Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 223/МА2018/00015

 

2018 оны 06 сарын 25 өдөр

         Дугаар 223/МА2018/00015

 

 

И.А-лийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, Ерөнхий шүүгч Г.Болормаа, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дүгээр сарын 15-ны өдрийн 151/ШШ2018/00509 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч И.А-лийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “М” ХХК-нд холбогдох,

“М” ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 17/3 дугаар сахилгын арга хэмжээ авах тухай тушаалыг хүчингүйд  тооцох, цалингийн зөрүү 6 625 188 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч Б.Баярмагнай нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч И.Алтангэрэл, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунтуяа,  нарийн бичгийн дарга Г.Шаравдорж нар оролцов.

 Нэхэмжлэгч  И.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... 2015 онд ажилд орсон. 2017 оны 05 сарын 20-нд гарсан  цалин бууруулах тушаал гарсныг мэдээгүй 07 дугаар сард мэдсэн. Болорцэцэгийг ирэхээр цалин 17/3 тушаалыг яг ямар арга хэмжээ юм бэ гэхэд санхүүгээс гаргасан арга хэмжээ гэхээр нь санхүүгийн албаны дарга асуусан. Болорцэцэг цаанаас ингэж өгсөн учир гэж хэлсэн. Ийм дарамт шахалттай байвал би ажиллаж чадахгүй гэж хэлсэн. Энэ тушаал хууль бус гэж хэлсэн, захиргаа удирдлагын дарга Жан Гуан Ли хэлсэн тэгтэл дарга нарт хэлж байгаад цалинг чинь өгнө гэж хэлсэн. 2017 оны 07 сарын 16-наас ажиллаагүй ажлаас халсан тушаал надад ирээгүй. Ажлаас халагдсаны мөнгө авах гэтэл халагдсан тушаал өгөхгүй байсан. Иймд “М” ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 17/3 дугаар сахилгын арга хэмжээ авах тухай тушаалыг хүчингүйд  тооцох, цалингийн  зөрүү 6 625 188 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунтуяа нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь 2 төрлийн шаардлага гаргаж байгаа. Сахилгын шийтгэл буруу оногдуулсан гэдэг дээр тухайн ажилчин өөрөө ажлаа хийж байхдаа хөдөлмөрийн гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэг нь хяналт шалгалтын байгууллагаар тогтоогдсон зөрчил нь харагдаж байгаа. Сахилгын шийтгэлийг 7 дугаар сарын 16-ний өдөр гардаж авснаа хүлээн зөвшөөрдөг. Тус хугацаанаас тооцвол хөөн хэлэлцэх хугацаа шүүхэд 1 сарын хугацаанд шүүхэд гомдол гаргах байсан. Гэвч 7 дугаар сарын 16-ний өдрөөс 8 дугаар сарын 16-ний өдөр хүртэл хугацаанд нэхэмжлэл, гомдол гаргаагүй. Нэхэмжлэл гаргах хугацаа дууссан гэх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ажилтан өөрөө 7 дугаар сарын 16-ний өдөр ажлаас гарах өргөдлөө өөрийн гараар бичсэн байдаг. Өмнөх сахилгын шийтгэлийг мэдээд ийм зүйл гаргасан гэж үзэж байгаа. Ажил олгогчийн санаачилгаар бус ажилтны санаачилгаар өөрөө ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө бичиж өгсөн байдаг. Шүүхээр шийдвэрлүүлэх боломж байсаар байтал өөрөө ажлаас өргөдлөө өгсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Мөн үүнд хөөн хэлэлцэх хугацаа яригдана. Шүүхэд 3 0 хоногийн дотор нэхэмжлэл гаргах эрхтэй байсан боловч гомдол гаргаагүй. Хөөн хэлэлцэх хугацааг сэргээж болно. Гэхдээ хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй байсан учраас сэргээх боломжгүй байгаа. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2, 128.1.7, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч И.А-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч И.А нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдэж,

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

 

 Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч Б.Баярмагнай давж заалдах гомдолдоо:  “.. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дүгээр сарын 15-ны өдрийн 151/ШШ2018/00509 дугаартай шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: 1. Нэхэмжлэгчид 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 17/3 дугаар тушаалаар сахилгын арга хэмжээ авч цалинг 900 000 төгрөг болгон бууруулсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт “сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдол”-г шүүхээр шийдвэрлүүлэхээр заасан байдаг. Гэтэл анхан шатны шүүх байгууллагын хөдөлмөрийн маргаан таслах комиссоор шийдвэрлүүлэх байсан гэсэн агуулга бүхий шийдвэрийг гаргасан байна. Хариуцагч нь үйл ажиллагаа явуулдаг газар нь тодорхой бус гаалийн бөгөөд нийгмийн даатгал, татварын олон зөрчилтэй, үүнээс үүдэж Улаанбаатар хотын Сүхбаатар, Хан-Уул дүүргийн шүүхүүдэд нэхэмжлэгч энэ талаарх гомдлоо гаргаж харъяаллын бус гэдэг үндэслэлээр дээрх шүүхүүд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг бөгөөд энэ талаараа нэхэмжлэгч анхан шатны шүүх хуралдаан дээр тайлбарласан байдаг. 2. Нэхэмжлэгч ажил олгогчийн дарамт шахалт зүй бус нөлөөнөөс болж ажлаас чөлөөлөх тухай хүсэлтийг гаргасан байдаг. Уг хүсэлтийг үндэслэн хариуцагчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэрээ нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй анхан шатны шүүх хуралдаанд авчирч хэргийн материалд өгсөн байдаг, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан байдаг бөгөөд ажлаас халсан шийдвэрээ хүлээлгэн өгөөгүй байж хөөн хэлэлцэх хугацаа тоолж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа асуудал бөгөөд анхан шатны шүүх үүнийг хуулийн дагуу гэж дүгнэсэн. 3. Мөн хариуцагчийн зүгээс гарган өгсөн И.А-ийн мессеж гэх зураг эвлүүлэг гэх мэт зүйлийг гарган өгч шүүх нотлох баримтын шаардлага хангахгүй дээрх баримтыг дүгнэн хэргийг шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн шийдвэр гэж үзэж байна. Иймд Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 15-ны өдрийн 151/ШШ2018/00509 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.  

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх  хэрэгт цугларсан нотлох баримтыг  үнэлэх хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлж, тухайн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хязгаарласан зөрчил гаргаагүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч И.А ажил олгогч “М” ХХК-ийн хүний нөөцийн менежерийн 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 17/3 дугаар “Сахилгын арга хэмжээ авах” тухай тушаалыг хүчингүй болгуулах, цалингийн зөрүү 6 625 188 төгрөгийг гаргуулах, ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг анх гаргасан ба шүүх хуралдаан дээр урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахаар шаардлагаа нэмэгдүүлжээ.

Хариуцагч “М” ХХК нь сахилгын арга хэмжээ авсан тушаалд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, ажлаас өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн ба өргөдлөө өгөөд ажлын байраа орхиж явсан тул  нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь ажил олгогчийн 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 17/3 дугаар тушаалд гомдол гаргах Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасан 3 сарын  хугацааг ажилтны мэдсэн гэх  өдрөөс буюу 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар  тооцож, хөөн хэлэлцэх хугацааг 13 хоногоор хэтрүүлсэн гэж үзсэнийг буруутгах боломжгүй бөгөөд уг хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзэж сэргээх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Нэхэмжлэгч И.А нь 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ажил олгогчид  ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ бичгээр гаргасан байх ба энэ өдрөөс ажлын байраа орхиж явсан гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэж маргаагүй байна. /хх-ийн 96-р тал/

Нэхэмжлэгч нь ажил олгогчийн дарамт шахалтын улмаас дээрх өргөдлийг бичсэн гэх тайлбар нь нотлогдоогүй байна.

Ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөс хойш 8 хоногийн дараа буюу 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалаар өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлжээ.

Ажил олгогчийн ажилтныг ажлаас чөлөөлсөн  дээрх тушаалыг хууль бус гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйл, 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн тул нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар давж заалдсан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж давж  заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дүгээр сарын 15-ны өдрийн 151/ШШ2018/00509 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Г.БОЛОРМАА                

                                          ШҮҮГЧИД                                      Т.ЭНХМАА

                                                                                          Ц.ӨРНӨНДЭЛГЭР