Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 19

 

 

 

                 Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Нарийн бичгийн дарга: Ё.Мөнхгэрэл,

Улсын яллагч: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор П.Удвал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Лхагважав

Шүүгдэгч: П.Алгаа, П.Сүхбаатар, Г.Пүрэвсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2, 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шаавай овгийн Пүрэвийн Алгаа, Шаавай овгийн Пүрэвийн Сүхбаатар, Шаавай овогт Гэрэлээгийн Пүрэвсүрэн нарт холбогдох 201620000336 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

             Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Тобу төвийн үйлчилгээний ажилтан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаангом сумын 3 дугаар багийн задгайд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Увс аймгийн Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар шийтгүүлж байсан,  РД:ЮМ88081513, Шаавай овгийн Пүрэвийн Алгаа.

                  Шүүгдэгч: Монгол улсын иргэн 1991 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 11, аав, ээж дүү нарын хамт Тариалан сумын Хөхөө баг 3-3 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, шийтгэлгүй. РД:ОМ91103018, Шаавай овгийн Пүрэвийн Сүхбаатар.

 

                 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, аав, ээж, ах, дүү нарын хамт Тариалан сумын Хөхөө баг, 1-27 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, Увс аймгийн Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар шийтгүүлж байсан, РД:ОМ89120778, Шаавай овгийн Гэрэлийн Пүрэвсүрэн.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч П.Алгаа, Г.Пүрэвсүрэн, П.Сүхбаатар нар нь бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Хяргас нуур нэртэй зочид буудалд иргэн О.Зулааг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан, мөн шүүгдэгч Г.Пүрэвсүрэн, П.Сүхбаатар нар нь бүлэглэн иргэн О.Тэгшбүрэнг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

          1. Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалт явуулах тогтоол /хх-ийн 1 тал/,

          2. Хохирогч О.Зулаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний бие Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг. Увс аймагт 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ирсэн. Харин би төрсөн ах Тэгшбүрэний хамт 12-р сарын 05-нд Хяргас нуур буудал орсон ба тэнд 0.75 литрийн нэг шил архи хувааж уусан. Буудлын нэг өрөө авчихсан байсан. Маргааш нь хөдөө явах байсан. Гэтэл тэр өдөр Тариалан сумын харьяат П.Сүхбаатар, П.Алгаа, Г.Пүрэвсүрэн нарт зодуулсан. Буудлын өрөөнөөс гарч бие засах гэтэл коридорт П.Алгаатай таарсан П.Алагаатай мэнд мэдэж, өрөө рүүгээ орсоных нь дараа би өрөө рүүгээ орох гэж байтал тэрний дүү П.Сүхбаатар гарч ирсэн. Урд нь П.Сүхбаатар намайг Тариалан суманд очиход 2 удаа зодсон. Тухайн үед нь би түүнтэй шүүх, цагдаа гэж маргаан үүсгэж яваагүй ба энэ талаар хэлж чамтай дараа нь уулзаатай гэж хэлснээс болж бид нарын хооронд маргаан үүссэн. П.Сүхбаатар нь намайг Тариалан суманд байхад гадных гэж гадуурхан 2014 онд нэг удаа цохиж байсан. Түүнээс өмнө 2010 онд бас нэг удаа намайг зодож байсан учраас би тэр талаар хэлсэн юм. Тэгээд бид хоёр маргаж байтал манай ах О.Тэгшбүрэн өрөөнөөс гарч ирсэн. Тухайн үед би архи уучихсан халамцуу байснаа хүлээн зөвшөөрч байна. Харин болсон зүйлийг санахгүй болтол согтоогүй байсан. Тэгээд бид нарын хооронд хэсэг маргаан болсон ба П.Алгаатай хамт явж байсан 1 эмэгтэй гарч ирсэн. Араас нь буудлын үйлчлэгч бас гарч ирсэн. Дахиад П.Сүхбаатартай хамт явсан ах нь болон түүний найз гарч ирсэн нийт тэнд 7 нь хүн байсан. Маргааныг манай ах О.Тэгшбүрэн зохицуулах гэсэн боловч болоогүй. Тэр өдөр О.Тэгшбүрэн ах ямарч асуудал гаргаагүй. Би П.Алгаа, П.Сүхбаатар хоёртой маргалдаж байхад Г.Пүрэвсүрэн нь өрөөнөөсөө гарч ирсэн. Гэтэл П.Алгаа, Г.Пүрэвсүрэн, П.Сүхбаатар нар намайг гараад ир гээд байсан ба тухайн үед анзаарч хараагүй байтал нэг мэдэхэд О.Тэгшбүрэн ахыг тэр гурвын нэг нь унатал цохисон. Тэгэхээр нь би нөгөө гурав руу дайрахад тэд нарын зарим нь намайг өшиглөж зарим нь гараараа цохиж бүгд зодсон. Би доошоо тонгойгоод нүүрээ дарах үед тэр гурвын хэн нь мэдэхгүй нэг нь эрүүнд өшиглөж би орилсон. Тэгээд босоод ирэхэд коридороос гаргаж, жижиг өрөөнд оруулан П.Сүхбаатар, П.Алгаа хоёр бас өшиглөж гараараа цохисон. Харин Г.Пүрэвсүрэн нь коридорт байсан. Тухайн үед хамар болон амнаас цус гарч байсан. О.Тэгшбүрэн ахын уруул бас сэтэрсэн харагдаж байсан. Зодуулж байхдаа нөгөө гурвын өмнөөс цохисон байхыг үгүйсгэхгүй. Миний эрүү хугарсан байсан. Хот руу очиж хадуулах шаардлагатай гэсэн... надад эмчилгээний зардал болон Увс аймгаас Улаанбаатар хот руу явах онгоцны зардал гээд нийт 640000 төгрөгний хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул надад цаашид нэхэмжлэх зүйл байхгүй. Ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал /,

           3. Хохирогч О.Тэгшбүрэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2016 оны 12 дугаар сарын 05-ны шөнө буудалд дүүтэйгээ хамт хонож байгаад нэг шил архи уусан. Манай дүү бие засах гэж гарчихаад гадна нэг хүнтэй маргаад байсан. Тэгээд би өрөөнөөс гарч ирсэн. Гэтэл нэг залуутай маргаж байхаар нь салгаж өрөөнд оруултал манай дүүтэй маргаж байсан залуугийн ах гэсэн П.Алгаа гэдэг залуу гарч ирж манай өрөөнд орж О.Зулаатай маргалдаж тэр хоёр өрөөнөөс барьцалдчихсан гарч ирсэн. Бас л арай гэж салгасан. Харин маргаан даамжирч бид нар нэг нэгнийгээ түлхэж байтал П.Алгаагийн найз гэсэн залуу бас гарч ирж тэд нар гурвуулаа болж хэсэг маргалдаж байтал манай дүүтэй анх маргасан куртиктай залуу намайг цохиж унагаасан. Би түүнийг салахгүй маргаад байхаар нь хойш нь ханаруу түлхсэн. Гэтэл тэр намайг гараараа цохиж унагаасан тэрнээс үргэлжилж зодоон болсон ба нөгөө гурван залуу манай дүүг зодож манай дүү ч бас тэд нарыг бас 1-2 удаа цохиж харин надруу жижиг биетэй Г.Пүрэвсүрэн гэдэг залуу, мөн эхэлж манай дүүтэй маргасан П.Сүхбаатар гэдэг хоёр залуу надруу дайрч зодсон. Харин П.Алгаа гэдэг нь надруу дайрч намайг цохиогүй. Бид нарын хажууд 2 эмэгтэй байсан. Зодооны асуудлыг тэр хоёр эмэгтэй сайн харсан байх. Би цохиулснаас болж миний уруул сэтэрч, 3 оёдол тавиулсан. Манай дүүд бас гэмтэл учирсан байсан. Зодоон болж байх үед би дүүгээ салгаж авах өөр арга олдохгүй болохоор нь нөгөө өрөөнөөс  нэг гутал олж ирж нөгөөдүүлийг цохих гэтэл жижиг биетэй залуу нь намайг араас татаж харин П.Сүхбаатар гэдэг нь намайг гараараа цохисон. Зодоон болох шалтгаан манай дүүгээс үүдэлтэй юм шиг байна лээ.  Яг юунаас болж ямар шалтггаанаар маргасныг мэдэхгүй. Одоо миний биеийн байдал сайн байгаа. .. цаашид ямар нэгэн нэхэмжлэх зүйл, санал хүсэлт гомдол байхгүй. Шүүх хуралд оролцох боломж байхгүй, би өөрөө Улаанбаатар хотож ажиллаж амьдардаг учир ирэх боломжгүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 21-р тал /,

 

4. Гэрч Б.Бизъяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“ 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр буудлын 5 дугаарын өрөөнд Н.Мөнгөнтогос нь Ж.Навчаа гэдэг найз эмэгтэйтэй мөн хажуудаа танихгүй 2 залуугийн хамт орж ирсэн, гаднаас ирэхдээ бүгдээрээ бага зэрэг архи уучихсан орж ирсэн манай буудалд нэг шил 0,75 литрийн Улаанбаатар нэртэй архи авч ирсэн ба нэгнийх нь төрсөн өдөр болж байна уучихаад гармаар байна гэхээр нь 5 дугаарын өрөө гаргаж өгсөн. Дараа нь өөр бас 2 залуу ирж 5 дугаарын өрөөнд орсон. Түүнээс гадна манай буудлын 6 дугаарын өрөөнд өөр бас 2 эрэгтэй байсан ба шөнийн 03 цагийн үед гадна үүдний коридорт хүмүүс хэрэлдэж шуугиан гараад байхаар нь би өрөөнөөсөө гараад иртэл 6 дугаарын өрөөнд байсан 2 залуу 5 дугаарын өрөөнд байсан нэг залуутай хэрэлдэж байсан. Хажууд нь Ж.Навчаа гэдэг эмэгтэй байсан харин Н.Мөнгөнтогос нь хажуудаа нэг залуутай 5 дугаарын өрөөнд унтаж байсан. Зодоон болж байхад тэр хоёр огт сэрээгүй. Харин ямар шалтгааны улмаас хоорондоо маргалдсаныг би мэдээгүй. Тэд нар хоорондоо нэгнийгээ түлхэлцээд учраа олохгүй маргалдаад байхаар нь цагдаа дуудна гэхэд бид нар учраа олно та дуудаж хэрэггүй гэхээр нь хэсэг хараад зогсож байтал гэнэт зодолдоод эхэлсэн. Зургаа дугаарын өрөөнөөс гарч ирсэн залуу хамт байсан залуугаа салгах гээд болохгүй болохоор өөрөө хувцасаа тайлаад зодолдоод эхэлсэн. 6 дугаарын өрөөнд байсан эхэлж хувцасаа тайлсан залууг 5 дугаарын өрөөнд байсан 2 залуу зодож тэр урдаас нь харилцан адил цохиж би тэд нарт түлхэгдэж цаад коридорлуу ороход 5 номерын өрөөнд байсан 3 залуу дахиад 6 номерын өрөөний эхэлж маргаан үүсгэсэн гээд байгаа нэг залууг зодож учир нь олдохгүй зодоон болсон. Харин зодоон болсны дараа хувцасаа тайлсан залуугийн хамар болон амны сүвээс цус гарч байгаа харагдсан. Гэтэл манай буудлын захирлын залуу Батнаа орж ирж тэд нарыг салгаж тэгээд цагдаад дуудлага өгч тэд нарыг явуулсан. Сүүлд сонсоход нэг нутгийн залуус гэж сонссон” гэх мэдүүлэг, /хх-ийн 23-р тал /,

              5. Гэрч С.Ганбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“Би тэр өдөр гэрээсээ 12 цагийн үед гарч зах орох үед П.Алгаа над руу ярьсан. Тэр ярихдаа нэг газар орж ууж суумаар байна гэхээр нь би за гэчихээд оройхон уулзсан. Соёмбо кароакед байсан ба намайг очиход тэр ганцаараа байсан. Дараа нь түүний найз гэсэн 2 эмэгтэй ирсэн. Тэнд 1 шил архи хүн бүр 2 пиво ууж тэндээс Тобу төв рүү орж бас нэг шил архи уусан ба нэг ухаан орох үед Хяргас нуур зочид буудлын 05 номерийн өрөөнд байсан. Тухайн үед П.Алгаа, П.Сүхбаатар хоёр орж байгаа харагдсан ба тэрнээс хойш юу болсоныг мэдэхгүй өглөө сэрэхэд буудлын өрөөнд унтаж байсан. Надтай хамт Н.Мөнгөнтогос гэдэг эмэгтэй хамт хоносон байсан. Харин сүүлд сонсоход тэр шөнө хажуугийн өрөөнд байсан 2 залуутай П.Алгаа, Г.Пүрэвсүрэн, П.Сүхбаатар нар зодолдсон байсан. Зодоон ямар шалтгааны улмаас үүссэн, хэн хэн нь ямар байдлаар нэгнийгээ зодож гэмтэл учруулсан зэргийг би мэдэхгүй байна. Тэд ямархуу хэмжээний согтолттой байсныг би мэдэхгүй. Миний хувьд их согтсон байсан учраас болсон асуудлын талаар огт санахгүй байна. Би П.Сүхбаатарын талаар сайн мэдэхгүй. Миний найз П.Алгаагийн төрсөн дүү гэдгээр нь таньдаг. Харин миний найз П.Алгаа, ач дүү Г.Пүрэвсүрэн бид нар нэг үеийн бөгөөд нэг дор өсөж хүмүүжсэн учраас тэр хоёрын зан чанарын талаар сайн мэднэ. Тэр хоёр аль аль нь зан, чанарын хувьд эелдэг боловсон харьцдаг, үг дуу цөөтэй, хамт олон найз нөхөддөө нэр хүндтэй, онгироо сагсуу зан чанар байхгүй, даруу төлөв, хүнд тусархуу, хүмүүжлийн гаж буруу зуршилгүй, этгээд үг хэллэг хэлдэггүй, ажилсаг, тусархаг, гэр бүлдээ тагүй уур амьсгал төрүүлээд байдаггүй, хэрүүл маргаан үүсгэж байгаагүй, хүн чанар сайтай, хүний үгээр хүн ямарваа нэгэн зүйл гуйхаар үгүй гэж хэлдэггүй, болж бүтэхээрээ хүнд тусалж явахыг хичээдэг залуучууд юм” гэх мэдүүлэг, /хх-ийн 25-26-р тал /,     

                 6. Гэрч Э.Гантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Нөхөр бид хоёр 2014 онд гэр бүл болсон. Одоо бид хоёр 2 хүүхэдтэй. Манайх ахуй амьдралын хувьд тааруухан. Би хувийн компанид үйлчлэгчээр ажилладаг. Өрхийн орлого багатай хөрөнгө гэх зүйл байдаггүй болохоор сургуулийн манаачаар манай нөхөр саяхан ажилд орсон. Манай хоёр хүүхэд 3 болон 4 настай. Миний нөхөр зан чанарын хувьд даруухан. Хүнд юм хэлээд байдаггүй, мөрөөрөө, өөрийн гэсэн ухамсартай, суурь хүмүүжил сайтай, тусархаг, гэр бүлдээ халамжтай, ажилсаг сайн хүн юм. Яахав хаяа архи уудаг боловч найз нөхөдийн хэмжээнд тохируулаад хэрэглэдэг. Харин 12 сарын 05-нд дүүг нь хүн цохисноос болж хүнтэй маргалдлаа гэсэн. Уг нь манай нөхөр өөрөө эхэлж хүнд юм хэлж агсарч, хэрүүл маргаан үүсгэх хүн биш. Тэр хувиараа хөдөлмөр хийж хүнд тус хүргэж өөрийгөө зөв аваад явдаг сайн хүн байгаа юм” гэх мэдүүлэг, /хх-ийн 27-р тал /,

              7. Гэрч Ш.Алтансүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “П.Сүхбаатар бид 2 ерөнхий боловсролын сургуулийн нэг ангид 10 жил хамт сурсан. Манай найз П.Сүхбаатар хүүхэд байхаасаа их төлөв зантай, үг дуу цөөтэй хүүхэд байсан. Бага байхын суурь хүмүүжил сайтай найз нөхөддөө бөгөөд нийгмийн ажилд идэвхи санаачлагатай оролцдог хүнтэй маргаж, хэрэлдээд байдаггүй хичээлдээ жигд сайн суурь сайтай хүүхэд байсан. Багш нар түүний талаар сайн хэлдэг байсан. П.Сүхбаатар нь гадуур дотуур явж байгаагүй аав, ээжийнхээ үгнээс зөрөөд байдаггүй, хүмүүжил сайтай, архи, тамхи хэрэглэж байгаагүй муу зуршилгүй сайн залуу байгаа юм” гэх мэдүүлэг, /хх-ийн 28-р тал /,

              8. Гэрч Т.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай найз Г.Пүрэвсүрэн нь зан чанарын хувьд их даруу төлөв зантай, үг дуу цөөтэй, хүнтэй эвсэг харьцдаг, зан харьцаа сайтай, хөдөлмөрч, бусадтай хэрэлдэж маргадаггүй, юмны учирыг сайн олдог, ер нь их сайхан залуу байгаа юм. Бага байхын суурь хүмүүжил сайтай, аав, ээжийнхээ үгнээс гарч байгаагүй, хувийн байгуулалт сайтай, соёлтой, биеэ зөв авч явдаг, нямбай, ажилсаг залуу. Харин хүн өөрийг оролдож янз бүр болоод байвал урдаас нь хөдөлдөг түүнээс зүгээр байхад даруухан зан чанартай залуу байгаа юм. Түүний ахуй амьдрал тааруухан. Суманд хувиараа хөдөлмөр хийж хүнд тус нэмэр хийж явдаг залуу байгаа юм” гэх мэдүүлэг, /хх-ийн 29-р тал /,

                9. Гэрч Ж.Навчаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би тэр өдөр Н.Мөнгөнтогостой хамт явж байтал хуучны танил Соёмбо караокед байна хүрээд ир гэхээр нь бид 2 явж очсон. П.Алгаа нь хажуудаа нэг найзтайгаа хамт байсан. Тэнд бид нар 0,5 летрийн нэг шил архи хувааж тэндээс Тобу төв орж тэнд бас 0,5 летрийн нэг шил архи хувааж уусан. Тобу төвөөс гарахдаа дахиад нэг шил архи авч Хяргас нуур зочид буудлын 05 номерийн өрөөнд орсон. Бид нарыг буудалд байхад гаднаас танихгүй 2 залуу ирсэн ба тэд нартай танилцахад П.Сүхбаатар, Г.Пүрэвсүрэн гэж өөрсдийгөө танилцуулсан. П.Алгаагийн найзууд гэсэн. Тэгээд хэсэг сууж байснаа би П.Сүхбаатартай гадагш гарч байтал үүдний коридорт нэг залуу гаднаас орж байгаад таарчихаад П.Сүхбаатарыг чи их том болжээ урд нь чи яалаа гэлээ нэг юм хэлээд түүнийг нэг удаа гараараа цохиод авсан. Түүнээс болж маргаан үүссэн ба учраа олохгүй байтал 6 номерын өрөөнд байсан нэг залуу нь ирээд П.Сүхбаатартай эхэлж маргасан залууг салгаж авч өрөөндөө орох гэтэл тэр үгэнд орохгүй хэсэг маргаж байгаад өрөөрүүгээ орсон. Гэтэл бид нарын байсан өрөөнөөс П.Алгаа гарч ирээд 6 номерын өрөөрүү ортол тэнд байсан залуу П.Алгааг үсдчихсэн гарч ирсэн ба хэн нь билээ нэг нь салгасан. Гэтэл дахиад тэд нар нэгэн рүүгээ дайрч давшилж байгаад хоорондоо зодолдоод эхэлсэн. Зургаа дугаарын өрөөнд байсан анх маргаан үүсгэсэн залуугийн ах гэсэн залуу /О.Тэгшбүрэн/ эхлээд П.Сүхбаатарыг цохих шиг болж тэгээд тэр хариу нөгөө залууг цохиж унаган зодоон болсон. Зургаа дугаарын өрөөнд байсан О.Тэгшбүрэнг эхлээд П.Сүхбаатар, Г.Пүрэвсүрэн нар зодож цааш коридорлуу ороход ард нь О.Зулаатай П.Алагаа зууралдаад үлдсэн. Гэтэл П.Сүхбаатар, Г.Пүрэвсүрэн хоёр ирж П.Алгаа тэр гурав О.Зулааг зодсон. Харин зодуулж байсан О.Зулаагийн ах гэсэн залууг сүүлд гартаа нэг юм барьчихсан гарч ирсэн ба түүнийг П.Сүхбаатар, Г.Пүрэвсүрэн хоёр бас зодсон. Тухайн үед яг юу гэж хэлж хоорондоо маргаад байсныг санахгүй байна. Ямар ч байсан согтуу хүмүүс бие биеэ ойлгохгүйгээс үүссэн зодоон болсон. Зургаа дугаарын өрөөнд байсан 2 залуу тухайн үед нилээн зодуулсан. Эхлэж маргасан залуу газарт уначихсан байхад /О.Зулаа/ түүнийг тал талаас нь өшиглөж, цохиод байсан. Харин хэн хэн нь түүний биеийн аль хэсэгт хэдэн удаа яаж цохиж, зодож байгааг одоо тодорхой хэлж чадахгүй байна. Зодуулсан залуугийн хамар болон амнаас мөн түүний ахын амнаас цус гарч байгаа харагдсан. Харин П.Сүхбаатар, Г.Пүрэвсүрэн, П.Алгаа нар зодуулж биед нь гэмтэл учирсан байгаагүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 30-р тал /,

             10. Гэрч Н.Мөнгөнтогосын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тэр өдөр би найз Ж.Навчаатай явж байгаад П.Алгаа гэдэг залуу дуудаж тэнд 0,5 летрийн нэг шил архи ууж тэндээс гарч Тобу төв орж бас нэг 0,5 летрийн нэг шил архи ууж тэндээс Хяргас нуур буудал орж архи ууж байгаад тасарсан байсан. Тэгээд орсон өрөөндөө унтчихсан байсан. Гэтэл өглөө нэг цагдаа ирсэнээр сэрсэн. Шөнө нь тэнд байсан залуучууд хоорондоо зодолдсон гэсэн. Юу болсон талаар би мэдэхгүй байна. Ирсэн залуучуудаас зөвхөн П.Алгааг таньдаг. Ж.Навчаагаар дамжуулж танилцсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 31-р тал /,

                11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ¹658 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч О.Зулаагийн биед гэмтэл учирсан байна. Эрүүний ясны хугарал, доод уруулын салстад шарх, үүдэн доод гуравдугаар шүдний сулрал, духанд цус хуралт, баруун бугалганд зулгаралт, баруун шанаанд зөөлөн эдийн гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох заавар журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт удаан хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 33-р тал /,

              12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ¹02 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч О.Тэгшбүрэнгийн биед гэмтэл учирсан байна. Дээд уруулд язарсан шарх гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 39-р тал /,

              13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ¹655 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч П.Алгаагийн биед гэмтэл учирсан байна. Баруун гарын тохойны орчимд зулгаралт, зүүн хацарт эмзэглэлтэй зөөлөн эдийн гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын -2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт төдийлөн нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 45-р тал /,

              14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ¹656 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч П.Сүхбаатарын биед гэмтэл учирсан байна. Дээд уруулын гадна талд зулгаралт, дотор талын салстад улайлт, зөөлөн эдийн гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын -2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт төдийлөн нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 50-р тал /,

         15. Увс аймаг Улаангом сумын 12 дугаар багийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №1230 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 81-82-р тал/,

        16. Шүүгдэгч П.Сүхбаатарын өмнө ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84-85-р тал/,

        17. Увс аймаг Улаангом сумын 12 дугаар багийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №1228 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 86-87-р тал/,

        18. Шүүгдэгч П.Алгааг өмнө ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89-90-р тал/,

        19. Увс аймаг Улаангом сумын 12 дугаар багийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №1229 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 91-91-р тал/,

        20. Шүүгдэгч Г.Пүрэвсүрэнг өмнө ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 94-95-р тал/,

        21. Шүүгдэгч П.Алгаа, Г.Пүрэвсүрэн нарын хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 96-104-р тал/,

        22. Хохирогч О.Зулаагийн шүүгдэгч П.Алгаа, Г.Пүрэвсүрэн, П.Сүхбаатар нарт гомдол тэмцэлгүй болно гэсэн баримт /хх-ийн 108-109-р тал/,

          23. Шүүгдэгч П.Алгаагийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд мэдүүлсэн: “Би өдөр гэрээсээ 17 цагийн үед гарсан. Гэрээсээ гараад явж байгаад хуучны танил Ж.Навчаа, Н.Мөнгөнтогос хоёртой таарч Соёмбо караоке орж тэнд С.Ганбатыг дуудаж бид нар хүн бүр 0,5 летрийн 2 пиво 0,5 летрийн 1 шил архийг хувааж уусан. Тэндээс гарч Тобу төв орж 0,5 летрийн нэг шил архи хувааж уусан ба тухайн үед С.Ганбат нэлээн согтсон учир бүгдээрээ Хяргас нуур буудалд очсон. Хяргас нуур буудлын 05 номерийн өрөөнд 0,5 летрийн нэг шил архи уусан ба тэр үед манай дүү П.Сүхбаатар найз Г.Пүрэвсүрэнтэй хамт ирсэн. Над руу ярихаар нь тэнд байна хүрээд ир гэсэн юм би. Тэгээд тэнд байж байгаад Н.Мөнгөнтогос, С.Ганбат хоёр нилээн согтсон учир унтахаар хэвтсэн ба харин манай дүү П.Сүхбаатар нь Ж.Навчаа гэдэг эмэгтэй өрөөнөөс гарч удалгүй коридорт хүнтэй маргаад байх шиг байхаар нь би өрөөнөөс гартал миний таньдаг О.Зулаатай П.Сүхбаатар нь маргаж байсан. Харин юу болсон талаар асуухад манай дүү П.Сүхбаатарыг О.Зулаа нь хажуугаар нь зүгээр өнгөрөх үед О.Зулаа түүнийг цохисон гэж Ж.Навчаа хэлсэн. Тэр үед О.Зулаа, О.Тэгшбүрэн хоёрын өрөөнд орж юу болсон талаар асуухад О.Зулаа нь чамд хамаагүй, чамайг бас ална шүү гээд над руу дайрч намайг үсдэж бид хоёр зууралдаж тэдний өрөөнөөс гартал О.Тэгшбүрэн, П.Сүхбаатар нар салгасан. Гэтэл надтай хамт явсан манай найз Г.Пүрэвсүрэн өрөөнөөс гарч ирж тухайн үед бид нар учираа олохгүй нэгнийгээ түлхэж маргаж байтал О.Зулаа нь агсараад манай дүү П.Сүхбаатарыг зодно гээд дайраад байсан. Тухайн үед яг юу хэлж байсныг одоо санахгүй байна. О.Тэгшбүрэн бид нарыг салгах гээд мөн хажууд байсан 2 эмэгтэй бас бид нарыг боль гэж хэлж байсан. 2 эмэгтэйгийн нэг нь буудлын үйлчилэгч эмэгтэй байсан. Гэтэл эхлээд О.Тэгшбүрэн нь миний дүү П.Сүхбаатарыг ханаруу шахаж нэг удаа цохиход О.Тэгшбүрэнг П.Сүхбаатар хариу цохиж унгасан. Тэр үед О.Тэгшбүрэнрүү Г.Пүрэвсүрэн, П.Сүхбаатар хоёр дайрч ганц, хоёр удаа цохиж тэр цаад өрөө рүү орох үед бид гурав О.Зулааг зодсон. Хүн болгон гараараа 1-2 удаа цохисон. Гэтэл О.Тэгшбүрэн цаад өрөөнөөс нэг гутал авч гарч ирээд бид нарыг цохих гэтэл Г.Пүрэвсүрэн нь түүнийг араас нь татаж тэр үед манай дүү П.Сүхбаатар нь түүнийг нэг удаа гараараа цохиж байгаа харагдсан. Миний санаж байгаа зүйл ердөө энэ. Бид нар бүгдээрээ согтуу байсан учраас харилцан зодолдсон. О.Зулаа бас бид нарыг 1-2 удаа гараараа цохисон боловч бид нарт гэмтэл учраагүй. Зодоон болох үед би О.Зулааг толгойн тус газарт гараараа цохиж мөн Г.Пүрэвсүрэн, П.Сүхбаатар нар бас цохисон. Харин өшиглөсөн эсэхийг мэдэхгүй. Миний хувьд дүүгээ өмөөрч арга олдохгүй бүгд согтуу байсан учраас нэгнийхээ учрыг олохгүй, үгийг сонсохгүй байснаас зодоон үүссэн. Хэн хэнийгээ хаан нь яаж цохиж, зодсоныг би тодорхой хэлж мэдэхгүй байна. Гэхдээ О.Тэгшбүрэнд гар хүрээгүй. Уг нь О.Зулаа, О.Тэгшбүрэн нарыг танина. Хяргас нуур буудалд зодоон болохоос өмнө таарсан. Бид нарын байсан өрөөний хажуугийн өрөөнд байсан юм. Урьд нь манай дүү П.Сүхбаатар нь О.Зулаатай ямар асуудалтай байсан эсэхийг мэдэхгүй. Миний хувьд О.Тэгшбүрэн, О.Зулаа нартай ямар нэгэн хувийн маргаан асуудал байхгүй. Маргах шалтгаан ч байхгүй. Гэхдээ би өөрийнхөө үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгож байна. Харин гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Миний зүгээс О.Зулаа, О.Тэгшбүрэн нарт гомдох зүйл байхгүй” /хх-ийн 67-68-р тал/,

26. Шүүгдэгч П.Сүхбаатарын мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд мэдүүлсэн: “2016 оны 12-р сарын 05-нд манай ах найз Г.Пүрэвсүрэн бид хоёр Хяргас нуур зочид буудалд очсон. Манай ах тэнд байсан. Уг нь би тэр буудалд очих шаардлага байгаагүй. Өдөр нь ахын найз Г.Пүрэвсүрэн бид хоёр 0,5 летрийн Улаанбаатар нэртэй нэг шил архи уусан. Гэхдээ би өөрийгөө хариуцах чадваргүй болтлоо согтсон байгаагүй. Тэгээд хамт байж байтал манай төрсөн ах П.Алгаа Хяргас нуур зочид буудалд байна хүрээд ир гэхээр нь очсон. П.Алгаа ах 0,5 номерийн өрөөнд байсан. Хажууд нь нэг эмэгтэй, эрэгтэй хоёр унтаж байсан. Харин сэрүүн байсан Ж.Навчаа гэдэг эмэгтэй нь намайг хүргээд өг гэхээр нь би түүнийг хүргэж өгөх гээд хамт гарч байтал миний хуучны танил О.Зулаа нь надтай таараад араас дуудаж чи муу их том болжээ, яагаад надтай уулздаггүй юм гээд шууд цохиод авсан. Тэгээд маргаан үүссэн. Намайг нэг хүнтэй андуурсан юм болов уу гэж бодсон. Гэтэл 6 номерийн өрөөнөөс нэг залуу гарч ирээд бид хоёрыг салгасан ба О.Зулаа нь над руу агсарч байгаад өрөөрүүгээ орсон. Түүнтэй хамт байсан залуу О.Зулаагийн төрсөн ах гэсэн. Урд нь түүнийг харж байснаас нэр хэлж мэдэхгүй. Тухайн үед О.Зулаа нь өрөөрүүгээ орох үед манай ах П.Алгаа гарч ирээд юу болоод байгаа талаар асуухад болсон асуудлыг хэлхэд П.Алгаа ах О.Зулаагийн өрөөнд ортол тэр шууд ахтай хэрэлдэж, тэгээд цохиж тэр хоёр зууралдчихсан О.Зулаа нь П.Алгааг үсдээд  авчихсан байсан ба өрөөнөөс тэр хоёрыг гаргаж салгасан. Гэтэл О.Зулаа дахиад  бид нарлуу агсарч салахгүй давшилаад, хуруугаараа чичилж юм хэлээд байсан. Юу хэлсэн гэдгийг би сайн санахгүй байна. Гэтэл ахын найз Г.Пүрэвсүрэн байсан өрөөнөөс гарч ирсэн. Маргаан зочид буудлын үүдний өрөөнд болсон. Бид нарын хажууд Ж.Навчаа гэдэг эмэгтэй, буудлын үйлчлэгч эмэгтэй хамт байсан. Харин бид нар учраа олохгүй хоорондоо маргалдаж, түлхэлцэж байтал О.Зулаагийн ах гэсэн залуу намайг цохихоор нь би түүнийг удаа цохиж унгасан. Ингээд зодоон үүсэж Г.Пүрэвсүрэн бид хоёр О.Тэгшбүрэнг зодсон. Гараараа 1-2 удаа цохисон ба тэр хооронд  О.Тэгшбүрэн нь өөр өрөөрүү орсон ба харин түүний ард О.Зулааг Г.Пүрэвсүрэн, П.Алгаа бид 3 зодсон. О.Зулаагийн хаан нь хэдэн удаа яаж цохисон гэдгээ одоо санахгүй байна. Ямарч байсан түүнийг би гараараа 1-2 удаа цохисон. Харин өшиглөсөн эсэхийг мэдэхгүй байна. Гэтэл О.Тэгшбүрэн нь нөгөө өрөөнөөс гартаа нэг юм барьчихсан гарч ирж намайг цохихоор нь Г.Пүрэвсүрэн түүнийг араас нь салгаж тэр үед би түүнийг нэг удаа цохисон. Тухайн үед бид нар бүгд архи уучихсан байсан учраас нэгнийхээ үгийг сөрж хэлсэн үгийг нь сонсохгүй маргаан даажирсанаас болж зодоон үүссэн. Зодооны үед О.Зулаа нь намайг цохисон боловч надад гэмтэл учраагүй. Миний хувьд ямар нэгэн гомдол, санал хүсэлт байхгүй. Харин би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан” /хх-ийн 72-73-р тал/,

           24. Шүүгдэгч П.Сүхбаатарын мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд мэдүүлсэн: “ Би тэр өдөр Баттулга гэдэг хүргэн ахындаа байтал П.Сүхбаатар ирсэн. Тэгээд бид хоёр манай хүргэн ахынд 0,5 летрийн нэг шил архи уусан. Гэтэл манай найз П.Алгаа над руу утсаар ярьж Хяргас нуур зочид буудалд хүрээд ир гэхээр нь бид 2 хамт очсон. Зочид буудалд 19 цагийн үед очсон. Намайг дуудсан П.Алгаа нь тэнд С.Ганбат, Ж.Навчаа, Н.Мөнгөнтогос нартай 05 номерийн өрөөнд байсан. Тэнд бид нар 0,5 летрийн Улаанбаатар нэртэй архи уусан ба Н.Мөнгөнтогос, С.Ганбат хоёр унтчихсан. Тухайн үед би халамцуу байсан. Бид нар бүгдээрээ халамцуу байсан. Гэтэл Ж.Навчаа, П.Сүхбаатар хоёр өрөөнөөс гарсан. П.Сүхбаатар нь тамхи татах гэж гарсан ба үүдний өрөөнд хүмүүс хоорондоо маргаад байх шиг байсан ба араас нь П.Алгаа гарсан. Харин үүдний коридорт чимээ гараад хүмүүс чанга дуугараад янз бүр болоод байхаар нь би гарсан. Намайг коридорт гарч иртэл О.Зулаа гэдэг залуу П.Алгааг үснээс нь зуурчихсан байсан ба  тэр хоёрыг саогахад О.Зулаагийн ах О.Тэгшбүрэн нь бид нарыг зүгээр байгаарай гээд мөн О.Зулаа П.Сүхбаатар луу агсарч гараараа чичлээд байсан. Яг ямар утгатай үг хэлж чичлээд байсныг одоо санахгүй байна. П.Сүхбаатар, О.Зулаа хоёр хувцасаа тайлж гарч зодолдох юм яриад байсан. П.Сүхбаатар хэлэхдээ эхлээд О.Зулаа нь түүнийг цохисон гэж хэлсэн. Буудлын үүдний коридорт буудлын жижүүр болон Ж.Навчаа мөн О.Зулаа түүний ах О.Тэгшбүрэн , П.Сүхбаатар, П.Алгаа болон миний бие гээд 7 хүн байсан. Тэгээд бид нар учраа олж чадахгүй маргаж байтал О.Тэгшбүрэн нь намайг буланд шахаж миний хоолой боосон. Дахиад П.Сүхбаатарыг буланд шахаад нэг удаа цохиход нь П.Сүхбаатар түүнийг цохиж унагаж би бас 1-2 удаа түүнийг цохисон. Улмаар зодоон эхлэж дахиад П.Алгаа, П.Сүхбаатар бид 3 О.Зулааг зодож хүн бүр 1-2 удаа цохиж тэр бас бид нарыг гараараа 1-2 удаа цохиж хоорондоо зодолдсон. Гэтэл О.Тэгшбүрэн цаад өрөөнөөс гутал барьчихсан гарч ирж П.Сүхбаатарыг цохих гэтэл би түүнийг араас нь татаж бооход тэр бас намайг буланд шахаж боосон. Тухайн зодооны улмаас П.Алгаа, П.Сүхбаатар бид нарт гэмтэл учраагүй. Харин О.Зулаа, О.Тэгшбүрэн нарт гэмтэл учирсан. Миний хувьд хамт явсан П.Сүхбаатарыг өмөөрч О.Зулаа, О.Тэгшбүрэн нарыг зодсон. Гэхдээ бид нар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Иймд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэгэн гомдол, санал хүсэлт байхгүй” /хх-ийн 77-78-р тал/

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзээд дүгнэвэл:

          Шүүгдэгч П.Алгаа, П.Сүхбаатар, Г.Пүрэвсүрэн нар нь бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Хяргас нуур” зочид буудалд иргэн О.Зулааг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, мөн шүүгдэгч П.Сүхбаатар, Г.Пүрэвсүрэн нар нь бүлэглэн иргэн О.Тэгшбүрэнг зодож бие махбодид нь хөнгөн гэмт учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хохирогч О.Зулаа, О.Тэгшбүрэн, гэрч Б.Бизъяа, Ж.Навчаа нарын мэдүүлэг, шинжээчийн 658, 02 тоот дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

           Хохирогч О.Зулаагийн “...Тэр өдөр Тариалан сумын харъяат Сүхбаатар, Алгаа, Пүрэвсүрэн нарт зодуулж ...миний эрүү хугарсан байсан. Урьд нь Сүхбаатар намайг Тариалан суманд очиход 2 удаа зодсон ба би шүүх цагдаа гэж яваагүй. Энэ талаар хэлснээс болж бид нарын хооронд маргаан үүссэн”, О.Тэгшбүрэнгийн “...2016 оны 12 дугаар сарын 05-ны шөнө буудалд дүүтэйгээ хамт хонож байгаад нэг шил архи уусан. Манай дүү бие засах гэж гарчихаад гадна нэг хүнтэй маргаад байсан. Би өрөөнөөс гарч салгаж өрөөнд оруултал манай дүүтэй маргаж байсан залуугийн ах гэсэн Алгаа гэдэг залуу гарч ирж манай өрөөнд орж ирээд Зулаатай маргалдаж тэр хоёр өрөөнөөс барьцалдчихсан гарч ирсэн. Би арай гэж салгасан. Гэтэл Алгаагийн найз гэсэн залуу бас гарч ирж тэд нар гурвуулаа болж маргалдаж байтал манай дүүтэй анх маргасан куртиктай залуу намайг цохиж унагаасан. Нөгөө гурван залуу манай дүүг зодож манай дүү ч бас тэд нарыг 1-2 удаа цохиж харин надруу жижиг биетэй Пүрэвсүрэн гэдэг залуу, Сүхбаатар гэдэг залуу хоёр дайрч зодсон. Харин Алгаа нь намайг цохиогүй. Би цохиулснаас болж уруул сэтэрч, 3 оёдол тавиулсан” гэх мэдүүлгүүдээр тухайн гэмт хэрэг хохирогч, шүүгдэгч нарын хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн гарсан байх ба уг гэмт хэргийн улмаас хохирогч О.Зулаагийн биед хүндэвтэр /эрүүний ясны хугарал, доод уруулын салстад шарх, үүдэн доод 3-р шүдний сулрал, духанд цус хуралт, баруун бугалганд зулгаралт, баруун шанаанд зөөлөн эдийн гэмтэл/, хохирогч О.Тэгшбүрэнгийн биед хөнгөн /дээд уруулд язарсан шарх/ гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 658 тоот, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 02 тоот шинжээч эмчийн дүгнэлтүүдээр нотлогдсон байна. 

          Иймд хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч П.Алгаа, П.Сүхбаатар, Г.Пүрэвсүрэн нарыг бүлэглэн бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан, шүүгдэгч П.Сүхбаатар, Г.Пүрэвсүрэн нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч П.Алгаа, П.Сүхбаатар, Г.Пүрэвсүрэн нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож, 640.000 төгрөгийг хохирогч О.Зулаад төлсөн, хохирогч О.Тэгшбүрэн нь  хохирол, нэхэмжлэх зүйл байхгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн, хэргийн 108-109 дүгээр хуудаст авагдсан хохирол төлүүлсэн тухай баримтаар цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

              Шүүгдэгч П.Алгаа, Г.Пүрэвсүрэн нар урьд Увс аймаг дахь сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 26 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дах хэсэгт зааснаар тус тус 260 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж, ялаа биечлэн эдэлж дууссан, ялтай байдал нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болсон буюу ялгүй болсон байх тул тэдгээрийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн болно.   

                Шүүгдэгч П.Сүхбаатар, Г.Пүрэвсүрэн нарт оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, шүүгдэгч П.Алгаа, П.Сүхбаатар, Г.Пүрэвсүрэн нарт ял оногдуулахдаа согтуугаар гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл зэргийг харгалзан тэдгээрт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэв.

              Шүүгдэгч П.Алгаа, П.Сүхбаатар, Г.Пүрэвсүрэн нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө болон байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.  

             Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хяргас нуур зочид буудлын хяналтын камерын бичлэгтэй СД 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээхээр тогтов. 

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-296 дугаар зүйл, 297 дугаар зүйлийн 297.1-297.5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Шаавай овогт Пүрэвийн Алгаа, Шаавай овогт Пүрэвийн Сүхбаатар, Шаавай овогт Гэрэлийн Пүрэвсүрэн нарыг бүлэглэн бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

- Шүүгдэгч  Шаавай овогт Пүрэвийн Сүхбаатар, Шаавай овогт Гэрэлийн Пүрэвсүрэн нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч П.Алгаа, П.Сүхбаатар, Г.Пүрэвсүрэн нарт 3 жил 4 сар хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч П.Сүхбаатар, Г.Пүрэвсүрэн нарт 4 сар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг журамлан шүүгдэгч П.Сүхбаатар, Г.Пүрэвсүрэн нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-д зааснаар оногдуулсан 3 жил 4 сар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар оногдуулсан 4 сар баривчлах ялыг багтааж, тэдгээрийн биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 4 сарын хугацаагаар тогтоосугай.  

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч П.Алгаа, П.Сүхбаатар, Г.Пүрэвсүрэн нарт оногдуулсан 3 жил 4 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

             5. Шүүгдэгч П.Алгаа, П.Сүхбаатар, Г.Пүрэвсүрэн нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэгтэй Сиди 1 ширхэгийг хэргийн хугацаа дуустал энэ хэрэгт үлдээсүгэй.

             7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Алгаа, П.Сүхбаатар, Г.Пүрэвсүрэн нарт шүүхээс оногдуулсан 3 жил 4 сар хорих ялыг тус тус тэнсэж, 2 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж, тэдгээрийн засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

              8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгдэгч нарт өмнө авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

              9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА