Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2022/00516

 

 

“Г” хадгаламж зээлийн хоршооны

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2020/01105 дугаар шийдвэр,   

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 125 дугаар магадлалтай,

“Г” хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлтэй,

Б.М, В.Б нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 6,082,495 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/4185, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/2852, 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/2572 дугаартай зээлийн шугаман гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнчунт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Г” ХЗХ-ны Орхон салбар нь хариуцагч Б.М, В.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,082,495 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч марган, 2019.08.30-ны өдрийн ЗГ/4185, 2018.10.26-ны өдрийн ЗГ/2852, 2018.08.09-ний өдрийн ЗГ/2572 дугаартай зээлийн шугаман гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

2. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2020/01105 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1.-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Мээс 1 048 000 төгрөг гаргуулан “Г хадгаламж зээлийн хоршооны Орхон салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 0340495 төгрөгийг, мөн В.Бд холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/4185 дугаартай шугамын зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, 2018-08-09-ны өдрийн ЗГ/2572 дугаартай зээлийн шугамын гэрээ, 2018-10-26-ны өдрийн ЗГ/2852 дугаартай зээлийн шугамын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127,520 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,950 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Мээс 29,702 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.   

3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 125 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2020/01105 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баянжаргалын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112,270 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.07-ны өдрийн 125 дугаар магадлалыг мөн оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч танилцаад дараах гомдлыг гаргаж байна. Магадлалын тогтоох хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон шийдвэрлэсэн. Мөн хянавал хэсэгт ... нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой болгох ажиллагаа хийгээгүй, нэхэмжлэлийн үндэслэл маргааны зүйлийн талаар Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн дүгнэлт хийх үүргээ биелүүлээгүй гэж үзжээ. Гэтэл Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа тодорхойлж, түүнийг нотлох баримтаа гаргах үүрэгтэй, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж, хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаж, хариу тайлбар гаргах, нотлох баримт, зээлийн тооцоолол гаргах боломж нөхцөлөөр тухай бүр хангаж ажилласан. Мөн давж заалдах шатны шүүхийн хянавал хэсэгт ... нэхэмжлэгч “Г” хадгаламж зээлийн хоршоо нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолсон ач холбогдол бүхий нотлох баримтаа гаргаж өгөөгүй, хариуцагч урьд авч байсан зээлийн үлдэгдэл дээр гэрээ хийсэн 4 сая төгрөг дансанд шилжүүлээгүй гэсэн тайлбар гаргаж буй боловч нэхэмжлэгч үүнийг үгүйсгэж няцаасан баримт гаргаагүй, хэрэгт зээлийн тооцоолол гаргаж өгөөгүйгээс нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад шүүх 1048000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно гэжээ. Гэтэл нэхэмжлэгч үгүйсгэсэн няцаасан баримтаа гаргах, нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлах, зээлийн тооцооллоо гаргаж өгөх нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч нь ... өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуцлуулах үүрэгтэй гэж заасан. Мөн давж заалдах шатны шүүхийн хянавал хэсэгт: нэхэмжлэгч “Г” хадгаламж зээлийн хоршоо нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2019.08.30-ны өдрийн ЗГ/4185 дугаартай, 2018.10.26-ны өдрийн ЗГ/2852, 2018.08.09-ний өдрийн ЗГ/2572 дугаар гэрээнд үндэслэн тодорхойлжээ гэжээ. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхэд хариуцагч Б.М нь “Г” хадгаламж зээлийн хоршооноос 2019.08.30-ны өдөр ЗГ/4185 дугаартай шугаман зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулан 4 сая төгрөгийг 5 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай орон сууц хашаа байшингийн зориулалтаар авсан мөн өдөр зээлдэгчийн Хаан банкин дахь дансанд шилжүүлсэн, хариуцагч нь зээлийн хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй, В.Б нь хамтран зээлдэгчээр оролцсон зэрэг нь тогтоогджээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч урьд байгуулсан гэрээг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ болгоогүй бөгөөд харин ч хариуцагчийн хүсэлтээр тэдгээр гэрээг хэрэгт хавсаргуулж, сөрөг нэхэмжлэл гаргаж байхад нэхэмжлэлийн үндэслэл шаардлагадаа оруулах боломж нь нэхэмжлэгчид нээлттэй байсан. Гэтэл нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нэхэмжлэлд зэрэгт тусгах боломж байсан өөрөөр хэлбэл “Г” хадгаламж зээлийн хоршоо нь хуулийн зөвлөхтэй, мөн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хурал дээр шүүгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулж, мэтгэлцэх боломжийг олгосон бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хуулийн дагуу шийдвэрлэсэн. 2019.08.30-ны өдөр ЗГ/4185 дугаартай шугаман зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулан 4 сая төгрөгийг 5 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай орон сууц хашаа байшингийн зориулалтаар авсан өдөр зээлдэгчийн Хаан банкин дахь дансанд шилжүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл: 4 сая төгрөгийг түүний Хаан банкны дансанд шилжүүлээгүй юм. Давж заалдах шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлаж, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн тул Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.07-ны өдрийн 125 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 2020.09.10-ны өдрийн 142/ШШ2020/01105 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч “Г” ХЗХ-ны Орхон салбар нь хариуцагч Б.М, В.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,082,495 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч марган, 2019.08.30-ны өдрийн ЗГ/4185, 2018.10.26-ны өдрийн ЗГ/2852, 2018.08.09-ний өдрийн ЗГ/2572 дугаартай зээлийн шугаман гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Б.Мээс 1,048,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн үлдэх 5,340,495 төгрөг гаргуулах шаардлага болон хариуцагч В.Бд холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгон, сөрөг нэхэмжлэлээс 2019.08.30-ны өдрийн ЗГ/4185 дугаартай шугамын зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

8. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...хариуцагч нар 2019.08.30-ны өдрийн ЗГ/4185 тоот зээлийн гэрээний дагуу 4,000,000 төгрөг зээлсэн, тэднээс зээлийн гэрээний үүргээ биелүүлэх, зээлээ төлөхийг удаа дараа шаардахад үл биелүүлсэн. ...үндсэн зээлд 36,849 төгрөг, хүүд 13,203 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 23,612 төгрөг, нийт 73,665 төгрөгийг төлсөн. ...одоо гэрээний дагуу үндсэн зээлд 3,466,266 төгрөг, хүүд 312,710 төгрөг, өмнөх нэхэмжлэлийн дүн 2,303,521 төгрөг, нийт 6,082,495 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон байна.

9. Хариуцагч нараас нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ... 2018.08.09-ний өдөр 2,500,000 төгрөг зээлж, 3 сарын турш зээлийн төлбөрт 1,529,000 төгрөг төлсөн, улмаар 2018.10.26-ны өдөр 4,080,000 төгрөг нэмж зээлсэн, уг зээлд 3,236,000 төгрөг төлсөн. ...сүүлд 2019.08.30-ны өдөр тооцоо нийлэхгүйгээр сүрдүүлж, 4,000,000 төгрөг дээр шинэ гэрээ хууль бусаар хийсэн... гэж маргажээ. 

10. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч Б.М, В.Б нар нь Г” ХЗХ-той 2019.08.30-ны өдөр ЗГ/4185 дугаартай зээлийн шугамын гэрээ болон барьцааны гэрээ байгуулж, 4,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, орон сууц, хашаа байшингийн зориулалтаар зээлсэн байх ба нэхэмжлэгч уг гэрээний дагуу зээлийн төлбөрийг шаардсан байна.     

11. Давж заалдах шатны шүүхийн ...анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэж,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлтэй, учир нь нэхэмжлэгч нь ...хариуцагч нар 2019.08.30-ны өдрийн  ЗГ/4185 дугаартай зээлийн гэрээний дагуу 4,000,000 төгрөгийг зээлж, уг зээлд нийтдээ 73,665 төгрөг /...үндсэн зээлд 36,849 төгрөг/-ийг төлсөн гэж тайлбарласан атлаа үндсэн зээлд 3,466,266 төгрөг, хүүд 312,710 төгрөг, өмнөх нэхэмжлэлийн дүн 2,303,521 төгрөг, нийт 6,082,495 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж буй нь ойлгомжгүй, мөн хариуцагчийн тайлбарт дурдсан, зээлд төлсөн гэх дээрх төлбөрийг хэрхэн тооцсон нь тодорхойгүй, шүүх ямар баримтад үндэслэн хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 1,048,000 төгрөг гаргуулсан нь эргэлзээтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчжээ.    

12. Анхан шатны шүүх магадлалд заасан ажиллагааг хэрэгжүүлэн, зохигчийн маргаж буй дээрх үндэслэлүүдэд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлдүүлэгч нь гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх үүргээ биелүүлсэн эсэхэд нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.

13. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлах, зээлийн тооцооллоо гаргаж өгөх нь түүний хуульд заасан үүрэг, давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. ...магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүссэн” хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна.

14. Иймд магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 125 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021.01.08-ны өдөр төлсөн 127,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Х.ЭРДЭНЭСУВД

                           ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

П.ЗОЛЗАЯА

Б.МӨНХТУЯА                                                                                                

С.СОЁМБО-ЭРДЭНЭ