| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00389/и |
| Дугаар | 350 |
| Огноо | 2020-05-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 350
2020 оны 05 сарын 07 өдөр Дугаар 139/ШШ2020/00350 Дундговь аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д аймгийн Ц сумын -р баг, Ж гэх газар оршин суух, А овогт Гын Н /ЗН /-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00389/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Н миний бие нь 1968 онд төрсөн эмэгтэй, Энэ жил 52 нас хүрсэн. Малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн. Миний бие нь Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Шинэ-Эхлэлт нэгдэлд 1986 оны 8 сараас мал маллаж эхэлсэн. Миний бие нь нэгдэлд 1986 оны 6 сард илгээлтээр гарч мал маллаж эхэлсэн. Цагаандэлгэр сумын Шинэ-Эхлэлт нэгдэлд ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тамга тэмдгийн зөрүүтэй нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Шинэ-Эхлэлт нэгдэлд 1986 оны 8 сараас 1993 оны 7 сарын 16-ны өдрийг хүртэл малчин, Цагаандэлгэр сумын Цагаан залаа ХК-нд 1993 оны 7 сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл тасралтгүй мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Н нь ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
-Нэхэмжлэгч Г.Нын 1979 оны 07 сараас 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Шинэ-Эхлэлт нэгдэлд малчнаар ажиллаж байсан тухай баримт ирээгүй учир Г овогтой Нтай олбогдох баримт байхгүй учир лавлагаа гаргах боломжгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2020 оны 04 сарын 22-ны өдрийн 294 дугаартай тодорхойлолт нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 04 сарын 27-ны өдрийн 273 дугаартай Цагаандэлгэр сумын 3-р багийн иргэн Г овогтой Н /ЗН68042300/-ын 1980, 1991 оны хөдөлмөрийн дэвтрийн зөрчилтэй тул 1986.09.01-1994.12.31-ний хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай талаарх тодорхойлолт /хэргийн 5-р хуудас /
-Дундговь аймаг дахь татварын хэлтсийн “Тус аймгийн Цагаандэлгэр сумын Шинэ эхлэлт” нэгдэл 1993 оны 7 сарын 16-нд “Цагаан залаа” хувьцаат компани, 2000 оны 1 сарын 08-нд “Их цэгээн” хоршоо болон өөрчлөгдөж 2007 оны 1 сарын 01-нд татан буугдсан гэх тодорхойлолт /хэргийн 6-р хуудас/
- Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын засаг даргын 2020 оны 04 сарын 20-ны өдрийн 01/111 дугаартай “Шинэ эхлэлт ” нэгдлийн архив 1993 онд шатсан тул Жаргалан багийн малчин Г овогтой Н /ЗН68042300/-ын 1986-1990 онуудын хөдөлмөрийн хөлсний жагсааалт байхгүй болсон нь үнэн гэх тодорхойлолт /хэргийн 7-р хуудас/
-Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Шинэ-Эхлэлт нэгдлээс Гын Над 1981 оны 8 сарын 14-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 8-12 хуудас/
-Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Шинэ-Эхлэлт нэгдлээс Гын Над 1991 оны 01 сарын 03-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 13-16 хуудас/
-Гэрч Д.О-ийн “Г.Нтай 8-р анги хамт төгссөн. Г.Н нь Цагаандэлгэр сумын Шинэ-Эхлэлт нэгдлийн Жаргалан бригадад илгээлтээр гарч 1993 оны 3 сард хувьчлал тарах хүртэл нэгдэлд малчин, Шинэ-Эхлэлт нэгдэл нь Цагаан залаа ХК болоход тус компанид мал маллаж байсан. Одоо Цагаандэлгэр суманд мал маллаж байгаа. Би 1987 онооос Цагаандэлгэр сумын Шинэ-Эхлэлт нэгдэлд илгээлтээр гарч Шинэ-Эхлэлт нэгдэл, Цагаан залаа ХК-нд тасралтгүй мал маллаж байгаа. Бид нэг нутгийн хүмүүс учраас нэгдэлд малчин байсан гэдгийг нь сайн мэднэ. Өөр ажил хийж байгаагүй, насаараа нэгдэлд малчин, нэгдэл компаниас хойш хувиараа мал маллаж байгаа. Өөр нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг /хэргийн 27-р хуудас/ баримтууд болно.
Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Г.Н нь 1986 оны 08 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Шинэ-Эхлэлт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар А овогт Гын Н /ЗН / нь 1986 оны 09 сарын 01-ний өдрөөс 1993 оны 07 сарын 16-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Шинэ-Эхлэлт нэгдэлд, 1993 оны 07 сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Цагаан залаа ХК-нд тус тус малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.У