Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 15

 

 

            Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Нарийн бичгийн дарга: Ё.Мөнхгэрэл,

Улсын яллагч: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Лхагважав,

Шүүгдэгч: В.Бямбасүрэн, З.Отгонпүрэв нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ноёд овгийн Ванчингийн Бямбасүрэн, Харагныхан овогт Загдаагийн Отгонпүрэв нарт холбогдох 201620000343 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1993 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Түмэнд нээлттэй хязгаарынхан” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг 18-04 тоотод оршин суух, Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД:ОЮ93050116, Ноёд овогт Ванчингийн Бямбасүрэн.

              Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Түмэнд нээлттэй хязгаарынхан” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг 6-18 тоотод оршин суух, Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД:ОЭ91062034, Харагныхан овогт Загдаагийн Отгонпүрэв.

             Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдснаар/ Шүүгдэгч В.Бямбасүрэн, З.Отгонпүрэв нар нь согтуугаар бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 15-ны орой Увс аймаг Улаангом сумын 7 дугаар багт байрлах “Их өргөө” рестораны гадна хохирогч Ц.Артагтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

1. Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалт явуулах тогтоол /хх-ийн 1 тал/,

2. Хохирогч Ц.Артагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 18 цагт Их өргөө ресторанд болсон байгууллагынхаа шинэ жилд орсон юм. Орой 20 цагийн үед би өөрийн ажлын газрын найз Бямбасүрэнтэй хамт тамхи татах гээд ресторанаас гарсан. Бид хоёр Их өргөө рестораны гадна үүдний шатан дээр тамхи татаад зогсож байтал В.Бямбасүрэн надад “Чи түрүүн манай найз Мөнгөншагайг цагдаад дуудлага өгч, эрүүлжүүлэхэд хонуулсан, чи тэгж болохгүй шүү дээ" гэж хэлээд миний зүүн талын шанаа руу зүүн гараараа нэг удаа цохисон юм. Тэгсэн миний уруулны дотор талын завжнаас бага хэмжээний цустай цэр гарч байсан, харин миний толгой тархинд ямар нэгэн гэмтэл учраагүй. Тэгэхээр нь би Бямбасүрэнд "Би өнөөдөр найз охинтойгоо хамт явж байгаа учраас асуудал гаргамааргүй байна. Чамд асуудал байгаа бол намайг ганцаараа явж байхад болоорой" гэж хэлээд зогсож байтал манай байгууллагын засварчин Мандах ах гарч ирээд бид хоёрыг салгасан юм. Тэгээд би явлаа гэж хэлээд рестораны гадна хүлээж байсан машин руугаа очиж суухад Мандах ах В.Бямбасүрэн хоёр миний араас машинд орж ирж суусан. В.Бямбасүрэн надад "Уучлаарай миний буруу гэж хэлээд надаас уучлалт гуйж, надтай гар барьсан" юм. Тэгээд бид 3 ресторан руу орсон бөгөөд ...21 цагийн үед би рестораны гадна намайг машинтай хүлээж байсан өөрийн найз болох Мөнгөншагай руу “Дэлгүүрээс тамхи аваад ирээч” гэж мэссэж бичсэн. Тэгээд би 20 гаруй минутын дараа тамхи татах гээд ресторанаас гарч тамхи татчихаад буцаж ресторан руу орж ирээд ширээн дээрээ сууж байтал манай найз охин болох Б.Нарантуяа намайг явья гэсэн. Би рестораны гадна гартал манай найз охин болох Б.Нарантуяа гадна намайг хүлээж байсан машин руу явж байсан, би араас нь гүйж очоод бид хоёр машинд суучихаад би буцаж ресторан руу ороод өөрийн гадуур өмсдөг хүрмээ аваад гарч ирээд машины ар талын суудалд суутал В.Бямбасүрэн, З.Отгонпүрэв хоёр ресторанаас гарч ирсэн. Тэр хоёр машин дээр гүйж ирээд ресторан руу орчихоод хамт явья гэж хэлээд миний араас бариад машины ар талын суудлаас татаж буулгасан. Би тэр хоёрт “Та хоёр яах гээд байгаа юм, би харьж амарлаа” гэж хэлсэн. Тэгтэл В.Бямбасүрэн миний хоолойноос бариад бид хоёр заамдалцсан. Би В.Бямбасүрэнгийн гарыг цохиод гарыг нь салгасан. Тэгтэл В.Бямбасүрэн миний нүдний доод талд гараараа нэг удаа цохисон, би Бямбасүрэнг буцаагаад нэг удаа гараараа цохисон. Тэгтэл хажуу талаас нь З.Отгонпүрэв миний толгой руу баруун гараараа 4-5 удаа цохисон. Тэгээд би тэр хоёрыг цаашаа түлхсэн. Тэгтэл З.Отгонпүрэв намайг тавихгүй зодоод байсан. ...З.Отгонпүрэв, В.Бямбасүрэн нар нь надад учирсан хохирол болох миний өвчтэй байх хугацааны ажлын болон эмчилгээний зардалд 600.000 төгрөг төлсөн бөгөөд надад учирсан хохирлыг барагдуулж надаас уучлалт гуйж надтай эвлэрсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал /,

 

3. Гэрч Т.Мандахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Их өргөө ресторанд байгууллагынхаа шинэ жилд орж байгаад 20 цагийн үед ресторанаас тамхи татах гээд гарсан. Тэгээд би шатны хажууд тамхи татаад зогсож байтал рестораны гадна шатан дээр манай байгууллагын жолооч Ц.Артаг, жолооч В.Бямбасүрэн хоёр тамхи татаж байгаад В.Бямбасүрэн нь Ц.Артагт "Чи найз нараа цагдаад өгч болохгүй шүү дээ" гэж хэлээд Ц.Артагийн шанаа руу нь зүүн гараараа нэг удаа цохисон. Тэгээд би тэр хоёрыг салгасан тэгтэл Ц.Артаг явлаа гэж хэлээд рестораны гадна авто машины зогсоол дээр зогсож байсан машин руугаа явсан. В.Бямбасүрэн бид хоёр араас нь дагаж очоод Ц.Артагийн машинд суусан. В.Бямбасүрэн Ц.Артагаас уучлалт гуйж тэр хоёр гар бариад эвлэрцгээсэн юм. Тэгээд бид гурав машинаас буугаад ресторан руу эргэж орцгоосон. Тэрнээс хойш би ресторанаас гараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал /,

4. Гэрч Б.Нарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр би өөрийн найз залуу болох Ц.Артагийн хамт 17 цагт Их өргөө ресторанд Ц.Артагийн байгууллагын шинэ жилд орсон бөгөөд манай ширээнд В.Бямбасүрэн, З.Отгонпүрэв болон байгууллагынх нь 4 хүний хамтаар сууж байсан юм. Тэгээд Ц.Артаг, В.Бямбасүрэн, З.Отгонпүрэв нар нь тэр өдөр ширээн дээр байсан архинаас ууцгаасан бөгөөд нилээд согтсон байсан юм. ...Би хэлэхгүйгээр 23 цаг 30 минутын үед Их өргөө ресторанаас гараад гадна автомашины зогсоол дээр байсан Ц.Артагийн машины урд талын хаалгаар суугаад тухайн үед Ц.Артагийн машиныг түүний найз Мөнгөншагай барьж байсан юм. Би машин дотор хувцасаа солих гэж байтал удалгүй миний араас Ц.Артаг гүйж ирээд машины ар талын хаалгаар суусан. Тэгж байтал Ц.Артагийн араас түүний найзууд болох З.Отгонпүрэв, В.Бямбасүрэн нар гүйж ирээд түүнийг машины ар талын суудлаас буулгасан. Би хувцасаа сольж байсан бөгөөд хувцасаа сольчихоод харсан чинь Ц.Артаг, З.Отгонпүрэв, В.Бямбасүрэн гурав машины урд талд хоорондоо зодолдож байсан. Тэгээд тэд нар салахгүй байхаар нь машинаас Мөнгөншагай буугаад тэр гурав дээр очоод салгах гэтэл тэд нар салахгүй хоорондоо зодолдоод байсан. Би машинаас буугаад тэд нар дээр очоод салгах гэж оролдсон боловч хүч хүрээгүй. Тэгж байтал ресторанаас тэдний байгууллагын захирал Сэнгэсамбуу гарч ирээд "Та нар больцгоо" гэж хэлсэн. Тэгэхээр нь би рестораны гадна талын хашааны хаалга руу чиглээд явчихсан ба миний араас Ц.Артаг гүйж ирсэн. З.Отгонпүрэв, В.Бямбасүрэн нарыг байгууллагын захирал болох Сэнгэсамбуу нь дагуулаад ресторан руу орчихсон. Би Ц.Артагийг хүргэж өгчихөөд харьчихсан юм. Тэр гурав хоорондоо зодолдохдоо нэгнийгээ гараараа цохиж байсан. Тэр өдөр Ц.Артагийн хамар болон нүүрэн хэсгээс нь цус гарч байсан бөгөөд түүний хувцас цус болчихсон байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал /,

5. Гэрч Л.Сэнгэсамбуугийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээ Их өргөө ресторанд болсон юм. Би шинэ жилийн хүлээн авалтын үеэр 23 цаг өнгөрч байхад рестораны гадна тавьсан байсан өөрийн 80-98 УБҮ улсын дугаартай машинаа халаах гэж гарсан. Тэгээд би рестораны гадна гарч ирэхэд манай байгууллагын жолооч Ц.Артаг, З.Отгонпүрэв, В.Бямбасүрэн нар нь миний машины ар талын машины зогсоол дээр зодолдож байсан бөгөөд тэр гурав хоорондоо нэг нэгийгээ цохиод харилцан зодолдож байсан. Тухайн үед зодоон болж байхад Ц.Артагийн найз охин мөн бас нэг залуу зодооныг салгах гэж байсан юм. Тэгээд би тэд нарт “Та нар больцгоо” гэж хэлээд тэд нарын зодооныг салгасан бөгөөд би З.Отгонпүрэв, В.Бямбасүрэн хоёрыг дуудаад ресторан руу хөөж оруулчихаад өөрийнхөө машиныг асааж халаасан. Ц.Артаг нь найз охиныхоо араас нь гүйгээд рестораны гадна талын хашааны хаалга руу чиглээд явж байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал /,

6. Гэрч Д.Мөнгөншагайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Ц.Артагийн найз охин болох Б.Нарантуяа гарч ирээд “Одоо тарах болж байх шиг байна, хувцасаа солиодхоё” гээд машины ард солих хувцас нь байсан учир хувцасаа солиод байж байтал Ц.Артаг гарч ирээд машины ар талд суугаад бид гурав юм яриад сууж байсан юм. Тэгтэл З.Отгонпүрэв, В.Бямбасүрэн гарч ирээд “Артагаа дуусах болоогүй байна, буцаад орьё” гэтэл Ц.Артаг “байж бай орох болоогүй байна” гэтэл З.Отгонпүрэв, В.Бямбасүрэн куртикнаас нь татаад машинаас буулгасан. В.Бямбасүрэн, Ц.Артагийг заамдчихсан юм ярьж байсан чинь Ц.Артаг В.Бямбасүрэнгийн заамдчихсан байсан гар руу нь гараараа нэг удаа цохитол В.Бямбасүрэн Ц.Артагийг хэдэн удаа хаашаа гэдгийг нь хараагүй ямар ч байсан гараараа цохисон. Энэ үед З.Отгонпүрэв дундуур нь ороод салгатал Ц.Артаг З.Отгонпүрэвийн хаашаа цохисныг сайн мэдэхгүй байна ямар ч байсан гараараа 1-2 удаа цохих шиг болсон. Тэгтэл З.Отгонпүрэв буцаагаад Ц.Артагийн толгой, дагз хэсэг рүү 2-3 удаа гараараа цохисон. Тэгэхээр нь Ц.Артагийн найз охинтой очиж салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23-р тал /,

7. Гэрч Э.Улааны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “В.Бямбасүрэн нь 1993 оны 5 дугаар сарын 01-ны өдөр төрсөн. Манай том хүү болж мэндэлсэн бөгөөд Бямбасүрэн нь 2001 онд ахлах 3-р сургуульд орж 2009 онд 9 дүгээр анги төгссөн. Миний хүү нь зан байдлын хувьд ааш зан сайтай, даруу төлөв, урьд өмнө нь хэрэг төвөгт холбогдож байгаагүй, найз нөхөддөө нэр хүнд сайтай, машин текникт сонирхолтой. В.Бямбасүрэн нь 2015 оны 8 дугаар сард манай гэрээс тусдаа гарч гэрлэсэн бөгөөд одоо эхнэр 1 хүүхдийн хамт Улаангом сумын 7-р баг 18-04 тоотод амьдарч байгаа. Миний хүү 2015 оны 04 сараас Түмэнд нээлттэй хязгаарыхан ХХК-д хот хоорондын зорчигч тээврийн жолоочоор ажилладаг болсон. В.Бямбасүрэн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй харин тамхи татдаг. Хүүгийн маань сайн тал нь даруу төлөв, нэг юм хийвэл дуустал нь хийдэг, хөдөлмөрч хичээнгүй зан чанартай, хамт олон дундаа нэр хүнд сайтай, хөгжилтэй ааш зантай юм, харин муу тал нь хааяа нэг огцом уурладаг” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р тал /,

8. Гэрч М.Анхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “В.Бямбасүрэн нь зан байдлын хувьд ааш зан сайтай, даруу төлөв, урьд өмнө нь хэрэгт холбогдож шалгагдаж байгаагүй, цайлган цагаан сэтгэлтэй, найз нөхөддөө нэр хүнд сайтай, машин текникт сонирхолтой юм. В.Бямбасүрэн нь 2015 оны 8 дугаар сард гэрлэсэн бөгөөд одоо эхнэр 1 хүүхдийн хамт Улаангом сумын 7 дугаар баг 18-04 тоотод амьдарч байгаа юм. В.Бямбасүрэн нь Түмэнд нээлттэй хязгаарынхан ХХК-нд хот хоорондын зорчигч тээврийн жолоочоор ажилладаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р тал /,

9. Гэрч Ж.Сүхтулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “З.Отгонпүрэв нь зан байдлын хувьд ааш зан сайтай, даруу төлөв, урьд өмнө хэрэгт холбогдон шалгагдаж байгаагүй, найз нөхөддөө нэр хүндтэй, машин текникт сонирхолтой хүүхэд юм. З.Отгонпүрэв нь 2013 оны өвөл манай гэрээс тусдаа гарч гэрлэсэн бөгөөд одоо эхнэр 2 хүүхдийн хамт Улаангом сумын 04-р баг 13-26 тоотод амьдарч байгаа юм. З.Отгонпүрэв нь 2015 оны 07 сард Түмэнд нээлттэй хязгаарынхан ХХК-нд хот хоорондын зорчигч тээврийн жолоочоор ажилд орсон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р тал /,

10. Гэрч Ч.Цэцэгбалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “З.Отгонпүрэв нь 1991 онд манай отгон хүү болж төрсөн бөгөөд 2000 онд ахлах 2-р сургуульд орж төгссөн. З.Отгонпүрэв нь зан байдлын хувьд ааш зан сайтай, даруу төлөв, урьд өмнө нь хэрэгт холбогдож шалгагдаж байгаагүй, найз нөхөддөө нэр хүнд сайтай, машин текникт сонирхолтой юм. З.Отгонпүрэв нь 2013 оны өвөл манай гэрээс гарч гэрлэсэн бөгөөд одоо эхнэр 2 хүүхдийн хамт Улаангом сумын 04-р баг 13-26 тоотод амьдарч байгаа юм. З.Отгонпүрэв нь 2015 оны 07 сард Түмэнд нээлттэй хязгаарынхан ХХК-нд хот хоорондын зорчигч тээврийн жолоочоор ажилд орж ажилдаа сайн, хүнд тусархаг бусадтай хурдан эвлэрч найзалж нөхөрлөдөг, нийтэч, биеэ даах чадвар сайн хүнд тусархуу хүн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р тал /,

11. Гэрч О.Пунцагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Эмчийн үзлэгээр иргэн Ц.Артагийн тархи доргилттой, доод уруулын гадна шалбарсан шархтай, доод уруул хавдартай, зөөлөн эдийн гэмтэл үүссэн байсан бөгөөд уг гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүссэн гэмтэл байсан юм. Уг гэмтэл нь эрүүл мэндийн, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлөх гэмтэл байсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Ц.Артагийн доод уруулын гадна шалбарсан шарх, дотор талын салст язарсан шарх нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд Ц.Артагийн тархины доргилт мөн адил дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл. Тус тусдаа гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэлд хамаарч байсан тул Ц.Артагийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р тал /,

12. Увс аймгийн Цагдаагийн газрын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шинжилгээ хийлгэх тогтоол,  /хх-ийн 31 тал/,

13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ¹10 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч Ц.Артагийн биед гэмтэл учирсан байна. Тархины доргилт, доод уруулын гадна шалбарсан шарх, дотор талын салст язарсан шархтай, доод уруул хавдартай, зөөлөн эдийн гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь өөрийнх нь хэлж байгаа тухайн цаг хугацаанд үүссэн байна. Дээрхи гэмтэлүүд нь цөм нэг доор үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох заавар журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Уг гэмтлүүд нь шинээр үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 32-р тал /,

14. Увс аймгийн Цагдаагийн газрын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шинжилгээ хийлгэх тогтоол,  /хх-ийн 31 тал/,

15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ¹08 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч Б.Бямбасүрэнгийн биед тухайн үед гэмтэл учирсан байна. Зүүн гарын сарвуунд зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл үүссэн байна. Дээрхи гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь өөрийнх нь хэлж байгаа цаг хугацаанд үүссэн байна. Уг гэмтэл нь нэг доор үүссэн. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох заавар журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно. Энэ гэмтэл нь шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт төдийлөн нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 37-р тал /,

16. Увс аймгийн Цагдаагийн газрын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шинжилгээ хийлгэх тогтоол,  /хх-ийн 40 тал/,

17. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ¹09 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч З.Отгонпүрэвийн биед тухайн үед гэмтэл учирсан байна. Доод уруул хавдартай, зөөлөн эдийн гэмтэл үүссэн байна. Дээрхи гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь өөрийнх нь хэлж байгаа цаг хугацаанд үүссэн байна. Уг гэмтэл нь нэг доор үүссэн. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох заавар журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно. Энэ гэмтэл нь шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт төдийлөн нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 41-р тал /,

18.  Шүүгдэгч В.Бямбасүрэнгийн хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 61-64, 68-73-р тал/,

19. В.Бямбасүрэнгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65-66 тал/,

20. Түмэнд нээлттэй хязгаарынхан ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 131 тоот тодорхойлолт /хх-ийн 67-р тал/,

21. Шүүгдэгч З.Отгонпүрэвийн хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 74-77, 68-73-р тал/,

22. Түмэнд нээлттэй хязгаарынхан ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 132 тоот тодорхойлолт /хх-ийн 78-р тал/,

23. З.Отгонпүрэвийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79-80-р тал/,

24. Хохирогч Ц.Артаг шүүгдэгч З.Отгонпүрэв, В.Бямбасүрэн нартай байгуулсан “Эвлэрлийн гэрээ” гэх баримт /хх-ийн 81-р тал/,

25. Шүүгдэгч В.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд мэдүүлсэн: “Би 2016 оны 12-р сарын 15-ны өдөр Их өргөө ресторанд байгууллагынхаа шинэ жилд орсон юм. Тэгээд би өөрийн сууж байсан ширээний 7 хүнтэй хамт 0.75 литерийн Чингис нэртэй архи 3 шилийг мөн 0.5 литерийн Соёрхол нэртэй архи 1 шилийг тус тус ууцгаасан бөгөөд би тэр орой нэлээд халамцуу байсан юм. Тэгээд би 20 цагийн үед өөрйин найз болох Ц.Артагтай хамт тамхи татахаар ресторанаас гарсан. Бид рестораны гадна шатан дээр тамхи татаад зогсож байгаад би Ц.Артагт чи түрүүн манай найз Мөнгөншагайг цагдаа дуудаж эрүүлжүүлэхэд хонуулсан, чи тэгж болохгүй гэж хэлээд Ц.Артагийн шанаа руу зүүн гараараа нэг удаа цохисон. Тэгтэл Ц.Артаг надад би өнөөдөр найз охинтойгоо явж байгаа учраас асуудал гаргамааргүй байна, чамд асуудал байгаа бол намайг ганцаараа явж байхад болоорой гэж хэлсэн. Тухайн үед би согтсон байсан тул Ц.Артагийн шанаа руу цохихдоо сул цохисон бөгөөд түүний биед ямар нэгэн гэмтэл учраагүй юм. Тэгж байтал манай байгууллагын засварчин Мандах ах гарч ирээд бид хоёрыг салгасан юм. Тэгээд би түүнээс уучлалт гуйж эвлэрсэн юм. Тэгчихээд бид гурав ресторан руу буцаж орсон бөгөөд би ширээн дээрээ сууж байгаад 23 цаг 30 минутын орчимд өөрийн найз болох Отгонпүрэвтэй хамт тамхи татахаар гарсан. Тэгтэл рестораны гадна талын автомашины зогсоол дээр манай найз Ц.Артаг машиндаа суугаад явах гэж байхаар нь бид 2 гүйж очоод дотогшоо ороод хамт явъя гэж хэлээд сууж байсан машины арын суудлаас татаж буулгасан бөгөөд тухайн үед тэр машины урд талын суудалд Ц.Артагийн найз охин болох Нарантуяа мөн машиныг жолоодож явсан манай найз Мөнгөншагай нар байсан. Тэгээд Отгонпүрэв бид 2 Артагийг машинаас буулгатал Артаг бид 2-т яах гээд юм, би харьж амарлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь Отгонпүрэв бид 2 Артагийн гарнаас нь чирээд буулгатал Артаг намайг заамдаж бид 2 заамдалцсан бөгөөд Артаг миний гарыг цохиод салгасан. Тэгэхээр нь би Артагийн нүдний доод талд нь нэг удаа цохисон бөгөөд Артаг буцаагаад нэг удаа цохисон. Тэгтэл Отгонпүрэв Артагийн толгой хэсэгт 4-5 удаа цохисон. Артаг Отгонпүрэвийг хойш нь түлхээд Отгонпүрэвийн шанаа руу цохисон тэгэхээр нь би хажуу талаас орж ирээд Артагийг цохиж эхэлсэн тэгээд бид 3 зодолдож байтал машинаас Мөнгөншагай, Нарантуяа нар бууж ирцгээгээд бид нарыг салгах гэж байтал манай байгууллагын захирал Сэнгэсамбуу ресторанаас гарч ирээд боль та нар гэж хэлээд бид нарыг салгасан. Тэгээд бид 2 захирлын хамт дотогшоо орсон юм. Харин Артагийн найз охин рестораны гадна талын хаалга чиглээд алхаад яваад өгсөн бөгөөд араас нь Артаг гүйгээд явчихсан юм. З.Отгонпүрэв бид хоёр нийлж Ц.Артагийн зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсандаа гэмшиж байгаа бөгөөд бид хоёр Ц.Артагийн өвчтэй байсан хугацааны цалин болон эмчилгээний зардалд 600.000 төгрөгийг төлж хохирлыг барагдуулсан. Одоо бид нар эвлэрцгээсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 53-р тал /,

26. Шүүгдэгч З.Отгонпүрэвийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд мэдүүлсэн: “Би 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Их өргөө ресторанд байгууллагынхаа шинэ жилд орсон юм. Тэгээд би өөрийн сууж байсан ширээний 7 хүнтэй хамт 0.75 литерийн Чингис нэртэй архи 3 шилийг мөн 0.5 литерийн Соёрхол нэртэй архи 1 шилийг тус тус ууцгаасан бөгөөд би тэр орой нэлээд халамцуу байсан. Тэгээд би бүжиглэж байгаад 23 цаг 30 цагийн үед өөрйин найз болох В.Бямбасүрэнтэй хамт тамхи татахаар ресторанаас гарсан юм. Тэгтэл рестораны гадна талын автомашины зогсоол дээр манай найз Ц.Артаг машиндаа суугаад явах гэж байхаар нь В.Бямбасүрэн бид хоёр түүний машин руу гүйж очоод түүнийг хамт дотогшоо орчихоод хамт явъя гэж хэлээд сууж байсан машиных нь арын суудлаас нь татаж буулгасан. Тухайн үед тэр машины урд талын суудалд Ц.Артагийн найз охин болох Нарантуяа мөн манай найз Мөнгөншагай нар байсан. Тэгээд Отгонпүрэв бид 2 Артагийг машинаас буулгатал Артаг бид 2-т яах гээд юм, би харьж амарлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь Отгонпүрэв бид 2 Артагийн гарнаас нь чирээд буулгатал В.Бямбасүрэн Ц.Артаг хоёр гэнэт заамдалцсан бөгөөд Ц.Артаг нь В.Бямбасүрэнгийн гарыг нь цохиод салгахад В.Бямбасүрэн Ц.Артагийн нүдний доод талд нь нэг удаа цохисон. Ц.Артаг буцаагаад В.Бямбасүрэнг нэг удаа цохисон. Тэгээд би Ц.Артагийн толгой хэсэгт гараараа 4-5 удаа цохисон бөгөөд Ц.Артаг намайг хойш нь түлхээд миний шанаа руу цохисон. Тэгтэл В.Бямбасүрэн хажуу талаас орж ирээд Ц.Артагийн толгой хэсэгт цохиж эхэлсэн тэгээд бид 2 түүнтэй зодолдож байтал машинаас Мөнгөншагай, Б.Нарантуяа нар бууж ирцгээгээд бид нарыг салгах гэж байтал манай байгууллагын дарга Сэнгэсамбуу ресторанаас гарч ирээд больцгоо та нар гэж хэлээд бид нарыг салгасан юм. В.Бямбасүрэн бид хоёр согтуу байсан тул нийлж Ц.Артагийн зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсандаа гэмшиж байгаа бөгөөд бид хоёр Ц.Артагийн өвчтэй байсан хугацааны цалин болон эмчилгээний зардалд 600.000 төгрөгийг төлж хохирлыг барагдуулсан юм” гэх мэдүүлэг, /хх-ийн 57-58 тал/,

27. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважаваас гаргаж өгсөн Увс аймгийн Улаангом сумын 7-р багийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 219 тоот Тодорхойлолт, мөн сумын 4 багийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 204 тоот Тодорхойлолт, тэтгэврийн дэвтрийн хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзээд дүгнэвэл:

Шүүгдэгч В.Бямбасүрэн, З.Отгонпүрэв нар нь бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 15-нд шөнө Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багт байрлах “Их өргөө” рестораны гадна иргэн Ц.Артагийг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ц.Артаг, гэрч Т.Мандах, Б.Нарантуяа, Л.Сэнгэсамбуу, Д.Мөнгөншагай, шинжээч эмч О.Пунцаг нарын мэдүүлэг, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тухай тогтоол, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, шинжээч дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хохирогч Ц.Артагийн “...машины ар талын суудал суутал В.Бямбасүрэн, З.Отгонпүрэв хоёр ресторанаас гарч ...ирээд ресторан руу орчихоод хамт явья гэж хэлээд миний араас бариад машины ар талын суудлаас татаж буулгасан. Би тэр хоёрт “Та хоёр яах гээд байгаа юм, би харьж амарлаа” гэхэд ...В.Бямбасүрэн миний хоолойноос бариад бид хоёр заамдалцсан. В.Бямбасүрэн миний нүдний доод талд гараараа нэг удаа цохисон, би Бямбасүрэнг буцаагаад нэг удаа гараараа цохисон. Тэгтэл хажуу талаас нь З.Отгонпүрэв миний толгой руу баруун гараараа 4-5 удаа цохисон. Тэгээд би тэр хоёрыг цаашаа түлхсэн. Тэгтэл З.Отгонпүрэв намайг тавихгүй зодоод байсан”, гэрч Б.Нарантуяагийн “...Ц.Артагийн араас түүний найзууд болох З.Отгонпүрэв, В.Бямбасүрэн нар гүйж ирээд түүнийг машины ар талын суудлаас буулгасан. Би хувцасаа сольчихоод харсан чинь Ц.Артаг, З.Отгонпүрэв, В.Бямбасүрэн гурав машины урд талд хоорондоо зодолдож байсан. ...Тэр өдөр Ц.Артагийн хамар болон нүүрэн хэсгээс нь цус гарч байсан бөгөөд түүний хувцас цус болчихсон байсан”, гэрч Л.Сэнгэсамбуугийн “...Ц.Артаг, З.Отгонпүрэв, В.Бямбасүрэн нар нь миний машины ар талын машины зогсоол дээр зодолдож байсан бөгөөд тэр гурав хоорондоо нэг нэгнийгээ цохиод харилцан зодолдож байсан”, шүүгдэгч В.Бямбасүрэнгийн “...3 долоо хоногийн өмнө манай найз болох Мөнгөншагай найзуудтайгаа Ц.Артагийн гэрт очиж архи ууцгаасан. ...Тэгтэл Ц.Артаг цагдаад дуудлага өгөөд тэд нарыг бариулаад Мөнгөншагайг эрүүлжүүлэхэд хонуулсан байсан. Би тэрнээс болоод 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Ц.Артагтай маргалдсан юм. З.Отгонпүрэв бид хоёр нийлж, Ц.Артагийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсандаа гэмшиж байна”, З.Отгонпүрэвийн “...Ц.Артаг бид хоёр урьд өмнө нь буюу намар 9 сард хамт ажилладаг хүмүүстэй архи ууцгаасан бөгөөд Артаг бид 2 хоорондоо маргалдаж, Артаг миний нүүрэнд 3 удаа цохиж байсан юм. ...В.Бямбасүрэн бид хоёр согтуу байсан тул нийлж Артагийг зодсон бөгөөд бид хоёр Артагийн бие хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” гэх мэдүүлгүүдээр тухайн гэмт хэргийг шүүгдэгч В.Бямбасүрэн, З.Отгонпүрэв нар бүлэглэн үйлдсэн болох нь тогтоогдож байх бөгөөд хохирогч, шүүгдэгч нарын хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн тухайн гэмт хэрэг гарсан байна. 

Мөн уг гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Артагийн биед хөнгөн /тархины доргилт, доод уруулын гадна шалбарсан шарх, дотор талын салст язарсан шархтай, доод уруул хавдартай, зөөлөн эдийн/ гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтээр нотлогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна. 

Иймд хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгч В.Бямбасүрэн, З.Отгонпүрэв нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч В.Бямбасүрэн, З.Отгонпүрэв нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож тус бүр 300.000 төгрөг, нийт 600.000 төгрөгийг хохирогч Ц.Артагт төлсөн, хохирогч цаашид нэхэмжлэх зүйлгүй болохоо бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ. 

Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахад согтуугаар гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан үзэж, тэдгээрт албадан ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч В.Бямбасүрэн, З.Отгонпүрэв нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө болон байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Их өргөө рестораны гадна талын хяналтын камерын бичлэгтэй СD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээхээр тогтов. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-296 дугаар зүйл, 297 дугаар зүйлийн 297.1-297.5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ноёд овогт Ванчингийн Бямбасүрэн, Харагныхан овогт Загдаагийн Отгонпүрэв нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар шүүгдэгч В.Бямбасүрэн, З.Отгонпүрэв нарт 251 цаг албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар шүүгдэгч В.Бямбасүрэн, З.Отгонпүрэв нар нь албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл албадан ажил хийлгэх ялыг баривчлах ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч В.Бямбасүрэн, З.Отгонпүрэв нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө болон байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СD 1 ширхэгийг энэ хэрэгт үлдээсүгэй.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгдэгч В.Бямбасүрэн, З.Отгонпүрэв нарт өмнө авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА