. Би дээрх эд зүйлээ буцааж авлаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 65-69-р тал/,

                 6. Гэрч Ц.Оюундэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би хувьдаа 20-74 УВХ улсын дугаартай Колт маркийн автомашинтай бөгөөд машинаараа таксинд явдаг. 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр таксинд явж байтал П.Азбаяр залгаад би захын хажуу талын малчин дэлгүүрийн хажууд байна намайг ирээд аваадхаач гэж ярьсан. Тэгээд очиход Буянт хороолол руу айлд очино гэсэн тул тийшээ явж нэг танихгүй айлын гадна очиж зогссон. П.Азбаяр тэр айл руу ороод минут болоод гарч ирсэн. Түүнийг гарч ирэхэд би Уранчимэг эгчтэй утсаар яриад “Би хурганы арьсан дээл хүнд өгчихсөн байгаа тэрийгээ авах хэрэгтэй байна” гэж ярьсан юм. П.Азбаяр машинд суусныхаа дараа чамд хурганы арьс хэрэгтэй байгаа юм уу? Надад 22 ширхэг элдсэн хурганы арьс байна худалдаж авах юм уу гэж асуухаар нь би хэдэн төгрөгөөр зарах юм бэ гэхэд П.Азбаяр нь 400000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тэгэхээр нь надад одоо бэлэн мөнгө алга хэд хоногоос мөнгийг чинь өгье, чи надад хурганы арьсаа зарчих гэж хэлэхэд П.Азбаяр хэд хоногоос чамд авч ирж өгье гэж хэлсэн. Түүнийг Улаангом сумын 11 дүгээр багт байрлах САМА телевизийн ойролцоо нэг айлын гадна хүргэж өгчихөөд явсан. П.Азбаяр нь тэнд цэнхэр өнгийн хаалгатай хашааны гадна буугаад үлдсэн. Тэгээд 15:00 цагийн үед найз Алтантуяатай хоолонд орох гээд төв таксины буудлаас хөдлөж байтал П.Азбаяр араас гүйж ирээд намайг битүү зах оруулаад өгөөч гээд машинд суусан, битүү зах явах замд П.Азбаяр нөгөө хурганы арьсаа одоо авах уу гэхээр нь би чамд одоо бэлэн байгаа бол авъя гэж хэлсэн. Бид 3 шууд яваад Улаангом сумын 3 дугаар багт байрлах Их нуургом захын үүдэнд очиж зогссон. П.Азбаяр нь 3-лаа хамт орох уу миний хурганы арьс энд байгаа  гэж асуухад Алтантуяа би орохгүй та 2 ор гэж хэлсэн. П.Азбаяр бид 2 Их нуургом зах руу ороод 2 давхарт гараад бэлэн хувцас зардаг нэг лангуунаас улаан алчуурт боосон хурганы арьс авсан. Тэгээд буцаж гараад П.Азбаярыг Буянт хороололд нэг танихгүй айлын гадна хүргэж өгчихөөд явсан. Тэгээд гэртээ хариад арьсаа тоолж үзэхэд 22 ширхэг хурганы арьс байсан. Намайг гэрт байж байтал цагдаа нар ирсэн. Би тухайн арьсыг П.Азбаяраас зээлээр авсан байсан. Түүнд ямар нэгэн мөнгө төгрөг бусад эд зүйл өгөөгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71-р тал/,

                 7. Гэрч Б.Алтантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өөрийнхөө 24-72 УВХ улсын дугаартай Верна аксент автомашинтайгаа таксинд явж байгаад 15:00 цагийн үед найз Оюундэлгэртэй хоолонд орох гээд төв таксины буудлын зогсоол дээр өөрийн машинаа тавьчихаад хөдлөх гэж байтал танихгүй залуу араас гүйж ирээд намайг битүү зах оруулаад өгөөч гээд машинд суусан, битүү зах явах замд тэр залуу нөгөө хурганы арьсаа одоо авах уу гэхээр нь Оюундэлгэр чамд одоо бэлэн байгаа бол авъя гэж хэлсэн. Бид 3 шууд яваад Улаангом сумын 3 дугаар багт байрлах Их нуургом захын үүдэнд очиж зогссон. П.Азбаяр нь 3-лаа хамт орох уу миний хурганы арьс энд байгаа  гэж асуухад  би орохгүй та 2 ор гэж хэлсэн бөгөөд П.Азбаяр тэр 2 Их нуургом зах руу ороод алчуурт боосон хурганы арьс авч гарч ирсэн. Оюундэлгэр машинд суусны дараа 22 ширхэг хурганы арьс авлаа гэж хэлж байсан. Тэгээд бид 2 П.Азбаярыг Буянт хороололд нэг танихгүй айлын гадна хүргэж өгчихөөд явсан. Тэрнээс хойш би тэр залуутай дахиж уулзаагүй. Харин маргааш өдөр нь миний найз Оюундэлгэр надад өчигдөрийн авсан хурганы арьс хулгайн арьс байсан байна. Би тэр арьсыг цагдаад хураалгасан гэж хэлсэн. П.Азбаяр нь тухайн 22 ширхэг арьсыг хаанаас, хэнээс авсан талаар надад огт юм яриагүй. Ц.Оюундэлгэр нь надтай хамт байхдаа П.Азбаярт ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73-р тал/,

               8. Гэрч Д.Өнөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “П.Азбаярын гэр нь манай хашаанд байдаг боловч П.Азбаяр гэртээ бараг байдаггүй, гэртээ ирж хонодоггүй юм. Би П.Азбаярыг хаагуур, юу хийгээд, хэнтэй уулзаад яваад байдаг болохыг мэдэхгүй. 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр П.Азбаяр нь хаана юу хийж явсан болохыг мэдэхгүй. П.Азбаярын аав, ээж нь Малчин сумын 1 дүгээр багт байдаг. П.Азбаяр нь аав, ээжийнхээ гэрт ч очдоггүй. Дандаа гадуур явдаг бөгөөд хаагуур хэнийд хоноод яваад байдаг болохыг нь мэдэхгүй. П.Азбаяраас мал, мах авч идэж байсан удаа байхгүй. Манай хашаанд хонь мал авч ирж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 74-р тал/,

              9. Гэрч С.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр би Улаангом сумын 3 дугаар багт байрлах Их нуургом захын 28 тоот лангуун дээр ажил дээрээ байж байтал үдээс хойш 14:00-15:00 цагийн хооронд П.Азбаяр надтай уулзаад “Би танай лангуун дээр нэг зүйл үлдээмээр байна. Удахгүй буцаж ирээд авчихна” гэж хэлээд улаан цоохор өнгийн алчуурт боосон зүйл үлдээсэн. Тухайн зүйлийг нь юу болохыг би мэдээгүй. П.Азбаяр буцаж гарч яваад хэсэг хугацааны дараа нэг эмэгтэй дагуулж орж ирсэн. Тэгээд алчуурт боосон зүйлээ задалж, тэр эмэгтэйд үзүүлэхэд элдсэн хурганы арьс байсан. П.Азбаяр нь тухайн хурганы арьсыг аваад гараад явсан. Нөгөө эмэгтэй нь бас гараад явчихсан. П.Азбаяр нь тухайн элдсэн хурганы арьсыг хаанаас, хэнээс авсан болохыг нь би мэдээгүй. Тэрнээс хойш би П.Азбаяртай дахиж уулзаагүй. П.Азбаяр нь тухайн хурганы арьсыг хулгайлж авсан талаараа надад ямар нэгэн зүйл хэлээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 76-р тал/,

              10. Насанд хүрээгүй гэрч О.Алтанхуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай гэр Увс аймгийн Малчин сумын 3 дугаар багт байдаг. 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр манай аав, ээж нар сумын төв рүү явсан. Би гэртээ ганцаараа малаа хараад үлдсэн. Манай аав, ээж 2 үдээс хойш явсан бөгөөд цаг хэд болж байсныг би мэдэхгүй. Би гэртээ ганцаараа үлдээд, хонь, малаа хараад байж байтал орой харанхуй болох үед П.Азбаяр ах манайд ганцаараа орж ирсэн. Тухайн үед би хоол хийчихсэн байсан бөгөөд П.Азбаяр ах манайд орж ирээд хоол идсэн. П.Азбаяр ах надаас “Танай аав, ээж 2 чинь хаачсан юм. Ирэх болж байгаа юу” гэж асуухаар нь би “Аав, ээж 2 сумын төв рүү явсан. Одоо наашаа гарчихсан ирж байгаа байх” гэж хэлсэн. П.Азбаяр ах надаас “танай аавын нэрийг хэн гэдэг юм” гэж асуухаар нь би “манай аавыг Отгонбаяр гэдэг” гэж хэлсэн. Би унтах гээд ороо засчихаад хэвтэж байтал П.Азбаяр ах “би гэртээ харьлаа” гэж хэлээд манайхаас гараад явсан. Тухайн үед гадаа харанхуй болчихсон байсан учраас би П.Азбаяр ахын араас гараагүй. Би П.Азбаяр ахыг ирэхээс өмнө хонь, ямаагаа хотондоо тууж оруулж ирсэн байсан. П.Азбаяр ах манайд ирэхдээ ганцаараа, явган явж ирсэн. Намайг унтаж байтал манай аав, ээж ирсэн. Маргааш өдөр нь аав надаас “чи хонио айлын хоньтой нийлүүлсэн үү. Манай хонь дутуу байна” гэж хэлсэн. Хэдэн хонь дутаж байсныг би мэдэхгүй. Тэрнээс хойш манай аав хэдэн өдөр дутуу хонио хайж явсан боловч олоогүй. Тэр өдөр би өөрийнхөө хонийг өөр хоньтой нийлүүлээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 78-р тал/,

                  11. Гэрч Б.Жаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би нөхөр Х.Отгонбаяр 4 хүүхдийнхээ хамт Увс аймгийн Малчин сумын Баянхайрхан багт мал маллаж амьдардаг. Манайх хувьдаа 300 гаруй тооны малтай. 2016 оны 10 дугаар сарын 16-ний өдөр 16:00 цагийн орчимд би нөхрийн хамт орон нутгийн сонгуульд саналаа өгөхөөр сумын төв рүү явсан. Тухайн үед манайх Малчин сумын Баянхайрхан багийн нутаг Рашаан гурив гэх нэртэй газарт, ганц гэрээрээ байсан. Нөхөр бид 2 сумын төв рүү явахдаа хүү Алтанхуягийг гэртээ үлдээгээд явсан. Бид 2 сумын төв орчихоод орой 23:00 цагийн орчимд гэртээ ирэхэд миний хүү хонь, ямаагаа хотондоо оруулж хэвтүүлсэн байсан. Тухайн үед цаг орой болж, харанхуй болсон байсан бөгөөд миний хүү та 2-ыг сум руу явсан хойгуур П.Азбаяр ах ирээд явсан гэж хэлж байсан. Маргааш өдөр нь миний нөхөр малаа бэлчээрт гаргах гэж байгаад буцаж гэрт орж ирээд манай мал дутсан юм шиг байна. Чи малаа айлын хоньтой нийлүүлсэн үү гэж асуухад хүү үгүй гэж хэлж байсан. Тэр өдрийн үдээс хойш бид хонь, ямаагаа тоолж, бүртгэж үзэхэд 39 тооны хонь дутаж байсан. Тухайн 39 тооны хонинд 13 хурга, 11 эр хонь, 10 эм хонь, 5 төлөг зэрэг хонинууд дутаж байсан. Алга болсон хонинууд нь зүүн чих нь урдаасаа цөгрөг, хойноосоо сод имтэй хонинууд байсан. Манайх хамгийн сүүлд 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хонь, ямаандаа вакцин хийлгээд бүртгэж үзэхэд бүрэн байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 79-р тал/,

             12. Гэрч Ц.Дашдагвын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2016 оны 10 дугаар сарын сүүлээр би Улаангом сумын зах дээр явж байгаад П.Азбаяртай таарсан. П.Азбаяр надад “би хонь зарж байна. Та хонь худалдаж авах уу. Нэг хонийг 40000 төгрөгөөр зарна” гэж хэлсэн. Би түүнд би нэг хонь худалдаж авъя. Чи манай гэрт хүргээд өгчих” гэж хэлсэн. Тэгээд би гэр лүүгээ явсан бөгөөд тэр өдрийн орой, харанхуй болсоны дараа П.Азбаяр нь нэг тооны хонь манай гэрт авчирч өгсөн. П.Азбаяр нь тухайн хонийг хэнээс, хаанаас авсан болохыг нь би мэдээгүй. П.Азбаярын авч ирж өгсөн хонь зүүн чих урдаасаа цөгрөг, хойноосоо сод имтэй, эвэртэй, хар толгойтой, нас гүйцсэн эм хонь байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 80-р тал/,

               13. Гэрч Б.Золзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 20-ны үед /хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна/ би гэртээ ганцаараа байж байтал П.Азбаяр нь 20 гаруй тооны хонь авч ирсэн. Тухайн үед миний нөхөр Халзаа нь хөдөө явчихсан байсан. П.Азбаяр тухайн 20 гаруй тооны хонийг цагаан өнгийн Майти маркийн автомашинд /улсын дугаарыг нь анзаарч хараагүй/ ачиж авч ирсэн. Би тэр машины жолоочийг танихгүй. П.Азбаяр нь надтай уулзаад би энэ хонийг хөдөөнөөс худалдаж авсан. Тэгээд зарах гэж ирлээ. Өөрийнхөө хашаанд хийе гэхээр задгай болохоор хонь шахаж болохгүй байна. Танай хашаанд 1 хонуулчихаад авъя гэж хэлсэн. П.Азбаяр тухайн хонийг хаанаас, хэнээс авч ирсэн болохыг би мэдэхгүй. Тухайн авч ирсэн хонины им тамгыг анзаарч хараагүй. П.Азбаяр нь хонь авч ирсэн оройгоо манайд хоносон. Харин ачиж ирсэн машин буцаад явчихсан. Маргааш өдөр нь П.Азбаяр авч ирсэн хонинуудаа танихгүй хүмүүс дагуулж ирээд зараад байсан. П.Азбаяр үлдсэн 10 гаруй хонийг цагаан өнгийн тэвштэй машинд /машины марк, улсын дугаарыг нь мэдэхгүй/ ачаад аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 81-р тал/,

              14. Гэрч Н.Баатархүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 20-ны үед /хэдний өдөр гэдгйиг нь сайн санахгүй байна/ би Улаангом сумын 9 дүгээр багт байрлах Ундарга Увс ШТС-3 дээр түгээгчээр ажиллаж байтал П.Азбаяр ирсэн. Тухайн үед П.Азбаяр нь цагаан өнгийн портер маркийн автомашин дээр хонь аччихсан явж байсан бөгөөд П.Азбаяр надад би энэ хонинуудыг мориор солих гэж байна. Сольж авсан морио зарна. Чи худалдаж авах уу гэж асуусан. П.Азбаяр нь тухайн хонинуудыг хэнээс, хаанаас авсаныг би мэдэхгүй. Бас тэр хонинуудын зүс имийг анзаарч хараагүй. Би П.Азбаярт чиний зарах гэж байгаа морь тарган юм уу. Хэрэв үнэ тохирвол би худалдаж авъя гэж хэлсэн. П.Азбаяр нь би морио аваад ирье гэж хэлээд явсан бөгөөд удалгүй хээр зүстэй, нас гүйцсэн морь авчихсан буцаж ирсэн. Би тухайн морийг 500000 төгрөгөөр худалдаж авъя гэж хэлэхэд П.Азбаяр зөвшөөрсөн. Тэгээд би мөнгийг нь бэлнээр өгөөд морийг нь авсан. Би авсан морио алж нядлаад зах дээр зарсан. Тухайн морины толгой, шийр, мах, арьс зэргийг нь бүгдийг нь зарсан. Тухайн мориноос одоо үлдсэн зүйл байхгүй. Тухайн морийг хэнээс, хаанаас авсаныг би мэдэхгүй хүнээс хониор сольж авлаа гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 82-р тал/,

               15. Гэрч О.Цэвээн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 20-ны үед /хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна/ Улаангом сумын 9 дүгээр багт явж байгаад П.Азбаяртай таарсан. П.Азбаяр надаас би хонь зарж байна та хонь худалдаж авах уу гэж асуухаар нь би түүнтэй хамт яваад зарж байгаа хонинуудыг нь үзсэн. Тэгээд 3 эм хонийг 150000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. Тэгээд би П.Азбаярд 150000 төгрөг бэлнээр өгөөд 3 тооны нас гүйцсэн эм хонь аваад явсан. Тухайн хонинуудыг өөрийнхөө машинаар ачиж авж явсан бөгөөд алж нядлаад зах дээр зарчихсан. Одоо тухайн хонинуудаас үлдсэн зүйл байхгүй. П.Азбаяр тухайн хонинуудыг хэнээс, хаанаас авсаныг би мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 84-р тал/,

              16. Гэрч Б.Батсуурын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 20-ны үед /хэдний өдөр гэдгйиг нь сайн санахгүй байна/ П.Азбаяр нь надтай уулзаж би таниар цагаан ултай гутал оёулах гэсэн юм. Та надад нэг гутал оёод өгөөч. Би таньд нэг хонь өгье гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд П.Азбаяр надад шар халзан зүсмийн, нас гүйцсэн эм хонь нэгийг авч ирж өгсөн. Тухайн хонийг хэнээс, хаанаас авсан болохыг би мэдээгүй, алж нядлаад хүнсэндээ хэрэглэсэн, одоо үлдсэн зүйл байхгүй. П.Азбаярын гэр нь манай хашаанд байдаг бөгөөд П.Азбаяр манай хашаанд мал авч ирж байсан удаа байхгүй. Тэр байнга л гадуур явж байдаг бөгөөд хэнтэй хаагуур юу хийж явдаг болохыг нь мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 85-р тал/,

                17. Гэрч Б.Байгалийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багт мал маллаж амьдардаг. 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр би гэртээ байж байтал 16:00 цагийн орчимд Малчин сумын харьяат П.Азбаяр гэх залуу 39 тооны хонь туучихсан манайд ирсэн. Тухайн үед П.Азбаяр нь хонио явган тууж ирсэн. Тэр энэ хонинуудыг аймаг оруулж зарна. Та надаас хурга худалдаж авах уу. Нэг хургыг нь 10000 төгрөгөөр зарна гэж хэлэхээр нь би П.Азбаяраас хурга худалдаж авахаар болсон юм. Би түүнээс 10 тооны хурга худалдаж авсан. Худалдаж авсан хурганыхаа оронд 2 тооны эм хонь өгсөн. Нэг эм хонийг 50000 төгрөгөөр бодож өгсөн юм. Миний дүү Бадамрагчаа нь мөн түүнээс 3 тооны хурга 30000 мянган төгрөгөөр худалдаж авсан. Би тухайн үед түүнийг хулгайн мал тууж яваа юм байна гэдгийг мэдээгүй. П.Азбаяр нь би аймаг орж хоночихоод маргааш ирж хонио авъя. Би аймгаас машин авч ирж ачиж авна. Та нэг шөнө миний хонийг харж байгаач гэж хэлчихээд 28 тооны хонь манай хашаанд үлдээгээд явсан. Маргааш өглөө нь буюу 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр П.Азбаяр нь цагаан өнгйин майти машинтай ирээд 28 хонио ачаад явсан. Тэр өдрөөс хойш П.Азбаяртай дахиж уулзаагүй. П.Азбаярын тууж явсан хонинууд нь зүүн чих урдаасаа цөгрөг, хойноосоо сод имтэй хонинууд байсан. 2016 оны 11 дүгээр сарын эхээр манай хонь эзэнгүй бэлчээрт явж байгаад чононд бариулсан. Тэр үед дүү бид 2-ын нийлсэн 30 гаруй тооны хонь чононд бариулж үхсэн. П.Азбаяраас авсан 13 тооны хурга ч бас үхсэн. П.Азбаяраас авсан 13 тооны хурга нь тарга тэвээрэг муутай, ижил буруу мал учраас хонь захалж явж байгаад чононд бариулсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 86-87 тал/,

              18. Гэрч Ж.Нямгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 16:00-17:00 цагийн орчимд П.Азбаяр гэх залуу 30 гаруй тооны хонь явган туучихсан манайд ирсэн. Тэр хэлэхдээ өөрийнхөө хонийг Улаангом руу тууж явна. Энэ хонинуудыг Улаангом оруулж зарна гэж хэлж байсан. П.Азбаяр хурга зарна 1 хургыг 10000 мянгад бодоод өгчихнө та хурга авах уу гэж асуухад миний нөхөр Б.Байгаль 10 тооны хургыг 2 эм хониор сольж авсан. Манай хадам дүү Бадамрагчаа 3 тооны хургыг 30000 мянган төгрөгөөр авсан. Тэр орой П.Азбаяр хонио манайд үлдээгээд хадам дүү Бадамрагчаатай Улаангом сум руу хүргүүлэхээр явсан. 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр П.Азбаяр нь цагаан өнгийн майти маркийн /улсын дугаарыг нь анзаарч хараагүй/  машинтай ирээд хонинуудаа ачаад аваад явсан. Би хонь ачиж явсан машины жолоочыг огт танихгүй. Тухайн авсан хурганууд бүгд чононд бариулсан одоо нэг ч хурга байхгүй” /хх-ийн 88-89 тал/,

               19. Гэрч Б.Бадамрагчаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 20-ны орой төрсөн ах Байгалийнд ороход П.Азбаяр гэдэг залуу ирчихсэн, ...Малчин сумаас өөрийнхөө хонийг туугаад явж байна. Улаангом оруулж зах дээр зарна. Хургыг нь замдаа зарчихмаар байна. Нэг хургыг 10.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Байгаль ах П.Азбаярт нас гүйцсэн 2 эм хонь өгөөд 10 хурга авсан. Харин би П.Азбаярт 30,000 төгрөг өгөөд 3 тооны хурга авсан. П.Азбаярын тууж явсан бусад хонинууд нь бүгд том хонь байсан ба зүүн чих нь урдаасаа цөгрөг, араасаа сод имтэй хонинууд байсан. Тухайн үед би П.Азбаярыг хулгайн хонь тууж явсан болохыг огт мэдээгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 90-91 тал/, 

               20. Гэрч Д.Цогнэмэхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 20-ны үед /хэдний өдөр гэдгйиг нь сайн санахгүй байна/ П.Азбаяр нь надтай уулзаж би Малчин сумаас хонь авч ирсэн. Авч ирсэн хониныхоо талыг зарчихлаа тал нь зарагдаггүй ээ та хонь авахгүй юм уу одоо надад 17 хонь байна гэж хэлсэн. Би түүнтэй тохиролцож 17 хонийг нь нэг мориор авахаар болсон юм. Би П.Азбаяртай хамт яваад Улаангом сумын 9 дүгээр багт байрлах нэг айлын хашаанд /хэн гэдэг айл болохыг нь мэдэхгүй байна/ очиход тэнд 17 тооны хонь байсан тухайн хонинуудыг үзэхэд ихэнх нь зүүн чих урдаасаа цөгрөг, хойноосоо сод имтэй хонинууд байсан. Тэгээд хонинуудаа аваад оронд нь өөрийнхөө эзэмшлийн 12 настай, зүүн гуяндаа мухар олом тамгатай, хээр зүстэй морийг өгөөд явуулсан. Би түүнээс авсан хонио Улаангом сумын захын хойд талд байдаг мал, мах зардаг хэсэгт зогсож байгаад хүмүүст зарсан. Би тухайн хонинуудыг хулгайн хонь гэдгийг огт мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 93-94 тал/,

             21. Гэрч Д.Нямхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Малчин сумын 1 дүгээр багт мал маллаж амьдардаг. Миний төрсөн ах Д.Батцэнд манай 2-ын адуу хамт байдаг бөгөөд би 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр өөрийнхөө адуунаас морь барьж авах гээд Малчин сумын 1 дүгээр багийн нутаг Улаан булаг гэх нэртэй газарт очиход миний өөрийн эзэмшлийн саарал дааганы хүзүүнд сурын тасархай байсан. Би тэр доороо адуугаа бүртгэж үзэхэд миний төрсөн ах Батцэндийн эзэмшлийн баруун гуяндаа хайчны бариул тамгатай, хээр зүстэй 1 тооны гүү байхгүй байсан учраас би тухайн гүүг хулгайд алдагдсан байна гэж бодоод тэр дороо өөрийн ах Батцэнд рүү утсаар залгаж болсон явдлыг хэлсэн. Миний ах Батцэндийн эзэмшлийн 1 тооны гүүг хэн, хэзээ, хаанаас хулгайлсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Дааганы хүзүүнд байсан сурын тасархай нь ойролцоогоор 2 метр орчим урттай, дахин ашиглах боломжгүй, хуучирч муудсан сурны тасархай байсан. Тухайн сурны тасархайг би хөдөө хээр, малын бэлчээрт хаясан.” гэх мэдүүлэг /хх-ийн 101 тал/,

                  22. Гэрч Я.Хосбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2016 оны 9 дүгээр сарын дунд үеэр /хэдний өдөр гэдгйиг нь сайн санахгүй байна/ манайх Наранбулаг сумын Алдар багийн нутаг Сүүжийн эхэн худаг гэх газарт байхад Малчин сумын харьяат П.Азбаяр гэдэг залуу манайд ирсэн. П.Азбаяр манайд ирэхдээ хээр зүстэй 5-6 настай, баруун гуяндаа хайчны бариул тамгатай 1 тооны гүү зайдан унаж ирсэн. П.Азбаяр нь манайд ирээд энэ миний өөрийн гүү байгаа юм. Би энэ гүүг Улаангом сум оруулж нядалж зарна гэж хэлэхээр нь би та энэ гүүгээ надад зарах уу. Би худалдаж авъя гэж хэлэхэд 4 эр хонь, 1 эр ямаа өгөөд ав гэж хэлсэн. Тэгээд би энэ тухай аавдаа хэлэхэд зөвшөөрсөн юм. П.Азбаяр чи намайг Улаангом сум оруулаад өг би маргааш машин авч ирж малаа авна гэсэн тул би түүнийг Гашууны голын постон дээр хүргэж өгөөд буцсан юм. Маргааш нь тэр цэнхэр өнгийн портер машинтай ирээд малаа аваад явсан. Би тухайн үед тэр гүүг хулгайн гүү гэдгийг мэдээгүй, П.Азбаяр миний өөрийн эзэмшлийн гүү гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 91-98-р тал/,

                   23. Гэрч Т.Ядмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2016 оны 9 дүгээр сарын дундуур /хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна/ манай гэр Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн нутаг Сүүжийн эхэн худаг гэх нэртэй газарт байхад Малчин сумын харьяат П.Азбаяр гэдэг залуу ганцаараа манайд ирсэн. Би тухайн үед П.Азбаяртай анх танилцсан бөгөөд тэрнээс өмнө би түүнийг огт таньдаггүй байсан. Тэр манайд ирэхдээ баруун талын гуяндаа хайчны бариул тамгатай, хээр зүстэй, 5-6 орчим настай 1 тооны гүү унаж ирсэн. Тэр би Улаангом сум руу явж байна Улаангом оруулж энэ гүүгээ нядалж зарна гэж хэлэхээр нь миний хүү Я.Хосбаяр нь та энэ гүүгээ хониор зарах уу? Би адууныхаа цусыг холдуулах гэсэн юм гэхэд П.Азбаяр зөвшөөрсөн. Тэр 4 эр хонь 1 эр ямаа өгөөд авч болно гэж хэлсэн. Тэгээд өнөөдөр би Улаангом сум орж хоночихоод маргааш машин авч ирж хонио авъя гээд, унаж явсан хээр гүүгээ үлдээгээд миний хүү Я.Хосбаяраар Улаангом сум руу хүргүүлсэн юм. Маргааш өдөр нь байж байтал П.Азбаяр цэнхэр өнгийн портер автомашинтай ирсэн бөгөөд жолооч нь танихгүй хүн байсан ба хонь ямаагаа аваад явсан. Тэрнээс хойш П.Азбаяртай би дахиж уулзаагүй. П.Азбаяр нь тухайн гүүг хэнээс, хаанаас авсан болохыг би мэдээгүй. Одоо тэр гүү манай адуунд байгаа. Би тэр гүүг авсанаасаа хойш унаж, ашигласан зүйл байхгүй. Би П.Азбаярт өгсөн 4 тооны эр хонь, 1 тооны эр ямааныхаа хохирол болох 700.000 төгрөгийг П.Азбаяраас нэхэмжилж байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 99-100 тал/,

                  24. Гэрч Г.Урнаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манайх хувьдаа 20 гаруй тооны адуутай бөгөөд миний хадам дүү Нямхүүгийн адуутай хамт бэлчээрт гардаг. 2016 оны 9 дүгээр сарын 16-ны үед миний нөхрийн дүү Нямхүү манайх руу утсаар залгаж ”танай хээр гүү хулгайд алдагдсан юм шиг байна.” гэж хэлсэн. Тэрнээс хойш 2-3 хоногийн дараа миний нөхөр адуундаа яваад ирэхдээ хээр гүү алга болсон байна, би хайгаад олсонгүй гэж хэлсэн. Тухайн алга болсон гүү нь хээр зүстэй, баруун гуяндаа хайчны бариул тамгатай, баруун чих нь сэтэрхий имтэй, 6 настай гүү байсан. Манайх хулгайд алдсан гүүгээ амьдаар нь буцааж авсан болохоор одоо ямар нэгэн гомдол тэмцэл, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 102 тал /,

               25. Гэрч Т.Мөнхбаясгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2016 оны 9 дүгээр сарын дунд үеэр П.Азбаяр над руу утсаар залгаж би Увс аймгийн Малчин сум руу явж өөрийнхөө адуунаас нэг  гүү авч ирж зарах гэсэн юм би эндээс өөрийнхөө мотоцикльтой явна. Буцаж ирэхдээ би гүүгээ унаж ирэх учраас миний мотоциклийг жолоодож ирэх хүн хэрэгтэй байна. Та надтай хамт яваад өгөөч гэж гуйхаар нь би зөвшөөрсөн. Тэгээд П.Азбаяр бид түүний эзэмшлийн улсын дугааргүй, цэнхэр өнгөтэй, Мустанг-5 маркийн мотоцикльтой Улаангом сумаас гараад Малчин сум руу явсан. Бид 2 орой 16 цаг болж байх үед Улаангом сумаас гарч явсан бөгөөд орой 20 цагийн орчимд Малчин сумын хөдөө голтой газар очсон. Тухайн голоос 20 гаруй тооны адуу ус ууж байсан бөгөөд Азбаяр надад: Энэ миний адуу байгаа юм. Би энэ адуунаас 1 гүү барьж авна гэж хэлсэн. Тухайн үед П.Азбаяр ямар нэгэн бугуйл, сур авч яваагүй. Зөвхөн морины хазаар авчихсан явж байсан. П.Азбаяр бид 2 буцаж яваад нэг танихгүй айлд очсон. Тэр айлын эзэн байгаагүй бөгөөд П.Азбаяр эхнэртэй нь уулзаад нэг суран бугуйл гуйж авсан. П.Азбаяр бид 2 тэр айлаас гарч яваад түрүүчийн адуу байсан газар руу явсан ба тэндээс би буцаад явсан. П.Азбаяр Улаангом сум орж байгаад таниас мотоциклио авъя гэж хэлсэн. Тэрнээс хойш 2-3 хоногийн дараа П.Азбаяр надтай ирж уулзаад мотоциклио аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 103-104 тал/,

               26. Гэрч Д.Нарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2016 оны 9 дүгээр сарын 13-ны орой би гэртээ ганцаараа байж байтал П.Азбаяр нь хажуудаа нэг танихгүй залуутай манай гэрт ирсэн. Тухайн үед манайх Малчин сумын 1 дүгээр багийн нутаг Эрдэнэтолгой гэх газарт байсан. Би П.Азбаяртай явсан залууг огт танихгүй бөгөөд тэр хоёр цэнхэр өнгөтэй Мустанг-5 маркийн мотоцикльтой явж байсан. Тэр хоёр орой 22 цаг өнгөрч байх үеэр ирсэн бөгөөд П.Азбаяр би өвөөгийнхөө өгсөн морийг авахаар явж байна. Надад сур аргамж байдаггүй. Та Эрхээ ахын сурыг өгөөч. Би морь барьж авчихаад өвөөгийнд оччихоод маргааш буцаж ирээд таны сурыг өгье. Манай адуу Улаан булгийн усан дээр байна гэж хэлэхээр нь би Эрхээгийн 7 метр орчим урттай суран бугуйлыг өгөөд явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 105-106 тал/,

                27. Гэрч Д.Энхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....Намайг гэрт ирэхэд миний эхнэр Нарантуяа: П.Азбаяр манайд ирээд чиний сурыг аваад явсан. Өөрийнхөө морийг барьж авна гэхээр нь өгөөд явуулчихлаа гэж хэлсэн. Тэр сурыг би 2000 онд өөрөө хийж бэлтгэж авсан 7 метр урттай хуучин муу сур байсан. Хуучин муу сур байсан учраас би П.Азбаяраас тэр сурыг нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 107 тал/,

                28. Гэрч Ю.Намсрайжавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2016 оны 09 сарын дунд үеэр би Улаангом сумын зах дээр мал зараад зогсож байтал П.Азбаяр надтай ирж уулзсан. П.Азбаяр нь би хонь зарж байна. Та надаас хонь худалдаж авах уу. Би үнийг хямдруулж зарна. 2 эр хонийг 90000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тэгээд би П.Азбаяраас 2 тооны эр хонийг 90000 төгрөгөөр худалдаж авсан. П.Азбаяр тухайн хонийг хэнээс, хаанаас авсан талаараа надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Би П.Азбаяраас 2 эр хонь аваад бэлэн 90000 төгрөг өгөөд явуулсан”  гэх мэдүүлэг /хх-ийн 108 тал/,

            29. Гэрч Г.Бат-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....Би П.Азбаяртай хамт өөрийнхөө 63-17 УВХ улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркийн машинтайгаа Улаангом сумаас гараад Наранбулаг сумын нутаг “Сүүжийн эхэн худаг” газарт Ядмаа гэдэг айлд очсон. П.Азбаяр надад хэлэхдээ би Ядмаа гуайд өөрийнхөө унаж явсан гүүг зарсан. Тэрнийхээ оронд мал авч байгаа юм гэж хэлсэн. П.Азбаяр бид хоёр Ядмаа гуайн гэрт очиход Ядмаа гэдэг хүн П.Азбарт 4 тооны нас гүйцсэн эр хонь, нэг тооны нас гүйцсэн эр ямаа өгсөн. П.Азбаяр бид хоёр тухайн 5 тооны малыг ачаад Улаангом суманд ирсэн бөгөөд П.Азбаяр нь мал ачиж ирсэний хөлс гэж хэлээд надад 1 тооны эр хонь, 1 тооны эр ямаа зэргийг өгөөд зөрүү мөнгөнд нь бараа, материал нэмж аваад явсан. Тухайн үед П.Азбаяр нь архи, тамхи, ундаа гэх мэт бараа, материал авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 109 тал/,

30. Гэрч Б.Бөхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би хувьдаа 15 тооны адуутай бөгөөд миний төрсөн дүү Эрдэнийн 13 тооны адуу нь манай адуутай хамт байдаг. Эрдэнэ манай 2-ын нийлсэн 28 тооны адуу нь Увс аймгийн Тэс сумын 5 дугаар баг, Малчин сумын 1 дүгээр багийн нутгаар бэлчээрлэдэг. Би хамгийн сүүлд 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр адуугаа харахад манай адуу нь Малчин сумын 1 дүгээр багийн нутаг Зах цагаан толгой гэх нэртэй газарт байсан бөгөөд Эрдэнэ манай 2-ын адуу бүрэн байсан. Тэрнээс хойш 4 өдрийн дараа адуугаа харахад манай адуу мөн л байсан газартаа байсан бөгөөд очиж адуугаа бүртгэхэд миний дүү Эрдэний эзэмшлийн халиун зүстэй, 10 настай, зүүн гуяндаа мухар олом тамгатай гүү алга болсон байсан. Мөн миний эзэмшлийн халтар морины хүзүүнд сурын тасархай байхаар нь би дүүгийн маань гүүг хулгай авсан юм байна гэж бодоод өөрийн дүү рүү залгаж чиний халиун гүүг хулгай авсан байна. Чи наагуураа сураг тавьж байгаарай. Аймгийн төв рүү орж зарагдаж магадгүй гэж хэлсэн юм. Тэгээд би хээр зүсмийн морио барьж аваад хүзүүнд нь байсан сурын тасархайг авч хөдөө хээр хаясан. Тэрнээс хойш хэд хоногийн дараа буюу 2016 оны 10 дугаар сарын 22-ны үед миний дүү Эрдэнэ нь өөрийнхөө эзэмшлийн халиун гүүгээ буцааж авч ирсэн. Эрдэнэ хэлэхдээ би гүүгээ Малчин сумын Батчулуун гэдэг хүнээс буцааж авлаа. Малчин сумын харьяат П.Азбаяр нь миний гүүг хулгайлаад тэр хүнд хүргээд өгчихсөн байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 112-113 тал/,

           31. Гэрч П.Батчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр П.Азбаяр надаас та унаж яваа морио өгч байгаач. Би аавынх руу очоод өөрийнхөө малаас үхэр аваад ирье. Тэр үхрийг аймаг руу оруулж зарна гэж хэлэхээр нь би өөрийнхөө халиун зүстэй, баруун гуяндаа зэрэгцүүлж дарсан хайруул тамгатай, 10 настай морийг П.Азбаярт өгөөд явуулсан. Мөн би өөрийнхөө 2006 оноос хойш ашиглаж байгаа цэрэг хар эмээл, суран хазаар зэргийг өгөөд явуулсан. П.Азбаяр нь аймгаас гарч ирэхдээ өөрийнхөө суран бугуйлыг авч явсан бөгөөд тэрнийгээ бас аваад явсан. Маргааш нь буюу 2016 оны 10 дугаар сарын 14-ний орой П.Азбаяр нь халиун зүстэй, зүүн гуяндаа мухар олом тамгатай нэг гүү хөтөлчихсөн буцаж ирсэн. Би П.Азбаяраас энэ чинь ямар учиртай гүү вэ? Арай хулгайн гүү биш биз дээ гэж асуухад П.Азбаяр хулгайн гүү биш ээ. Би өөрийнхөө найзаас авч ирлээ. Та санаа зовох хэрэггүй. Би хэд хоногоос ирээд авчихна. Та түр хугацаагаар харж байгаач гэж хэлчихээд хөтөлж ирсэн гүүгээ надад үлдээгээд явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 114-115 тал/,

             32. Гэрч Г.Батбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр П.Азбаяр нь манайд ирсэн. П.Азбаяр манайд ирэхдээ халиун зүсний морьтой ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 126-128 тал/,

            33. Гэрч Д.Буянхишигийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2016 оны 10 сарын 13-ны орой ирээд 2016 оны 10 дугаар сарын 14-ний шөнө бараг үүрээр манайхаас явсан. Манайхаас гараад хаашаа, ямар ажлаар явсан болохыг мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 129-131 тал/,

                34. Гэрч Т.Батзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний төрсөн ах Т.Бат-Эрдэнэ нь 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өөрийнхөө хээр морийг унаад мал харна гэж хэлээд явсан. Миний ах тэр өдөр гэрт ирж хоноогүй. Маргааш өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 16:00 цагийн орчимд би мал цуглуулахаар ...явж байгаад орой 22:00 цагийн орчимд гэртээ ирэхэд миний ах Т.Бат-Эрдэнэ ирчихсэн байсан. Ах надад би П.Азбаярт унаж явсан морио өгөөд гэрт хүргээд өгчих гэж хэлээд явуулсан. Гэтэл П.Азбаяр манайд ирчихээд миний морийг өгөхгүйгээр тэр чигт нь унаад явчихсан байна гэж хэлсэн. Тэгээд ах бид нар тэр шөнөжингөө П.Азбаяр болон ахын морийг хайгаад олоогүй. Гэтэл хэд хоногийн дараа П.Азбаяр нь тухайн морийг унаж яваад Улаангом сум руу оруулаад Бат-Арвижих дэлгүүрийн хашаанд нядалж зарсан талаар Малчин сумын хэсгийн төлөөлөгч Эрдэнэболдоос сонссон. Тухайн морь нь хээр зүстэй, 5 настай, зүүн талын гуяндаа мухар олом тамгатай морь байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 116 тал/,

               35. Гэрч Т.Тоочины мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 31-ны орой 17-18 цагийн орчимд Малчин сумын харьяат П.Азбаяр нь манайд орж ирсэн. Тухайн үед гадна харанхуй байсан бөгөөд би гэрээс гараагүй тул П.Азбаярыг ямар унаатай явсан болохыг мэдээгүй. П.Азбаярыг явсаны дараа Бат-Эрдэнэ ирсэн бөгөөд би П.Азбарт морио өгөөд явуулсан миний морийг авч ирж өгөөгүй юм уу гэж асуухад нь П.Азбаяр нь миний хүү Бат-Эрдэнийн морийг унаж явсаныг мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 117-118 тал/,

               36. Гэрч Ц.Оюуны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Бат-Эрдэнээс чи морио яасан юм гэж асуухад Бат-Эрдэнэ би П.Азбаярт морио өгөөд явуулсан. Манай гэрт хүргэж өг гэж хэлсэн. П.Азбаяр миний морийг өгөөгүй юм уу? гэж асуусан” гэх мэдүүлэг /хх-ийн 119 -120 тал/,

                37. Гэрч Д.Олонхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай гэр Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг Буянт хороололд байдаг. 2016 оны 11 дүгээр сарын эхээр /хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна/ би манай гэрийн ойролцоо байдаг Бат-Арвижих нэртэй хүнсний дэлгүүрт ороход тэнд П.Азбаяр гэдэг залуу зогсож байсан. Би тэр залууг өмнө нь огт таньдаггүй байсан. Тэр дэлгүүрийн эзэн Гэрэлцэцэг надаас энэ залуу 1 адуу алж зарна гэж байна. Чи гэдэс дотрыг нь цэвэрлэж өгчихөөд дотор авал даа гэж хэлээр нь би зөвшөөрсөн. П.Азбаяр гэдэг залуу хээр зүстэй морь авч ирсэн байсан бөгөөд би тэр морины нас болон им тамгыг анзаарч хараагүй. Тухайн морийг Бат-Арвижих дэлгүүрийн хашаанд алж янзлаад Гэрэлцэцэг бид 2 дотрыг нь цэвэрлэсэн. Дотор цэвэрлэж дууссаны дараа Гэрэлцэцэгийн  гэрт мах чанаж байтал саарал өнгийн суудлын машинтай /машины марк, улсын дугаарыг нь мэдэхгүй/ нэг эмэгтэй хүн ирсэн. Тэр эмэгтэйг би танихгүй бөгөөд П.Азбаяр нь адууныхаа махыг тэр эмэгтэйгийн машинд ачаад явсан. П.Азбаяр явахдаа надад адууны гэдэс дотор өгсөн бөгөөд П.Азбаярын алж, янзалсан адууны толгой Бат-Арвижих дэлгүүрийн хашаан дотор хэвтэж байхаар нь би авч яваад арьсыг нь өвчиж, чанаж идсэн. П.Азбаяр нь энэ өөрийн морь байгаа юм. Надад мөнгөний хэрэг гараад алж, зарж байна гэж хэлж байсан. Би тухайн морийг хаанаас, хэнээс авсан болохыг нь огт мэдээгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 121 тал/,

                 38. Гэрч Г.Гэрэлцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын эхээр П.Азбаяр манай дэлгүүрт орж ирээд: Би хөдөөнөөс өөрийнхөө морийг авч ирлээ. Надад мөнгөний хэрэгцээ гараад морийг алж зарах гэж байна. Танай хашаанд алж, янзлаад авах гэсэн юм. Би таньд нэг тогоо мах чануулна. Бас нэг сээр, хавирга өгье гэж хэлж, гуйхаар нь би зөвшөөрсөн. Тухайн морийг Бороо, П.Азбаяр нар нь алж янзалсан бөгөөд Олонхүү бид 2 гэдэс дотрыг нь цэвэрлэсэн. Морь алж, янзалж дууссаны дараа саарал өнгийн суудлын автомашинтай нэг эмэгтэй хүн ирсэн бөгөөд П.Азбаяр нь морины махыг тухайн машинд ачаад явсан. Харин гэдэс дотор болон толгойг нь Олонхүү авч явсан. П.Азбаяр Бороод бэлэн 20000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг / хх-ийн 122-123 тал/,

                39. Гэрч Ц.Оюундэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “П.Азбаяр нь адууныхаа махыг миний машинд ачаад Улаангом сумын 3 дугаар багт байдаг махны зах дээр очоод, миний таксины мөнгийг өгөөд адууныхаа махыг аваад буусан” гэх мэдүүлэг /хх-ийн 124 тал/,

               40. Гэрч Ц.Цэгмэдийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2016 оны 11 дүгээр сарын эхээр /хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна П.Азбаяр над руу залгаж нэг адуу алах гэсэн юм таньд 20000 төгрөг өгий та надтай хамт алалцаад өгөөч би Бат-Арвижих дэлгүүрийн хашаанд байна гэж хэлсэн бөгөөд би зөвшөөрсөн юм. П.Азбаяр нь надад 20000 төгрөг өгөөд махаа Оюундэлгэрийн машинд ачаад аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 125 тал/,

                  41. Гэрч Г.Чимэд, Б.Ходой нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “П.Азбаяр нь миний хүү Пүрэвсүрэнгийн 2 дахь хүүхэд юм. П.Азбаяр нь дээрээ нэг ахтай, доороо нэг дүүтэй. П.Азбаярын аав Пүрэвсүрэн, Чангаа нар нь Малчин сумын 1 дүгээр багт мал маллаж амьдардаг. П.Азбаярын ах Балжинням нь эхнэр, 2 хүүхдийн хамт мөн Малчин сумын 1-р багт мал маллаж амьдардаг. П.Азбаярын дүү Өлзийтэгш нь аав ээжтэйгээ хамт амьдардаг бөгөөд бага дүү Ганцэцэг нь Улаанбаатар хотод Анагаах ухааны их сургуульд сурч байгаад дунд ангид ороод Улаангом суманд сургуульд суралцаад 8 дугаар анги төгсөөд сургуулиас гарсан. П.Азбаяр нь 3 настайгаасаа хойш манайд байдаг болсон. Тэрнээс хойш миний эхнэр бид 2 П.Азбаярыг өсгөж, хүмүүжүүлсэн. П.Азбаяр нь сургууль төгсөж ирээд манайд мал маллаж амьдарч байгаад хулгайн хэрэгт холбогдоод хорих газарт яваад ирсэн. П.Азбаярыг хорихоос суллагдсаны дараа 2015 оны 6 дугаар сард гэр барьж өгөөд тусд нь гаргасан. П.Азбаяр нь тусдаа гарахдаа эхнэр аваагүй бөгөөд аав, ээжийнхээ өмчилж өгсөн малыг зараад дуусгасан. Одоо П.Азбаярт мал, хөрөнгө гэх зүйл байхгүй. П.Азбаяр нь зан аашийн хувьд их сэргэлэн, хүнтэй арга эвээ амархан олдог, хүнд тусархаг, бусадтай их нийтэч зантай юм. П.Азбаяр нь хаяа бага зэрэг архи уудаг, тамхи татдаг бөгөөд өөр янз бүрийн муу зуршил байхгүй. П.Азбаяр нь мал маллах их сонирхолтой хүүхэд юм” гэх мэдүүлэг /хх-ийн 132-134 тал/,

             42. Гэрч Ч.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манайх 4 хүүхэдтэй бөгөөд Азбаяр нь манай 2 дахь хүүхэд юм. Түүний ах нь эхнэр аваад тусдаа гарсан бөгөөд миний бие эхнэр 2 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг юм. Миний охин Ганцэцэг нь Улаанбаатар хотод Анагаах ухааны их сургуульд сурдаг. Бид нар 2015 оны 6 дугаар сард П.Азбаярт гэр барьж өгөөд тусад нь гаргасан. Бид нар П.Азбаярт 6 ханатай гэр барьж өгөөд 100 тооны хонь ямаа, 4 адуу, 3 тооны үхэр өмчилж өгсөн. П.Азбаярт гэр барьж өгсөний дараа Улаангом суманд амьдарна гээд гэрээ аваад явсан. Бас өмчилж өгсөн бүх малнуудыг зарж худалдсан бөгөөд одоо түүнд мал, хөрөнгө байхгүй. Тэр мал зарж олсон мөнгөө юунд ашиглаж, зарж үрсэнийг би мэдэхгүй. П.Азбаяр нь ерөнхий боловсролын сургуульд байхдаа  Малчин суманд сурч байгаад Улаангом сум руу шилжиж 8 дугаар анги төгссөн. П.Азбаяр нь багаасаа миний аав Чимэд, ээж Б.Ходой нарын гэрт өсөж, хүмүүжсэн. П.Азбаяр нь зан аашийн хувьд их сэргэлэн, хүнтэй арга эвээ амархан олдог, хүнд тусархаг, бусадтай их нийтэч зантай юм. П.Азбаяр архи, тамхи татаж байхыг би хараагүй. Гэр барьж өгөхөд П.Азбаяр нь эхнэр аваагүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 135-136 тал/,

               43. Гэрч С.Чангаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “П.Азбаяр нь багаасаа өвөө, эмээ 2 дээрээ өссөн. 2015 оны 6 дугаар сард П.Азбаярыг өрх тусгаарлаж, өмч хөрөнгийг нь тасалж өгсөн. П.Азбаяр нь өөрийнхөө өмч хөрөнгийг зарж үрээд дуусгасан. Түүнд одоо өмч хөрөнгө гээд байх зүйл байхгүй. Миний хүү Азбаяр нь зан аашийн хувьд олонтой нийтэч, сэргэлэн, хүнд тусархаг зантай. Өмнө нь 1 удаа хулгайн хэргээр ял шийтгэгдэж байсан. Би хүүгээ архи, тамхи хэрэглэж байсныг нь хараагүй. Миний хүү П.Азбаяр нь багадаа малд их сонирхолтой хүүхэд байсан юм. 2015 онд Азбаярыг нэг мотоцикль авсан гэж дуулсан. Одоо түүний мотоцикль хаана байгааг бид мэдэхгүй. Миний хадам аав Чимэд болон манай гэрт ямар нэгэн мотоцикль авчирч өгсөн зүйл огт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 137 тал/,

44. Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалт явуулах тогтоол /хх-ийн 1-5 тал/,

45. Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 6, 12,13 тал/,

46. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 9-11 тал/,

47. Ц.Оюундэлгэрээс 22 ширхэг хурганы арьс хураан авах тогтоол, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 36-38 тал/,

48. Хохирогч Д.Баярмаад ширхэг хурганы арьсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 39 тал/,

49. Увс аймгийн Цагдаагийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 40-42 тал/,

50. Т.Ядмааг иргэний нэхэмжлэгчээр тогтоох тогтоол. /хх-ийн 138 тал/,

51. Иргэний нэхэмжлэгч Т.Ядмаагаас баруун гуяндаа хайчны бариул тамгатай, хээр зүстэй гүү хураан авах тогтоол, эд зүйл хураан авсан тэмдэглэл, /хх-ийн 43-44/

52. Хохирогч Д.Батцэндэд 6 настай 1 гүүг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 45 тал/,

53. Г.Гэрэлцэцэгээс морины эмээл, хазаар, сур, ташуур зэргийг хураан авах тогтоол, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 46-48 тал/,

54. Хохирогч Т.Бат-Эрдэнэд морины эмээл, хазаар, сур, ташуур зэргийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл. /хх-ийн 49 тал/,

55. “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 546 тоот “ Хурганы арьс”/нэг хурганы арьс 20,000 төгрөгөөр/ үнэлсэн тухай тайлан /хх-ийн 142-145 тал/,

56. “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 561 тоот “Бүх насны хонь үнэлсэн тухай тайлан” /хх-ийн 149-152 тал/,

57. “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 580 тоот “6 настай гүүг” /хохирогч Д.Батцэндийн эзэмшлийн 6 настай гүүний зах зээлийн үнийг 550.000 төгрөгөөр/ үнэлсэн тухай тайлан, танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 154-157 тал/,

58. “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 582 тоот “10 настай гүү” /хохирогч Б.Эрдэний 10 настай гүүг 700.000 төгрөгөөр/ үнэлсэн тухай тайлан, танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 159-162 тал/,

59. “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 581 тоот “5 настай морь” /хохирогч Т.Бат-Эрдэнийн эзэмшлийн 5 настай морины зах зээлийн үнийг 460.000 төгрөгөөр/ үнэлсэн тухай тайлан, танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 165-168 тал/,

60. “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 614 тоот “6 ханатай Монгол гэр” /шүүгдэгчийн эзэмшлийн монгол гэрийг 1500.000 төгрөгөөр/ үнэлсэн тухай тайлан, танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 175-182 тал/,

61. “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 627 тоот “Мотоцикль болон морины дагалдах хэрэгсэл” /хохирогч Д.Батцэндийн эзэшлийн гүү хулгайлахад ашигласан гэх эд зүйлийн үнийг 210.000 төгрөгөөр /үнэлсэн тухай тайлан /хх-ийн 186-190 тал/,

62. “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 629 тоот “Хонь ямаа” /иргэний нэхэмжлэгч Т.Ядмаагаас авсан малын зах зээлийн үнэ -нас гүйцсэн эр хонийг 108.000 төгрөгөөр, нас гүйцсэн эр ямааг 60.000 төгрөгөөр/ үнэлсэн тухай тайлан /хх-ийн 200-204 тал/,

63. “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 630 тоот “Морь болон морины дагалдах хэрэгсэл”/хохирогч Б.Эрдэнийн гүүг хулгайлахдаа ашигласан морь болон дагалдах эд зүйл эмээл, суран бугуйл, суран хазаар зэргийг нийт 783.000 төгрөгөөр/ үнэлсэн тухай тайлан, танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 208-212 тал/,

64. Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол, захирамж /хх-ийн 213-218  тал/,

65. Сэжигтнээр тооцох, яллагдагчаар татах тогтоол. /хх-ийн 219, 222, 225, 228, 231, 233 тал/,

66. Сонгосон ялыг өөрчлөх буюу нэмэлт оруулах тогтоол. /хх-ийн 236 тал/

67. Увс аймгийн Малчин сумын Баянмандал багийн засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Тодорхойлолт. / 2-р хх-ийн 9-р тал/,

68. Шүүгдэгч П.Азбаярыг урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 2-р хх-ийн 13-14 тал/,

69. Шүүгдэгч П.Азбаярын хувийн байдал тогтоосон баримтууд /2-р хх-ийн 1-53 тал/,

70. Эрүүгийн хэргийг нэгтгэсэн тогтоолууд /2-р хх-ийн 59-62 тал/,

71. Яллагдагчийг хорьж мөрдөх хугацаа сунгах тухай прокурорын тогтоол, П.Азбаярын цагдан хорьж мөрдөх 1-р хугацааг сунгах тухай Шүүгчийн захирамж /2-р хх-ийн 74-76 тал/,

            72. Шүүгдэгч П.Азбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 24-ний орой 17:00 цагийн орчимд би өөрийн танил Хасгаа /эхнэрийг нь Баярмаа гэдэг/ гэдэг айлд очсон. ...  Намайг очиход Хасгаа гэртээ байгаагүй, тэдний гэрт Хасгаагийн эхнэр Баярмаа болон хүүхдүүд нь байсан. Бас нэг танихгүй эмэгтэй хүн байсан бөгөөд би Хасгаа ахын гэрт хоносон. Намайг очиход байсан хүн бас тэдний гэрт хоносон. Маргааш өглөө нь буюу 2016 оны 10 дугаар сарын 25-ны өглөө 09:00 цаг өнгөрч байх үед Баярмаа эгч "Би энэ хэдэн хурганы арьсыг зарах гэсэн юм" гэж хэлээд авдар дотроосоо 22 ширхэг элдсэн хурганы арьс гаргаж ирээд нөгөө эмэгтэйд үзүүлж байсан. Би тэдний гэрт байж байгаад 11:00 цаг өнгөрч байх үед гараад Улаангом сумын зах руу явсан. Би зах дээр очоод Малчин сум руу явах машин хайж байгаад 13:00 цагийн орчимд буцаад Хасгаа ахын гэрт очиход тэдний гэр цоожтой байсан. Хасгаа ахын гэрийн хаалга цоожтой, эзэнгүй байсан учраас би Баярмаа эгчийн үзүүлж байсан 22 ширхэг элдсэн хурганы арьсыг хулгайлж авахаар шийдээд тэдний гэр дээр гарсан. Гэрийн өрх нээлттэй байсан бөгөөд би тооноор нь дотогшоо орсон. Гэр дотор ороход авдар нь цоожгүй байсан учраас авдар дотор байсан 22 ширхэг элдсэн хурганы арьсыг аваад буцаад тооноор нь гарсан. Би хулгайлж авсан 22 ширхэг элдсэн хурганы арьсаа аваад, явган яваад буцаад Улаангом сумын зах ороод өөрийн бэргэн эгч Одонтуяад ..."Та энэ хурганы арьсыг харж байгаач. Надад байсан хурганы арьс байгаа юм. Хүнд зарахаар болсон" гэж хэлээд үлдээсэн. Би тухайн хурганы арьсыг хулгайлж авсан талаараа Одонтуяа эгчид ямар нэгэн зүйл хэлээгүй. ... Тэгээд өөрийн танил Оюундэлгэр лүү залгаж "Надад хэдэн ширхэг элдсэн хурганы арьс байна. Хурганы арьс худалдаж авах хүн байна уу" гэж асуухад Оюундэлгэр "Би элдсэн хурганы арьс хайж байна. Чи надад тэр хурганы арьсаа өгчих. Би 2-3 хоногийн дараа мөнгийг чинь өгнө" гэж хэлсэн. Би тухайн хурганы арьсыг хулгайлж авсан болохоо Оюундэлгэрт хэлээгүй бөгөөд 22 ширхэг элдсэн хурганы арьсыг 400000 төгрөгөөр Оюундэлгэрт зарахаар ярьж тохирсон. ...Тэгээд хулгайлж явсан 22 ширхэг хурганы арьсаа Оюундэлгэрт өгч явуулаад, хэд хоногийн дараа мөнгийг авахаар ярьж тохироод салсан. Удалгүй байж байтал намайг хулгай хийсэн болохыг цагдаа нар мэдсэн байсан. /хх-ийн 220-221 тал/,

...2016 оны 10 дугаар сарын 16-ний өдөр Увс аймгийн Малчин сум руу яваад Малчин сумын Баянмандал багийн нутаг Рашаан гурив гэх нэртэй газарт байдаг өөрийн найз Г.Дэлдээгийн очиж 3 хоносон. Би 2016 оны 10 дугаар сарын 19-ний орой 19:00 цагийн орчимд Дэлдээгийнхтэй саахалт байдаг Х.Отгонбаяр гэдэг айлд очиход тэдний хүүхэд нь /нэрийг нь мэдэхгүй/ гэртээ ганцаараа байсан. Тэр өдөр Отгонбаяр нь эхнэртэйгээ сумын төв рүү явж байхыг нь би харсан бөгөөд Отгонбаярын хүүхдээс "Танай аав, ээж 2 хаашаа явсан бэ. Ирэх болж байгаа юу" гэж асуухад "Манай аав, ээж 2 сумын төв рүү явсан. Одоо ирж байгаа байх" гэж хэлсэн. Би Отгонбаярынд ороод хоол идчихээд орой 21:00 цаг өнгөрч байхад тэднийхээс гарахад хонины зах нь гэрийнхээ гадаа ирчихсэн байсан. Хонины нөгөө зах нь гэрээс нэлээд хол, ойролцоогоор 200 гаруй метр зайд байсан ба би хойшоо алхаж очоод хонины захаас хэсэг тасдаж аваад Улаангом сумын чиглээд туусан. Намайг Отгонбаярын гэрээс гарах үед тэдний хүүхэд нь унтаж байсан. Би тухайн хонийг туугаад Улаангом сум руу явж байх замдаа тоолж үзэхэд 13 тооны хурга, 26 тооны хонь /эр, эм болон насыг нь тодорхой мэдэхгүй/ буюу нийт 39 тооны мал байсан. Би тухайн 39 тооны хонийг явган тууж явсаар байгаад өглөө үүр цайж байх үед Наранбулаг сумын Алдар багийн нутагт Байгаль гэдэг айлд очсон. Би тэдний гадна байсан малын хашаанд тууж явсан хонио оруулчихаад Байгалийн гэрт ороход Байгаль, эхнэртэйгээ хамт гэртээ байсан. Би Байгалийн гэрт ороод "Би Малчин сумаас өөрийнхөө хонийг туугаад явж байна. Улаангом сум руу оруулж зарна. Надад морь, унаа машин байхгүй болохоор явган туугаад явж байна" гэж хэлээд цай, унд уусан. Байгаль надад "Чи хургануудаа надад зарах уу. Нэг хургыг 10000 төгрөгөөр бодоод өгчих. Би чамд оронд эм хонь өгье" гэж хэлэхээр нь би нэг хургыг 10000 төгрөгөөр бодоод 10 тооны хургыг Байгальд өгсөн. Оронд нь 1 эм хонийг 50000 төгрөгөөр бодоод Байгалиас 2 эм хонь авсан. Намайг Байгалийн гэрт байж байтал Байгалийн дүү гэх нэг залуу надтай ирж уулзсан бөгөөд би тэр залууд үлдсэн 3 хургыг 30000 төгрөгөөр зарсан. Байгалийн дүү гэх залуу нь мотоцикльтэй явж байсан бөгөөд би тэр залуугаас "Намайг Улаангом сум руу оруулаад өгөөч" гэж гуйгаад Улаангом сум руу мотоцикльтэй явсан. Байгалийн дүү нь намайг Улаангом суманд авч ирээд эмнэлэгийн урд талын таксины зогсоол дээр буулгачихаад буцаад явсан. Би эмнэлэгийн урд талаар дээшээ яваад Залаа хайрхан баарны урд талын зогсоол дээр очиход тэнд нэг цагаан өнгийн Майти маркийн автомашин /улсын дугаарыг мэдэхгүй/ байсан. Би тэр машины жолоочтой уулзаад "Би Наранбулаг сумын нутаг Солтонгоос хэдэн хонь ачиж ирэх гэсэн юм. Та машинтайгаа яваад өгөөч. Би таньд шатахуун хийх 15000 төгрөг өгье. Дээрээс нь 1 хонь нэмж өгье" гэж хэлэхэд тэр хүн зөвшөөрсөн. Тухайн машины жолоочийг би танихгүй бөгөөд одоо тэр хүний нэр болон машины дугаарыг санахгүй байна. Би тэр жолоочтой хамт яваад буцаад Наранбулаг сумын Солтон гэх газарт Байгалийн гэрт очоод хашаанд шахаж үлдээсэн 28 тооны хонио машинд ачаад Улаангом суманд орж ирсэн. Би Улаангом суманд ирээд ачиж ирсэн 28 тооны хонио Буянт хороололд байдаг Халзаа гэдэг хүний хашаанд буулгаад Майтины жолоочид 4 настай эр хонь 1-ийг өгөөд явуулсан. Маргааш өдөр нь буюу 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр би Улаангом сумын зах гараад захын хойд талын мал зардаг хэсэгт зогсож байгаад 5 тооны хонийг зарсан. Би 1 хонийг 45000 төгрөгөөр, үлдсэн 4 хонийг 50000 төгрөгөөр зарсан. Мөн Цэхээ гэдэг ченж Халзаагийн хашаанд ирээд 3 тооны хонийг 150000 төгрөгөөр худалдаж аваад явсан. Мөн өөрийн хадам ах Батсуурьд 1 хонь үнэгүй өгсөн. Мөн өөрийн танил Дашдагва гэдэг хүнд 1 тооны хонь 40000 төгрөгөөр зарсан. Үлдсэн 17 тооны хонийг нь Тэс сумын харъяат Цогнэмэх гэх хүний хээр зүсмийн мориор сольсон. Тухайн морийг Улаангом сумын зах дээр зогсдог Баатархүү гэдэг Ченжид 500000 төгрөгөөр зарсан. /хх-ийн 223-224 тал/,

...2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр би өөрийн танил Мөнхбаясгалан гэдэг хүнтэй уулзаж 2-уулаа Малчин сум руу хамт яваад ирье. Чи буцаж ирэхдээ миний мотоциклийг унаад ир. Би өөрийнхөө адуунаас 1 гүү барьж аваад Улаангом суманд авч ирж зарах гэсэн юм" гэж хэлэхэд Мөнхбаясгалан зөвшөөрсөн. Тэгээд 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр би өөрийнхөө улсын дугааргүй, цэнхэр өнгөтэй, Мустанг-5 маркийн мотоциклтойгоо Мөнхбаясгалантай хамт Увс аймгийн Улаангом сумаас гараад Малчин сум руу явсан. Бид 2 шууд яваад Малчин сумын 1 дүгээр багийн нутаг Улаан булаг гэх нэртэй газарт очиход Улаан булагийн усан дээр 20 гаруй тооны эзэнгүй адуу байсан. Би Мөнхбаясгаланд "Энэ миний адуу байгаа юм. Би адуунаас 1 гүү барьж аваад Улаангом сум оруулж зарна" гэж хэлээд 2-уулаа хамт яваад орой 22:00 цагийн орчимд Малчин сумын 1 дүгээр багийн харъяат Эрхээ гэдэг айлд очсон. Тухайн үед Эрхээ гэртээ байгаагүй бөгөөд би Эрхээгийн эхнэр Туяатай уулзаж "Би айлын адуунд байгаа өөрийнхөө морийг авах гэсэн юм. Чи надад Эрхээгийн бугуйлийг өгч байгаач. Маргааш авч ирээд өгнө" гэж гуйхад Туяа надад Эрхээгийн суран бугуйлийг өгсөн. Тэгээд ...Мөнхбаясгаланг буцаагаад ...Улаан булаг дээр очиход өдрийн ус ууж байсан 20 гаруй тооны адуу тэнд байсан бөгөөд би тэр адуун дотроос морь барьж авах гэж байгаад Эрхээгийн суран бугуйлийг саарал зүстэй нэг морины хүзүүнд зүүгээд алдаж явуулсан. Тухайн үед бороо ороод, бугуйл норсон байсан учраас гарт шувтраад бугуйлаа алдсан. Би тухайн адууг ээрч байгаад хээр зүстэй, баруун гуяндаа хайчны бариул тамгатай 1 тооны гүү барьж авсан. Тэр гүү нь номхон гүү байсан учраас надад амархан баригдсан. Тэгээд Наранбулаг сумын нутаг Шүүж гэх газарт байх нэг айлд очиж ...хоночихоод ..."Энэ миний өөрийн эзэмшлийн гүү байгаа юм" гэж хэлээд тэр хүнд 5 тооны хониор зарахыг зөвшөөрсөн. Би унаж явсан гүүгээ тэнд нь үлдээчихээд тэр айлын залуугийн мотоцикльтэй Улаангом сум руу ирсэн. Би Улаангом суманд ирээд 1 хоночихоод 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Бат-Арвижих дэлгүүрийн эзнийг машинтай нь гуйгаад Наранбулаг суманд тэр айлд буцаж очсон бөгөөд би 4 эр хонь, 1 эр ямаа аваад буцаад Улаангом суманд ирсэн. Би зах дээр зогсож байгаад ченж Намсрай гэх хүнд 2 эр хонийг 90000 төгрөгөөр зарсан. Харин үлдсэн 2 хонь 1 ямааг Бат-Арвижих дэлгүүрийн эзэнд өгсөн. Би тэр дэлгүүрийн эзнээс өмнө нь бараа зээлээр авсан бөгөөд тэр өрөндөө тухайн малыг өгсөн. Бас малд явсаны хөлсийг хамт бодоод тухайн 2 хонь нэг ямааг өгчихсөн юм. /хх-ийн 226-227 тал/,

...2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр би Малчин сумын харъяат Батчулуун гэх хүнтэй хамт Улаангом сумаас гараад Малчин сумын 1 дүгээр багийн нутаг Хөх эрэг гэх нэртэй газарт Батчулуун ахын гэрт очсон. Би Батчулуун ахын гэрт 1 хоночихоод маргааш өдөр нь буюу 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Батчулуун ахын халиун зүстэй морийг унаад Малчин сумын 1 дүгээр багийн нутагт Зах цагаан толгойд байх Дэлдээ гэдэг айлд очсон. Би Дэлдээгийн гэрт очоод шөнийн 04:00 цаг хүртэл хөзөр тоглож хоносон. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 14-ний 04:00 цагийн орчимд Дэлдээгийн гэрээс ганцаараа гарч яваад Малчин сумын 1 дүгээр багийн нутаг Зах цагаан толгой гэх газарт очсон. Намайг Зах цагаан толгойд очиход эзэнгүй адуунууд байсан бөгөөд би тэнд байсан адуунуудыг холоос хараад өдөржин хэвтээд 20:00 цагийн орчимд Зах цагаан толгойд байсан 20 гаруй тооны эзэнгүй адуун дээр очсон. Би тухайн адуун дотроос 1 тооны халиун зүсмийн гүү барьж аваад буцаад Батчулуун ахын гэрт очсон. Би өмнө нь Батчулуун ахаас 1 тооны үхэр авсан байсан бөгөөд Батчулуун ахад "Би таниас авсан үхэрнийхээ оронд энэ гүүг өгч байна. Би найзаасаа авч ирлээ" гэж хэлээд хулгайлж авсан халиун зүстэй гүүг Батчулуун ахад өгсөн. ...Миний хулгайлсан гүү нь хэний эзэмшлийн гүү байсан болохыг тухайн үед би мэдээгүй. Тэр гүү нь халиун зүстэй, зүүн гуяндаа мухар олом тамгатай, ямар нэгэн имгүй 10 орчим настай гүү байсан. Тухайн үед би Батчулуун ахын эзэмшлийн халиун зүстэй, баруун гуяндаа зэрэгцүүлж дарсан хайруул тамгатай морийг унаж явсан. Би Батчулуун ахын цэрэг хар эмээл болон Батчулуун ахын морины хазаарыг хэрэглэж явсан. Би Батчулуун ахад морийг нь эргүүлэн өгөхдөө эмээл, хазаар зэргийг нь хамт буцааж өгсөн. Тухайн үед би өөрийнхөө суран бугуйлыг авч явсан бөгөөд гүү барьж авах гээд бугуйлаа шидэх үед миний бугуйл өөр морины толгойд орсон. Тэгээд тэр морийг татах үед халиун гүү миний шидсэн суранд бүдэрч газарт унасан. Энэ үед би гүүний дээрээс дарж, барьж авсан. Харин өөрийнхөө суран бугуйлыг морины хүзүүнд зүүгээд алдаад явуулчихсан учраас тэр бугуйл одоо хаана байгаа болохыг би мэдэхгүй байна. Миний хулгайлсан халиун гүүг иргэн Батчулуун нь хулгайн гүү гэдгийг мэдээгүй. /хх-ийн 229-230 тал/,

...2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр би Улаангомоос Малчин сумын Цагаан толгой гэх нэртэй газарт байх өвөө Чимэдийнд очихоор замын машинд дайгдаж очсон юм. Ингээд маргааш өглөө нь өвөө Чимэдийн хамт хошой айлын хонь эргүүлж явтал Малчин сумын иргэн Т.Бат-Эрдэнэ гэдэг хүн ирж надаас би 9 сард нэг морь хулгайд алдсан чи миний морины талаар мэдэх зүйл байна уу? гэхээр нь таны хулгайд алдсан морийг манай сумын Эрхэмбаяр гэдэг залуу хулгайлж аваад аймаг оруулж зарсан гэж өөрөө надад хэлсэн гэж Т.Батэрдэнэ ахад хэлээд Та надад нэг морь өгчих надад мөнгөний хэрэг байна гэхэд өөрийнхөө унаж явсан улаан хээр зүсний, зөв гуяндаа мухар олом тамгатай, имгүй морийг чи энэ морийг унаад манайд очиж бай гэсэн. Т.Бат-Эрдэний морийг унаж тэдний гэрт очоод нэг цаг орчим Т.Бат-Эрдэнийг хүлээгээд ирэхгүй болохоор нь морийг нь унаад шууд аймаг руу явж шөнөдөө орж ирээд маргааш өдөр нь Буянт хороололд байдаг "Бат арвижих" нэртэй дэлгүүрийн худалдагч Гэрлээ гэдэг эгчид танай хашаанд энэ морийг алж янзлаад махыг нь зарж борлуулмаар байна, надад таних айл байхгүй, энэ морь миний морь байгаа юм гэж хэлж гуйж байгаад морио алж янзлаад махыг нь аймгийн хүнсний захын ард таксигаар ачиж очоод нэг килограмм махыг 3000-3500 төгрөгөөр зарж борлуулсан юм. Би уг адууны гэдсийг сээр хавирга хийж зарахдаа дээр нь бага багаар тавиад зарж борлуулсан, адууны арьсыг "777" нэртэй машин угаалгын хажууд байдаг Батбаяр гэдэг ченжид 25000 /хорин таван мянган/ төгрөгөөр зарсан, адууны мах нь ойролцоогоор 120 /нэг зуун хорин/ килограмм орчим болсон, гэхдээ яг бүгдийг нь нарийн жиндэж үзсэн зүйл байхгүй, махыг бүгдийг нь зарж борлуулж дуусахад 300000 /гурван зуун мянган/ төгрөг болсон юм. Намайг Т.Бат-Эрдэнэ чи энэ морийг авч яв гэж ямар нэгэн зүйл яриагүй, намайг манай гэрт энэ морийг хүргээд өгчих гэж хэлэхээр нь би өөрөө дур мэдэн Т.Бат-Эрдэний морийг аймаг руу унаж орж зарж борлуулсан. Би Т.Бат-Эрдэний морийг алж нядлаж зараад олсон 300000 төгрөгөөрөө архи, пиво авч уугаад дуусгачихсан. Хохирлыг төлж барагдуулаагүй байгаа. Надад сонгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна.” /хх-ийн 232, 237-238 тал/ гэх мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзээд дүгнэвэл:

 

1. Шүүгдэгч П.Азбаяр нь 2016 оны 9 дүгээр сарын 13-ны шөнө Увс аймгийн Малчин сумын 1 дүгээр багийн нутаг “Улаан булаг” гэх газраас хохирогч Д.Батцэндийн 1 тооны гүү хулгайлж, 550.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Д.Батцэндийн “...би “Улаан булаг” гэх газарт адуун дээрээ очиход миний өөрийн эзэмшлийн хээр зүстэй, баруун гуяндаа хайчны бариул тамгатай 1 тооны гүү алга болсон байсан”, гэрч Д.Нямхүүгийн “...Миний төрсөн ах Д.Батцэнд манай хоёрын адуу хамт байдаг бөгөөд би 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр өөрийнхөө адуунаас морь барьж авах гээд Малчин сумын 1 дүгээр багийн нутаг Улаан булаг гэх нэртэй газарт очиход миний өөрийн эзэмшлийн саарал дааганы хүзүүнд сурын тасархай байсан. Би тэр доороо адуугаа бүртгэж үзэхэд миний төрсөн ах Батцэндийн эзэмшлийн баруун гуяндаа хайчны бариул тамгатай, хээр зүстэй 1 тооны гүү байхгүй байсан” гэрч Я.Хосбаярын “...Малчин сумын харьяат П.Азбаяр гэдэг залуу манайд ...ирэхдээ хээр зүстэй 5-6 настай, баруун гуяндаа хайчны бариул тамгатай 1 тооны гүү зайдан унаж ирсэн. ...Энэ миний өөрийн гүү байгаа юм. Би энэ гүүг Улаангом сум оруулж нядалж зарна гэж хэлэхээр нь би та энэ гүүгээ надад зарах уу. Би худалдаж авъя гэж хэлэхэд 4 эр хонь, 1 эр ямаа өгөөд ав гэж хэлсэн. Тэгээд би энэ тухай аавдаа хэлэхэд зөвшөөрсөн юм”, гэрч Т.Ядмаагийн “...П.Азбаяр манайд ирэхдээ баруун талын гуяндаа хайчны бариул тамгатай, хээр зүстэй 5-6 орчим настай 1 тооны гүү унаж ирсэн. ...надаас 4 тооны нас гүйцсэн эр хонь, 1 тооны эр ямаа аваад явсан.  П.Азбаярын надад зарсан гүү хулгайн гүү болохыг огт мэдээгүй. Би П.Азбаярт өгсөн 4 тооны эр хонь, 1 тооны эр ямааныхаа хохирол болох 700.000 төгрөгийг нэхэмжлэх хүсэлтэй байна”, гэрч Д.Нарантуяагийн “...2016 оны 9 дүгээр сарын 13-ны орой П.Азбаяр нэг танихгүй залуутай хамт ирээд ...”би өвөөгийн өгсөн морийг авахаар явж байна. Надад сур аргамж байдаггүй. Та Эрхээ ахын сурыг өгөөч ...гэхээр нь би Эрхээгийн 7 метр орчим урттай, суран бугуйлыг өгөөд явуулсан”, гэрч Ю.Намсрайжавын “...2016 оны 9 сарын дунд үеэр П.Азбаяр надтай уулзаад “би хонь зарж байна. Би үнийг нь хямдруулж 2 эр хонийг 90.000 төгрөгөөр зарна” гэж хэлсэн. Тэгээд би түүнээс 2 тооны эр хонийг 90.000 төгрөгөөр худалдаж авсан”, гэрч Г.Бат-Очирын “...би Азбаяртай хамт өөрийн 63-17 УВХ улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркийн машинтайгаа Улаангом сумаас гараад Наранбулаг сумын нутаг “Сүүжийн эхэн худаг” газарт Ядмаа гэдэг айлд очсон. П.Азбаяр надад: Би Т.Ядмаа гуайд өөрийн унаж явсан гүүг зарсан, тэрнийхээ оронд мал авч байгаа юм гэж хэлсэн. Т.Ядмаа гэдэг хүн П.Азбаярт 4 тооны нас гүйцсэн эр хонь, 1 тооны нас гүйцсэн эр ямаа өгсөн” гэх мэдүүлгүүд болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэргийн 1-р хавтасны 43-45 хуудаст авагдсан иргэн Т.Ядмаагаас хээр зүсний 1 тооны гүү хураан авсан тухай мөрдөн байцаагчийн тогтоол, тэмдэглэл, уг хээр зүсний 1 тооны гүүг хохирогч Д.Батцэндэд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар,   

- Мөн давтан үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 14-ний шөнө Малчин сумын 1 багийн нутаг “Зах цагаан толгой” гэх газраас хохирогч Б.Эрдэний 1 тооны гүү хулгайлж, 700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Эрдэнийн “...2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр миний төрсөн ах Бөхбат над руу утсаар залгаж “манай адуунаас чиний халиун гүү хулгайлагдсан байна. Чи наагуураа сураг тавьж байгаарай. Аймгийн төв рүү ороод алагдаж зарагдаж магадгүй. Миний халтар морины хүзүүнд сурын тасархай зүүгээд явуулчихсан байна” гэж хэлсэн. Тэрнээс хойш би өөрийнхөө гүүг хайгаад, сураг тавьж байтал миний эзэмшлийн хулгайлагдсан халиун гүү нь Малчин сумын нутагт Батчулуун гэдэг айлд байна гэж сураг сонссон. ...Батчулуун гэдэг хүнтэй уулзаж “таньд энэ гүүг хэн авч ирж өгсөн бэ. Энэ миний гүү байна. Хэд хоногийн өмнө би хулгайд алдсан” гэж хэлэхэд Батчулуун “Энэ гүүг Малчин сумын харьяат Азбаяр гэдэг хүн авчирч өгсөн гэж хэлсэн”, гэрч Б.Бөхбатын “...би адуугаа бүртгэж үзэхэд миний дүү Б.Эрдэний эзэмшлийн халиун зүстэй, 10 настай, зүүн гуяндаа мухар олом тамгатай гүү алга болсон байсан. ...Эрдэнэ хэлэхдээ Малчин сумын харъяат Азбаяр нь миний гүүг хулгайлаад хүнд хүргээд өгчихсөн байна гэж хэлсэн”, гэрч П.Батчулууны “...2016 оны 10 дугаар сарын 14-ний орой П.Азбаяр халиун зүстэй, зүүн гуяндаа мухар олом тамгатай нэг гүү хөтөлчихсөн буцаж ирсэн. ...П.Азбаяр хулгайн гүү бишээ. Би өөрийнхөө найзаас авч ирлээ гэж хэлчихээд хөтөлж ирсэн гүүгээ надад үлдээгээд явсан” гэх мэдүүлгүүд болон шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Увс Финанс Аудит ХХК-ийн шинжээчийн 582, 630 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар,    

- 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр мөн багийн нутаг “Рашаан гурив” гэх газраас хохирогч Х.Отгонбаярын олон тооны мал буюу 39 хонь хулгайлж, 2.175.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Х.Отгонбаярын “...2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 16:00 цагийн орчимд өөрийн эхнэр Б.Жаргалын хамт Сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд саналаа өгөхөөр Малчин сумын төв явсан. Орой 23 цаг өнгөрч байхад гэртээ ...ирэхэд манай хүү Алтанхуяг та 2-ыг явсаны дараа Азбаяр ах ганцаараа ирээд явсан гэж хэлсэн. Маргааш өглөө нь босоод би хонь, ямаагаа бэлчээрт гаргах гэтэл манай хонь цөөрсөн байх шиг харагдсан. Тэгээд хүүгээсээ чи хонио айлын хоньтой нийлүүлсэн үү гэж асуухад нийлүүлээгүй гэж хэлсэн. Би тэр өдрийн үдээс хойш өөрийнхөө хонь, ямааг тоолж бүртгэж үзэхэд нийт 39 тооны мал дутсан. Тухайн алга болсон 39 тооны хонинд 13 тооны хурга, 26 тооны хонь байсан. 26 тооны хонь дотор нас гүйцсэн эр хонь 11, нас гүйцсэн эм хонь 10, эр төлөг 5 дутаж байсан. Алга болсон хонинууд нь ихэвчлэн хар халзан, шар халзан зүстэй хонинууд байсан”, гэрч О.Алтанхуягийн “...Би гэртээ ганцаараа үлдээд, хонь, малаа хараад байж байтал орой харанхуй болох үед П.Азбаяр ах манайд ганцаараа орж ирсэн. П.Азбаяр ах манайд орж ирээд хоол идсэн ба надаас “Танай аав, ээж 2 чинь хаачсан юм. Ирэх болж байгаа юу” гэж асуухаар нь би “Аав, ээж 2 сумын төв рүү явсан. Одоо наашаа гарчихсан ирж байгаа байх” гэж хэлсэн”, гэрч Ц.Дашдагвын “...2016 оны 10 дугаар сарын сүүлээр Азбаяр надад би хонь зарж байна, та хонь худалдаж авах уу. Нэг хонийг 40.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Би нэг хонь худалдаж авъя гэхэд ...Азбаяр нь 1 тооны хонь манай гэрт авчирч өгсөн”, гэрч Б.Золзаяагийн “...2016 оны 10 дугаар сарын 20-ны үед би гэртээ ганцаараа байж байтал П.Азбаяр нь 20 гаруй тооны хонь авч ирсэн. Маргааш өдөр нь П.Азбаяр авч ирсэн хонинуудаа танихгүй хүмүүс дагуулж ирээд зараад байсан. П.Азбаяр үлдсэн 10 гаруй хонийг цагаан өнгийн тэвштэй машинд ачаад аваад явсан”, гэрч Н.Баатархүүгийн “...П.Азбаяр нь цагаан өнгийн портер маркийн автомашин дээр хонь аччихсан явж байсан бөгөөд надад би энэ хонинуудыг мориор солих гэж байна. Сольж авсан морио зарна. Чи худалдаж авах уу гэж асуусан. …Удалгүй хээр зүстэй, нас гүйцсэн морь авчихсан буцаж ирсэн. Би тухайн морийг 500.000 төгрөгөөр худалдаж авъя гэж хэлэхэд П.Азбаяр зөвшөөрсөн. Тэгээд би мөнгийг нь бэлнээр өгөөд морийг нь авсан”,  гэрч О.Цэвээний “...2016 оны 10 дугаар сарын 20-ны үед П.Азбаяртай таарсан. П.Азбаяр надаас би хонь зарж байна та хонь худалдаж авах уу гэж асуухаар нь би түүнтэй хамт яваад зарж байгаа хонинуудыг нь үзсэн. Тэгээд 150.000 төгрөг бэлнээр өгөөд 3 тооны нас гүйцсэн эм хонь аваад явсан”, гэрч Б.Батсуурийн “...П.Азбаяр нь надтай уулзаж би таниар цагаан ултай гутал оёулах гэсэн юм. Би таньд нэг хонь өгье гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд П.Азбаяр надад шар халзан зүсмийн, нас гүйцсэн эм хонь нэгийг авчирч өгсөн”, гэрч Б.Байгалийн  “...2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр би гэртээ байж байтал 16:00 цагийн орчимд Малчин сумын харьяат П.Азбаяр гэх залуу 39 тооны хонь туучихсан манайд ирсэн. ...Нэг хургыг нь 10000 төгрөгөөр зарна гэж хэлэхээр нь би П.Азбаяраас 10 тооны хурга худалдаж авсан. Худалдаж авсан хурганыхаа оронд 2 тооны эм хонь өгсөн. Миний дүү Бадамрагчаа нь мөн 3 тооны хурга 30000 мянган төгрөгөөр худалдаж авсан”, гэрч Бадамрагчаагийн “...би П.Азбаярт 30000 төгрөг өгөөд 3 тооны хурга авсан. Тууж явсан бусад хонинууд нь бүгд том хонь байсан”, гэрч Д.Цогнэмэхийн “...Би П.Азбаяраас ...17 тооны хонийг аваад оронд нь өөрийнхөө эзэмшлийн 12 настай, хээр зүсний морио өгөөд явуулсан” гэх мэдүүлгүүд, шүүгдэгчийн “...маргааш өдөр нь би Улаангом сумын зах гараад захын хойд талын мал зардаг хэсэгт зогсож байгаад 5 тооны хонийг зарсан. Тухайн 5 тооны хонины 1 тооны хонийг 45.000 төгрөгөөр, үлдсэн 4 хонийг 50.000 төгрөгөөр зарсан...” гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон Увс Финанс Аудит ХХК-ийн шинжээчийн 561 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар,    

- 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаангом сумын 11 дүгээр багийн 12-01 тоотод оршин суух хохирогч Д.Баярмаагийн гэрт нэвтэрч, 22 ширхэг хурганы арьс хулгайлж, 440.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Д.Баярмаагийн “...2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ...Даваасүрэн эгч, Азбаяр  нар нь манайд хоносон. Маргааш өглөө нь би 9 цагийн орчимд авдарт байсан 22 ширхэг хурганы арьсыг гаргаж ирээд Даваасүрэн эгчид үзүүлээд “энэ хурганы арьсыг би зармаар байна. Хүн худалдаж авах болов уу ” гэж асуусан бөгөөд энэ үед манай гэрт Азбаяр байсан. Би элдсэн хурганы арьсыг Даваасүрэн эгчид үзүүлчихээд буцаагаад авдартаа хийсэн. ...Даваасүрэн эгч бид 2-ыг буцаж очиход манай гэрийн өрхийг хаасан байсан. ...Намайг хаалгаа онгойлгож ороход тооно, багана хоёрын завсарт хийсэн мод унасан. Мөн хурганы арьс хийсэн байсан авдарын тагыг дутуу хаасан байдалтай байсан. Би тэр дороо авдараа онгойлгож үзэхэд дотор нь байсан 22 ширхэг элдсэн хурганы арьс алга болсон байсан”, гэрч Ц.Оюундэлгэрийн “...П.Азбаяр бид 2 зах руу ороод 2 давхарт бэлэн хувцас зардаг нэг лангуунаас Азбаяр улаан өнгийн алчуурт боосон хурганы арьс авсан. ” Тэгээд гэртээ хариад арьсаа тоолж үзэхэд 22 ширхэг хурганы арьс байсан. Намайг гэрт байж байтал цагдаа нар ирсэн. Би тухайн арьсыг П.Азбаяраас зээлээр авсан байсан”, гэрч Б.Алтантуяагийн “...П.Азбаяр тэр 2 Их нуургом зах руу ороод алчуурт боосон хурганы арьс авч гарч ирсэн. Оюундэлгэр машинд суусны дараа 22 ширхэг хурганы арьс авлаа гэсэн. Харин маргааш өдөр нь миний найз Оюундэлгэр надад өчигдөрийн авсан хурганы арьс хулгайн арьс байсан байна. Би тэр арьсыг цагдаад хураалгасан гэж хэлсэн”, гэрч С.Оюунцэцэгийн “...2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр би ...ажил дээрээ байж байтал үдээс хойш 14:00-15:00 цагийн хооронд П.Азбаяр надтай уулзаад “Би танай лангуун дээр нэг зүйл үлдээмээр байна. Удахгүй буцаж ирээд авчихна” гэж хэлээд улаан цоохор өнгийн алчуурт боосон зүйл үлдээсэн. П.Азбаяр хэсэг хугацааны дараа нэг эмэгтэй дагуулж ирээд алчуурт боосон зүйлээ задалж, тэр эмэгтэйд үзүүлэхэд элдсэн хурганы арьс байсан” гэх мэдүүлгүүдээр болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Увс Финанс Аудит ХХК-ийн 546 тоот үнэлгээний тайлан, иргэн Ц.Оюундэлгэрээс 22 ширхэг хурганы арьс хураан авсан тухай мөрдөн байцаагчийн тогтоол, тэмдэглэл, хохирогч Д.Баярмаад хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч Д.Батцэндэд 550.000 төгрөгийн, Б.Эрдэнэд 700.000 төгрөгийн, Х.Отгонбаярт 2.175.000 төгрөгийн, Д.Баярмаад 440.000 төгрөгийн хохирол, нийт бусдад 3.865.000 төгрөгийн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан бага бус хэмжээнд хамаарах тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинжийг, шүүгдэгч нь нийт 4 удаагийн буюу давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, 22 ширхэг хурганы арьс хулгайлахдаа бусдын орон байранд нэвтэрсэн, хохирогч Х.Отгонбаярын 39 тооны хонь буюу олон тооны малыг нь хулгайлсан нь уг гэмт хэргийн хүндрүүлэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.  

 

  2. Шүүгдэгч П.Азбаяр нь 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Малчин сумын 2-р багийн иргэн Т.Бат-Эрдэнийн итгэмжлэн өгсөн 1 тооны морийг зарж борлуулан завшиж, 460.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Т.Бат-Эрдэнэ, гэрч Т.Батзориг, Т.Тоочин, Ц.Оюун, Д.Олонхүү, Г.Гэрэлцэцэг, Ц.Оюундэлгэр, Ц.Цэгмэд нарын мөрдөн байцаалтын шатан өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Г.Гэрэлцэцэгээс эмээл, хазаар, сур аргамж, ташуур зэрэг эд зүйл хураан авсан тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Т.Бат-Эрдэнэд уг эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, “Увс Финанс Аудит” ХХК-ийн шинжээчийн 581 тоот тайлан зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Тодруулбал, шүүгдэгч П.Азбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэг заасан гэмт хэрэг үйлдэж, хохирогч Т.Бат-Эрдэнийн гэртээ хүргүүлэхээр итгэмжлэн өгсөн 1 тооны гүүг өөрөө дур мэдэн Улаангом сум оруулан нядлан мах, арьсыг нь зарж боруулан 325.000 төгрөгийг өөртөө авч завшсан болох нь хохирогч Т.Бат-Эрдэнийн “...би Малчин сумын 1 дүгээр багийн нутаг Шар дов гэх газар хөдөө хээр Дэлдээ гэдэг айлын малыг ялгаж байсан газарт очиход П.Азбаяр тэнд байсан. Би П.Азбаяртай уулзаад чи миний морийг унаж яваад манай гэрт хүргээд өгчих. Би мотоцикльтой яваад малаа харчихаад араас чинь яваад очье ...гээд хээр зүстэй, 5 настай, зүүн гуяндаа мухар олом тамгатай морийг түүнд өгөөд явуулсан. Гэтэл П.Азбаяр манай гэрт оччихоод миний морийг өгөхгүйгээр унаад явчихсан байсан. Тэгээд “Бат-Арвижих” дэлгүүрийн хашаанд алж янзлаад махыг нь тарааж зарсан байсан” гэх, гэрч Ц.Оюуны “...би Т.Бат-Эрдэнээс чи морио яасан гэхэд би П.Азбаярт морио өгөөд явуулсан. Манай гэрт хүргэж өг гэж хэлсэн. Миний морийг өгөөгүй юм уу гэж хэлсэн” гэх, гэрч Д.Олонхүүгийн “...тухайн морийг “Бат-Арвижих” дэлгүүрийн хашаанд Бороо, Азбаяр нар алж янзлаад, дэлгүүрийн эзэн Гэрэлцэцэг бид 2 гэдэс дотрыг нь цэвэрлэсэн” гэх, гэрч Г.Гэрэлцэцэгийн “...2016 оны 11 дүгээр сарын эхээр П.Азбаяр манай дэлгүүрт орж ирээд: Би хөдөөнөөс өөрийнхөө морийг авч ирлээ. Надад мөнгөний хэрэгцээ гараад морийг алж зарах гэж байна. Танай хашаанд алж, янзлаад авах гэсэн юм. Би таньд нэг тогоо мах чануулна. Бас нэг сээр, хавирга өгье гэж хэлж, гуйхаар нь би зөвшөөрсөн. ...Морь алж, янзалж дууссаны дараа саарал өнгийн суудлын автомашинтай нэг эмэгтэй хүн ирсэн бөгөөд П.Азбаяр нь морины махыг тухайн машинд ачаад явсан. Гэдэс дотор болон толгойг нь Олонхүү авсан” гэх мэдүүлгүүд болон шүүгдэгч П.Азбаярын “...Адууны арьсыг "777" нэртэй машин угаалгын хажууд байдаг Батбаяр гэдэг ченжид 25.000 төгрөгөөр зарсан, адууны мах нь ойролцоогоор 120 килограмм орчим болсон, гэхдээ яг бүгдийг нь нарийн жинлэж үзсэн зүйл байхгүй, махыг бүгдийг нь зарж борлуулж дуусахад 300.000 төгрөг болсон юм. Намайг Т.Бат-Эрдэнэ чи энэ морийг авч яв гэж ямар нэгэн зүйл яриагүй, намайг манай гэрт энэ морийг хүргээд өгчих гэж хэлэхээр нь би өөрөө дур мэдэн Т.Бат-Эрдэнийн морийг аймаг руу унаж орж зарж борлуулсан” гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдсон байна.

 

Шүүгдэгч П.Азбаярын хулгайлсан болон завшсан мал, эд зүйл нь хохирогч нарын алдсан эд зүйл, малын тоо ширхэг, малын им, тамга, нас, хүйс, зүс зэрэгтэй тохирч байна.

 

Иймд прокуророос П.Азбаярт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан тул түүнийг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан, бусдын олон тооны мал хулгайлсан, хадгалуулсан буюу бусад зорилгоор итгэмжлэн өгсөн бусдын малыг завшсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэг зааснаар тус тус ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Энэ хэргийн хохирогч Д.Батцэндийн хулгайд алдагдсан хээр зүсний 6 настай гүүг иргэний нэхэмжлэгч Т.Ядмаагаас хураан авч, хохирогчид биет байдлаар нь хүлээлгэн өгсөн /хх-ийн 43-45/, хохирогч Д.Баярмаад хулгайд алдагдсан 22 ширхэг хурганы арьсыг гэрч Ц.Оюундэлгэрээс хураан авч, хүлээлгэн /хх-ийн 36-39/ өгсөн, хохирогч Б.Эрдэнэ нь өөрийн эзэмшлийн халиун зүсний 10 настай гүүг гэрч П.Батчулуунаас буцаан авч, тус тус хохирол, төлбөргүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон талаараа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч П.Азбаярыг хохирогч Д.Батцэнд, Д.Баярмаа, Б.Эрдэнэ нарт төлөх төлбөргүй, тэдгээрт гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж үзлээ.

 

Харин шүүгдэгч П.Азбаяр нь хохирогч Х.Отгонбаяр, Т.Бат-Эрдэнэ, иргэний нэхэмжлэгч Т.Ядмаа нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулаагүй учир Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулснаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасны дагуу шүүгдэгч П.Азбаяраас хэргийн баримтаар тогтоогдсон бодит хохирол болох 39 тооны /хх-ийн 149-150 дах тал эр хонь 11х90.000=990.000, эм хонь 10х70.000=700.000, эр төлөг 5х45.000=225.000, хурга 13х20.000=260.000/ хонины үнэ 2.175.000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Отгонбаярт, 5 настай морины үнэ 460.000 /хх-ийн 165-166/ төгрөгийг гаргуулж хохирогч Т.Бат-Эрдэнэд тус тус олгох нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгч П.Азбаяр нь хохирогч Д.Батцэндийн эзэмшлийн баруун талын гуяндаа хайчны бариул тамгатай, хээр зүстэй 6 настай 1 тооны гүүг хулгайлж, иргэн Т.Ядмаад 4 тооны нас гүйцсэн эр хонь, 1 тооны эр ямаагаар арилжиж, иргэний нэхэмжлэгч /хх-ийн 138 тал/ Т.Ядмаад 492.000 төгрөгийн хохирол учруулсан /хх-ийн 200-201/ нь тогтоогдож байх тул шүүгдэгчээс 492.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Т.Ядмаад олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч П.Азбаяр нь хохирогч Д.Батцэндийн эзэмшлийн 1 тооны гүү хулгайлснаас олсон ашиг 90.000 /иргэн Т.Ядмаагаас гүүгээр сольж авсан хониос 2 хонийг борлуулсан/ төгрөгийн, хохирогч Х.Отгонбаярын 39 тооны хонь хулгайлж 965.000 төгрөгийн, хохирогч Т.Бат-Эрдэнийн 1 тооны морийг зарж борлуулан 325.000 төгрөгийн, бүгд гэмт хэрэг үйлдэж 1.380.000 төгрөгийн ашиг олсон, хохирогч Б.Эрдэнийн 1 тооны гүүг хулгайлахдаа иргэн П.Батчулууны эзэмшлийн морь, цэрэг хар эмээл, суран бугуйл, суран хазаар зэрэг 783.000 төгрөгийн /хх-ийн 208-209/, хохирогч Д.Батцэндийн 1 тооны гүүг хулгайлахдаа өөрийн эзэмшлийн мустанг-5 маркийн мотоцикл /алга болсон гэх/, суран бугуйл, суран хазаар зэрэг 210.000 төгрөгийн /хх-ийн 186-187/, бүгд 993.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл, уналга болгон морь, тээврийн хэрэгсэл хэрэглэсэн болох нь гэрч Ю.Намсрайжав, Ц.Дашдагва, Н.Баатархүү, О.Цэвээн, Б.Байгал, Б.Бадамрагчаа нарын болон шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдож байх тул гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1.380.000 төгрөг, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн эд зүйлийн үнэ 993.000 төгрөгийг тус тус хурааж, улсын орлого болгож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт нийцнэ.

Шүүгдэгч П.Азбаяр нь урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 14 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн, мөн Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 32 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 50000 төгрөгний эд хөрөнгө хурааж, 2 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, уг ялаа эдлэж байгаад Сум дундын 25 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн “Ялаас хугацааны өмнө тэнсэн суллах тухай” 21 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 9 сар 10 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан байна. /2-р хх-ийн 23-40 тал/

2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэгт “хорих газраас тэнсэн суллагдсан хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгох”-оор зааснаар тул шүүгдэгч П.Азбаярын Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялын хугацаанаас өмнө тэнсэн сулласан /Сум дундын 25 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 21 дугаартай захирамж/ 9 сар 10 хоногийн хорих ялаас үлдсэн хугацаа нь хэрэгсэхгүй болсон байна.  

Энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.4 дэх хэсэгт заасан журмын дагуу шүүгдэгчийн хувьд ялтайд тооцох хугацаа үргэлжлэн тоологдож, ялтай байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт заасан хугацаанд хэвээр хадгалагдах учир шүүгдэгч П.Азбаярыг ялтай байхдаа бусдын эд хөрөнгийг хулгайлах, хадгалуулсан буюу бусад зорилгоор итгэмжлэн өгсөн бусдын эд хөрөнгө завших гэмт хэргүүдийг үйлдсэн гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч П.Азбаяр нь энэ хэрэгт нийт 89 хоног цагдан хоригдсоныг эдэлсэн ялд нь оруулан тооцох, хохирогч нарт учирсан гэм хор арилаагүй байх тул түүний эзэмшлийн 1.500.000 төгрөгийн үнэтэй Монгол гэр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг иргэний нэхэмжлэл, хохирол төлөгдөх хүртэл хугацаанд хэвээр үлдээхээр тогтов.

Шүүгдэгч П.Азбаярт ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба түүний хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. Түүнчлэн эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, хохирогч Д.Баярмаа, Д.Батцэнд, Б.Эрдэнэ нарт төлөх хохирол, төлбөргүй зэргийг дурдвал зохино.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-296, 297 дугаар зүйлийн 297.1-297.5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Шүүгдэгч Хойд овогт Пүрэвсүрэнгийн Азбаярыг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө, мал, олон тооны мал хулгайлсан, бусдын хадгалуулсан буюу бусад зорилгоор итгэмжлэн өгсөн малыг завшсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Азбаярыг эд хөрөнгө хураахгүйгээр 02 /хоёр/ жил, 01 /нэг/ сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ сар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Азбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 жил 01 сарын хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 сарын баривчлах ялыг багтааж, түүний биечлэн эдлэх ялыг 02 жил, 1 сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Азбаярт оногдуулсан 02 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Азбаяраас гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 1.380.000 төгрөг, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн эд зүйл болон уналга болгон ашигласан морь, тээврийн хэрэгсэл /мотоцикль/-ийн үнэ 993.000 төгрөг, бүгд 2.373.000 төгрөгийг хурааж улсын орлого болгосугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хойд овогт Пүрэвсүрэнгийн Азбаяраас 2.175.000 төгрөг гаргуулж, ОЖ75100913 тоот регистрийн дугаартай хохирогч Харнууд овогт Хорхойн Отгонбаярт, 460.000 төгрөг гаргуулж, ОК82111132 тоот регистрийн дугаартай хохирогч Нур долоо овогт Тоочины Бат-Эрдэнэд, 492.000 төгрөг гаргуулж, ОЗ49053018 тоот регистрийн дугаартай иргэний нэхэмжлэгч Шангас овогт Түвшины Ядмаа нарт тус тус олгосугай.

7. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэгт зааснаар П.Азбаярт Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 /гурав/ жил 1 /нэг/ сарын хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллаж, хянан харгалзсан 09 /ес/ сар 10 /арав/ хоногийн хорих ялаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болсоныг дурьдсугай.

  8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Азбаярын цагдан хоригдсон 89 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

            9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Баярмаа, Д.Батцэнд, Б.Эрдэнэ нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Азбаярын эзэмшлийн монгол гэр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг шийдвэр гүйцэтгэлийн  ажиллагаа хийгдэж дуустал хэвээр үлдээсүгэй.

            10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.6 дах хэсэгт зааснаар шүүгдэгч П.Азбаярт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.    

            11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БОЛОРТУЯА