Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 11

 

  Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ё.Мөнхгэрэл,  

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дамдинсүрэн,

Шүүгдэгч: Х.Бат-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Борлууд овогт Хүлтээгийн Бат-Амгаланд холбогдох 201720000010 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 25 настай, дээд боловсролтой, баяд, эрэгтэй, химийн инженер мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3 дүгээр баг 28-р байр 2-09 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Борлууд овогт Хүлтээгийн Бат-Амгалан /РД:ОО91072518/, 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Х.Бат-Амгалан 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Андууд цогцолбор дотроос иргэн Ш.Отгонсүрэнгийн Samsung Galaxy J5 маркийн гар утсыг хулгайлан авч Ш.Отгонсүрэнд бага бус хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:                                                                                                                      

1. Увс аймгийн Цагдаагийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулах тогтоол / хх-ийн 1 тал /,

2. Увс аймгийн Цагдаагийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн бичлэг хураан авах тогтоол, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг / хх-ийн 9-13 тал /,

3.  Хохирогч Ш.Отгонсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 20 цагийн орчимд Улаангом сумын 3 дугаар баг нефьтийн байр 3-24 тоотод байх гэртээ байж байгаад нөхөр С.Батчулуундаа өөрийнхөө Samsung Galaxy J5 маркийн гар утсаа өгч явуулсан. Удалгүй нөхөр танихгүй дугаараас залгаад би чиний гар утсыг Андууд цогцолбор дотор алга болгочихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би Samsung Galaxy J5 маркийн гар утсанд байсан 99452644 дугаар руу залгахад дуудаад байсан боловч ямар нэгэн хүн миний гар утасны дуудлагыг авахгүй байсан. 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 12 сарын 26-ны өдрийн 18 цаг хүртэл хугацаанд дуудаж байгаад холбогдохгүй болчихоор нь би цагдаагийн байгууллагад миний алдагдсан гар утасны IMEI кодоор нь ямар хүн авсан болохыг шалгаж өгнө үү? хэмээн хандсан. Х.Бат-Амгалан надад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Х.Бат-Амгалан нь Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Next худалдааны төвөөс 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр Samsung Galaxy J5 маркийн гар утсыг надад худалдаж авч өгсөн. Надад өөр гомдол, санал, хүсэлт гэхээр зүйл байхгүй” гэх мэдүүлэг / хх-ийн 17-18 тал /,

4. Гэрч С.Батчулууны мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 20 цагийн орчимд Улаангом сумын 3 дугаар баг нефьтийн байр 3-24 тоотод байх гэрээсээ ажил руугаа явахдаа эхнэр Ш.Отгонсүрэнгийн Samsung Galaxy J5 маркийн гар утсыг авч явсан. Тэгээд ажил дээрээ очоод нөгөө ээлжийн хүн болох Алтанбаяраас ажлаа хүлээж авчихаад Алтанбаяр, Энхбаатар, Бат-Очир нарыг манай байгууллагын шинэ жил болж байсан Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Андууд цогцолбор дээр хүргэж өгчихөөд би буцаад ажил руугаа явах гэтэл манай ажлын хүмүүс ороод хоол идчихээд яв гээд байхаар нь би Андууд цогцолбор луу ороод ширээн дээр тавьчихсан байсан хөнгөн зуушийг амсчихаад ажлынхаа газрын хүмүүстэй зураг даруулчихаад гаръя гэж бодоод утсаа хайтал гар утас алга болчихсон байсан. Тэгэхээр нь би ажлын газрын хүний утсаар эхнэр Ш.Отгонсүрэн лүү ярьж утсаа алга болгосон талаар хэлсэн. Тэгээд ойр орчмоороо байсан ажлынхаа газрын хүмүүсээс миний гар утсыг харсан эсэх талаар асуухад хараагүй гэдгээ хүмүүс хэлж байсан. Тэгээд би өөрийнхөө ажил руу яваад өгсөн. Андууд цогцолборын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хяналтын камерт миний барьж явсан Samsung Galaxy J5 маркийн гар утсыг ширээний өнцөг дээрээс Х.Бат-Амгалан хулгайлж авч буй нь тодорхой байгаа тул ямар нэгэн хүнийг худлаагаасаа хий хоосон хардах бий гэж айхгүйгээр тэр өдрийн үйл явдлыг үнэн зөвөөр нь ярьж байна” гэх мэдүүлэг / хх-ийн 19-20 тал /,

5. Гэрч Д.Тэгшжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Андууд цогцолборт зохион байгуулагдсан Хоёрдугаар дулааны шинэ жилийн арга хэмжээний үеэр би өөрийнхөө ажил дээр байсан. Тухайн өдөр би үйлчлэгчийн ажил хийгээд хүмүүсийн хоол, цай зэргийг ширээнүүд дээр нь хүргэж өгсөн. Би тухайн шинэ жилийн арга хэмжээ эхлэхээс дуусах хүртэл хугацаанд ажил дээрээ байсан. Тухайн арга хэмжээний үеэр ямар нэгэн хүний гар утас алга болсон талаар мэдээгүй. Маргааш нь өдөр нь 12 цагийн үед ажил дээрээ байтал өчигдөр манай ажлын хүний гар утас алга болчихож гэж хэсэг хүмүүс ирэх үед хүний гар утас алга болсон талаар мэдсэн юм. Тэр өдрийн үйл ажиллагаанд манай үйлчлэгч Сувдаа бид 2 үйлчилсэн бөгөөд тухайн шинэ жилийн арга хэмжээ тарсаны дараагаар Сувдаа бид 2 ширээнүүдээ цэвэрлэсэн. Харин уг заалны шалыг үйлчлэгч Туяа арчиж цэвэрлэсэн бид нарыг цэвэрлэгээ хийхэд ямар нэгэн хүний гар утас заалан дотор байгаагүй” гэх мэдүүлэг / хх-ийн 21 тал /,

6. Гэрч Т.Сүнжидмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 16:00 цагийн орчимд нөхөр Х.Бат-Амгалан миний гар утас руу залгахаар нь дуудлагыг авахад нөхөр би гэрээсээ гараад байгууллагынхаа шинэ жилийн арга хэмжээнд оролцохоор явж байна гэж хэлэхээр нь би за за гэж хэлээд гар утасныхаа дуудлагыг тасалсан. Миний нөхөр Х.Бат-Амгалан нь 00 цагийн орчимд шинэ жилийн арга хэмжээндээ оролцоод ирлээ гэж хэлээд гэртээ орж ирсэн. Миний нөхөр Х.Бат-Амгалан нь байгуулагынхаа шинэ жилийн арга хэмжээнээс ирэхдээ ямар нэгэн гар утас авч ирээгүй. Нөхөр маань өөрийнхөө байгууллагын шинэ жилд оролцож байгаад хүний гар утас хулгайлж авсан талаараа надад цагдаагийн байгууллагад дуудагдаж эхлэх үедээ хэлсэн. Тэр орой миний нөхөр нэлээн согтолттой байсан ба гэхдээ өөрийнхөө үйлдлийг хянах чадвартай байсан. Би нөхөр Х.Бат-Амгалантай 2015 оны 10 сард Улаангом суманд явж байгаад танилцсан бөгөөд нөхөр Х.Бат-Амгалан бид 2 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хуримаа хийж нэг гэрт амьдрах болсон. Миний нөхөр Х.Бат-Амгалан нь хүн чанар сайтай, тайван, дөлгөөн зантай, өөрийнхөө бодсон зүйлсээ хүнд шулуухан хэлчихдэг, бусадтай өөрийн санал бодлыг чөлөөтэй илэрхийлдэг, хүнд тусархуу, өөрийнхөө хийсэн ажилдаа эзэн нь болж чаддаг зэрэг магтаад байвал дуусахааргүй олон сайн зан чанаруудтай. Миний нөхөр Х.Бат-Амгалан нь айлын сайн эзэн, хүний сайн нөхөр юм” гэх мэдүүлэг / хх-ийн 24-25 тал /,

7. Увс аймгийн Цагдаагийн газрын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Samsung Galaxy J5 маркийн гар утсанд шинжилгээ хийлгэх тогтоол, / хх-ийн 26 тал /,

8. Увс финанс-Аудит ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 647 дугаартай “Samsung Galaxy J5 маркийн гар утас үнэлсэн тухай тайлан”, танилцуулсан тухай тэмдэглэл / хх-ийн 27-30 тал /,

9. Увс аймаг Улаангом сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, / хх-ийн 44 тал /,

10. Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд, / хх-ийн 45-52 тал /,

11. Шүүгдэгч Х.Бат-Амгаланг урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53-54 тал /,

12. Хохирогч Ш.Отгонсүрэн, шүүгдэгч Х.Бат-Амгалан нарын хооронд байгуулагдсан Эвлэрлийн гэрээ.

            13. Шүүгдэгч Х.Бат-Амгалангийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Би 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Андууд цогцолборт зохион байгуулагдсан Хоёрдугаар дулааны шинэ жилийн арга хэмжэээд очиж оролцсон. Би уг арга хэмжээ тарах хүртэл буюу 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 00 цаг хүртэл Андууд цогцолбор дотор зохион байгуулагдаж байсан шинэ жилийн арга хэмжээн дээр байсан. Уг шинэ жилийн арга хэмжээ тарсаны дараагаар би шууд өөрийнхөө гэрлүүгээ явсан. Би 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шинэ жилийн арга хэмжээнд оролцож байх үеэрээ С.Батчулуун ахын барьж явсан Samsung Galaxy J5 маркийн гар утсыг хулгайлж авсан нь үнэн. Би тэр утсыг хулгайлж авах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор тухайн үедээ юу бодож тухайн утсыг хулгайлж авсан болохоо одоо сайн мэдэхгүй байна. Би хүний эд зүйл хулгайлж авсандаа маш их гэмшиж байна. Би С.Батчулуун ахад учирсан хохирлыг төлж барагдуулсан. Би С.Батчулуун ахад Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Next худалдааны төвөөс 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр Samsung Galaxy J5 маркийн гар утсыг худалдаж авч өгсөн. Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчтой уулзаж уучлалт гуйж хохирол төлбөрийг нь барагдуулж өгсөн. Ийм учраас намайг ял шийтгэлгүй салгаж өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 26, 28 тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болно.           

           

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:   

Шүүгдэгч Х.Бат-Амгалан нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Андууд цогцолбор дотроос иргэн Ш.Отгонсүрэнгийн Samsung Galaxy J5 маркийн гар утсыг хулгайлж, Ш.Отгонсүрэнд бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан камерын СD бичлэг, уг бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Увс финанс-Аудит ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 647 дугаартай дүгнэлт, хохирогч Ш.Отгонсүрэн, гэрч С.Батчулуун, Т.Сүнжидмаа нарын мэдүүлэг болон шүүгдэгч Х.Бат-Амгалангийн үйлдсэн хэрэг болон гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

“Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 647 тоот гар утас үнэлсэн тухай тайланд “...Samsung Galaxy J5 маркийн гар утасны зах зээлийн үнэ 304,200 төгрөг...” гэж үнэлснээр шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан бага бус хэмжээний хохирол учирсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүн хангагджээ.   

Хэрэг бүртгэлтийн болон прокурорын хяналтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчил гараагүй, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Х.Бат-Амгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

         Шүүгдэгч Х.Бат-Амгалан нь гэм буруугаа ойлгож ухамсарлан чин санаанаасаа гэмшиж хохирогчоос уучлалт гуйсан, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг буцаан авч өгч, учруулсан хохирол, гэм хорыг арилгасан байхаас гадна хохирогч Ш.Отгонсүрэн нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогчоос шүүхийн шатанд гаргаж өгсөн Эвлэрлийн гэрээ зэргээр тогтоогджээ.

       Иймд шүүгдэгч Х.Бат-Амгалан нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан, хохирогч Ш.Отгонсүрэн нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн нь нотлогдож байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч Х.Бат-Амгаланд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.  

          Шүүгдэгч Х.Бат-Амгаланд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байгаа тул түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн СД 1 ширхэгийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Мөн энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

             Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 294-296,  297 дугаар зүйлийн 297.1-5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Борлууд овогт Хүлтээгийн Бат-Амгаланг бусдын эд хөрөнгө хулгайлсаны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримтлан  шүүгдэгч Х.Бат-Амгаланд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Х.Бат-Амгаланг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

            3. Шүүгдэгч Х.Бат-Амгалан нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

  4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн СД 1 ширхэгийг хэрэгт хавсаргасугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шүүгдэгч Х.Бат-Амгаланд өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

                                  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.БОЛОРТУЯА