| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00342/и |
| Дугаар | 336 |
| Огноо | 2020-05-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 336
2020 оны 05 сарын 04 өдөр Дугаар 139/ШШ2020/00336 Дундговь аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д ь аймгийн Э сумын -р баг, Р гэх газар оршин суух, Б овогт Лгийн У /ЗП /-ы ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00342/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л овогтой У би 1958 онд төрсөн, эрэгтэй, энэ жил 62 нас хүрч байгаа. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1974 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал адуу, эм хонь маллаж байсан. Миний бие 1974 онд цэргийн албанд мордсон боловч ар гэрийн гачигдлын улмаас цэргээс чөлөөлөгдөж байсан. Мөн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчин байсан үеийн цалингийн карт, бусад материал олдохгүй байгаа болохыг тус сумын 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 41 дугаартай архивын лавлагаагаар тодорхойлсон. Гар дээр хадгалагдаж байсан хөдөлмөрийн дэвтэр, сайшаалын болон нэгдлийн гишүүний үнэмлэх зэрэг баримт бичгүүд гэр шатсаны улмаас устсан. Иймээс тухайн үед хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, баярын бичиг, 1984 оны цалингийн хүснэгт, нэгдэлд ажиллаж байсан үеийн зураг гэх мэт баримтыг үндэслэн 1974 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд адуучнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үүгэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Замэндий шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. Үүн дээр тодруулж хэлэхэд Л.У гуай 1958 онд төрсөн хүн байгаа. Өдгөө тэтгэвэрт гарах нас нь хэтрээд 7 жил болж байна. Шалтгаан нь Эрдэнэдалай сумын архив, Дундговь аймгийн архивыг шүүж үзэхээр холбогдох баримтууд тань дээр олдохгүй байна гэсэн тодорхойлолтууд удаа дараа гарч ирсэн. Үүнээс 1984 оны цалингийн карт Эрдэнэдалай сумын архиваас гарч ирсэн. Мөн өөрийнх нь гэр нь шатсаны улмаас холбогдох баримтууд устсан гэж өөрөө ярьдаг. Нэхэмжлэгч Л.У нь 1974 оны 8 сарын 1-нээс 1992 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.У нь ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч Л.У нь 1974 оны 8 сарын 1-ний өдрөөс 1992 оны 2 сарын 19-ний өдрийг хүртэл Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэл, 1992 оны 2 сарын 19-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил ХК-нд малчнаар ажиллаж байсан болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн сан хөмрөгт Л овогтой Утай холбогдох баримт байхгүй учир лавлагаа гаргах боломжгүй талаарх Дундговь аймгийн Архивын тасгийн 2020 оны 02 сарын 05-ны өдрийн 160 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын тамгын газрын даргын “тус сумын архив нь 2013 оны 4 сарын 11-ний өдөр Хөгжил нэгдлийн 1972-1994 оны 70 дансны баримтыг /бүрэн бус/ хүлээн авсан. 4-р багийн иргэн Л овогтой Уы сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан үеийн цалингийн карт, материал тус архиваас олдохгүй байгаа гэх тодорхойлолт /хэргийн 7-р хуудас/
-Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын тамгын газрын даргын “тус сумын архив нь 2013 оны 4 сарын 11-ний өдөр Хөгжил нэгдлийн 1972-1994 оны 70 дансны баримтыг /бүрэн бус/ хүлээн авсан. 4-р багийн иргэн Л овогтой Уы сумын Хөгжил нэгдлийн Рашаант багт малчнаар ажиллаж байсан. 1984 оны цалингийн картыг хуулбарлан олгосон гэх тодорхойлолт /хэргийн 9-р хуудас/
-Дундговь аймгийн Татварын хэлтсийн “Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэл нь 1955 оны 8 сарын 24-нд байгуулагдсан бөгөөд 1991 оны 3 сарын 12-нд улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1992 оны 2 сарын 19-нд Хөгжил хувьцаат компани, 1996 оны 4 сарын 18-нд Далайн хөгжил хоршоо болон өөрчлөгдсөн” гэх тодорхойлолт /хэргийн 10-р хуудас/
-Л.Уы 1984 оны цалингийн баримтын хуулбар /хэргийн 11-р хуудас/
-Гэрч С.Д-ын “ Л.У нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1974 оноос малчин болж байсан. Би тэр үед нэгдлийн адуучин байхад У нь анх надаас хүрэн азаргатай адуу хүлээж авч маллаж эхэлсэн. Л.У нь цэргийн албанд яваагүй. Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1974 оноос 1993 онд хувьчлал тарах хүртэл тасралтгүй адуу бог мал маллаж байсан. Манайх Уыхтай ойр айл саахалт нутагладаг, надаас адуу авч маллаж байсан болохоор би бас зааж зөвлөж байдаг байсан. Нэгдэлд малчин байхдаа сайн малчин байсан. Нэгдэл компани тарснаас хойш Эрдэнэдалай сумандаа мал маллаж амьдарч байгаа хүн. Анх нэгдэлд малчин болж надаас адуу хүлээж авснаас хойш тасралтгүй мал маллаж байгаа. Өөр ажил хийж байгаагүй санагдаж байна. Би Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1966 оноос эхлээд тэмээнээс бусад малыг маллаж, нэгдэлд мал тууж байсан. Анх би 1966 оноос 1993 онд хувьчлал тарах хүртэл нэгдэлд малчин байсан. Бид нэг нутагт ажиллаж амьдарч байсан учраас Л.Уыг Хөгжил нэгдэлд адуучин, малчнаар ажиллаж байсан талаар нь сайн мэдэж байна. Өөр нэмж ярих зүйлгүй ” гэх мэдүүлэг /хэргийн 19-р хуудас/
-Гэрч Ц.Ё-гийн “ Л.У нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1974 оноос 1993 он хүртэл адуу бог мал маллаж байсан. У нь сургуульд сураагүй, цэргийн албанд яваагүй хүн юм. Намайг нэгдэлд малчнаар ажиллаж байхад Л.У нь нэгдэлд малчнаар тасралтгүй ажиллаж байсан. Анх Л.У нь 1974 онд нэгдэлд адуу маллаж эхэлсэнээс хойш тасралтгүй мал маллаж байсан. Би Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1978 оноос 1990 он хүртэл малчнаар ажиллаж байсан. Бид нэг нэгдэлд хамт ажиллаж байсан учраас Л.Уыг Рашаант бригадад адуу хонь маллаж, малчнаар ажиллаж байсан талаар нь сайн мэдэж байна. Би отор нүүдлээр явж байхдаа танилцаж олон жил нөхөрлөсөн. Өөр нэмж ярих зүйлгүй ” гэх мэдүүлэг /хэргийн 20-р хуудас /
-Гэрч Л.С-ийн “ Л.У нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын сургууль төгсөөд Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1974 оноос 1981 оны 9 сар хүртэл адуу маллаж байгаад 1981 оноос бог мал маллах болсон. Л.У нь цэргийн албанд яваагүй. Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1974 оноос 1993 онд хувьчлал тарах хүртэл тасралтгүй адуу бог мал маллаж байсан. Манайх Уыхтай отор нүүдлээр айл саахалт нутагладаг байсан болохоор малчин байсан талаар нь мэднэ. Л.У нь нэгдэлд малчин байхдаа сайн малчин байсан юм. Нэгдэл компани тарснаас хойш Эрдэнэдалай сумандаа мал маллаж амьдарч байгаа хүн. Анх нэгдэлд малчин болсноос хойш өөр ажил хийгээгүй, тасралтгүй мал маллаж байгаа. Өөр ажил хийж байгаагүй санагдаж байна. Би Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1975 оноос эхлэж төллөх бог мал маллаж байсан. Анх би 1975 оноом 1993 онд хувьчлал тарах хүртэл нэгдэлд малчин байсан. Бид нэг нутагт ажиллаж амьдарч байсан учраас Л.Уыг Хөгжил нэгдэлд адуучин, малчнаар ажиллаж байсан талаар нь мэднэ Өөр нэмж хэлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хэргийн 21-р хуудас/
-Гэрч Л-ийн С-т Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлээс 1981 оны 4 сарын 25-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 26-29 хуудас/
-Гэрч -гийн Ё-д Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлээс 1981 оны 4 сарын 25-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 30-33 хуудас/ баримтууд болно.
Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Л.Унь 1974 оны 8 сарын 1-ний өдрөөс 1992 оны 2 сарын 19-ний өдрийг хүртэл Хөгжил нэгдэлд малчнаар, 1992 оны 2 сарын 19-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил хувьцаат компанид малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Лгийн У /ЗП / нь 1974 оны 8 сарын 1-ний өдрөөс 1992 оны 2 сарын 19-ний өдрийг хүртэл Хөгжил нэгдэлд малчнаар, 1992 оны 2 сарын 19-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил ХК-нд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.У