Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2020/0840/З |
Дугаар | 128/ШШ2021/0429 |
Огноо | 2021-06-18 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2021/0429
2021 оны 06 сарын 18 өдөр | Дугаар 128/ШШ2021/0429 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ДХХК /РД:**********/
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба
Нэхэмжлэлийн шаардлага:
Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/692 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, гэрээ байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд даалгах, гэрчилгээ олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Аж ажуй, нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд даалгах-ыг хүссэн шаардлагууд бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, Д.А, гэрч Г.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч компани нь Засгийн газрын тогтоолын дагуу Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт амины орон сууцны хотхон барих зориулалтаар нийт 150.0 га газрыг Нийслэлийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/344 дүгээр захирамжаар эзэмшиж ирсэн.
Гэтэл Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэн Г.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Бат үрс интернэшнл ХХК гуравдагч этгээдээр оролцож байх явцад Нийслэлийн Засаг даргаад шүүхэд ирүүлсэн нотлох баримт дотор газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тухай 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/692 дугаар захирамж ирсэн байсан.
Дээрх захирамж яагаад гарах болов гээд сураад үзтэл газрын төлбөр төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэгч компани болон бусад 3 компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож болгож манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг А/692 дугаар захирамжаар хүчингүй болгосон байсан.
Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуульд заасан оролцогчийн эрхийг хангаж шийдвэр гаргаагүй, мөн захирамжийн 2-т заасны дагуу манай компанид захирамжийг хүргүүлж мэдэгдээгүй. Бид шүүхэд ирүүлсэн нотлох баримт дотроос газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон талаар мэдсэн. Иймд оролцогчийн эрхийг хязгаарлаж хууль бусаар гаргасан 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/692 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Давгажанцан шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлдээ: ...2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1176 тоот захирамжаар талбайн хэмжээг 1.481.725 м.кв болгон өөрчилсөн. Уг захирамжийн 2 дахь хэсэгт зааснаар иргэн аж ахуй нэгж байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн газрын албанд даалгасан. Гэтэл хариуцагч нь өнөөдрийг хүртэл хугацаанд ДХХК-тай иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоогүй байна. Манай компани нь 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний төлбөрөө төлж Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн. гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Урангоо шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ДХХК-д Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт амины орон сууцны зориулалтаар Нийслэлийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/344 дүгээр захирамжаар 1.500.000 м.кв газар эзэмшүүлж, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1176 дугаар захирамжаар талбайн хэмжээг 1.481.725 м.кв болгон өөрчлөн баталгаажуулсан.
Тус компани нь 2012 оноос хойш газрын төлбөрөө бүрэн барагдуулаагүй тул Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 4.5 дахь хэсэгт заасны дагуу газрын төлбөрөө мэдэгдэлд заасан хугацаанд төлж барагдуулах, тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 01-09/5145, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01-09/5781, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 01-09/5968 дугаар албан бичгээр удаа дараа мэдэгдсэн.
ДХХК-нь газрын төлбөрөө мэдэгдэлд заасан хугацаанд төлж барагдуулаагүй тул Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/692 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, тус захирамжийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 02-06/2549 дүгээр албан бичгээр хүргүүлсэн болно. Иймд Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/692 дугаар захирамж нь үндэслэл бүхий захиргааны акт тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Мөн Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ. гэж заасан.
ДХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/692 дугаар захирамжаар хүчингүй болгосон тул 2018 оны А/1176 дугаар захирамжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгох нь үндэслэлгүй байна.
ДХХК-д Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт амины орон сууцны зориулалтаар Нийслэлийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/344 дүгээр захирамжаар 1.500.000 м.кв газар эзэмшүүлж, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1176 дугаар захирамжаар талбайн хэмжээг 1.481.725 м.кв болгон өөрчлөн баталгаажуулсан.
Газрын хэмжээ өөрчлөгдсөн тул ДХХК-нь Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын /хуучин нэрээр/ даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 3.4.4.4-т заасны дагуу Газар эзэмших, ашиглах гэрээ, гэрчилгээний хугацаа сунгах, газар ашиглалтын зориулалтад өөрчлөлт оруулах тохиолдолд газар эзэмшигч нь кадастрын зураг /эх хувиар/ ирүүлэх ёстой байсан боловч тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагаар кадастрын зураг хийлгэж ирүүлээгүй, мөн тус албанд гэрээ байгуулж, гэрчилгээ авах талаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай шийдвэр гарснаас хойш хандаж байгаагүй тул нэхэмжлэгчийн зүгээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлээгүй орхисон эс үйлдэхүй байхгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
Нэхэмжлэгч ДХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/692 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, гэрээ байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд даалгах, гэрчилгээ олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Аж ажуй, нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагуудаа эцсийн байдлаар тодруулсан болно.
Нийслэлийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Газар эзэмшүүлэх эрх олгох тухай А/344 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 150.0 га газрыгДХХК-д 5 жилийн хугацаатай, орон сууц, амины орон сууцны хотхоны зориулалтаар эзэмшүүлсэн байна.
Улмаар Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай А/1176 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байрлах ДХХК-ийн 150.0 га газрын талбайн хэмжээг багасган 1.481.725 м.кв болгон 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Маргаан бүхий захиргааны акт буюу Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/692 дугаар захирамжаар ....ДХХК-нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан газрын төлбөрөө төлж барагдуулах удаа дараагийн мэдэгдэлд заасан хугацаанд газрын төлбөрийг төлөөгүй... гэсэн үндэслэлээр ДХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д Газар эзэмшигч дараахь
үүрэг хүлээнэ:, 35.3.3-д газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх;, 40 дүгээр 40.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:, 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй; гэж заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд газрын төлбөр төлөх нь газар эзэмшигчийн нэн түрүүнд биелүүлэх үндсэн үүрэг байх бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор хуульд тодорхой заасан байна.
2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Газрын төлбөрийн тооцоо нийлсэн №020180755 тоот актаас үзэхэд ДХХК-нь 57.000.000 /тавин долоон сая/- төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Мөн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Газар ашиглаж, гэрээ дүгнэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн №1 тоот акт протоколоос үзэхэд ДХХК-нь 524.913.779 /таван зуун хорин дөрвөн сая есөн зуун арван гурван мянга долоон зуун далан есөн мянга/- төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Түүнчлэн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн газрын төлбөрийн тооцоо нийлсэн №020180755 актаас үзэхэд ДХХК-нь 434.446.237 /дөрвөн зуун гучин дөрвөн сая дөрвөн зуун дөчин зургаа мянга хоёр зуун гучин долоо/- төгрөгийн үлдэгдэлтэй байна.
2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 5.5-д ...газар эзэмших гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд газар эзэмшигч газраа эзэмшсээр байгаа бол энэхүү гэрээ 1 жилийн хугацаанд хүчинтэй гэж үзнэ. гэж заасан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын А/1176 дугаар захирамжийн дагуу манай газар эзэмших эрхийг сунгасан боловч газрын албанаас манай компанитай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгоогүй учир газрын төлбөрийг ямар үнэлгээгээр, хэрхэн тооцож төлөхийг бид мэдээгүйн улмаас газрын төлбөрийг бүрэн гүйцэд төлөөгүй гэсэн агуулгаар маргаж байна.
Хэдийгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх байдлаар тайлбарлан, манай компанитай газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүйн улмаас газрын төлбөрийг бүрэн гүйцэд төлөөгүй гэсэн агуулгаар маргаж байх боловч 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Газрын төлбөрийн тооцоо нийлсэн №020180755 тоот актаар ДХХК-нь 57.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг газрын төлбөрөө хугацаанд
нь бүрэн гүйцэд төлсөн гэж үзэхгүй.
Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас ДХХК-д хандсан, газрын төлбөрөө төлж барагдуулах утга бүхий 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №01-09/5145 тоот, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №01-09/5781 тоот, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №01-09/5968 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүдийг гаргасан байна.
Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас ДХХК-д хүргүүлсэн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №01-09/5145 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн доод хэсэгт Б.Дондовдоржийн гарын үсэг /23.10.2019/ гэсэн огноотой зурагдсан байх ба үүнээс үзэхэд тус албан бичгийг Б.Дондовдорж хүлээж авсан болох нь тогтоогдож байна.
Дээрх баримтаас үзэхэд газрын төлбөрөө төлж барагдуулах талаар хариуцагчаас нэхэмжлэгчид мэдэгдэж байсан нь нотлогдож байна.
Мөн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны төлбөрийн мэргэжилтэн Г.Мандахын мэдүүлгээр хариуцагчаас газрын төлбөрөө төлж барагдуулах талаар нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэж байсан болох нь нотлогдож байна.
Хэдийгээр хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой баримтуудаас үзэхэд Б.Дондовдорж нь ДХХК-г итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд биш боловч тухайн үед, бодит байдалд тус компанийг Б.Дондовдорж төлөөлж байсан болох нь:
Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах Үйлчилгээний бүртгэлийн хуудаст[1]Б.Дондовдоржийн нэр бичигдсэн
Эвлэрлийн гэрээнүүдэд ДХХК-г төлөөлж Б.Дондовдорж гарын үсэг зурсан[2],
2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Улаанбаатар хотын банкны орлогын мэдүүлэгт[3]Б.Дондовдоржийн гарын үсэг зурагдсан,
ДХХК-ийн тус шүүхэд ирүүлсэн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Итгэмжлэлээр[4]Б.Дондовдоржид ДХХК-г төлөөлөх эрх олгосон,
Гэрч Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны төлбөрийн мэргэжилтэн Г.Мандахын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.
Иймд дээрх баримтуудаас үзэхэд, манай компанид газрын төлбөрөө төлөх
талаар Газар зохион байгуулалтын албанаас мэдэгдэж байгаагүй гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.
ДХХК-нь газрын төлбөрөө бүрэн гүйцэд төлөөгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд дээрх хуулийн зохицуулалтууд болон үйл баримтуудаас үзэхэд газрын төлбөрийг төлөх үндсэн үүргээ ДХХК нь биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж шүүх үзлээ.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг тус тус баримтланНийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/692 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, гэрээ байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд даалгах, гэрчилгээ олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Аж ажуй, нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд даалгах-ыг хүссэн шаардлагууд бүхий ДХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ДХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/- төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ