Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/197

 

 

                                      Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,                                                                                       

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал,

улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваасүрэн,

шүүгдэгч Л.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б******* овогт Л******* Б*******т холбогдох эрүүгийн 2331000000199 дугаартай, 175/2023/0191/Э индекстэй хэргийг 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1* оны ** дугаар сарын **-ны өдөр Сэлэнгэ аймгийн С******* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгааны гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймаг, Ерөө сум, ** дугаар баг, Б******* тосгон, Ж******* ** тоотод оршин суух хаягтай, урьд:

-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, Б******* овогт Л******* Б******* /РД: *******/,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Л.Б******* нь 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр “Хьюндай робекс ЛС-3” загварын экскаватор, гитаран буу /алт угаах төхөөрөмж/ зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт байрлах “35-н ам” гэх нэршилтэй газар, гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 49,8 м.кв эрүүл талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 489,743 төгрөгийн шууд хохирол, 1,434,815 төгрөгийн хор уршиг учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Л.Б******* нь 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр “Хьюндай робекс ЛС-3” загварын экскаватор, гитаран буу /алт угаах төхөөрөмж/ зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт байрлах “35-н ам” гэх нэршилтэй газар, гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 49,8 м.кв эрүүл талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 489,743 төгрөгийн шууд хохирол, 1,434,815 төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо. 

Энэхүү үйл баримт нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

Шүүгдэгч Л.Б*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний буруу. Тухайн үед би хүнээс экскаватор аваад өр зээлтэй ажил жоохон асуудалтай байсан учир мөнгөний хэрэг гарч ар гэрээ тэжээх гэж хийсэн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Б******* 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Ерөө сумын засаг даргын орлогч албан тушаалд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс томилогдон ажиллаж байгаа. Би дээрх асуудалд болох гомдол мэдээллийн 1100-3732 дугаартай хэрэг шалгагдаж байгааг одоо мэдэж байна. Иргэний нэхэмжлэгчээр оролцоход татгалзах зүйл байхгүй. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р баг Б******* тосгоны нутаг дэвсгэрт > ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт дээрх “35 Ам” гэх газар нь хамаардаг. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Б******* тосгоны “35 Ам” гэх газар нь урьд өмнө эвдэгдэж хөндөгдсөн талбай газар ихтэй. Их Апт гэх газарт тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байдаг тэгэхдээ одоо үйл ажиллагаа явуулаагүй байгаа.Мөн энэ онд дээрх 35 Ам гэх газарт нөхөн сэргээлт улсын төсвөөр хийх гэж шалгарсан аж ахуйн нэгж байгууллага байгаа удахгүй нөхөн сэргээлт хийгдэж эхэлнэ. Манай Ерөө сумын 3-р баг Б******* тосгоны иргэн Л.Б******* нь 35 Ам гэх газарт ашигт малтмал хууль бусаар олборлосон талбайг тухайн аж ахуйн нэгжийн талбайтай давхцалтай эсэхийг мэдэхгүй байна. Би давхцалтай эсэхийг мэдэхгүй байна. Байгаль орчинд учруулсан хохирлыг төлбөр Ерөө сумын төрийн сангийн хүү торгуулийн дансанд ордог. Мөн би өөрийн биеэр шүүх хуралд оролцох болно. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг энэ 2023 онд нөхөрлөл, иргэдтэй байгуулаагүй болно. Манай Ерөө сум өөрөө байгалийн дагалдах баялаг ихтэй үүнийгээ дагаад ашигт малтмал хууль бусаар олборлох иргэд ихээр нэмэгдэж байгаа мөн Б******* тосгоны 35 Ам гэх газар руу очиход Байгаль орчин, Цагдаагийн байгууллага, Хан Хэнтий улсын тусгай хамгаалалтын газраас алба хаагчид гардаг байсан энэ 2023 оноос хойш гарахаа байчихсан хөрөнгө мөнгө байхгүй шалтгаанаар. Цаа цагдаагийн байгууллага болон байгаль орчны алба хаагчдыг хяналтын постод гаргах хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэх талаар ярилцах болно. Мөн манай сумаас болон цагдаагийн байгууллага, байгаль орчны алба хаагчдыг хамтаар хяналт шалгалтыг Б******* тосгоны нутаг дэвсгэрийн хэмжээнд тогтмол хяналт шалгалтыг зохион байгуулдаг боловч иргэдийн хууль бусаар ашигт малтмал олборлох асуудал байнгын гарч байгаа. Цаа хяналт шалгалтыг эрчимжүүлэн төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах болно. Байгаль орчинд учруулсан хохирлыг нь нөхөн төлүүлэх шаардлагатай байна...” ...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

Гэрч Д.Х 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 12 цагийн орчимд байх гэртээ байж байтал манай танил хуурай дүү болох Б******* нь манай гэрт ирээд та ажилгүй байгаа юм уу гэхээр нь би 3 өдөр амарч байна яасан дүү гэтэл би ойрхон 35 Ам гэх газарт ашигт малтмал алт олборлох гэж байгаа юмаа та амралтынхаа өдрөөр цугтаа явж ажиллах уу би танд өдрийн 80.000 /наян мянган төгрөгийн цалин өгнө гэхлээр нь зөвшөөрсөн тэгээд би юу хийхийн гэж асуутал туслах ажилтан ус татах насос помпон дээр ажиллана гэсэн тэгээд орой аяар явна шүү гэчхээд явчихсан тэгээд оройны 22 цагийн орчимд Б*******ынд очиход 3ил-131 машин дээр майхан хоол хүнс гээд баахан юм ачсан байсан.Тэгээд Ууганцэцэг гээд манай цэцэрлэгт туслах багшаар ажилладаг эмэгтэй цуг явна хоол унд хийж өгнө бас цалингаа тохироод явж байгаа гээд сууж байсан. Тэгээд Б*******, Ууганцэцэг бид гурав 35 Ам гэх газар руу хөдөлж 23 цаг өнгөрч байхад байх очсон очоод майхнаа бариад дотор ор унтаж амрах юмаа бэдчихээд унтаж амарцгаасан маргааш өглөө нь 09 цагт босоод Б******* бид 2 цугтаа Hyundai Robex 2900 LC-3 гээд экскаватор бас алт угаах тоног төхөөрөмж, ус татах насос помп гээд бүгдийн тэнд Б******* дүү аваачаад тавьчихсан байсан.Тэгээд Robex 2900 LC-3 гээд экскаваторын ойр зуурын эд ангийг янзлаад тосолж бэлдээд мөн би алт угаах төхөөрөмжтэй ус татах насосыг холбоод бэлдчихсэн байж байтал Б******* өөрөө Robex 2900 LC-3 гээд экскаватораар тэнд урьд өмнө ухагдаж эвдэгдсэн байсан газрын наана залгаа эрүүл газрыг ухаж эхэлсэн бараг 1 цаг гаран ухаад алтны баяжмалтай шороог гаргаад байж байтал нөгөө ухаж байсан Robex 2900 LC-3 гээд экскаваторын явах, гидрийн насос нь эвдрээд ажиллахаа байчихсан. Тэгээд би Б*******тай нөгөө эвдэрсэн эд зүйлийн ухаж арай гэж янзалж болгох гэсээр байтал орой болсон тэгээд ахиж ухах гэж байснаа Б******* Б*******ад цагдаа нар шалгалтаар ирсэн юм шиг байна өнөөдөртөө экскаватораа нуучихъя гээд уул руу модон дунд нуусан бас алт угаах төхөөрөмжөө тэнд ухагдаж эвдэгдсэн байсан нүх рүү хийсэн тэгээд тэндээ бид нар унтаж амраад 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр өнөөдөр өглөө босоод хоол цай хийж идэж уугаад байж байтал Б******* Б******* руу буцъя даа ойр зуурын ажил амжуулаад бас экскаваторын сэлбэг энэ тэр олж ирье гээд явах гээд дөнгөж хөдөлсөн чинь цагдаа нар ирээд Б*******ыг хууль бусаар ашигт малтмал олборлосон гээд байсан.Би хууль бусаар ашигт малтмал алт олборлож байгааг нь мэдээгүй цалингийн өгье цуг ажиллах хүн байхгүй туслаад өгөөч гэхээр нь л цуг явсан.Надад тийм 35 Ам гэх газарт ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл байхгүй намайг гуйхаар нь би цугтаа явсан цалин мөнгө өгнө гэхээр нь.Ууганцэцэг гээд надтай цэцэрлэгт багш хийдэг эмэгтэй бас өдрийн цалинг нь өгнө гэхээр нь цугтаа явсан байсан.Харин Б*******т би 35 Ам гэх газарт ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл байдаг эсэхийг мэдэхгүй би тэр зөвшөөрлийг нь хараагүй надад хэлэхдээ дүү нь ажиллахад асуудалгүй газар байгаа л гэж байсан. Анхнаасаа Б******* тосгоны 35 Ам гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлох санааг бүгдийн Б******* өөрөө гаргасан.Би ямар ч хамааралгүй намайг туслах ажилтнаар яваад өгөөч цалин өгнө гэхээр нь явсан. Харин Ууганцэцэг хоол хийх тогоочоор цалингаа тохирч өдрийн 70.000 /далан мянган төгрөг/-өөр ажиллаж байгаа гэж байсан би өөр зүйл би мэдэхгүй. Тухайн өдөр Б******* өөрийнхөө Robex 2900 LC-3 гээд экскаватораар эрүүл газар ухаж алт олборлох гээд ажилласан нь бол үнэн тэгэхдээ 1 цаг гаран хугацаанд газар ухсан мөн алт угаах төхөөрөмж ашиглаагүй бас алт олоогүй. Б*******ын Robex 2900 LC-3 гээд экскаваторынх нь эд зүйл нь эвдрээд олигтой ч ажиллаагүй. Дээрх 35 Ам гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлоход газар ухахад ашигласан Robex 2900 LC-3экскаватор, алт угаах төхөөрөмж гитаран буу, ус татах 2 насос помп, 20 метр урттай шланк зэрэг техник тоног төхөөрөмжүүд бүгд Б*******ын эзэмшлийнх анх тэнд очиход л байсан өөрөө минийх гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-53 дугаар хуудас/,

Гэрч С.У 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай найз Б******* нь 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр над руу яриад ажил төрөл чинь сайн уу амарч байна уу гэхээр нь тиймээ амарч байгаа удахгүй ажил орлоо гэсэн чинь найз нь 35 Ам гэх газарт ашигт малтмал алт олборлох гэж байгаа юмаа тогооч хийгээд өгөөч тэх үү өдрийн 70.000 /далан мянган төгрөг/ өгнө гэхээр нь хүүхдүүд сургуульд орох гэж байгаа мөнгө хэрэгтэй юм чинь гэж бодоод зөвшөөрсөн тэгээд тэр өдрийнхөө оройны 22 цагийн орчимд би Б*******ынд очсон Зил-131 маркийн тээврийн хэрэгсэл дээр баахан юм ачсан байсан тэгээд Хасаг гээд манай цэцэрлэгт манаач хийдэг ах цугтаа явна гээд байж байсан туслах ажилтнаар бас л цалин мөнгөө тохирч явж байгаа гэж байсан. Тэгээд Б*******, Хасаг ах бид 3 Б*******аас хөдөлж шөнийн 23 цаг өнгөрч байхад 35 Ам гээд газарт очсон очоод амьдрах майхнаа бариад хоол ундны зүйлсээ буулгаад шөнө болчихоор нь унтаж амарцгаасан. Маргааш өглөө нь буюу 2023 оны 08 дугаар сарын 11-ний 09 цагт өглөө хоол цай би босож хийсэн Б*******, Хасаг ах хоёр босож идчихээд гарсан нөгөө Б*******ын 35 Ам гэх газарт аваачаад тавьчихсан байсан Hyundai гэсэн бичигтэй өнгөтэй шар өнгөтэй экскаватор бол байсан тэр хоёр засаад л байх шиг харагдсан тэгээд өдөржингөө зассан үдэш хойш л асаах шиг болсон тэгээд Б******* жолоодож тэнд ухсан байсан газрын наад талын газраас нь ухаж эхэлсэн би тэгэхдээ тэгж очиж хараагүй майхныхаа гаднаас л харсан.Тэгээд бараг 1,2 цаг л ухсан байх нөгөө экскаватор нь эвдэрчих шиг л болсон Б*******, Хасаг ах хоёр л нийлээд янзлах гээд байх шиг байсан тэгээд нэг харсан чинь уул руу модон дунд нуучихлаа гээд ороод ирсэн би яагаад нуусныг нь асуугаагүй хоол цайг нь хийж өгчихөөд орой болсон болохоор унтаж амарсан.Тэгээд 2023 оны 08 дугаар сарын 12-ны өглөө өнөөдөр босоод хоол цай хийж идчихээд би усанд уулын дээшээ өгсөж явсан горхи урсдаг юм байн лээ тэгээд ирээд байж байтал Б******* эхнэр рүүгээ яриад байх шиг байсан хамаатны нэг эгч нь нас барсан гэж сонсоод гэнэт л явахгүй бол болохгүй болчихлоо гээд майхнаа буулгаад нөгөө 3ил-131 машинтай буцах гээд дөнгөж хөдөлтөл цагдаа нар ирээд Б*******ыг хууль бусаар алт олборлох гэж газар ухсан байна гэсэн би хууль бусаар алт олборлож байгааг нь мэдээгүй цуг яваад тогооч хийгээд өгөөч цалин мөнгийг нь өгнө гэхээр нь цугтаа явсан. Надад тийм 35 Ам гэх газарт ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл байхгүй би өөрөө цэцэрлэгт туслах багшаар ажилладаг амарч байсан болохоор бас цалин өгнө гэхээр нь хүүхдүүд хичээл орох гээд мөнгө хэрэгтэй байсан болохоор л явсан би өрх толгойлсон эмэгтэй нөхөр 2021 онд нас барсан. Мөн Хасаг ах бас цалингаар ажиллах гэж ирсэн гэсэн харин найз Б*******ыг би 35 Ам гэх газарт ажиллах зөвшөөрөлтэй гэж л ойлгосон. Анхнаасаа Б******* тосгоны 35 Ам гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлох санааг бүгдийн Б******* өөрөө гаргасан бас бүгдийн зохион байгуулсан хүн цугтаа ажиллачих цалин мөнгийг нь өгнө гэж л авч явсан. Хасаг ах надтай цуг Б******* тосгоны 2-р цэцэрлэгт манаач хийдэг тэр хүн бас ямар ч хамааралгүй хууль бусаар ашигт малтмал олборлосон газар ухсанд. Тэр өдөр Б******* нөгөө Hyundai гэсэн шар өнгөтэй экскаваторыг өөрөө жолоодож газар ухсан нь бол үнэн бараг 1-2 цаг гаран хугацаанд бол ухсан тэгэхдээ алт угаадаг зүйл ашиглаж тэгж угаалга бол хийгээгүй бас алт олоогүй. Экскаватор нь эвдрээд бас нуусан л байсан яагаад нуусныг нь ойлгоогүй. Миний мэдэхийн Б******* тосгоны 35 Ам гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлоход газар ухахад ашигласан Hyundai 2900 Robex LC-З экскаватор, алт угаах төхөөрөмж Гитаран Буу, ус татах 2 насос помп, 20 метр урттай шланк зэрэг техник тоног төхөөрөмжүүд бүгд Б*******ын эзэмшлийнх гэж ойлгосон тэгэхдээ би хэний эд зүйлүүд юм бэ гэж асуугаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-58 дугаар хуудас/,

Гэрч Р.О 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай найз болох Б******* нь 2023 оны 08 дугаар сарын 01-ний өглөө би гэртээ байж байтал ирсэн тэгээд найз нь орой Б******* тосгоны 35 Ам гэх газар луу экскаватор, алт угаах төхөөрөмж гитаран буу зэрэг эд зүйлүүдийг авч явах гэж байгаа юмаа тэнд очиж ашигт малтмал /алт/ олборлох гэж байгаа юмаа гэж хэлсэн тэгснээ чи 3ил-131 маркийн машинаараа алт угаах төхөөрөмж гитаран буу, дизель түлш 200 литрийг ачаад хүргээд өгөөч тэх үү гэж хэлсэн. Тухайн үед би хэзээ хүргэж өгөхийн гэж асуутал өнөөдөр орой гарчихмаар байна гэхлээр нь за за гэж хэлээд зөвшөөрсөн тэгээд тэр өдрийнхөө орой 19 цагийн орчимд манай гэрт ирээд одоо ачаад хөдөлчихмөөр байна гээд бид хоёр цугтаа Б*******ын гэр лүү явцгаасан очоод Hyundai Robex 2900 LC-3 маркийн экскаватораар нөгөө алт угаах гитаран бууг миний машин дээр ачиж өгсөн бас 200 литр түлш цугтаа байсан удаагүй 20 цаг өнгөрч байхад Б******* өөрөө нөгөө Hyundai Robex 2900 LC-3 маркийн экскаватораа жолоодож би 3ил-131 маркийн тээврийн хэрэгслээ жолоодож цугтаа 35 Ам гэх нэртэй газар луу хөдөлцгөөсөн. Бид хоёр нэлээд удаан явсан бороо орсон байсан болохоор шавар ихтэй арай гэж л нөгөө Б*******ын очих ёстой байсан 35 Ам гэх нэртэй газарт очсон бараг 2023 оны 08 дугаар сарын 02-ны шөнийн 02 цаг өнгөрч байхад очсон байх сайн санахгүй байна. Тэгээд тэнд Б******* өөрөө экскаватораараа миний машин дээр ачсан байсан алт угаах төхөөрөмжөө буулгаад бас түлшээ буулгаж газар ухаж нуусан тэгээд буцаад Б******* тосгон руу хөдөлсөн өглөө 07 цагийн орчимд байх ирсэн тэгээд салцгаасан.Ахиж уулзаагүй байж байгаад 2023 оны 08 дугаар сарын 10-ны өглөө бас манайд ирээд 3ил-131 машинаа ойрдоо хэрэглэхгүй бол 3-4 хоног хэрэглүүлээч тэх үү гээд гуйгаад ирэхээр нь би ойрдоо хэрэглэхгүй Дархан руу ажлын бараанд явна ажлын машинаар аваад яв эвдчихэв ээ найз болгоомжтой гамтай хэрэглээрэй гэж хэлээд өгсөн хаашаа явах гэж байгаа юм гэж асуусан нөгөө 35 Амруу явчхаад ирье гэж байсан. Тухайн үед би алт олборлох гэж л байгаа юм байна гэж л ойлгосон надад тэгэхдээ найз Б******* өөр зүйл яриагүй... Надад Б******* тэгж нарын юмаа бол хэлээгүй ямар ч байсан ашигт малтмал /алт/ олборлох гэж байгаагаа хэлсэн би ч тэгж нарын асуугаагүй угаасаа л алт олборлох ажил олон жил хийж байгааг нь мэдэж байсан болохоор асуугаагүй.Намайг алт угаах төхөөрөмж гитаран бууг хүргээд өгөөч түлш шатахууныг хийгээд өгье туслаач л гэж ирсэн тэгээд би тусалсан бас 3ил-131 машинаа хэд хоног хэрэглүүлээч гэж гуйсан мөн би өгч тусалсан өөрөөр бол надад ямар нэгэн хамааралтай зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Г.А 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Би 2018 онд дээрх Hyundai Robex 2900 LC-3 экскаваторыг Лувсандорж гээд хүнээс Б******* тосгонд Бичил уурхайгаар ажиллаж байсан юм шиг байсан тухайн иргэнээс худалдан авч байсан. Тухайн үед би 10.000.000 арван сая төгрөгөөр худалдан авч байсан мотор нь цохисон байсан болохоор хямдруулаад өөрөө моторыг нь янзалж боогоод авсан. Мөн би Hyundai Robex 2900 LC-3 экскаваторыг авахдаа өөрөө экскаваторын оператор мэргэжилтэй болохоор уурхайнуудад түрээслэнгээ өөрөө оператораар нь ажиллах гэж авсан. Миний танил дүү болох Л.Б******* нь хууль зөрчиж, хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдсан асуудлыг буруу зүйл гэж ойлгож байгаа хууль зөрчсөн үйлдэл тийм болохоор л битүүмжилж зарж шилжүүлэхийг нь битүүмжилсэн байх. Харин миний хувьд Л.Б*******т өөрийн Hyundai Robex 2900 LC-3 экскаваторыг зарсан тэгэхдээ надад 09 дүгээр сарын 01- ний дотор мөнгөө өгөх ёстой байсан боловч хууль зөрчсөн үйлдэл хийж арга хэмжээ хуулийн дагуу тооцуулж байх шиг байна. Мөн би уулзсан надад миний экскаваторын үлдэгдэл төлбөр болох 6.000.000/ зургаан сая төгрөгийг/ өгч чадахгүй болчихлоо гээд байсан хэрэв миний мөнгийг өгөхгүй бол би өөрөө экскаватораа буцаагаад авмаар байна зарж байгаад тэр надад өгсөн 4.000.000/ дөрвөн сая төгрөг/-ийн өгөх бодолтой байна. Би өөрийн эзэмшлийн экскаватораа ямар нэгэн байдлаар хураалгамааргүй байна буцаагаад Л.Б*******аас авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 дүгээр хуудас/,

“А Б” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ТХҮ-823/7494 дугаартай: “...“Hyundai Robex 2900 LC-3 загварын экскаватор 8,700,000 төгрөг, Алт угаар төхөөрөмж буюу гитаран буу 600,000 төгрөг, Хонда WB30XT загварын ус татах насос 1 ширхэг 600,000 төгрөг, усны 80 тойрогтой, 20 метр шланк 70,000 төгрөг нийт 9,970,000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 78-79 дүгээр хуудас/,

 “Э   н” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 22/043 дугаартай экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээний: “...иргэн Л.Б******* нь 49.8 м2 бүхий эрүүл талбайг эвдрэлд оруулж уг талбайд учирсан хохирлын үнэлгээгээр газрын хэвлийд 134,460 төгрөг, эдэлбэр газарт 2,730 төгрөг, хөрсөн бүрхэвчид 302,531 төгрөг, ургамлын нөмрөгт 50,022 төгрөг, нийт 489,743 төгрөгийн хохирол учруулсан байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтын дагуу үржүүлэн тооцоход 1,434,815 төгрөг болж байна. эвдрэлд орсон талбайн нөхөн сэргээлтийн ажлын зардал нь 94,725 төгрөг гарсан болно...” гэх дүгнэлт /хх-ийн 90-99 дүгээр хуудас/,

Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 11/3969 дугаартай: “...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 11/3969 дугаартай “дээрх солбицол нь 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар шүүлт хийж үзэхэд ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй, бичил уурайн дүгнэлт гараагүй байна. Харин Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан Ойн сан бүхий газрын хилийн зааг, Гол мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагтай тус тус бүхэлдээ давхцалтай байна...” гэх албан бичиг /хх-ийн 103 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын улсын ахлах байцаагийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01/29/01/068/21 дугаартай: “...Аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн 2331000000199 дугаартай хэрэгт шалгагдаж буй Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Б******* баг иргэн Л.Б*******т холбогдох зөрчилд цагдаагийн байгууллагын ажилтны газар дээр нь хийсэн үзлэг, шалгалтаар Ерөө сумын Б******* тосгоны “35-ын ам” гэх газарт зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулсан зөрчил илэрсэн байна. Иргэн Л.Б******* нь хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулсан зөрчил гаргасан нь Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалтыг зөрчсөн байна. Иймд Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн тогтоох нь: 1. Б******* тосгон “35-ын ам” гэх газарт хууль бусаар олборлолт явуулснаас байгаль орчинд учруулсан хохирлыг БОАЖЯ-ны сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А-156 тоот тушаалаар баалсан “Байгаль орчны хохирол тооцох аргачлал”-ыг үндэслэн гаргасан “Э н” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5.1, 49.5.2, 49.4.3, 49.4.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн тооцоход газарт учруулсан хохирол 2730.04*3=8190.12 төгрөг, газрын хэвийд учруулсан хохирол 302.531.64*3=907.594.92 төгрөг, ургамлын нөмрөгт учруулсан хохирол 50.022.12*5=250.110.6 төгрөг буюу нийт хохирлын үнэлгээ 1.434.815.64 төгрөг бол болж байна. 2. Актыг үндэслэлгүй гэж үзвэл Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтын дагуу дээд шатны албан тушаалтанд гомдол гаргах эрхтэй...” акт /хх-ийн 174 дүгээр хуудас/,

2023 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн: “...1. Hyundai Robex 2900 LC-3 экскаватор 1 ширхэг, хуучин, хувийн, 2. алт угаах төхөөрөмж, гар буу 1 ширхэг, хэвийн, хуучин, 3. Ус татах Hondo насос, усны шланк 2 ширхэг, хэвийн, хуучин...” эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2331000000199 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 01-06 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 07 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 09-19 дүгээр хуудас/,

“Hyundai Robex 2900 LC-3” экскаватор, алт угаах төхөөрөмж, гар буу, Ус татах Hondo насос, усны шланкинд үзлэг хийсэн тухай 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 24-32 дугаар хуудас/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт /хх-ийн 80-82, 10-102 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн эд хөрөнгийн бүртгэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 106 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 107 дугаар хуудас/, 

Шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл эзэмшдэг эсэх лавлагаа /хх-ийн 10-109, 148 дугаар хуудас/,

Шүүдэгчийн “Хаан банк”-ийн 5677010900, 567135294 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 118-146 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 149 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 150 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 152, 176-184 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн урьд зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 153 дугаар хуудас/,

Шүүгдэгч Л.Б*******ын Байгаль орчин, уур амьсгалын санд хохирлын 1,434,815.64 /нэг сая дөрвөн зуун гучин дөрвөн мянга найман зуун арван таван төгрөг жаран дөрвөн мөнгө/ шилжүүлсэн тухай баримт /хх-ийн 166 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Л.Б******* бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 175 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримт болно.

Эрүүгийн 2331000000199 дугаартай хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг гэдэг нь байгаль орчин, байгаль хамгаалах болон ашигт малтмал хайх, ашиглах, олборлох хууль, журамд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай үйлдэл юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад “...ашигт малтмал гэж геологийн хувьсал өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг...”, 4.1.7 дахь заалтад “...ашигт малтмал ашиглах гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг...” гэж, 4.1.15 дахь заалтад “...хайгуулын тусгай зөвшөөрөл гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг...”, 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалтад “...Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно...” гэж тус тус хуульчилсан.

Мөн Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад “...Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Л.Б*******ын 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт байрлах “35-н ам” гэх нэршилтэй газар, гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 49,8 м.кв эрүүл талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр халдсаны улмаас 1,434,815 төгрөгийн хохирол хор уршиг учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч Л.Б*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирлын хэмжээг уурхайлалтад өртсөн талбай 49,8 м.кв хэмжээгээр шинжээч дараах байдлаар гаргажээ.

Д/д

Байгаль орчны бүрдэл хэсгүүд

Байгал орчинд учруулсан хохирол, төгрөг

Хохирлын нөхөн төлбөр, төгрөг

   Тайлбар

1

Эдэлбэр газар

2730.04

8190.12

3 дахин

2

Газрын хэвлийд

134,460

268,920

2 дахин

3

Хөрсөн бүрхэвч

302,531.34

907,594.94

3 дахин

4

Ургамалын нөмрөг

50,022.12

250,110.6

5 дахин

5

Нийт дүн

489.74365

1,434,815.66

 

Хүснэгт Байгаль орчны хохирлын үнэлгээний нэгдсэн дүн

 Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.3, 2.5, 2.6, 2.7, 3, 4, 4.3, 4.5, 5.1, 5.2 дахь хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас хууль бус ашиглалтаас өртөгдсөн эдэлбэр газар, газрын хэвлий, хөрсөн бүрхэвч, ургамал, усан орчинд учирсан хохирол буюу байгаль экологид учирсан хохирол, хор уршиг, экологи эдийн засгийн үнэлгээ 1,434,815 /нэг сая дөрвөн зуун гучин дөрвөн мянга найман зуун арван тав/ төгрөг, нөхөн сэргээлтийн ажлын нийт зардал 94.725 /ерөн дөрвөн мянга долоон зуун хорин тав/-н төгрөгийн хохирол хор уршиг учирсан ба шүүгдэгч нь хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 166 дугаар талд авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргасан “Мөнгөн шилжүүлэг” баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Л.Б*******ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Л.Б*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Л.Б******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Л.Б*******ын хувийн байдал /урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан боловч өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй/, учруулсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /эрүүл газарт халдсан/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Б*******ын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 8.700.000 /найман сая долоон зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий “Hyundai 2900 LC3” маркийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, хураан авч улсын орлогод оруулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 600.000 төгрөгийн үнэлгээ бүхий Honda WB30XT загварын ус татах насос 2 ширхэг, 600.000 төгрөгийн үнэлгээ бүхий алт угаах төхөөрөмж /гитаран буу/ 1 ширхэг, 70.000 төгрөгийн үнэлгээ бүхий 20 метр урт 80 тойрогтой усны шланк 1 ширхэгийг тус тус хураан авч устгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хураагдсан эд хөрөнгө болон эд мөрийн баримтыг устгахтай холбогдуулан гарах зардлыг холбогдох нотлох баримтыг үндэслэн шүүгдэгчээс гаргуулахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж шийдвэрлэв.

Иргэний нэхэмжлэгч Ганбаатарын Аргачулуун нь Hyundai 2900 LC3” маркийн экскаваторыг өөрийн өмчлөлийн техник хэрэгсэл гэж мэдүүлсэн, шүүгдэгч Л.Б******* нь тухайн экскаваторыг Г.Аргачулуунаас худалдан авсан талаар мэдүүлсэн боловч хэргийн материалд энэ талаар баримт авагдаагүй, тогтоогдохгүй байх тул экскаваторыг хураан авч улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн. Иймд Иргэний нэхэмжлэгч Ганбаатарын Аргачулуун нь дээрх экскаватортой холбоотой холбогдох баримтыг бүрдүүлэн экскаватор эсвэл түүний үнийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Шүүгдэгч Л.Б******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б******* овогт Л******* Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.Б*******т  1 /нэг/ жил 3 /гурав/-н сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Л.Б*******т оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурав/-н сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4-т зааснаар шүүгдэгч Л.Б*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд хөрөнгийн бүртгэлгүй, улсын дугааргүй 8.700.000 /найман сая долоон зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий “Hyundai 2900 LC3” маркийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, хураан авч улсын орлогод оруулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 600.000 төгрөгийн үнэлгээ бүхий Honda WB30XT загварын ус татах насос 2 ширхэг, 600.000 төгрөгийн үнэлгээ бүхий алт угаах төхөөрөмж /гитаран буу/ 1 ширхэг, 70.000 төгрөгийн үнэлгээ бүхий 20 метр урт 80 тойрогтой усны шланк 1 ширхэгийг тус тус шүүгдэгчээс гаргуулж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай

 6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хураагдсан эд хөрөнгө болон эд мөрийн баримтыг устгахтай холбогдон гарах зардлыг холбогдох нотлох баримтыг үндэслэн шүүгдэгчээс гаргуулахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 7.Иргэний нэхэмжлэгч Г.Аргачулуун нь “Hyundai 2900 LC3” маркийн экскаватор эсвэл түүний үнийг шүүгдэгч Л.Б*******аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8. Шүүгдэгч Л.Б******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийн уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Р.БАЯРХҮҮ