| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00387/и |
| Дугаар | 341 |
| Огноо | 2020-05-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 341
2020 оны 05 сарын 04 өдөр Дугаар 139/ШШ2020/00341 Дундговь аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д аймгийн Ө сумын -р баг, Б гэх газар оршин суух, Д овогт Цгийн Б /ЗИ /-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00387/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа. Цгийн Б миний бие нь 1970 онд төрсөн. Энэ жил 50 нас хүрч байгаа. Улсад 22 жил ажилласан. Үүнээс 1986 оны 8 сарын 1-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд хоньчноор ажиллаж байсан. 2-р таван жил нэгдэлд ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч бичилт бүдгэрсэн, шаардлага хангахгүй байгаа тул хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон гарсан тушаал цалингийн цэсүүд зэрэг баримтыг үндэслэн 1986 оны 8 сарын 1-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд бог мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б нь ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
Ц.Б нь 1986 оны 8 сарын 1-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд малчнаар ажиллаж байгаад чөлөөлөгдсөн тухай баримт ирээгүй Ц овогтой Бтэй холбогдох лавлагааг гаргах боломжгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2020 оны 04 сарын 28-ны өдрийн 299 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Дундговь аймгийн Татварын хэлтсийн “Өлзийт сумын 2-р таван жил нэгдэл нь 1956 оны 2 сарын 13-нд байгуулагдсан. 1992 оны 2 сарын 17-нд 2-р таван жил ХК, 1994 оны 5 сарын 10-нд Мөнхрөх ББХКомпани, 1996 оны 2 сарын 14-нд Гэсрээ ХХК болон өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулж байсан гэх” тодорхойлолт
-Дундговь аймгийн Өлзийт сумын засаг даргын тамгын газрын даргын “Тус сумын 2-р багийн иргэн Цгийн Б /ЗИ70102703/ нь тус сумын 2-р таван жил нэгдлийн Буянт бригадад 1986 оны 8 сарын 1-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан цалин хөлсний баримт тооцооны хүснэгт 71 хуудас баримтыг Засаг даргын тамгын газрын нэгжээс хуулбарлан авсан нь үнэн гэх ” тодорхойлолт /хэргийн 8-р хуудас/
-Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 04 сарын 27-ны өдрийн 277 дугаартай “Өлзийт сумын 1-р багийн иргэн Ц овогтой Б /ЗИ70102703/-ийн 1980 оны хөдөлмөрийн дэвтэр тамга тэмдэг, нөхөн бичилтийн зөрчилтэй тул 1986.08.01-1990.12.31-ний хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардпагатай” гэх тодорхойлолт /хэргийн 9-р хуудас/
-Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд ажиллаж байсан Ц овогтой Бийн цалингийн тодорхойлолт /хэргийн 10-р хуудас/
-Ц.Бийн 1986-1990 онуудын цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар /хэргийн 12-80 хуудас/
-Гэрч Ж.О-ийн “ Цгийн Б нь Дундговь аймгийн Өлзийт сумын дунд сургууль төгсөөд 1986 оноос Өлзийт сумын 2-р таван жил нэгдлийн Буянт бригадад илгээлтээр гарч мал маллаж эхэлсэн. Ц.Б нь Өлзийт сумын Хашаатаар нутаглаж манай аав ээжийнхтэй хоорондоо 10 км зайнд мал аж ахуй эрхэлдэг байсан. Ц.Б нь 2-р таван жил нэгдэлд малчин болсноос хойш нэгдэл тарах хүртэл бог мал маллаж байсан. Д.Бийг нэгдэлд малчин байхад манай их гэртэй ойр айл саахалт амьдардаг байсан болохоор нэгдэлд малчин байсан талаар нь сайн мэдэж байгаа юм. Ц.Б нь одоо ч мал маллаж байгаа байх. Би 1986 онд 10 дугаар анги төгсөөд 1988 оноос Дундговь аймгийн Тээврийг удирдах газар ажиллаж байсан. Ажлын амралтаар хөдөө гэртээ очиход мал малладаг, манай аав ээжийнхтэй ойр нутагладаг байсан болохоор сайн мэдэж байгаа юм. Өөр нэмж ярих зүйлгүй ” гэх мэдүүлэг /хэргийн 85-р хуудас/
-Гэрч Д.Го-ийн “ Ц.Б нь Дундговь аймгийн Өлзийт сумын дунд сургууль төгсөөд 1986 оноос Өлзийт сумын 2-р таван жил нэгдлийн Буянт бригадад илгээлтээр гарч мал маллаж эхэлсэн. 2-р таван жил нэгдэлд малчин болсноос хойш хувьчлал тарах хүртэл бог мал маллаж байсан. Ц.Бийг нэгдэлд малчин байхад бид ойр айл саахалт амьдардаг мал зөрүүлдэг байсан болохоор нэгдэлд малчин байсан талаар нь сайн мэдэж байгаа юм. Ц.Б нь одоо ч мал маллаж байгаа. Анх 1986 оны 7 сараас хувьчлал тарах хүртэл Өлзийт сумын 2-р таван жил нэгдлийн Буянт бригадад малчин байсан талаар нь сайн мэдэж байна. . Би 1972 оноос 1992 онд хувьчлал тарах хүртэл Өлзийт сумын 2-р таван жил нэгдлийн Буянт бригадад малчнаар ажиллаж байсан. Өөр нэмж ярих зүйлгүй ” гэх мэдүүлэг /хэргийн 87 хуудас /
-Гэрч Д.А-ийн “ Ц.Б нь Дундговь аймгийн Өлзийт сумын сургуулийн 8-дугаар ангийг төгсөөд 1986 оноос Өлзийт сумын 2-р таван жил нэгдлийн Буянт бригадад илгээлтээр гарч мал маллаж эхэлсэн. Ц.Б нь Өлзийт сумын Хашаатаар нутаглаж мал маллаж байсан. 2-р таван жил нэгдэлд малчин болсноос хойш хувьчлал тарах хүртэл бог мал маллаж байсан. Ц.Бийг нэгдэлд малчин байхад бид ойр айл саахалт амьдардаг мал зөрүүлдэг байсан болохоор нэгдэлд малчин байсан талаар нь сайн мэдэж байгаа юм. Ц.Б нь одоо ч мал маллаж байгаа. Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд 1986 оны 7 сараас мал маллаж эхэлсээс хойш хувьчлал тарах хүртэл нэгдлийн мал маллаж, одоо хувиараа мал маллаж байгаа. Би 1976 оноос 1992 онд хувьчлал тарах хүртэл Өлзийт сумын 2-р таван жил нэгдлийн Буянт бригадад адуу маллаж малчнаар ажиллаж байсан. Өөр нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг /хэргийн 88-р хуудас / баримтууд болно.
Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Ц.Б нь 1986 оны 08 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д овогт Цгийн Б /ЗИ / нь 1986 оны 08 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.У