Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/207

 

 

                                     Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхзул,

улсын яллагч Т.Нансалмаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин

шүүгдэгч С.О******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш******* овогт С******* О*******т холбогдох эрүүгийн 2331000000241 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2000 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн С******* суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Тавантолгой ХХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, ** дүгээр баг, ** дугаар хэсэг, ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Ш******* овогт С******* О******* РД: /*******/,

 

Холбогдсон хэргийн товч утга

Шүүгдэгч С.О******* нь 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 10-нд шилжих шөнийн 02-03 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан 1 дүгээр багийн нутагт байрлах “Жи Эм” нэртэй амралтын газарт амарч байхдаа тус амралтын газраар үйлчлүүлж байсан Г.Л******* маргалдан улмаар нүүрэн тус газар нь мөргөж биед нь нэг шүдний хугарал, нэг шүдний эмтэрсэн хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.О******* нь 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 10-нд шилжих шөнийн 02-03 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан 1 дүгээр багийн нутагт байрлах “Жи Эм” нэртэй амралтын газарт амарч байхдаа тус амралтын газраар үйлчлүүлж байсан Г.Л******* маргалдан улмаар нүүрэн тус газар нь мөргөж биед нь нэг шүдний хугарал, нэг шүдний эмтэрсэн хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 01 дүгээр хуудас/, хохирогч Г.Л******* мэдүүлэг /хх-ийн 07-09 дүгээр хуудас/, гэрч И.М мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/, гэрч Н.Х мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар хуудас/, гэрч О.Э мэдүүлэг /хх-ийн 19 дугаар хуудас/, Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 328 дугаартай дүгнэлт /хх-ийн 40-41 дүгээр хуудас/, зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч С.О******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Г.Л нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол төлбөрт 1.500.000 төгрөг нэхэмжилж байна гэх боловч холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Иймд өөрт учирсан хохиролтой холбоотой баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.О*******аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Шүүгдэгч С.О******* нь хохимрогчид 700.000 төгрөг төлсөн болохыг дурьдаж энэ шийтгэх тогтоолоо шүүгдэгч С.О*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгож, оногдуулсан ялыг 3 сарын хугацаатай төлж барагдуулахаар тогтсон саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О*******  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол улсын яллагчийн саналыг үндэслэн шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч С.О******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

   1.Шүүгдэгч Ш******* овгийн С******* О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О*******ыг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О*******ын хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч С.О*******т анхааруулсугай.

   5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

   6. Шүүгдэгч С.О******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

  7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10. Дээр дурьдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Р.БАЯРХҮҮ