| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 128/2026/0044/З |
| Дугаар | 221/МА2026/0287 |
| Огноо | 2026-04-30 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2026/0287
Д.С-ийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Д.С
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/1176 дугаар "Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай" захирамж хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний акт дагаж мөрдүүлснээс нэхэмжлэгчид учирсан 30,000 төгрөгийг гаргуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2026/0248 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, Б.Т
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, Х.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 128/2026/0044/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.С-ээс нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/1176 дугаар "Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай" захирамж хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний акт дагаж мөрдүүлснээс нэхэмжлэгчид учирсан 30,000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2026/0248 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.12, 66 дугаар зүйлийн 66.1, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.11, 22 дугаар зүйлийн 22.5, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5, Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.8, Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.С-ээс нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нийслэлийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/1176 дугаар захирамж хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний акт дагаж мөрдүүлснээс нэхэмжлэгчид учирсан 30,000 /гучин мянга/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б давж заалдах гомдолдоо:
“...Маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/1176 дугаартай захирамж нь нийтийн ашиг сонирхол хөндөхөөр буюу Улаанбаатар хотын хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож буй иргэн, хуулийн этгээдэд хамааралтай буюу маргаан бүхий захирамжийн үйлчлэлд өртөхөөр байна. Иймд хариуцагч захиргааны байгууллага нь тухайн захирамжийг батлан гаргахаас өмнө 30-аас доошгүй хоногийн өмнө санал авах, хэлэлцүүлэг заавал зохион байгуулах шаардлага тавигдахаар байна. Маргаан бүхий захиргааны хэм хэмжээний актын төсөлд хийсэн нөлөөллийн шинжилгээний тайлан нотлох баримтаар хэрэгт авагдсан байх ба тухайн тайланд маргаан бүхий захирамжтай холбоотой санал асуулгыг 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүртэл иргэд олон нийтээс мэдээллийн сувгуудаар дамжуулан санал авсан талаар дурдсан байна. Өөрөөр хэлбэл маргаан бүхий захирамжтай холбоотойгоор санал авах ажиллагааг 4 хоногийн дотор явуулсан байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасан хугацааг зөрчсөн нь тодорхой байна.
Мөн нөлөөллийн шинжилгээний тайланд Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т заасан хэлэлцүүлэг хийсэн талаарх баримт авагдаагүй буюу хариуцагч нэн даруй батлах хойшлуулшгүй тохиолдол байсан гэх агуулгаар хэлэлцүүлэг хийгээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан байдаг. Эдгээр баримтаас дүгнэн үзэхэд маргаан бүхий захирамж нь шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн буюу формаль эрх зүйн шаардлагыг зөрчсөн байна.
Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-т заасан баримт нь "Э" ХХК- ийн “хуулбар үнэн” гэх тэмдэггүй, ямар этгээд тухайн баримтыг үйлдсэн тодорхойгүй. “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын хуулбар үнэн гэх баримт хуулийн шаардлага хангахгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.7 дахь хэсэг, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 38 дугаар зүйлийн 38.1 хэсгүүдэд тус тус заасан шаардлагыг хангаагүй буюу нотлох баримтын шаардлага хангахгүй баримт байна.
Шийдвэрийн 9-т заасан цахим хэлбэрээр авсан гэх баримт нь нийслэлийн Засаг даргын Тамгын газрын сайтаар авсан судалгаа нь дээр дурдсан нөхцөл байдалтай давхацдаг буюу “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын хуулбар үнэн гэх баримт хуулийн шаардлага хангахгүй баримтыг нотлох баримтаар үнэлж шийдвэр гаргасан байна. Захиргааны хэргийн шүүхийн бусад шүүхээс ялгарах онцлог нь өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлэх үүрэгтэй байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс анх нэхэмжлэл гаргахдаа маргаан бүхий захирамж "нэн даруй хойшлуулшгүй тохиолдол"-д хамаарахгүй гэж маргадаг. Гэтэл хариуцагч талын нотлох баримтаар нотлогдоогүй тайлбарыг нотлох баримттай адилтгаж буюу нотлох баримтын хэмжээнд үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
... Хариуцагч захиргааны байгууллагаас маргаан бүхий захирамжийг “нэн даруй хойшлуулшгүй тохиолдол"-д хамаарна гэж маргасан бол нэхэмжлэгч этгээд маргаан бүхий захирамж нь “нэн даруй хойшлуулшгүй тохиолдол"-д хамаарахгүй гэж маргадаг. Анхан шатны шүүхээс талуудын маргааны зүйлийг шийдвэрийн үндэслэх хэсгийн 17-т дүгнэж бичсэн байх ба энэ дүгнэлт нь нотлох баримт, хэргийн бодит нөхцөл байдлыг дурдахгүйгээр зөвхөн хариуцагчийн тайлбарыг үндэслэж “маргаан бүхий хэм хэмжээний актыг нэн даруй батлан гаргах хойшлуулшгүй шаардлага үүссэн гэж үзэхээр байна” гэж Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна... Хариуцагч болон анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэсэн замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах тохиолдол нь нэн даруй батлах хойшлуулшгүй тохиолдолд хамаарахгүй юм. Учир нь маргаан бүхий захирамж гаргах болсон үндэслэлээ хичээлийн шинэ жилийн баяртай холбоотойгоор замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад чиглэгдсэн гэж тайлбарладаг. Хичээлийн шинэ жилийн баяр нь жил бүр нэг цаг хугацаанд буюу жил бүрийн нэг өдөр тохиолддог өдөр бөгөөд гэнэтийн байдлаар үүсээгүй, гэнэт тохиолдсон зүйл биш бөгөөд Захиргааны байгууллага нь урьдчилан ердийн журмаар шийдвэр гаргах ажиллагааг зохион байгуулах боломжтой гэж үзэхээр байна.Тодруулбал, хариуцагч захиргааны байгууллагаас жил бүрийн хичээлийн шинэ жилийн баяраар маргаан бүхий захирамжтай адил буюу эрх зүйн шаардлага хангаагүй захирамж гаргадаг байна. Тодруулбал, хариуцагч хичээлийн шинэ жилийн баяр эхлэхээс хэд хоногийн өмнө болон хэд хоногийн дараах хугацаанд Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөн ихэсдэг гэдгийг мэдсээр байж урьдчилсан арга хэмжээ буюу санал авах ажиллагаа болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулах замаар ердийн захиргааны хэм хэмжээний актыг баталж мөрдүүлэх боломжтой.
Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөний түгжрэл гэх шалтгаанаар дураараа, гэнэтийн байдлаар Улаанбаатар хотын иргэдийн эд хөрөнгө буюу тээврийн хэрэгслээ ашиглах эрхийг хязгаарласан шийдвэр гаргах боломжтой буюу энэ тохиолдлыг хойшлуулшгүй нэн даруй тохиолдол мөн гэж үзвэл нийслэлийн Засаг даргаас өөрийн үзэмжээр хүссэн үедээ тээврийн хэрэгслийг хөдөлгөөн оролцохыг хязгаарлаж хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан нөхцөлийг үүсгэхээр байна. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тохиолдолд захиргааны байгууллага маргаан бүхий захирамжтай адил захиргааны хэм хэмжээний актыг тусгай нөхцөлөөр бус ердийн нөхцөлөөр батлах нөхцөлийг үүсгэх, дахин ийм гэнэтийн шийдвэр гарахаас урьдчилан сэргийлсэн жишиг шийдвэр болно гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.С-ээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч Д.С-ээс нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/1176 дугаар "Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай" захирамж хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний акт дагаж мөрдүүлснээс нэхэмжлэгчид учирсан 30,000 төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
2.2. Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 4859 дугаарт бүртгэгдэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-ийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 26 дугаарт нийтлэгдсэн[1] нийслэлийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/1037 дугаар “Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжаар[2] Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор "Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журам"-ыг нэгдүгээр, Тээврийн хэрэгслийн улсын дугаараар ялгаж замын хөдөлгөөнд оролцуулах цаг, нутаг дэвсгэрийн бүсчлэл"-ийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсан байна.
2.3. Дээрх захирамжийн 1 дүгээр хавсралтаар баталсан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2-т “Шаардлагатай гэж үзвэл холбогдох байгууллагаас гаргасан саналыг харгалзан баяр, амралт, онц байдал, хөл хорио тогтоох үед замын хөдөлгөөнд хязгаарлалттайгаар оролцуулах шийдвэрийг нийслэлийн Засаг дарга тухай бүр гаргана.” гэж заажээ.
2.4. Тус заалтыг үндэслэн нийслэлийн Засаг даргаас 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр А/1176 дугаар “Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжаар[3] 2025-2026 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш тоо (0, 2, 4, 6, 8) -оор төгссөн автомашиныг 2025 оны 08 дугаар сарын 28, 30, 09 дүгээр сарын 02, 04, 06, 08, 10, 12, 14, 16-ны өдрүүдэд, сүүлчийн орон нь сондгой тоо (1, 3, 5, 7, 9)-оор төгссөн автомашиныг 2025 оны 08 дугаар сарын 27, 28, 31, 09 дүгээр сарын 03, 05, 07, 09, 11, 13, 15-ны өдрүүдэд 08:00-20:00 цагийн хооронд бүсчлэлгүйгээр тус тус замын хөдөлгөөнд оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад даалгаж шийдвэрлэсэн.
2.5. Дээрх захирамж нь Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 7342 дугаарт бүртгэгдэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-ийн 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 26 дугаарт нийтлэгдэж, дагаж мөрдөх хугацаа нь 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөр дуусгавар болсон тул Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангаас хасалт хийсэн байна[4].
2.6. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Нийслэлийн чиг үүрэгт дараах асуудал хамаарна”, 24.1.12-т “нийслэлийн замын хөдөлгөөний зохицуулалт”, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т “Нийслэл хот нь дараах бусад чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 8.3.11-д “авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, нийслэл хотод тулгамдсан бусад асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээ”, 22 дугаар зүйлийн 22.5.-д “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргана.”, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д “Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор аймаг, нийслэлийн Засаг дарга нь харьяа нутаг дэвсгэртээ Монгол Улсын хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон захиргааны хэм хэмжээний акт гаргаж болно.”,
Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4-д “Захиргааны хэм хэмжээний актын төслийг бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээг энэ хуулийн 61.6-д заасан аргачлалын дагуу хийж, түүнд дараах нөхцөл байдлыг тусгаж, танилцуулга бэлтгэнэ”, 62 дугаар зүйлийн 62.1-д “Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна.”, 62.2-т “Нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ.”, 63 дугаар зүйлийн 63.1-д “Захиргааны хэм хэмжээний актыг нэн даруй батлах шаардлагатай хойшлуулшгүй тохиолдолд энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан санал авах ажиллагааг хийхийг шаардахгүй.” 70 дугаар зүйлийн 70.1-д “Захиргааны хэм хэмжээний актыг нэн даруй батлах шаардлагатай хойшлуулшгүй тохиолдолд эрх бүхий захиргааны байгууллага уг актыг батлан гаргаж, нийтэд мэдээлснээр тухайн акт хүчин төгөлдөр болно.” гэж тус тус хуульчилсан.
2.7. “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ болон “Э” ХХК нарын хороонд байгуулсан ЗХУТ/2025/ХА-12 дугаар “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу 2025 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 14-ний хооронд Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт амьдардаг, авто замын хөдөлгөөнд оролцдог 18 болон түүнээс дээш насны 2542 иргэнийг судалгаанд хамруулахад хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор автомашиныг тэгш сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахыг 63 хувь нь дэмжсэн[5], 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл https://ulaanbaatar.mn/home сайтаар санал асуулга авахад нийт 12,873 хариулт ирснээс 58,72 хувь нь дэмжинэ, 41,27 хувь нь дэмжихгүй гэсэн[6], мөн нийслэлийн Засаг даргын тамгын газраас боловсруулсан Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Захиргааны хэм хэмжээний актын төсөлд хийсэн нөлөөллийн шинжилгээний тайлан[7] хийсэн нь тус тус хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог.
2.8. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/1037 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар баталсан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2-т заасны дагуу хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор замын хөдөлгөөнд хязгаарлалттайгаар оролцуулах шийдвэрийг нийслэлийн Засаг дарга гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д заасан Захиргааны хэм хэмжээний актыг нэн даруй батлах шаардлагатай хойшлуулшгүй тохиолдол гэдэгт хамаарна.
2.9. Нэгэнт нэн даруй батлах шаардлагатай хойшлуулшгүй тохиолдлын улмаас нийслэлийн Засаг дарга замын хөдөлгөөнд хязгаарлалттайгаар оролцуулах шийдвэрийг гаргасан нь хууль тогтоомжид нийцсэн энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх боломжгүй бөгөөд дагаж мөрдөх хугацаа нь 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөр дуусгавар болж, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангаас хасалт хийгдсэн маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/1176 дугаар “Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох үндэслэлгүй байна.
2.10. Тодруулбал, нийслэлийн Засаг дарга 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/1176 дугаар “Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг гаргахдаа хуульд заасны дагуу нөлөөллийн шинжилгээний тайлан хийсэн, энэ талаар иргэд олон нийтээс санал асуулга авахад 58,72 хувь нь дэмжсэн, мөн хамтран ажиллах гэрээний дагуу “Э” ХХК-иар хийлгэсэн судалгаанд хамрагдсан иргэдийн 63 хувь нь дэмжсэн, нийслэлийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/1037 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар баталсан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2-т заасны дагуу хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан, жил бүр нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож буй автотээврийн хэрэгслийн тоо өсөж байгаа судалгаа зэргийг харгалзан үзэж замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор тус захирамжийг гаргасан нь нэн даруй батлах шаардлагатай хойшлуулшгүй тохиолдол мөн, тус захирамжийн дагаж мөрдөх хугацаа нь нэгэнт дуусгавар болж захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангаас хасалт хийгдсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасан хугацааг зөрчсөн...”Э” ХХК-ийн хуулбар үнэн гэх тэмдэггүй...хичээлийн шинэ жилийн баяр нь жил бүр нэг цаг хугацаанд буюу жил бүрийн нэг өдөр тохиолддог өдөр бөгөөд гэнэтийн байдлаар үүсээгүй...хэлэлцүүлэг зохион байгуулах замаар ердийн захиргааны хэм хэмжээний актыг баталж, мөрдүүлэх боломжтой” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2026/0248 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ээс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА