Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 29

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж

Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг

Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Б.Дагийнамжил

Хохирогч Ц.Г

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Бод холбогдох эрүүгийн... дугаарт хэргийг 2017 оны 02 сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Т.Б

Шүүгдэгч Т.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт Улаанбаатар, Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай, зам дээр ... улсын дугаартай Тоёота Кроун маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2, 8 дугаар бүлгийн 8.11, 15 дугаар бүлгийн 15.1.а дахь заалтуудыг тус тус зөрчин Ш.Бийн жолоодон явсан улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг мөргөн зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгслийг жолоодон явсан Ш.Бийн амь нас хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Т.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 огы 11 дүгээр сарын 28-ны өдөр би нэг найзтайгаа, 60000 төгрөгөөр нэг хүн аваад гурвуулаа Замын-Үүдээс 4 цагийн үед гарсан 7 цагийн үед Сайншанд сумын Цагаан хаалганы наана нэг машинтай зөрөөд би гэрлээ ойр дээрээ тависан чинь урдаас нэг мотоцикль гэнэт гарч ирсэн тормос гишгэсэн боловч тулаад ирсэн болохоор очоод мөргөсөн буугаад харсан чинь хүн нь хэвтэж байсан би эмнэлэг, цагдаа дуудсан эмч ирээд нас барчихсан байна гэж хэлсэн гэсэн мэдүүлэг,

Хохирогч Ц.Ггийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2003-2016 он хүртэл хамт амьдраад 2 хүүхэдтэй болсон. Хөдөө 10 жил амьдарч байгаад сүүлийн 2 жил төв дээр ирж очин амьдарч байсан. Энэ хүн шүүхийн шатанд хохирлын мөнгө барагдуулсан. Энэ хүн бас үр хүүхэдтэй, хань ижилтэй байх. Энэ хүнд гомдолтой гэж хэлээд талийгаач минь босоод ирэхгүйгээс хойш өөр хэлээд байх зүйл алга гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Цийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би найз Бын хамт хувийн ажлаар Замын-Үүд сумаас Улаанбаатар хот явах байсан юм тэгээд бид хоёр 2016 оны 11 сарын 28-ны өдөр Улаанбаатар хот явахаар болж Т.Б ах Өгаас ... улсын дугаартай Тоёота Кроун маркийн тээврийн хэрэгслийг аваад бид хоёр зогсоол дээр зогсож байгаад нэг хүнийг 60.000 төгрөгөөр суулгаж 16 цагийн орчимд байх Замын-Үүд сумаас Улаанбаатар хот руу явсан бид нар явж байгаад 19 цагийн орчимд Сайншанд сум өнгөрч аспалтан замаар эсрэг чиглэлийн 2 эгнээтэй замын ертөнцийн зүгээр зүүн талын эгнээнд урдаас хойш чиглэн явж байгаад мотоцикльтой хүний араас мөргөж зам тээврийн осол гаргасан. Осол болсны дараа гараад хартал улсын дугааргүй мотоциклийн араас нь мөргөж мотоциклийн жолооч болох 45-50 орчим насны эрэгтэй хүн машины дээвэр дээр унаж урагш харсан байдалтай нас барсан байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ц.Зийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шиг санаж байна. Би урагшаа Хятад руу гарчихаад буцахдаа кроун маркийн машинтай хоёр залуугийн хамт 60.000 төгрөгөөр хот руу Замын-Үүдээс 17 цагийн үед гарсан. Би арын суудал дээр нь ганцаараа сууж явсан ба Сайншанд сумын цагаан хаалга арай хүрээгүй явж байтал гэнэтхэн л түс, тас гээд явчихсан. Машинаа зогсоогоод буугаад харахад мотоцикльтой хүн дайрчихсан, хүн нь машины дээр өнгөрчихсөн юм шиг байсан. Ингээд эмнэлэг, цагдаад мэдэгдсэн...Б гэдэг машины эзэн залуу жолоодож явсан...” гэсэн мэдүүлэг,

Шинжээч Ж.Эийн мөрдөн байцаалтад өгсөн: “...хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон схем зургаас авч үзэхэд осол хэргийн газарт тормосны мөр байгаагүй болохоор ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг зогсоох арга хэмжээ аваагүй гэж үзсэн...” гэсэн мэдүүлэг,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, схем зургийн үзүүлэлтүүд,

,,,,,,,,,,,Амь хохирогч Ш.Бийн үхлийн шалтгааныг тогтоохоор задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Аймгийн Замын Цагдаагийн тасгийн шинжээчийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний албаны .... дугаартай шинжээчийн дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай шинжээчийн дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай шинжээчийн дүгнэлт,

Шинжилгээ хийж шинжээч томилох тухай /хх-ийн 50, 57, 63, 69, 95-96, 105-106, /

Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52-53, 60, 63-64, 65, 69, 89,90,97,98, 99, 108-109,/

Ашид билгүүн ХХК-үнэлгээ /хх-ийн 77-79, 84,/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 128/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий дээрхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч Т.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт Улаанбаатар, Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай, зам дээр ... улсын дугаартай Тоёота Кроун маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 дэх хэсэгт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2-дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” 8 дугаар бүлгийн 8.11 дэх хэсэгт “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна”, 15 дугаар бүлгийн 15.1.а-д “замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана. Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ .....” гэсэн заалтуудыг тус тус зөрчин Ш.Бийн жолоодон явсан улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг мөргөн зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгслийг жолоодон явсан Ш.Бийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдож байна гэж үзлээ.

Шүүгдэгч болон хохирогч, тэдгээрийн өмгөөлөгчөөс зам тээврийн осол хэний буруутай үйлдлийн улмаас гарсан болон талийгаачийн үхлийн шалтгааны талаар маргаагүй, хавтаст хэрэгт авагдсан баримтыг үгүйсгээгүй болно.

Иймд шүүгдэгч Т.Быг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчин бусдын амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ хохирогчид 19000000 төгрөгийг оршуулгын зардал болон бусад зардалд төлсөн гэж мэдүүлж байх боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогчийн мэдүүлгээр 7700000 төгрөгийг хохирогч Ц.Гд төлсөн гэж үзлээ.

Хохирогч Ц.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй болохоо мэдүүлсэн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс кроун маркийн тээврийн хэрэгслийг өмчлөгч ... -Д олгохоор шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ. Хавтаст хэрэгт Кроун маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн, хураасан талаарх тогтоол авагдаагүй тул уг тээврийн хэрэгслийг өмчлөгчид нь олгохоор шүүхийн тогтоолоор шийдвэрлэх шаардлагагүй болно.

Шүүгдэгч Т.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2015 оны 07 сард 1 жилийн хугацаагаар хасуулсан, уг хугацаа дууссан хэдийч шүүгдэгч өөрөө шалгалт өгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ сэргээлгээүй гэсэн мэдүүлгээр шүүгдэгчийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Б нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл судалгааны төвийн лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна.

Шүүгдэгч Т.Бод ял шийтгэл оногдуулахдаа анх удаа болгоомжгүй нөхцөл байдлын улмаас хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас үүссэн эд материалын хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

Т О Г Т О О Х нь:

 

1.Шүүгдэгч Т.Быг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Т.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  2 жилийн хугацаагаар хасч, 3 жил  1  сар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бод оногдуулсан 3 жил 1  сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

   

4.Шүүгдэгч Т.Б нь хохирогч Ц.Гд оршуулгын зардалд 7700000 төгрөгийг  төлсөн болохыг дурдсугай.

 

         5.Шүүгдэгч Т.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдсугай.

 

         6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бод оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон  үеэс эхлэн тоолсугай.

 

         7.Шүүгдэгч Т.Бод оногдуулсан 3 жил 1  сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар  биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах хугацааг 2  жилээр тогтоож, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар түүнд хяналт тавихыг Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн  Цагдаагийн хэлтэст  даалгасугай. 

                                                                                                                                                                       

        8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бод урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

        9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                  

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                  Д.АДЪЯАСҮРЭН