| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2023/0194/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/200 |
| Огноо | 2023-09-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/200
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Ж.Энхбат,
Нарийн бичгийн дарга: Н.Бүжинлхам,
Хохирогч: *******,
Шүүгдэгч: Н.*******, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн,******* овогтой *******ын *******, / РД: ******* /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.******* нь согтуурсан үедээ 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн *******, ******* нартай “архины мөнгө өгчих” гэж хэлсний төлөө хэрүүл маргаан үүсгэж, улмаар *******гийн зүүн хавирганы орчим нэг удаа хутгалж, хавирганы нуманд хутгалагдсан шарх, цус хуралт бүхий, хөнгөн гэмтэл учруулсан, мөн *******ы зүүн гарын хэсэгт 1 удаа хутгалж, биед зүүн бугалгад цус хуралт, зүүн бугалганы гадна дээд гадаргууд шарх, зүүн бугалганы дотор дээд гадаргууд шарх гэмтэл бүхий хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Н.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Номгон 1 дүгээр багт байх Есөн-эрдэнэ зах дээр таньдаг хүн болох гэх хүн таараад 0.33 граммын архи хоёулаа хувааж уугаад би нэлээн халсан байсан. Тэгээд гэх найзаасаа салаад явж байсан чинь Баянхонгор сумын номгон 1 дүгээр багт байх Наранбулаг дэлгүүрийн урд явж байсан чинь хэдэн хүмүүс зогсож байснаа нэг хүн нь над дээр ирээд “архины мөнгө өгчих” гээд байхаар нь “байхгүй” гэсэн чинь “архины мөнгө байлгачих” гээд байхаар би хөөргөний даалинд байсан хар өнгийн жижиг тонгорог байснаараа тэнд байсан 2 хүнийг хутгалсан, 1 хүнийг нь сүвээ рүү нь хутгалсан, 1 хүнийг гарын булчин руу нь хутгалсан. Тэгээд хүн алчихлаа гэж бодоод айсандаа зугтаагаад явж байсан чинь цагдаа барьж аваад цагдаагийн газар ирсэн. Би хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байгаа..гэх мэдүүлэг / хх-ийн 117-118 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:
.... Би 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт байрлах “Тэргэл” дэлгүүрийн урд хүнтэй уулзаад зогсож байсан чинь араас нэг хүн ирээд миний хавирга орчим хутгалчихаар нь эргээд харсан чинь хүзүүндээ эрх зүүсэн 50 гарсан насны хөгшин хүн байхаар нь “та яаж байгаа юм бэ" гэсэн чинь зугтаагаад яваад өгсөн. Тэгсэн чинь тэнд машины тээшнээс жимс ногоо зараад зогсож байсан нэг эмэгтэй хүн цагдаа, түргэн тусламж дуудаад тэгээд эмнэлэг дээр ирж оёо тавиулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,
4. Хохирогч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт байх “Тэргэл” дэлгүүрийн урд ганцаараа цайны газар орж хоол идэх гээд явж байсан чинь нэг буурал толгойтой хөгшин хүн урдаа хутга бариад хүрч ирээд миний зүүн гарын булчин руу хутгаар нэг удаа хутгалчхаад гүйгээд явчихсан. Тэгээд тэнд байсан нэг эгч цагдаа, түргэн тусламж дуудаад, эмнэлэг дээр ирээд оёо тавиулсан....гэх мэдүүлэг / хх-ийн 30-31 /,
5. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: Миний зүүн гар тал руу хутгалсан би эмчилгээний зардал 300.000 төгрөг нэхэмжижл байна гэв.
6. Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... ******* нь эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 139.000 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан байсан тул лавлагааг хүргүүлсэн. 139.000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна.
******* нь эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 91.000 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан байсан тул лавлагааг хүргүүлсэн. 91.000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...гэх мэдүүлэг / хх-ийн 98-99, 104-105 /,
7. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
....Би Ховд аймгийн Жаргалант сумаас 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр нөхөр ийн хамт Баянхонгор аймгийн төвд ирж жимс нарийн ногоо худалдан борлуулахаар ирээд тухайн өдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 23-ний өдөр Номгон 1 дүгээр багт байх “Өгөөмөр” бөөний төвийн урд машин дээрээсээ худалдаа үйлчилгээ эрхлээд зогсож байтал хажуу талд хүмүүс зодолдоод байх шиг байсан. Тэгээд би хүнд юм зарж байсан чинь нэг хутга барьсан хөгшин Бор цамцтай хүн манай нөхөр руу хутга бариад гүйгээд ирэхээр нь би болиоч гээд орилсон чинь манай нөхөр тэр хүнийг хараад урдаас нь барьж байсан жимсээ шидээд зугтаасан. Тэгсэн чинь манай нөхөр ийг машин 2 тойруулж хөөгөөд тэгснээ над руу хутга бариад дайрахаар нь би зугтсан чинь алнаа гээд араас хөөж байснаа цаашаа гүйгээд явсан. Тэгээд би цагдаад дуудлага өгөөд цагдаа ирээд тэр хутга барьж явсан хүнийг бариад ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/,
8. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Би 2023 оны 06 дугаар сарын 23-ны орой “Наранбулаг” караокены урдуур алхаж явтал манай найз явж байхад нь таараад юм яриад зогсож байсан чинь нэг Бор цамцтай 60 дөхөж яваа гэмээр ах байсан. Гүйж ирээд манай найз тай хамт явж байсан нэг залуу байсан тэр хоёрыг хутгалчхаад гүйгээд явчихсан. Тэгээд би тэнд байж байсан чинь түргэн тусламж ирээд хутгалуулсан 2 хүнийг үзэж байсан чинь нөгөө хутгалсан гэх бор цамцтай хөгшин ах хүрээд ирсэн тэгээд цагдаа нар ирээд аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 /,
9. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 298 дугаартай шинжээчийн:
1. *******гийн биед зүүн хавирганы нуманд хутгалагдсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
2. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.....гэх дүгнэлт / хх-ийн 51-52 /,
10. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 297 дугаартай шинжээчийн:
1. *******ы биед зүүн бугалгад цус хуралт, зүүн бугалганы гадна дээд гадаргууд шарх, зүүн бугалганы дотор дээд гадаргууд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
2. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 58-59 / болон Баянхонгор сумын 6 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 63 /, шүүгдэгч Н.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 65-69/ зэрэг нотлох баримтуудыг зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Н.******* нь согтуурсан үедээ 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн *******, ******* нарыг “архины мөнгө өгчих” гэж хэлсний төлөө хэрүүл маргаан үүсгэж, улмаар хохирогч *******гийн зүүн хавирганы орчим нэг удаа хутгалж, хавирганы нуманд хутгалагдсан шарх, цус хуралт бүхий, хөнгөн гэмтэл учруулсан,
Мөн хохирогч *******ы зүүн гарын хэсэгт 1 удаа хутгалж, биед зүүн бугалгад цус хуралт, зүүн бугалганы гадна дээд гадаргууд шарх, зүүн бугалганы дотор дээд гадаргууд шарх гэмтэл бүхий хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.
Энэ үйл баримт болсон нь хохирогч *******, ******* нарын мэдүүлэг, шинжээчийн 297, 298 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Н.*******ыг хоёр түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцоход нотлох баримт хүрэлцээтэй гэж дүгнэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Н.******* нь хохирогч нарын зүй бус үйлдэл, хэл яриа зэргээс шалтгаалж хэрүүл маргаан үүсгэж улмаар өөрт явсан хутгыг ашиглаж хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байна гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Н.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн өөрөөс гарсан гэх зардал 300.000 төгрөг нэхэмжилж уг зардлыг шүүгдэгч нь нөхөн төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгч Н.*******аас 300.000 төгрөг гаргуулж хохирогч *******д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Харин хохирогч ******* нь 500.000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаарх нотлох баримтыг хавтаст хэрэгт болон шүүхэд ирүүлээгүй тул түүний 500.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Хэрэгт хохирогч *******, ******* нар нь энэ гэмт хэргийн улмаас эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч *******гийн эмчилгээний зөрдөлд 139.000 төгрөг хохирогч *******ы эмчилгээний зардалд 91000 төгрөг нийт 230.000 төгрөг гарсан талаар иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Н.*******аас 230.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгалаа.
Шүүх шүүгдэгч Н.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.*******ын сэтгэцийн байдлын талаар эргэлзэж байгаа талаар өмгөөлөгч нь илэрхийлж байгаа болов энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, шинжээчийн дүгнэлт гараагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгчийн зүгээс энэ талаарх ажиллагаа хийлгэх талаар хүсэлт гаргаж байгаагүй тул түүнийг сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай чадваргүй талаар шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөөгүй болно.
Шүүгдэгч Н.*******т зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахдаа түүнийг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрээр зорчих үүргийг хүлээлгэж уг үүргийг техникийн хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч Н.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогтой *******ын *******ыг хоёр түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ******* овогтой *******ын *******ыг нэг / 01 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.*******ыг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг хүлээлгэж уг үүргийг техникийн хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Н.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тоолцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Н.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Н.*******аас 300.000 төгрөг гаргуулж хохирогч *******д, 230.000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч *******гаас 500.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар шүүгдэгч Н.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Н.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ