Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 403

 

Д.М-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Д.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нарыг оролцуулан, Дорноговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 115/ШШ2017/0014 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2017/0591 дүгээр магадлалтай, Д.М-ын нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дорноговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 115/ШШ2017/0014 дүгээр шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 11 дүгээр зүйлийн 11.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2, 4.2.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх зүйлүүдэд заасныг тус тус баримтлан Д.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.М-ыг Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газрын “ойн асуудал хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин 3182460 /гурван сая нэг зун наян хоёр мянга дөрвөн зуун жаран/ төгрөгийг хариуцагч Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2017/0591 дүгээр магадлалаар Дорноговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 115/ШШ2017/0014 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.2, 19 дүгээр зүйлийн 19.1-д заасныг тус тус баримтлан Д.М-ын Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад холбогдуулан гаргасан “тус газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Ж.Ч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. 3ахиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 1200 дугаартай “шүүх бүрэлдэхүүн болон даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулах тухай” захирамждаа шүүх бүрэлдэхүүнд шүүгч О.Номуулин, Ц.Сайхантуяа, даргалагч шүүгчээр Д.Батбаатар нарыг томилсныг албажуулж 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 591 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлд уг томилсон бүрэлдэхүүнээр шүүх хуралдааныг явуулсан байхад магадлалдаа шүүх хуралдааны бүрэлдэхүүнд оролцоогүй шүүгчийн нэрийг, өөрөөр хэлбэл Ц.Цогт шүүгчийг оролцсоноор магадлалын удиртгал хэсэгт оруулсан төдийгүй шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурахдаа мөн шүүх бүрэлдэхүүнд оролцоогүй шүүгч Ц.Цогт гарын үсэг зурсан байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхээр байх тул магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3 дахь хэсэгт зааснаар бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгчийн зүгээс Дорноговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 115/ШШ2017/0014 дүгээр шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хянавал:

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг тус шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т “магадлал хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна...” гэж заасан бөгөөд давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2017/0591 дугаартай магадлалд гарын үсэг зурсан шүүгч Ц.Цогт нь энэ хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд ороогүй шүүгч гэдэг нь холбогдох баримтаар тогтоогдсон байна.

Шүүхийн магадлалд шүүх бүрэлдэхүүнд ороогүй шүүгч гарын үсэг зурсан нь уг магадлалын хүчинтэй байдлыг хангахгүй учир магадлалыг хүчингүй болгох үндэслэл гэж үзнэ.

Иймд, хэргийг давж заалдах журмаар дахин хэлэлцүүлэхээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэх тухай” гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2017/0591 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах журмаар дахин хэлэлцүүлэхээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                                  Ч.ТУНГАЛАГ