Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2022/00495

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2020/03205 дугаар шийдвэр,   

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 11 дүгээр магадлалтай,

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Б.Н, Б.Б нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 10,926,194.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Б.Н болон хариуцагч Б.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч Б.Н, Б.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,926,194.61 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2020/03205 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Б.Н, Б.Б нараас зээлийн гэрээний үүрэг нийт 10,917,694 төгрөг 61 мөнгө гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 189,769 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 189,633 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.   

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 11 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2020/03205 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 24,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч Б.Н болон хариуцагч Б.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Иргэн Б.Н миний бие уг зээлийн тал хувийг 20,4 хувийн хүүтэй төлж байсан ба хүүхдийн биеийн байдал сайнгүй, ажилгүй байгаад төлж чадахгүй байгаа тухайгаа удаа дараа шүүхэд тайлбарласан. Одоо ч ажилдаа орж чадахгүй, нөхөрт ажил олдохгүй амьдрал өмнөхөөсөө ч хүндрэлтэй болж байна. Цар тахлын улмаас нөхрийн барилгын засварын ажил бүрэн зогсолтонд орж 4 хүүхдийнхээ сарын тэтгэлэг 400,000 төгрөгөөр л амьдарч байна. Иймд бидний амьдралын хүнд байдлыг харгалзан үзэж хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөхөөс чөлөөлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч Б.Н, Б.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,926,194.61 төгрөг гаргуулахаар шаардаж, ...хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, авсан зээлээ төлөхгүй байгаа... гэж маргажээ. Хариуцагч нар ...хүүхэд маань өвчтэй төрсний улмаас ажил эрхлэх боломжгүй болсон, мөн Ковид-19 цар тахлын улмаас нөхрийн ажил зогссон тул зээлээ төлж чадахгүй болсон, ...нэхэмжилсэн зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй... гэсэн тайлбар гаргасан байна.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, хариуцагч нараас 10,917,694.61 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ. 

8. Хариуцагч Б.Н болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “...4 хүүхдийн тэтгэлгийн мөнгөөр амьдарч байна. ...амьдралын хүнд байдлыг харгалзан үзэж хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөхөөс чөлөөлж өгнө үү” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна.

9. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, тухайн маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй гэж үзлээ.  

10. Хариуцагч Б.Н, Б.Б нар нь “ТХХК-тай 2017.08.04-ний өдөр барьцаат зээлийн гэрээг  байгуулж, 20,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай зээлсэн байх ба зээлдүүлэгч нь зээлсэн мөнгийг гэрээний дагуу зээлдэгч нарт шилжүүлж, зээлдэгч хуваарийн дагуу зээлийг, хүүгийн хамт буцаан төлөх үүргийг хүлээсэн байна.

11. Хоёр шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлийн гэрээ хуульд заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр, нэхэмжлэгч нь уг гэрээний дагуу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй талаар зөв дүгнэжээ. 

12. Хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөний улмаас нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлд 10,107,011.37 төгрөг, зээлийн хүүд 800,773.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 9,909.63 төгрөг, нийт 10,917,694.61 төгрөг төлөх үүрэг хүлээсэн нь тогтоогдсон, шүүх хариуцагч Б.Н, Б.Б нараас зээлийн гэрээний үүрэгт уг мөнгийг гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нотариатын зардлын 8,500 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн байна.

13. Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2020/03205 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 11 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч нараас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021.01.28-ны өдөр төлсөн 24,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.БАНЗРАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Б.МӨНХТУЯА

                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД