Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2026/0298

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

А.Нгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Адъяасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн өмгөөлөгч Б.Ж

Нэхэмжлэгч: А.Н

Хариуцагч: Төв аймгийн Аргалант сумын Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Аргалант сумын Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/14 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 25,078,435 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 123/ШШ2026/0022 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуруалдааны оролцогчид: Нэхэмжлэгч А.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б, хариуцагч Я.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр

Хэргийн индекс: 123/2025/0099/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А.Н нь Төв аймгийн Аргалант сумын Засаг даргад холбогдуулан “Төв аймгийн Аргалант сумын Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/14 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 25,078,435 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах”-аар маргасан байна.

2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 123/ШШ2026/0022 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дахь хэсгийн 7.1.2, 48 дугаар зүйлийн 48.1, 49 дүгээр зүйлийн 49.1, 62 дугаар зүйлийн 62.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч А.Нгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэллд нь хангаж шийдвэрлэжээ.

3. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Төв аймгийн Аргалант сумын Засаг дарга албаны эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн, хуульд нийцээгүй шийдвэр гаргасан гэх  үндэслэлээр Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан А.Нг  ажлаас нь чөлөөлсөн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй. Шүүхээс хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Гэрчүүдийн мэдүүлэг, хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг бүрэн дүүрэн шинжлээгүй гэж үзэж байна. Шүүх хуралдаанд гэрчүүд мэдүүлэг өгсөн. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээс хэрэг эцэслэн шийдвэрлэгдтэл төрийн албан хаагч нарт ямар нэгэн арга хэмжээ авч болохгүй гэдгийг тайлбарласан. Анх нэхэмжлэл гаргахдаа Тамгын газрын дарга үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Хуурамч мэдүүлэг өгсөн архив, бичиг хэргийн ажилтан өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариуцлага хүлээлгүй ажлаа хэвийн хийж байгаа” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч А.Н нь “Төв аймгийн Аргалант сумын Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/14 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 25,078,435 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Төв аймгийн Аргалант сумын Засаг даргад холбогдуулан гаргажээ.

3. Хариуцагч Төв аймгийн Аргалант сумын Засаг дарга 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар нэхэмжлэгч А.Нг  Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөхдөө 1. Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнд дур мэдэн өөрчлөлт оруулж, төрийн албан бланк, тамга тэмдгийг ашиглан нэг дугаар дээр хоёр өөр тушаал шийдвэр гаргасан, 2. Тамгын газрын санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн аудитаар сүүлийн хоёр жил дарааллан “Хязгаарлалттай” дүгнэлт авч, тайланд, итгэлийг алдсан буруутай үйлдэл удаа дараа гаргасан, 3. сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд үйлчлэх үндсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэл дурдсан байна.

4. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө”, 46.2.1-д “Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын, түүнчлэн аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших болсон”, 46.2.2-т “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн”, 46.2.3-д “төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн”, 46.2.4-т “өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан”, 46.2.5-д “хуульд заасан бусад үндэслэл” гэж, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална”, 47.1.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн”, 47.1.2-т “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон”, 47.1.3-д “Монгол Улсын харьяатаас гарсан”, 47.1.4-т “энэ хуульд заасан бусад үндэслэл” гэж тус тус заасан.

4.1. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөхөд өөрийнх нь гаргасан хүсэлт, эсхүл хуульд заасан бусад бодитой шалтгаан бий болсон нөхцөлд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохоор, харин төрийн албан хаагч албан үүргээ удаа дараа биелүүлээгүй болох нь тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн болохыг шүүхийн тогтоолоор тогтоож, хүчин төгөлдөр болсон зэрэг үндэслэлээр төрийн албанаас халахаар хуульчилсан байна.

4.2. Гэтэл хариуцагч Төв аймгийн Аргалант сумын Засаг дарга нь А.Нг Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3-д “хуульд нийцээгүй шийдвэр гаргах” гэж заасан хориглосон үйл ажиллагааг явуулсан зөрчил гаргасан гэж үзсэн ч Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлд зааснаар төрийн албанаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүйгээс гадна дээр дурдсан төрийн албанаас чөлөөлөх болон халах хангалттай үндэслэл нөхцөл байдал бий болоогүй байна.

5. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гээд 48.1.1-д “өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах”, 48.1.2-т “нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах”, 48.1.3-д “албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах”, 48.1.4-т “төрийн албанаас халах”, 48.1.5-д “төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах”, 48.1.6-д “хуульд заасан бусад” гэж тус тус заасан.

5.1. Төв аймгийн Аргалант сумын Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/14 дүгээр тушаалд дурдсан Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнд дур мэдэн өөрчлөлт оруулж, төрийн албан бланк, тамга тэмдгийг ашиглан нэг дугаар дээр хоёр өөр тушаал шийдвэр гаргасан гэх үндэслэлд гэрч Р.Алтанцэцэг “... хуучин зөвлөл гэж байсан. Ёс зүйн дэд хороо болгоорой гэснийг хуучин 2019 оны тушаалаас татаж авахдаа андуурч гаргасан... өмнөх тушаалыг хуулж бичихдээ анзааралгүй буруу гаргасан...” гэж, нэхэмжлэгч А.Н “...Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан хууль хэрэгжүүлэх үүргийн дагуу “Ёс зүйн зөвлөл байгуулах тухай” гэснийг “Ёс зүйн дэд хороо байгуулах тухай” гэж алдаатай гаргасныг зассан ... албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан өөрт давуу байдал олгосон зүйл огтоос байхгүй ...” гэсэн тайлбарууд болон хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд Ёс зүйн дэд хороо, Төв аймгийн Аргалант сумын Засаг даргын Тамгын газар болон гуравдагч этгээдэд хохирол, хор уршиг учруулсан, нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрэх ноцтой үр дагавар бий болгосон нөхцөл байдал байхгүй, ажлаас халах хэмжээний зөрчил гаргасан гэж үзэхээргүй байна.

5.2. Мөн Тамгын газрын санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн аудитаар сүүлийн хоёр жил дарааллан “Хязгаарлалттай” дүгнэлт авч, тайланд, итгэлийг алдсан буруутай үйлдэл удаа дараа гаргасан гэх үндэслэлийн тухайд Төрийн аудит нь төрийн санхүү, төсвийн хяналт буюу тухайн байгууллагын төрийн санхүү, төсөв, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ, эргэн төлөгдөх нөхцөлөөр ашиглуулах үйл ажиллагаа, хувьчлал, дуудлага худалдаа, техник, эдийн засгийн үндэслэл, хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаа, зээллэг, гадаад зээл, тусламж, хандив, санхүүгийн дэмжлэг, өрийн баталгаа, үнэт цаас, бүх төрлийн гэрээ, хэлцэл болон бусад аливаа үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэл, ашиглалт, зарцуулалт, хэрэгжилт, тайлагнал болон нийтийн өмчтэй холбоотой бүх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхийг ойлгох бөгөөд маргааны тухайд дан ганц Засаг даргын Тамгын газрын даргын үйл ажиллагаа гэж үзэж, түүнийг ажлаас халах хэмжээний зөрчилд хамаатуулах боломжгүй бөгөөд Төрийн аудитын газрын 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/68 дугаартай Хязгаарлалттай дүгнэлтэд нэхэмжлэгч А.Нд  хариуцлага хүлээлгэх талаар мөн дурдаагүй байна.

5.3. Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан этгээд, хүчин төгөлдөр болсон албан шаардлага, төлбөрийн актыг хугацаанд нь биелүүлээгүй, аудитын үйл ажиллагаанд саад учруулсан, санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт авсан, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн нь аудитаар илэрсэн бол тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно” гэж зааснаас үзвэл хязгаарлалттай дүгнэлтийг үндэслэн төрийн албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах талаар зохицуулаагүй байна.

5.4. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд үйлчлэх үндсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж хариуцагчаас маргах боловч энэ талаар хяналт шинжилгээ хийсэн, зөрчлийг олж тогтоохтой холбоотой ажиллагаа хийсэн болох нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, дээрх үндэслэлүүд нь А.Нг төрийн албанаас чөлөөлөх, халах хангалттай үндэслэл, шалтгаан болохгүй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэжээ.

6. Хариуцагчийн өмгөөлөгч нь давж заалдах гомдолдоо “...  нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн тушаалыг тушаал гарсан өдөр буюу 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсан байдаг. Тухайн үед тушаал дээр техникийн алдаа гарсаныг өөрөө олж илрүүлэн өөрийн гараар тайлбар бичсэн бөгөөд сумын Засаг даргын орлогч түр хүлээж байгаарай гэхэд хүлээлгүй орхиод явсан, алдааг тэр даруй засаад утас руу нь залгахад утсаа салгасан байсан тул фэйсбүүк чат рүү нь зураг илгээж мөн мессежээр илгээж мэдэгдсэн. Гэтэл нэхэмжлэгч нь тушаалыг эс зөвшөөрч гомдол гаргахдаа хуульд заасан 30 хоногийн хугацааг хэтрүүлсэн нь илэрхий байхад захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан” гэжээ.

6.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, 14.1.1-д “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” гэж, мөн Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3-д “Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж тус тус заасан.

6.2. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгч А.Н нь хөдөлмөрлөх, төрийн албан хаагчийн баталгаа эдлэхтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Төрийн албаны зөвлөлд гомдлоо гаргасан байх ба Төрийн албаны зөвлөлөөс 2025 оны 10 дугаар 10-ны өдрийн 04/2143 тоот албан бичгээр өгсөн хариуг хүлээн авснаас хойш 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хугацаанд багтаж байх тул энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

7. Харин, нэхэмжлэгч А.Нгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг түүнийг урьд эрхэлж байсан албан тушаалд ажиллуулж эхлэх хүртэл хугацаагаар тооцож олгохоор шийдвэрлэснийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулахаар өөрчилж олгох нь зүйтэй гэж үзэв.

7.1. Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж зааснаар хариуцагч нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй.

7.2. Харин шүүхийн шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 3-т шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг сануулсан заалт оруулсан нь илүүц байх тул шийдвэрт уг заалтыг хассан өөрчлөлт оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 123/ШШ2026/0022 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтын “урьд эрхэлж байсан албан тушаалд ажиллуулж эхлэх хүртэл хугацаагаар тооцон олгох” гэснийг “шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар тооцон олгох” гэж өөрчилж, 3 дахь заалтыг хасч, “4” гэснийг “3” гэж, “5” гэснийг “4” гэж тус тус дугаарлаж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

 

ШҮҮГЧ                                                                       Б.АДЪЯАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                      Д.БААТАРХҮҮ