Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 28

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүгч Ү.Одгэрэл, Д.Цэдэнпэлжээ нарын бүрэлдэхүүнтэй,  тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уранцэцэг,

Улсын яллагч Л.Мөнхбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чинзориг,

Иргэдийн төлөөлөгч Ц.Ишсамбуу,                   ,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарайд овогт ******* холбогдох Эрүүгийн 201611000116 дугаартай хэргийг 2017 оны 01 сарын 17-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 7 сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Дашбалбар сумын *******, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ******* регистрийн дугаартай, Шарайд овогт Нармандахын Мандахбаяр.

Шүүгдэгч ******* нь 2012 оны 7 сарын 09-ний өдөр ******* “хугацаатай хадгаламжийн дансанд мөнгө байгаа боловч авч болохгүй байна” гэж хуурч мэхлэх аргаар 7000000 төгрөгийг залилан мэхэлж авсан, мөн давтан үйлдлээр 2012 оны 12 сарын 25-ны өдрөөс 2013 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ******* мал, мах авч өгнө гэж итгэл эвдэх аргаар 42450000 төгрөгийг, нийт 49450000 төгрөгийг залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би 2012 оны 10 сараас эхлэн Оюунбилэгтэй хамтарч бизнес хийж эхэлсэн. Миний хувьд залилан хийе гэсэн санаа огт байгаагүй. Хамтарсан бизнес маань хэвийн үйл ажиллагаа явж байсан ба ээж, эгч хоёрын эрхэлсэн бизнес нь эдийн засгийн хувьд асуудал үүссэн учраас ******* явуулсан мөнгөнөөс мөнгө гаргаж өгсөн. Тухайн үед миний эрхэлсэн бизнес хэвийн, ашиг өндөр явж байсан учраас олсон ашгаараа нөхөх боломжтой гэж үзэж байсан юм. Гэтэл тухайн цаг үеийн байдлаас болж эргэлтэд орж чадахгүй болсноор Оюунбилэгээс ирсэн мөнгийг буцаан нөхөх боломжгүй болсон. Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлын хэмжээг үнэн зөв тогтоож өгнө үү гэж хүсэх байна. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: Би Оюунбилэгтэй багын найзууд байгаа юм. Оюунбилэг бид хоёр мал махны наймаа хийе гэж ярилцаад мөнгийг нь Оюунбилэг гаргаж, би хөдөөнөөс мал мах цуглуулахаар тохиролцсон юм. Тэгээд 2012 оны 10 сард шиг санаж байна. Би анх Оюунбилэгээс 2000000 төгрөг аваад мал авсан. Нэг жил хэртээ бидний наймаа амжилттай байсан. Тэгээд би Оюунбилэгээс цувуулж мөнгө авсаар байгаад 50000000 төгрөг болсон. Энэ мөнгөөр эргэлтэд ороод явдаг байсан. Би мал махны ашгийг өөрөө аваад Оюунбилэгт ногдох хэсгийг үндсэн мөнгөний эргэлтэнд оруулаад явдаг байсан юм. Би ашиг болон үндсэн мөнгийг ******* дансанд хийгээд Оюунбилэг дахин надад данснаасаа гаргаж өгдөг байсан юм. Эхэндээ бидний наймаа их боломжийн байсан. Сүүлдээ мөнгөө цуглуулж чадахаа байгаад эргэлтийн мөнгөгүй болж, би хүмүүст мөнгө тараасан талаараа тэмдэглэсэн дэвтрээ алга болгоод харах юмгүй болсон. Хэнд хэдэн төгрөг өгснөө мэдэхгүй болсон. Тэгээд хэдэн хүнээс авах авлагаа аваад мал ачиж явах замдаа машин эвдрээд тэр мөнгөөрөө машинаа засуулаад бүр юу ч үгүй болсон. Би бүх л учраа Оюунбилэгт хэлж яриад явдаг байсан. Нэг удаа Оюунбилэг хөдөө ирэхээр нь санаа зовоод айлын малыг “мөнгөөрөө авсан мал” гээд заагаад өнгөрөөсөн. Оюунбилэг итгээд л явсан. Тэгээд би санаа зовоод 2013 оны сүүлээс харьцаж чадахаа больж хааяа утсаар яриад явдаг байсан. Энэ хугацаанд мөнгийг нь олох гэж адуу мал зарах ажилтай яваад мөн л ажил бүтэлгүйтсэн. Бид хоёр хоорондоо хийсэн гэрээ байхгүй, Оюунбилэг надад итгээд мал махны наймаа хийхээр тохиролцож, мөнгөө дансаар шилжүүлдэг байсан. Бэлнээр мөнгө авч байгаагүй. Хэдэн төгрөг шилжүүлсэн болохыг дансны хуулга харахад л болно. Оюунбилэг худлаа хэлэх хүн биш болохоор нэхэмжилж байгаа тооцоо нь зөв гэж бодож байна. ... Би Оюунбилэгт учруулсан хохирлоо төлж барагдуулахаар хичээж байгаа, хүнээс мөнгө төгрөг асууж сураглаж байгаа. Оюунбилэгт мал мах авч өгнө гэж хэлж 42450000 төгрөгийг авсан, мөн 2012 оны 7 сарын 09-ний өдөр хадгаламжийн дансанд мөнгө байгаа боловч авч чадахгүй байна гэж хэлж авсан 7000000 төгрөгийг нэмж, нийт 49450000 төгрөгийн хохирол учруулсан болохоо хүлээн зөвшөөрч, буруугаа ойлгож байна гэжээ. /хх-ийн  9-10, 201/

Хохирогч Б.Оюунбилэг мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: 2012 оны 7, 8 сарын үед шиг санаж байна. ******* нь надруу залгаад “мөнгөө банкинд хадгаламжинд хийчихсэн чинь хугацаатай хадгаламж болохоор авч болохгүй байна, тэр болтол мөнгө зээлдүүлээч” гэж хэлээд надаас 7000000 төгрөг авсан. Тэгээд түүнээс хойш 9 сарын сүүлээр Мандахбаяр надтай Улаанбаатар хотод уулзаад “мал, мах авбал ашигтай байна, хамтарч ажиллах уу” гэсэн санал тавьсан. Тэгэхээр нь би итгээд... Мандахбаярт мөнгө хэрэгтэй гэсэн үед нь дансаар шилжүүлж байсан. Мандахбаяр Хаан банкны 5411003362 тоот данстай байсан юм. ... Мандахбаяр 2012 оны 9 сарын 18-ны өдөр анх хонь авна гээд 2500000 төгрөг дансаар шилжүүлж авсан. 2012 оны 9 сарын 23-ны өдөр 2000000 төгрөг авсан. Түүнээс хойш бага багаар олон удаа мал, мах авч байна гэж хэлээд мөнгө данс руу хийлгэдэг байсан. Мал мах авч эхэлснээс хойш 2012 оны 11 сарын 07-ны өдөр борлуулсан махныхаа нийт мөнгө болох 5159300 төгрөг миний данс руу хийсэн. Би тэр мөнгөн дээр нь дахин мөнгө нэмээд л эргүүлээд явуулдаг байсан. Миний хэдэн төгрөг явуулсан баримт дансны хуулгаас харахад л болно. Мандахбаяр надад 4 удаагийн мал мах авалтын ашиг гэж тооцоо хийж байсан баримт нь байгаа. Гэхдээ би тэр ашгийг үндсэн мөнгөнөөсөө салгаж авдаггүй, дээр нь мөнгө нэмж өгөөд л явуулдаг байсан. Тэр үед боломжийн байсан болохоор би цааш нь үргэлжлүүлье гэж бодоод Мандахбаяртай хамтарч ажилласаар байсан. Гэтэл Мандахбаяр 2-3 удаа хотод очоод мал мах өгөөд явдаг байсныг би хүнээс дуулсан юм. Тэгээд Мандахбаярын мал мах авчирч, тооцоо хийх нь багасаад ирэхээр нь би утсаар нь холбогдож асуухад “мал махаа авч байгаа, удахгүй аваачна” гэж хэлдэг байсан. Тэгээд би 2013 оны 6 сард өөрөө Дашбалбар сум руу очиход “мөнгөөрөө авсан мал энэ” гэж надад айлын мал харуулсныг би итгээд дахин Мандахбаярт мөнгө шилжүүлж байгаад 2013 оны 11 сард хамгийн сүүлийн мөнгийг шилжүүлсэн. Тэгээд Мандахбаярын утас холбогдохгүй болохоор нь би гайхаад өөрөө дахин Дашбалбар сум руу очиж уулзах гэхээр надаас зугтаад, авсан малаа харуул гэхээр харуулахгүй байсан. Би бараг 4-5 удаа очсон байх. Сүүлдээ бүр утас нь холбогдохоо байсан. Асуухаар надтай юу ч ярихгүй их айж байна гэж хэлдэг болсон. Хамгийн гол нь үнэнээ хэлэхгүй байгаа нь их сонин санагдаад байсан юм. Бид хоёр ямар ч гэрээ хийгээгүй, найзууд болохоор итгэлцлийн хүрээнд  ярилцаж тохирсон. Учир нь бид хоёр 10-н жилийн найзууд, оюутан болоод ч нэг байранд хамт амьдардаг байсан, сургуулиа төгсөөд Солонгос улсад ажиллаж байгаад ирэхдээ л их амьдралын ухаантай, тэмүүлэлтэй болоод ирсэн юм шиг санагдсан болохоор би итгэсэн юм. ... Би хамгийн анх 2012.09.23-ны өдөр 2 сая төгрөг, түүний дараа 2012.09.28-ны өдөр 6 сая төгрөг, 2012.10.23-ны өдөр 7.5 сая төгрөг, 2012.11.16-ны өдөр 20 сая төгрөг, 2012.11.16-ны өдөр 12 сая төгрөг, 2012.12.13-ны өдөр 620000 төгрөг, 2012.12.19-ний өдөр 1600000 төгрөг, 2012.12.25-ны өдөр 3 сая төгрөг, 2012.12.25-ны өдөр 341285 төгрөг, 2012.12.29-ний өдөр 2200000 төгрөг, 2013.01.08-ны өдөр 400000 төгрөг, 2013.01.16-ны өдөр 2 сая төгрөг, 2013.01.18-ны өдөр 1800000 төгрөг, 2013.01.22-ны өдөр 2600000 төгрөг, 2013.01.28-ны өдөр 2200000 төгрөг, 2013.02.05-ны өдөр 3 сая төгрөг, 2016.02.18-ны өдөр 4500000 төгрөг, 2013.03.06-ны өдөр 4 сая төгрөг, 2013.03.07-ны өдөр 1 сая төгрөг, 2013.04.08-ны өдөр 6.5 сая төгрөг, 2013.04.16-ны өдөр 600000 төгрөг, 2013.04.23-ны өдөр 1400000 төгрөг, 2013.05.01-ний өдөр 6300000 төгрөг, 2013.06.07-ны өдөр 250000 төгрөг, 2013.09.24-ний өдөр 400000 төгрөг, 2013.11.01-ний өдөр 150000 төгрөг, 2013.11.01-ний өдөр 150000 төгрөг гээд нийт 27 удаагийн гүйлгээгээр 92511285 төгрөгийг *******т дансаар шилжүүлсэн. Харин *******аас 2012.11.07-ны өдөр 5159300 төгрөг, 2012.12.09-ний өдөр 19615000 төгрөг, 2012.12.24-ний өдөр 24846500 төгрөг, 2013.10.04-ний өдөр 2140000 төгрөг, 2013.11.01-ний өдөр 150000 төгрөг гээд нийт 5 удаагийн гүйлгээгээр 51910000 төгрөгийг тус тус над руу шилжүүлсэн. Тэгэхээр дээрх мөнгөний зөрүү мөнгө нь нийт 40600485 төгрөг болж байгаа. Энэ бол Мандахбаяр бид хоёрын дунд хийсэн мөнгөн гүйлгээний дүн. Мандахбаяр 2012.12.24-ний өдрийг хүртэл бол надад мөнгө өгч байсан. Үүнийг мөнгөн дүнгээр нь ярьвал 2012.12.24-ний өдрийг хүртэл би *******т нийт 7 удаагийн гүйлгээгээр 49720000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Мандахбаяр уг мөнгөөр мал махаа аваад буцаагаад надад мөнгийг тушаасан бөгөөд 3 удаагийн гүйлгээгээр нийт 49620800 төгрөгийг надад буцааж тушаасан. 2012.12.24-ний өдрийг хүртэл Мандахбаяр бид хоёр наймаагаа хэвийн явуулаад мөнгө төгрөгөө өгөлцөж авалцаад байж байсан гэсэн үг. Тэрнээс хойш ******* надад мөнгө төгрөг өгөөгүй. Тэгээд мөнгө асуухаар “мал туранхай байна, мал цуглуулахаар хүмүүст мөнгө тараасан байгаа, хүмүүс нь малаа өгөхгүй байна, бөөнд нь ачна, малаа цуглуулчихвал очно, махны ханш муу байна, нэмж мал авах хэрэгтэй байна” гэх мэтээр байнга худал хэлэхээр нь би итгээд ойр ойрхон хугацаанд мөнгө шилжүүлж байсан. Би мөнгөө шилжүүлээд буцаагаад над руу мөнгө орж ирэхгүй байхаар нь Мандахбаяраас асуухаар мөн л нөгөө шалтгаанаа хэлдэг байсан. Би 2012.12.24-ний өдрөөс хойш *******т 20 удаагийн гүйлгээгээр 42791285 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. Гэтэл Мандахбаяр уг мөнгөнөөс нэг ч төгрөг буцааж өгөхгүй худал хэлээд байхаар нь би чамд 40 гаран сая төгрөг явуулж байхад ямар ч мал махны борлуулалт хийсэнгүй, ямар учиртай юм бэ, би ямар ч эргэлтийн хөрөнгөгүй боллоо гэхэд Мандахбаяр 2013.10.04, 2013.11.01-ний өдөр нийт 2290000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Мандахбаяр ер нь 2012.12.24-ний өдрөөс хойш дандаа худал хэлж мөнгө авсан, 2013 оны зун би Дашбалбар суманд очиход Мандахбаяр хэлэхдээ хөрөнгө оруулалтын мөнгөөрөө мал авсан гэж харуулахаар нь би итгэсэн юм, гэтэл ямар ч мал аваагүй байсан. Би 2012.12.24-ний өдрөөс хойш Мандахбаярт шилжүүлсэн 42791285 төгрөгөөс надад өгсөн 2290000 төгрөгийг хасаад 40501285 төгрөгийг нэхэмжилж байна. Үүн дээр Мандахбаярт зээлдүүлээд буцааж аваагүй 7 сая төгрөг, борлуулалтын дараах цэвэр ашиг болох 7445700  төгрөг, мөн Мандахбаяртай уулзахын тулд Улаанбаатар хотоос онгоцоор болон хувийн унаагаараа зардал гаргаж ирж байсан, дээрх замын зардалд 5 сая төгрөг гээд нийт 59946985 төгрөгийг нэхэмжилж байна. Би Мандахбаярыг хэрэгт шалгагдаж байх үед 9500000 төгрөгөд бодож мал авсан. Дээрх мөнгийг хасахаар 50446985 төгрөг болж байгаа энэ мөнгийг нэхэмжилж байна гэжээ. /хх-ийн  7-8, 145-146/

Иргэдийн төлөөлөгч Ц.Ишсамбуу шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч ******* нь Б.Оюунбилэгээс мөнгө авч буцааж өгөөгүй буруутай байна гэв.

     Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ... 2013 онд хүүгээ төрснөөс хойш 1 сар болоод л наймаа хийнэ гэж хэлээд явсан. Түүнээс хойш хааяа ирдэг байгаад сүүлдээ гэртээ ирэхээс больсон. Тэр үед найз Оюунбилэгтэйгээ хамтарч мал махны наймаа хийж байгаа гэж хэлж байсан. Яг хэзээнээс наймаа хийснийг мэдэхгүй байна гэжээ. /хх-ийн 18-19/

     Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ...Би *******ыг багын найз *******эйгээ хамтарч наймаа хийж байгаа талаар мэдэж байсан. Би сумандаа дэлгүүр ажиллуулдаг байгаад бараагаа аймгийн төвөөс татахдаа зээл авсаар байгаад эргэлтийн мөнгөгүй болж өрөнд орсон. Тэгээд би аргагүйн эрхэнд хүүгээсээ 7000000 төгрөг авч өрөө дарсан. Тэгээд түүнээс хойш цувуулж авсаар байгаад 20000000 гаруй төгрөгийг авсан байх гэж бодож байна. Би хүний мөнгө гэдгийг мэдэж байсан гэжээ. / хх-ийн 25/

     Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ... Мандахбаяр худалдаж авсан малаа надаар харуулах гэж авчирч өгч байгаагүй. Найзуудаа дагуулаад манайхаар нэг удаа очиж байсан. Тэр хүмүүст юу гэж хэлснийг нь би мэдэхгүй байна гэжээ. /хх-ийн 29/

     Гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: 2012 оны зуны эхэн сарын үед байхаа, намайг ажилгүй байхад найз Мандахбаяр надтай уулзаад найз нь мал мах авах гэж яваа юм аа чи ажилгүй байгаа юм чинь надтай хамт яваад туслалцаад өгөөч би мал махаа аваад борлуулалт хийснийхээ дараа цалинжуулья гэж хэлсэн. Би уг саналыг зөвшөөрөөд Дорнод аймгийн Дашбалбар сум руу хоёулахнаа замын унаанд суугаад явсан. Дорнод аймгийн Дашбалбар суманд очоод Мандахбаяр хүмүүстэй тохирч мал мах авч байсан. Би тэр худалдаж авч байгаа тохиролцоонд нь бол оролцож байгаагүй, харин машин тэргийг нь засах, машин барих ажил хийж байсан. Энэ байдлаар 10 сар хүртэл Мандахбаяр Дашбалбар суманд ганцаараа мал махаа цуглуулаад байж байсан. Энэ үед би гэр бүл хотод учир гэртээ ирээд байж байсан. Би тэндээс наадам болохоос өмнө ямар ч байсан ирсэн байсан. Мандахбаяр 10 сарын үед над руу яриад за би эндээс мал махаа цуглуулаад дуусчихлаа чи наашаа хүрээд ирээ гэж хэлэхээр нь замын унаанд суугаад яваад очсон. Тэндээс Мандахбаярын дүү Баяраагийн пронтер маркийн машин, мөн ******* аавын япон ачааны машинд нийлүүлж ачаад хотод орж ирсэн. Би хэдэн тонн мах ачсан, энд ирээд хэдэн төгрөг болсон талаар юу ч мэдэхгүй байна. Би тусалсны хөлс гэж Мандахбаяраас биш Оюунбилэгээс 600000 төгрөгийг авсан. Энэ явалтын дараа 2012 оны өвөл 12 сарын үед билүү цагаан сарын өмнө билүү сайн санахгүй байна, тэр үед намайг мал мах авахаар хамт явья гэж дуудахаар нь би яваагүй. Харин 2013 оны хавар 4 сарын орчим байх, тэр үед Мандахбаяр намайг Дашбалбар сумаас дуудаад мал мах ачих гэж байна хүрээд ир гэж хэлэхээр нь мөн замын унаанд суугаад яваад очсон. Тэндээс 25 орчим хонь Баяраагийн пронтер маркийн машинд ачаад хотод орж ирсэн. Тэр машины дугаарыг би тодорхой сайн санахгүй байна гэхдээ 01-45 ДОР улсын дугаартай байсан байхаа. Хотод хонио хамт авчираад би зарах асуудалд оролцоогүй, гэртээ харьсан. Энэ удаагийн явалтаас би мөнгө аваагүй. Тэрнээс хойш цалин хөлс өгөхгүй болохоор дахиж хамт яваагүй холбоо тасарсан гэжээ. /хх-ийн 33/

         -Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 1/

         -Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/

         -Б.******* тайлбар /хх-ийн 7-8/

         -*******ын тайлбар /хх-ийн 9-10/

         -Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа /хх-ийн 37/

         -Мөрдөн байцаагчийн даалгаврын биелэлтийн танилцуулга /хх-ийн 49/

         -Хохирогч Б.******* ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 153-155/

-Шүүгдэгч *******ын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 59-91,156-158, 213-214/

     -Хохирогч Б.Оюунбилэгээс *******т шилжүүлсэн мөнгөний тооцоо /хх-ийн 159/

-Хохирогч Б.******* мэдүүлэг /хх-ийн 197-198/

-Шүүгдэгч *******ын мэдүүлэг /хх-ийн 199/

-Сонсгосон ялыг өөрчлөх буюу нэмэлт оруулах тогтоол /хх-ийн 200/

-*******ын Төрийн банкны депозит дансны харилцагчийн монгол хуулга /хх-ийн 129, 208-211/

-*******ыг сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-47, 117-118, 199/

     -Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55/

-Дорнод аймгийн Дашбалбар сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 56/ зэрэг  болно.

     Шүүгдэгч ******* нь 2012 оны 7 сарын 09-ний өдөр ******* хадгаламжийн дансанд мөнгө байгаа авч болохгүй байна гэж хуурч мэхлэх аргаар 7000000 төгрөгийг,

мөн давтан үйлдлээр 2012 оны 12 сарын 25-ны өдөр 3000000 төгрөгийг,

-2012 оны 12 сарын 29-нйи өдөр 2200000 төгрөгийг,

-2013 оны 1 сарын 8-ны өдөр 400000 таграгийг

-2013 оны 1 сарын 16-ны өдөр 2000000 төгрөгийг

-2013 оны 1 сарын 18-ны өдөр 1800000 төгрөгийг,

-2013 оны 1 сарын 22-ны өдөр 2600000 төгрөгийг,

-2013 оны 1 сарын 28-ны өдөр 2200000 төгрөгийг,

-2013 оны 2 сарын 5-ны өдөр 3000000 төгрөгийг

-2013 оны 3 сарын 06-ны өдөр 4000000 төгрөгийг,

-2013 оны 3 сарын 07-ны өдөр 1000000 төгрөгийг,

- 2013 оны 4 сарын 08-ны өдөр 6500000 төгрөгийг,

- 2013 оны 4 сарын 16-ны өдөр 600000 төгрөгийг,

- 2013 оны 4 сарын 23-ны өдөр 1400000 төгрөгийг,

- 2013 оны 5 сарын 01-ний өдөр 6300000 төгрөгийг,

- 2013 оны 6 сарын 07-ны өдөр 250000 төгрөгийг,

- 2013 оны 9 сарын 24-ний өдөр 400000 төгрөгийг нийт 16 удаагийн үйлдлээр хохирогч ******* мал, мах авч өгнө гэж итгэл эвдэх аргаар 37650000 төгрөгийг нийт 44650000 төгрөгийг залилан мэхлэж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Оюунбилэг, гэрч Ц.Нарангэрэл, Д.Оюунбат, П.Батдэлгэр, Н.Батбаяр нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, ХААН банкны депозит дансны хуулга болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч ******* нь ээж, эгч нарын өрөнд орсон асуудлыг зохицуулахын тулд хохирогч Б.Оюубилэгээс “хадгаламжийн дансанд мөнгө байгаа, мал мах өгнө” хэмээн хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар ээж болон эгчийнхэээ өмнөх өр төлбөрийг төлж барагдуулан, өөрийн хэрэгцээнд зарцуулснаар хохирогч ******* 44650000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзнэ.

Шүүгдэгч *******т холбогдох хэргээс 2013 оны 11 сарын 01-ний өдрийн хоёр үйлдлийг хэрэгсэхгүй болгосон тул гэмт хэргийн төгссөн хугацааг 2013 оны 9 сарын 24-ний өдөр гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүдэхдээ: “Б.Оюунбилэг надад  2013 оны 2 сарын 18-ны өдөр 4500000 төгрөгийг шилжүүлсэн боловч удалгүй аавынхаа эмчилгээний зардалд мөнгө хэрэг боллоо гэж хэлээд шилжүүлсэн 4500000 төгрөгөө өдөрт нь буцаагаад авсан байгаа, мөн 2013 оны 11 сарын 01-ний өдөр шилжүүлсэн 150000 төгрөгийг давхардсан байсан болохоор нь би буцаагаад өдөрт нь шилжүүлсэн” гэж мэдүүлж байна.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чинзориг шүүхийн хэлэлцүүлэгт “... Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд хэргийг мөрдөн байцаалтын шатанд бүрэн гүйцэд шалгагдаагүй байна гэж үзэж байгаа учраас нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах саналтай байна. Шууд хохирлын хэмжээгээр гэмт хэргийг зүйлчилдэг. Энэхүү гэмт хэргийн хувьд хохирлын тал дээр маргаантай байна гэж үзэж байна. 2016 оны 02 сарын 18-ний өдөр хохирогч Б.******* эзэмшлийн ХААН банкны данс руу 4500000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Үүнийг мөрдөн байцаалтын шатанд огт шалгаагүй байдаг. Мөн хохирогч Б.Оюунбилэг нь энэ талаар яриагүй байдаг. Шүүгдэгч *******ын эзэмшлийн ХААН банкны данснаас 4500000 төгрөгийг 50299113728 дугаар данс руу шилжүүлсэн байдаг боловч тухайн дансны эзэмшигчийн нэр нь тодорхойгүй байсан учраас шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд 1000 төгрөгийг дээрх  данс руу шилжүүлж данс эзэмшигчийн овог нэрийг тогтоолгож шүүх хуралдаанд нэмэлт нотлох баримтаар өгсөн байгаа. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар энэхүү мөнгийг шилжүүлсэн гэдэг нь нотлогдож байгаа юм. Энэхүү мөнгийг нийт хохирлын мөнгөн дүнгээс хасах эсэх асуудлыг шалгуулах, мөн  шүүгдэгч ******* нь 2013 оны 10 сарын 04-ны өдөр хохирогч ******* эзэмшлийн данс руу шилжүүлсэн 2 140 000 төгрөгийг нийт хохирлын хэмжээнээс хасаж тооцоогүй, мөн найз Одбаярын төрийн банкны данс руу шилжүүлсэн 5000000 төгрөг, Дашбалбар сумын иргэдээс мал худалдан авахаар өгсөн 10 000 000 сая төгрөгийг нийтэд нь тооцож үзвэл 21 000 000 төгрөг болдог. Энэхүү мөнгөн дүнг шууд хохирлын хэмжээнээс хасаж тооцвол 28000000 төгрөг болно. Эдгээр зүйлсийг нарийн шалгаж нийт хохирлын хэмжээг үнэн зөв тогтоох шаардлагатай гэж үзэж байна. Хохирлын хэмжээг үнэн зөв тогтоох нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөх учраас хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаанд буцаах саналтай байна” гэж мэтгэлцэж байна. Иймд шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн дээрх саналаас зарим хэсгийг хүлээн авах боломжтой байна. Учир шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийн мэдүүлэг, түүний өмгөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан ХААН банкны дансны хуулга /хх-ийн 63/ зэргээс харахад шүүгдэгч ******* нь 2013 оны 2 сарын 18-ны өдөр 4500000 төгрөгийг, мөн  2013 оны 11 сарын 01-ний өдрийн эхний шилжүүлсэн 150000 төгрөгийг өдөрт нь хохирогч Б.******* дансанд буцаан шилжүүлсэнээс үзэхэд залилан мэхлэх гэмт санаа бодол бий болоогүй болох нь тогтоогдож байх тул залилангийн гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй байна гэж үзэж Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201611000116 дугаартай хэргээс 2013 оны 2 сарын 18-ны өдрийн 4500000 төгрөгийг, 2013 оны 11 сарын 01-ний өдрийн эхний шилжүүлсэн 150000 төгрөгийг тус тус залилан мэхэлсэн, мөн  2013 оны 11 сарын 01-ний өдрийн дараагийн шилжүүлсэн 150000 төгрөгийг залилан мэхэлсэн гэх үйлдэл нь гэмт хэргийн хохирлын хэмжээ буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд /192000 төгрөг/ хүрэхгүй байх тул дээрх залилан мэхэлсэн гэх үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******аас 2013 оны 10 сарын 04-ний өдөр хохирогч Б.******* эзэмшлийн данс руу шилжүүлсэн 2 140 000 төгрөг нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд хамаарахгүй, харин шүүгдэгчийн хохирогчид төлөх ёстой хохирлыг нөхөн төлсөн мөнгө болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хохирогчид төлөх хохирлоос хасч тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Харин өмгөөлөгчийн бусад санал болох  найз Одбаярын төрийн банкны данс руу шилжүүлсэн 5000000 төгрөг, Дашбалбар сумын иргэдээс мал худалдан авахаар өгсөн 10 000 000 сая төгрөг зэргийг нийт хохирлын хэмжээнээс хасаж тооцоогүй гэж байгаа саналыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд дээрх хохирлын асуудал нь залилан мэхлэх гэмт хэргийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоогүй байхаас гадна мөрдөн байцаалтын шатанд авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах тухай саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч ******* нь давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж  онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Дорнод аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж шүүгдэгч *******ын хувьд ногдох 40000 төгрөгийн үнэ бүхий Леново маркийн гар утсыг хураан улсын орлогод оруулж,  түүнд хуульд заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч ******* нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. Дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэн түүнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмд эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд 49791285 төгрөгийг нэхэмжилснээс мөрдөн байцаалтын шатанд 314285 төгрөгийн хохирлыг ял өөрчлөн сонсгохдоо, шүүх хуралдааны явцад 4800000 төгрөгийн хохирлыг тус тус хэрэгсэхгүй болгож, гэмт хэргийн хохирлын нийт хэмжээг 44650000 төгрөгөөр тооцож, үүнээс мөрдөн байцаалтын шатанд 2140000 төгрөгийг дансаар шилжүүлж, мал өгсөн 9500000 төгрөг, нийт 11640000 төгрөгийг хасч үлдэх 33010000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж хохирогч ******* олгох үндэслэлтэй байна.

Харин хохирогч нь шууд бус хохирол болох тээврийн зардалд 5000000 төгрөгийг, мал махны борлуулалтын дараах цэвэр ашиг 7445700 төгрөг, нийт 12445700 төгрөгийг тус тус нэхэмжилж байх бөгөөд тээврийн зардлын 5000000 төгрөгийн баримтыг шүүхэд ирүүлээгүй тул энэ шүүх хуралдаанаар шийдэх боломжгүй байна. Мөн мал махны борлуултын дараах цэвэр ашиг 7445700 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь үүргийн гүйцэтгэлд хамаарах орлого байх тул иргэний эрх зүйн харилцаагаар зохицуулагдах асуудал байна. Иймд хохирогч нь дээр дурдсан шууд бус хохирол болох тээврийн зардал болон борлуулалтын цэвэр ашиг орлогод холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй юм.  

Шүүгдэгч *******т эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэсэн, түүнчлэн шүүгдэгч нь бусдад төлөх төлбөртэй байх тул түүний эзэмшлээс 40000 төгрөгийн үнэ бүхий “Леново” маркийн гар утсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 3 сарын 22-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээж, баримт бичгээр хураагдаж ирсэн ялтан *******ын ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 284, 286, 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс 2013 оны 2 сарын 18-ны өдөр 4500000 төгрөгийг, 2013 оны 11 сарын 1-ний өдрийн хоёр удаагийн үйлдлийн тус бүр 150000 буюу нийт 300000 төгрөгийг тус тус залилан мэхэлсэн гэх үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Шарайд овогт Нармандахын Мандахбаярыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар шүүгдэгч Нармандахын Мандахбаярын хувьд ногдох 40000 төгрөгийн үнэ бүхий “Леново” маркийн гар утсыг хураан улсын орлогод оруулж, 10 /арван/ жил 1 /нэг/ хоногийн  хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн  52.5-д зааснаар ялтан *******т оногдуулсан 10 /арав/ жил 1 /нэг/ хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Ялтан ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ялтан *******аас 33010000/Гучин гурван сая арван мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч ******* олгож, нэхэмжлэлийн шаардлагаас тээврийн зардлын 5000000 төгрөг, олох ёстой байсан орлого 7445700 төгрөгийг тус тус иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Ялтан *******ын эзэмшлээс 40000 төгрөгийн үнэ бүхий “Леново“ маркийн гар утсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 3 сарын 22-ны өдрийн  Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээж, баримт бичгээр хураагдаж ирсэн ялтан *******ын ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд энэ даруй хүргүүлсүгэй.

     8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан  *******т авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг  2017 оны  02 сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

     9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

     10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ                                          Б.ЭНХБААТАР

ШҮҮГЧИД                                        Ү.ОДГЭРЭЛ                   

                                                                                      Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ