| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00359/и |
| Дугаар | 392 |
| Огноо | 2020-05-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2020 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 392
2020 оны 05 сарын 28 өдөр Дугаар 139/ШШ2020/00392 Сайнцагаан сум
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Д.Д,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б
Нарийн бичгийн дарга Г.Ц нарыг оролцуулан Д.Дгийн нэхэмжлэлтэй, А.Дд холбогдох 7470950 /долоон сая дөрвөн зуун далан мянга есөн зуун тавин / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00359 /И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Д, хариуцагч ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Д нь 2020 оны 2 сарын 5-ны өдрөөс 2020 оны 2 сарын 9-ний өдрийг хүртэл 4 хоногийн хугацаанд 7250000 төгрөгийг хүүгүй бэлнээр 2 тал тохиролцсон зээлийн гэрээ байгуулж авсан билээ. А.Д нь Улаанбаатар хотын Технологийн дээд сургуулийн хүнсний инжнерчлэлийн ангийн багш маань байсан. Ангийн багш маань туслаач гээд гуйгаад байхаар нь зээлүүлсэн. Гэтэл зээлийн хугацаа өнгөрч одоог хүртэл өгөлгүй устаа салгаад зугтан худал хэлж хуураад байна. 2020 оны 4 сарын 15, 16-ны өдөр утас нь холбогдож мөнгөө нэхсэн боловч өгөөгүй. Шаардлагатай үед утсаар ярьсан бичлэгийг өгч болно. 2020 оны 4 сарын 17-нд 8187 УБЦ RX 400 маркын авто машинтай аав, ээж эгчийн хамт Дундговь аймгийн Сум дундын шүүхэд тэмдэгтийн хураамж 130950 төгрөг төлөн нэхэмжлэл гаргалаа. Мөн тээврийн зардал 90000 төгрөгөөр шатахуун авсан тул миний гаргасан зардал буюу нийт 7470950 төгрөгийг яаралтай барагдуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Энэ хүмүүсийн боломж бололцоо аргагүй байдлыг харгалзаад 2020 оны 6 сард 2500000 төгрөг, үлдэх мөнгийг сар тутамд 350000 төгрөгөөр төлж дуусгахыг зөвшөөрч байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Манайх нэг сувилал ажиллуулдаг юм. Гэвч сая өвчин гээд хаасан байгаа учраас Улаанбаатар хотын Эрүүл мэндийн төвөөс зөвшөөрөл авч байгаад үйл ажиллагаагаа эхлүүлчихвэл орлого мөнгө орох боломжтой. Манай төрсөн дүү хариуцагч хүнд өвчтэй төлөх чадваргүй болсон учраас ар гэрийнхэн бид хамтран төлөхөөр болж байгаа юм. Тийм учраас нэхэмжлэгчийн хувийн байдлыг сайн ойлгож байна. 2020 оны 6 сард 2500000 төгрөг, үлдэх мөнгийг сар тутамд 350000 төгрөгөөр төлж байгаад нэхэмжилсэн мөнгийг бүрэн төлж дуусгана гэжээ:
Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч А.Д нь Д.Дтай 2020 оны 02 сарын 05-ны өдрийн зээлийн гэрээ /хэргийн 5-р хуудас/-г байгуулан 4 хоногийн хугацаатайгаар 7250000 /долоон сая хоёр зуун тавин мянган/ төгрөгийг зээлсэн байх бөгөөд зээлийн гэрээний дагуу уг зээлийг хуваарийн дагуу төлөх ба 2020 оны 02 сарын 09-ний өдөр төлж дуусахаар гэрээг байгуулсан байна.
Хариуцагч нь зээлийн гэрээний 3.1-д зааснаар зээлийг төлөх үүрэг хүлээсэн боловч зээлийг төлөлгүй хугацаа хэтрүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, зээлийг төлөлгүй, зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч Д.Д нь зээлийн төлбөрийг шаардах эрх үүссэн байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 7340000 төгрөгөөс 2020 оны 06 сарын 25-ны дотор 2500000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөг, 2020 оны 7 сараас 2021 оны 7 сарыг дуустал сар тутамд 350000 /гурван зуун тавин мянган/ төгрөг, 2021 оны 8 сард 290000 /хоёр зуун ерэн мянган/ төгрөгийг нэхэмжлэгч Д.Дд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130950 /нэг зуун гучин мянга есөн зуун тавин / төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Дгээс 130950 /нэг зуун гучин мянга есөн зуун тавин / төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д овогт А-ийн.Б нь /Д овогт А-ийн Д ЗИ / нэхэмжлэлийн шаардлага болох 7340000 /долоон сая гурван зуун дөчин мянган/ төгрөгөөс 2020 оны 06 сарын 25-ны дотор 2500000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөг, 2020 оны 7 сараас 2021 оны 7 сарыг дуустал сар тутамд 350000 /гурван зуун тавин мянган/ төгрөг, 2021 оны 8 сард 290000 /хоёр зуун ерэн мянган/ төгрөгийг нэхэмжлэгч Б овогт Дгийн Д /УШ /-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130950 /нэг зуун гучин мянга есөн зуун тавин / төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Дгээс 130950 /нэг зуун гучин мянга есөн зуун тавин / төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Дд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь энэхүү асуудлаар захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ДАРГАЛАГЧ Д.У