Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 11

 

 

 

Л.Цагаанхүү, Л.Мөнхбаярт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дамба даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батсүх, прокурор Т.Өсөхболд, нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нарыг оролцуулан

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 187 дугаар шийтгэх тогтоолтой Л.Цагаанхүү, Л.Мөнхбаяр нарт холбогдох эрүүгийн 1936000140038 дугаартай хэргийг шүүгдэгч Л.Мөнхбаяр түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Туяагийн илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

            Монгол Улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгэлгүй, Хаалар овогт Лхамсүрэнгийн Цагаанхүү нь 2018 оны 12 дугаар сарын 20-21-ний хооронд Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багийн нутаг дэвсгэр “Хөх заг” гэх нэртэй Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутагт ховор амьтан болох 1 тооны зэгсний зэрлэг гахайг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйл болох 1 тооны зэгсний гахайн махыг Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 2-16 тоот хашаанд байрлах амбаарт хадгалсан гэх,

Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Түдээ овогт Лхагвасүрэнгийн Мөнхбаяр нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн Манхан сумын нутаг дэвсгэрт ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйл болох 1 тооны зэгсний зэрлэг гахайн махыг Ниссан патрол маркийн 27-98 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “ Шүүгдэгч Хаалар овогт Лхамсүрэнгийн Цагаанхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, түүхий эдийн зүйлийг нь хадгалсан, шүүгдэгч Түдээ овогт Лхагвасүрэнгийн Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Хаалар овогт Лхамсүрэнгийн Цагаанхүүг 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр, шүүгдэгч Түдээ овогт Лхагвасүрэнгийн Мөнхбаярыг 5500 нэгжтэй тэнцэх буюу 5.500.000 /таван сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Л.Мөнхбаяр, Л.Цагаанхүү нарт оногдуулсан торгох ялыг 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Цагаанхүү, Л.Мөнхбаяр нарт тайлбарлаж, Шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.3.-т зааснаар шүүгдэгч Л.Мөнхбаяраас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан У.Баатарсүрэнгийн  эзэмшлийн 27-98 УБМ улсын дугаартай Ниссан патрол маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 58,500,000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлж, шүүгдэгч Л.Цагаанхүү, Л.Мөнхбаяр нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сайга маркийн 14313617 дугаартай гол төмөртэй 7,62х39 гэх бичиглэлтэй магазинтай буу 1 ширхэг, бор өнгийн модон хундагатай 503842 дугаартай гол төмөртэй замаггүй галт зэвсэг 1 ширхэг, 5.5см урттай 13 ширхэг сум зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч У.Баатарсүрэнд буцаан олгох, шүүгдэгч Л.Цагаанхүүгийн эзэмшлийн 94-20 ХОҮ улсын дугаартай Toyoto hilux маркийн автомашин битүүмжилсэн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 5/28 дугаартай прокурорын тогтоол, У.Баатарсүрэнгийн эзэмшлийн 27-98 УБМ улсын дугаартай Ниссан патрол маркийн автомашин битүүмжилсэн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 5/26 дугаартай “эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг тус тус цуцалж, шүүгдэгч Л.Мөнхбаярын эзэмшлийн 75-01 УБЭ улсын дугаартай Ford fushion маркийн автомашин битүүмжилсэн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 5/27 дугаартай прокурорын тогтоолыг төлбөр төлөгдөх хүртэл хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар 1936000140038 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зэгсний зэрлэг гахайны 4 хэсэг арьстай махыг устгасан болохыг дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Л.Цагаанхүү, Л.Мөнхбаяр нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж”  шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Л.Мөнхбаяр түүний өмгөөлөгч Б.Батсүх нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Л.Мөнхбаярын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох У.Баатарсүрэнгийн  эзэмшлийн 27-98 УБМ улсын дугаартай Ниссан патрол маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 58,500,000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлсэн нь Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл уг тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгч, эзэмшигч нь У.Баатарсүрэн бөгөөд ямар нэгэн байдлаар шүүгдэгч Л.Мөнхбаярын өмчлөл, эзэмшилд шилжээгүй нь хэрэгт авагдсан баримт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, шүүгдэгч Л.Мөнхбаяр нарын мэдүүлгээр тогтоогддог. Гэмт үйлдэл болох цаг хугацаанд нэг тооны зэрлэг гахай ачиж явсан У.Баатарсүрэнгийн эзэмшлийн 27-98 УБМ Ниссан патрол тээврийг хэрэгслийг шүүгдэгч Л.Мөнхбаяр унаж явсан. Нэг тооны зэрлэг гахай ачсан эсэх талаар У.Баатарсүрэн огт мэдээгүй байсан бөгөөд Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар бусдад гэм хор учруулах замаар өмчлөх эрхээ урвуулан ашиглаагүй байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хүчингүй болгож шийтгэж тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Прокурор шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолтой танилцаад гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Уг гэмт хэргийг шүүгдэгч нар үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цугларсан буюу шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Л.Мөнхбаяр нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж хүсэлт гаргасан ба прокуророос хүсэлтийг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Прокуророос Л.Мөнхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5500 /таван мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 /таван сая таван зуун мянган/ төгрөгийн торгох ял оногдуулах болон албадлагын арга хэмжээний төрөл хэмжээг хэрэглэх саналыг  тавьсан. Л.Мөнхбаяр нь уг саналыг хүлээн зөвшөөрсөн тул шүүхээс хуульд заасан шийтгэл оногдуулсан байна. Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6, 39.7, 39.8-д заасан заалтуудыг тус тус зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуулан шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Ховд аймгийн прокурорын газраас шүүгдэгч Л.Цагаанхүү нь 2018 оный 12 дугаар сарын 20-ноос 2018 оны 12 дугаар сарын 21-ний хооронд Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багийн нутаг дэвсгэрт “Хөх заг”  гэх нэртэй Хар-Ус нуурын орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутагт ховор амьтан болох 1 тооны зэгсний зэрлэг гахайг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх  зааснаар, шүүгдэгч Л.Мөнхбаяр нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн Манхан сумын нутаг дэвсгэрт ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйл болох 1 тооны зэгсний зэрлэг гахайны махыг Ниссан патрол маркийн 27-98 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр Ховд аймаг дахь сум эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Хяналтын шатны шүүхээс шүүгдэгч Л.Мөнхбаяр нарт холбогдох хэргийг хүчингүй болгохдоо   прокурор Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан эсэх, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон эсэхийг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх ял болон эрүүгийн хариуцлагын нэг хэсэг болох албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тодорхой танилцуулаагүй, энэ талаар прокурор шүүгдэгч Л.Мөнхбаяртай тохиролцоогүй гэх үндэслэлээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Л.Мөнхбаяр  өөрт нь холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэрэг ирсний дараа прокуророос сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу торгох ял, ховор амьтны түүхий эдийг тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэхийг зөвшөөрч байгаа хүсэлтээ бичгээр гаргаж өгч хэрэгт хавсаргасан байна.Түүнчлэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай Прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 5/52А дугаар тогтоолтой өмгөөлөгчийн хамт танилцаж гарын үсгээ зуржээ./2 дугаар хх-ийн 105,114 дугаар тал/

Анхан шатны шүүх шүүгдэгч   Л.Цагаанхүү,Л.Мөнхбаяр нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэргийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,4-д зааснаар  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Шүүгдэгч Л.Цагаанхүү нь 2018 оны 12 дугаар сарын 20-21-ний хооронд Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багийн нутаг дэвсгэр “Хөх заг” гэх нэртэй Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутагт ховор амьтан болох 1 тооны зэгсний зэрлэг гахайг агнасан, ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйл болох 1 тооны зэгсний зэрлэг гахайны махыг Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 2-16 тоот хашаанд байрлах амбаарт хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч А.Хашбаатарын мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 52,53 дугаар тал/ гэрч Н.Ганбаяр, /1 дүгээр хх-ийн 54 дүгээр тал/  А.Мөнхдаваа нарын мэдүүлэг, / 1 дүгээр хх-ийн 72,73 дугаар тал/ мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, шинжээч нарын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн дүгнэлт/ 1 дүгээр хх-ийн 88,89 дүгээр тал/,мал эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлт, /1 дүгээр хх-ийн 80 дугаар тал/ хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч Л.Цагаанхүүгийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 55,56 дугаар тал/ зэрэг нотлох баримтаар, шүүгдэгч Л.Мөнхбаяр нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн Манхан сумын нутаг дэвсгэрт ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйл болох 1 тооны зэгсний зэрлэг гахайны махыг Ниссан патрол маркийн 27-98 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч А.Хашбаатар, гэрч У.Баатарсүрэн, Ц.Даваадорж нарын мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 52,53, 59,60, 68,69 дүгээр тал/ тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, галт зэвсэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч Л.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлж цуглуулж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн  нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон талаар анхан шатны шүүх  хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ./1 дүгээр хх-ийн 14-38 дугаар тал/

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.Цагаанхүү, Л.Мөнхбаяр нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Л.Цагаанхүүг ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, Л.Мөнхбаярыг ховор амьтны түүхий эдийг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч нарт  хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т “ гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого “ гэж гэмт хэрэг үйлдэхэд ашигласан,ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгохоор хуульчилсан бөгөөд ингэхдээ мөн зүйлийн 1-д зааснаар хураан авсан хөрөнгийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулахаар хуульчилжээ.

             Хэрэв дээрх тээврийн хэрэгсэл, хөрөнгө бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүнээс гаргуулахаар хуульчилсны дагуу анхан шатны шүүх шүүгдэгч Л.Мөнхбаяраас гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан У.Баатарсүрэнгийн эзэмшлийн  27-98 УБМ улсын дугаартай Ниссан патрол маркийн  тээврийн хэрэгслийн үнэ болох 58.500.000  төгрөгийг  улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэсэн нь   гэмт хэрэг үйлдсэн хүнд зөвхөн өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх,үйлдлийн нийгмийн аюулын хэр хэмжээ,гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээх зарчмуудад нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан  гомдлыг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.    

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2019/ШЦТ/ 187 дугаар  шийтгэх тогтоолын хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан  гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.ДАМБА

                                              ШҮҮГЧИД                                        М.НЯМБАЯР

                                                                                                       Н.ТУЯА