| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00316/и |
| Дугаар | 365 |
| Огноо | 2020-05-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2020 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 365
2020 оны 05 сарын 14 өдөр Дугаар 139/ШШ2020/00365 Сайнцагаан сум
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ударгалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д аймгийн С сум, -р баг, Я ХХК-ий байр, Г хадгаламж зээлийн хоршооны Д салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:, Д аймгийн С сум, -р баг, Ш -р гудамж, тоотод оршин суух, Б овогт Бын С /ЗФ /-д хариуцагдах 12491383, 55 /арван хоёр сая дөрвөн ерэн нэгэн мянга гурван зуун наян гурван төгрөг тавин таван мөнгө / гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00316/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б , хариуцагч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г хадгаламж зээлийн хоршооны Дундговь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.С нь Г хадгаламж зээлийн хоршоотой 2018 оны 06 сарын 28-ны өдөр ЗГ/6908 тоот зээлийн гэрээг байгуулан 5000000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, Дундговь аймгийн Сайнцагаан сум, 3-р баг, Далайн 2-р гудамж, 30 тоот хаягт байрлах 700 м.кв өмчлөх эрхийн газрыг барьцаалан зээл авсан. Зээлдэгчтэй байгуулсан ЗГ/6908 тоот зээлийн гэрээний үүргээ биелүүлж 2019 оны 06 сарын 28-ны өдөр 5000000 төгрөгийг зээлдэгчид олгосон байна. Зээлдэгч нь ЗГ/6908 тоот дугаартай зээлийн гэрээний салшгүй нэг хэсэг болох хавсралт 1 буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч төлөөгүй. Хоршооны зүгээс зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг шаардан удаа дараа 99160663 дугаарын утсаар холбогдон удаа дараа шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж 461 хоног хугацаа хэтэрч нэхэмжлэгч Г хадгаламж зээлийн хоршоонд ноцтой хохирол учруулж байна. Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулснаас хойш зээл болон хүүгийн төлбөрт огт төлөлт хийгээгүй байна. Зээлдэгчийн зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр нь 2020 оны 03 сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 5000000 төгрөг, хүүгийн төлбөр 7484383, 55 төгрөг, нотариатын зардал 7000 төгрөг нийт 12491383, 55 төгрөг болж хуримтлагдсан. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453. 1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон талуудын хооронд байгуулсан ЗГ/6908 тоот зээлийн гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна.
Иймд хариуцагч Б.Стай байгуулсан ЗГ/6908 тоот зээлийн гэрээний нийт төлбөр болох 12491383, 55 /арван хоёр сая дөрвөн ерэн нэгэн мянга гурван зуун наян гурван төгрөг тавин таван мөнгө / -ийг Б.Саас гаргуулж Г хадгаламж зээлийн хоршоог хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бямбасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. 12484383.55 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Үндсэн хүү 8 хувиар тооцохгүйгээр хүүгээ урамшуулалт хүү 5 хувиар бодож 7500000 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж байна. Манайхтай энэ хүн зээлийн гэрээ байгуулаад нөхцөл журамтай танилцаад гарын үсэг зураад зээл авсан. Манайхаас үүргийнхээ дагуу зээлийг тухайн зээлдэгчид олгосон. Энэ хүний цаашаа хэнд өгөх нь бидэнд хамаагүй. Зээлийн гэрээ байгуулсан бол энэ хүнээс гаргуулна. Гэхдээ хатуурхаад яахав хүнд аваад өгсөн юм гээд нэхэмжлэлийн шаардлагаа 7500000 төгрөг болгон бууруулж байна. Манай төвөөс Б.Цэрэнчунт гээд манайд өмнө нь салбарын захирлаар ажиллаж байсан hүнийг цагдаад өгсөн. Цагдаагаас зээлдэгч нь өөрөө гарын үсэг зураад авсан юм байна. Манайх үүнийг шийдэхгүй. Иргэний шүүхийн журмаар шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн учраас нэхэмжлэл гаргасан гэжээ.
Хариуцагч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ах Б.Цэрэнчунтад энэ зээлийг авч өгсөн. Надад төлөх чадвар байхгүй. Би 7500000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Б.С нь Г хадгаламж зээлийн хоршоотой 2018 оны 06 сарын 28-ны өдөр ЗГ/6908 дугаартай зээлийн гэрээ /хэргийн 11-14 хуудас/-г байгуулан 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар 5000000 /таван сая/ төгрөгийг зээлсэн байх бөгөөд зээлийн гэрээний дагуу уг зээлийг хуваарийн дагуу төлөх ба 2018 оны 12 сарын 28-ны өдөр төлж дуусахаар гэрээг байгуулсан байна.
Хариуцагч нь зээлийн гэрээний 2.1.6-д зааснаар зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн боловч зээлийг төлөлгүй хугацаа хэтрүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, зээлийг төлөлгүй, зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч Г хадгаламж зээлийн хоршоо нь зээлийн төлбөрийг шаардах эрх үүссэн байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлийн шаардлагаа 7500000 төгрөг болгон бууруулж эвлэрэх тайлбарыг гаргаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бямбасүрэн нь нэхэмжлэлийн шаардлага болох 12491383, 55 /арван хоёр сая дөрвөн ерэн нэгэн мянга гурван зуун наян гурван төгрөг тавин таван мөнгө /-ийг 7500000 /долоон сая таван зуун мянган / төгрөг болгон бууруулж, хариуцагч Б.С нь 7500000 /долоон сая таван зуун мянган /-ийг төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214701 /хоёр зуун арван дөрвөн мянга долоон зуун нэг / төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Саас 107351 /нэг зуун долоон мянга гурван зуун тавин нэгэн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар нэхэмжлэгч Г хадгаламж зээлийн хоршооны Д салбар нь нэхэмжлэлийн шаардлага 12491383, 55 /арван хоёр сая дөрвөн зуун ерэн нэгэн мянга гурван зуун наян гурван төгрөг тавин таван мөнгө/-ийг 7500000 /долоон сая таван зуун мянган / төгрөг болгон бууруулж, хариуцагч Б.С /ЗФ89041201/ нь 7500000 /долоон сая таван зуун мянган / төгрөгийг төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214701 /хоёр зуун арван дөрвөн мянга долоон зуун нэг / төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Саас 107351 /нэг зуун долоон мянга гурван зуун тавин нэгэн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г хадгаламж зээлийн хоршооны Дундговь салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь энэхүү асуудлаар захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ДАРГАЛАГЧ Д.УРАНЧИМЭГ