| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00333/и |
| Дугаар | 338 |
| Огноо | 2020-05-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 338
2020 оны 05 сарын 04 өдөр Дугаар 139/ШШ2020/00338 Дундговь аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д аймгийн С сумын -р баг, Д гэх газар оршин суух, Д овогт Дийн Ц /ЗЮ /-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00333/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1969 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн. Одоо 51 настай. 1987 оны 6 дугаар сард 1-р арван жилийн сургуулийг төгсөж илгээлтээр Дундговь аймгийн Нэгдэл дундын сүү бордооны Алтат хоршоололд саальчнаар ажиллаж байсан ба энэ талаарх баримтаас тухайн үед хамт ажиллаж байсан хүмүүс, хүүхэд асрах чөлөөний тушаал мөн 1994 онд ажлаас чөлөөлөгдөж байсан талаарх тушаал зэрэг байна. Иймд дээрх баримтыг үндэслэн 1987 оны 06 сарын 20-ны өдрөөс 1994 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Нэгдэл дундын сүү бордооны Алтат хоршоололд саальчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сайхантуяа шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Манай ээж Дийн Ц нь 1969 онд төрсөн. Одоо 51 настай. 1987 онд 10-р ангиа төгсөөд илгээлтээр гарч 1987 оны 6 сарын 20-ноос 1994 оны 1 сарын 1-нийг хүртэл Дундговь аймгийн Нэгдэл дундын сүү бордооны Алтат хоршоололд саальчинаар ажиллаж байсан. Тухайн үед ажиллаж байсан боловч үлдсэн бичиг баримт байхгүй тул түүнийгээ нөхөн тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ц нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Дундговь аймгийн Татварын хэлтсийн “Дундговь аймгийн Алтат хоршоолол ББХК нь 1980 оны 08 сарын 15-нд үүсгэн байгуулагдсөн бөгөөд 1991 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1994 онд татан буугдсан ” гэх тодорхойлолт /хэргийн 2-р хуудас/
-Дундговь аймгийн Нэгдэл дундын сүү бордооны Алтат хоршооллын даргын 1994 оны 02 сарын 25-ны өдрийн 09 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 7-р хуудас/
-Дундговь аймгийн Нэгдэл дундын сүү бордооны Алтат хоршооллын даргын 1994 оны 01 сарын 01-ний өдрийн 03 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 8-р хуудас/
-Гэрч Ж.О-ийн “ Д.Ц нь намайг 1982 онд Дундговь аймгийн сүү бордооны Алтат хоршоололд туслах үйлдвэрт ажилчнаар ороод ажиллаж байхад 1987 онд 10 дугаар анги төгсөөд саальчнаар ажилд орж байсан. Д.Ц нь нэгдэл тартал буюу 1994 оны 1 сар хүртэл Алтат хоршоололд ажилладаг байсан. Би 1982 оноос 1994 оны 1 сар хүртэл Алтат хоршоололд ажилласан. Өөр ярих зүйлгүй” гэх мэдүүлэг /хэргийн 13-р хуудас/
-Гэрч А.Б-ийн “ Цын ээж аав нь Алтат хоршоололд үхэрчин, саальнаар ажиллаж байхад Д.Ц нь 1987 онд 10 дугаар ангиа төгсөөд аав ээжтэйгээ баруун сүүний фермийн саальчин болж байсан. Тэгээд Дундговь аймгийн Сүү бордооны Алтат хоршоололд 1987 оны 7 сараас 1994 оны 1 сард Алтат хоршоолол тарах хүртэл хамт ажиллаж байсан. Д.Ц нь Алтат хоршоололд тасралтгүй ажилласан. 1994 оны 1 сард бид нарыг ажлаас чөлөөлөх тушаал цуг гарч байсан. Тэрнээс хойш хөдөө мал маллаж байгаа байх. Би 1982 оны 10 сараас 1994 оны 1 сар хүртэл Дундговь аймгийн сүү бордооны Алтат хоршоололд малчнаар ажилласан. Өөр нэмж ярих зүйлгүй ” гэх мэдүүлэг /хэргийн 14-р хуудас /
-Гэрч С.Ц-гийн “ Д.Цын ээж Нямбунъяа гэж хүн Дундговь аймгийн сүү бордооны Алтат хоршоололд саальчин байхад Д.Ц нь 1987 онд 10 дугаар анги төгсөөд Алтат хоршоололд саальчнаар ажилд орж, 1995 онд Алтат хоршоолол тарах хүртэл ажиллаж байсан. Нэг саальчин нь 15 үхэр саадаг байсан санагдаж байна. Цын аав нь баруун фермийн үхэрчин, ээж нь саальчин, өөрөө бас саальчнаар ажиллаж байсан. Би 1982 оны 4 сараас Дундговь аймгийн сүү бордооны Алтат хоршоололд бичиг хэргийн эрхлэгч хийдэг байсан. Би Алтат хоршоолол татан буугдтал ажилласан. Би ажиллаж байхдаа Цын ажилд орсон тушаалыг бичиж байсан учраас сайн мэдэж байгаа юм. Өөр нэмж ярих зүйлгүй ” гэх мэдүүлэг /хэргийн 15-р хуудас /
-Гэрч Ж-ын О-ийн 1981 оны 7 сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 18-р хуудас/
-Гэрч А-ы Б-ад Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдлээс 1982 оны 6 сарын 16-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 19-20/
-Гэрч А-ны Б-д Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдлээс 1991 оны 8 сарын 19-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 21/ баримтууд болно.
Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Д.Ц нь 1987 оны 06 сарын 20-ны өдрөөс 1994 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Алтат хоршоолол, Алтат ББХК-д саальчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д овогт Дийн Ц /ЗЮ / нь 1987 оны 06 сарын 20-ны өдрөөс 1991 оны 04 сарын 05-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Нэгдэл дундын сүү бордооны Алтат хоршоололд, 1991 оны 04 сарын 05-ны өдрөөс 1994 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Алтат хоршоолол ББХК-д саальчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.У