Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 20

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, 

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа би ОАПГ-аас ОАЖС-ын БОХУБ М.Г-т холбогдуулан гаргасан ЖСБОХУБ-ийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 0147239 дугаартай шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” дүгнэлттэй захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

ОАПГ-ын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Л.О шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “ОАПГ-ын хяналтын прокурор Л.О би Прокурорын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1,18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу ОАЖС-ын БОХУБ М.Г нь 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр зөрчлийн холбогдогч Ц.Л-г амьтныг хориглосон хугацаанд агнасан үндэслэлээр хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хянахад:

2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ОАЖС-ын “Мухар далай” гэх газраас иргэн Ц.Л нь амьтныг агнахыг хориглосон үед агнахыг завдсан гэх үйлдэлд ОАЖС-ын БОХУБМ.Г нь 2020 оны 08 сарын 12-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө орлогыг учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж хуульчилсан.

Гэтэл зөрчлийн хэрэгт авагдсан баримтаар иргэн Ц.Л нь тарвага барьсан, агнасан, тээвэрлэсэн нь нотлогдож тогтоогдоогүй байх бөгөөд түүнийг тарвага агнахыг завдсан үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр үндэслэлгүй байна.

Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангид зөрчил үйлдэхээр бэлтгэсэн, завдсан талаарх ойлголт, бэлтгэсэн завдсан тохиолдолд оногдуулах хариуцлагын талаар хуульчилж зохицуулаагүй байх бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж заасан.

Иймд Монгол улсын зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8, 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ОАЖС-ын БОХУБ М.Г-ийн 0147239 дугаартай шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.

Хариуцагч ОАЖС-ын БОХУБ М.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “ОАЖС-ын БОХУБ М.Г би Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн иргэн Ц.Л-д тус сумын Мухардалай гэх газраас амьтныг агнахыг хориглосон үед агнахыг завдсан гэж үндэслэлээр 2020 оны 08 сарын 12-ны өдөр Зөрчлийн туай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн болно.  

Миний гаргасан дээрх шийдвэр нь үндэслэлгүй болсон тул ОАПГ-ын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Л.О-ийн гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

ОАПГ-ын хяналтын прокурор Л.О “... зөрчлийн хэрэгт авагдсан баримтаар иргэн Ц.Л нь тарвага барьсан, агнасан, тээвэрлэсэн нь нотлогдож тогтоогдоогүй байх бөгөөд түүнийг тарвага агнахыг завдсан үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр үндэслэлгүй байна.

Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангид зөрчил үйлдэхээр бэлтгэсэн, завдсан талаарх ойлголт, бэлтгэсэн завдсан тохиолдолд оногдуулах хариуцлагын талаар хуульчилж зохицуулаагүй байх бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэсэн үндэслэлээр Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 0147239 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах дүгнэлтийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

Иймд хариуцагч ОАЖС-ын БОХУБ М.Г-ын ОАПГ-ын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 0147239 дугаартай шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, 119/2020/0019/з/ дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан ОАЖС-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 0147239 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар Орхон аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2, 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нар нь шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд уг захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                                      Б.БОЛОРМАА