Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2017/0398/З |
Дугаар | 128/ШШ2017/0634 |
Огноо | 2017-08-28 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 128/ШШ2017/0634
2017 оны 08 сарын 28 өдөр | Дугаар 128/ШШ2017/0634 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.О
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга
Нэхэмжлэлийн тодруулсан шаардлага: Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Д.Оийг албан тушаалаас чөлөөлөх тухай дугаар Б/113 тушаалын 2 дахь заалтыг хүчингүй болгож, Хмэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг төлүүлэх
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.У, нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Д.О миний бие 2013 оны 02 дугаар сараас эхлэн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтэст Өргөдөл, гомдол, мэдээллийн төвийн мэргэжилтнээр ажиллаж байгаад 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх мэдэгдэх хуудас авсан. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрөн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Эод үргэлжлүүлэн ажиллах өргөдөл гаргасан боловч Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/113 дугаар тушаалаар мөн өдрөөс эхлэн ажлаасаа чөлөөлөгдсөн болно
Дээрх шийдвэрийг би эс зөвшөөрөн Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан.
Төрийн албаны зөвлөл нь 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 314 тоот албан бичгээр Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасны дагуу төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг Улсын Их Хурлын 2003 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагч, уг албан тушаалд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам-ын дагуу хянан шийдвэрлэх тухай хууль, эрх зүйн зохицуулалттай бөгөөд уг хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-д заасны дагуу төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсхүл зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн, түүнчлэн өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан, өөрчлөгдсөнтэй холбогдон гарсан маргаан хамаардаггүй учир шүүхийн байгууллагад хандаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах бусад асуудлаа шийдвэрлэнэ үү гэсэн хариу өгсөн.
Миний бие 2013 онд төрийн албаны тангараг өргөсөн, төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд, ажлаас халсан үндэслэл нь Бүтцийн өөрлөлтийн дагуу хийж байгаа орон тоо хасагдсан гэж Тамгын газрын дарга тайлбарлаж байгаа юм.
Миний ажиллаж байсан хэлтэс Захиргаа хуулийн хэлтэс нэртэй байсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/832 дугаар захирамжаар Төрийн захиргааны удирдлагын хэлтэс болж нэр өөрчлөн, миний албан тушаалын нэр Иргэдийн эрэлт, хүсэлт, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн гэсэн нэртэй болж, ажлын байрны нэршил өөрчлөгдсөн.
Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/113 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 23.4, 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1 зэрэг заалтад дурьдсан нөхцөл байдал үүсээгүй байхад төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халсан нь мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.2, 27.2.3, 27.2.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна.
Иргэн Д.О миний бие төрийн албыг нэр төртэй хашиж 5 жил тус дүүрэгт ажиллахдаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, үр дүнгийн гэрээгээ тогтмол А, В үнэлгээтэй буюу хангалттай сайн гэж дүгнүүлэн ирсэн.
Миний бие 2 ой 5 сартай хүүхэдтэй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулиар 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж зохицуулсан байдаг.
Иймд төрийн албан хаагчдын эрх ашиг, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор үндэслэлгүйгээр ажлаас халагдсан тул урд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг төлүүлэн, ажилгүй байсан хугацааны цалинг тус тус гаргуулж өгнө үү хэмээн уг нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж байхдаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг нэг ч удаа зөрчиж байгаагүй. Үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүрэг А болон Б үнэлгээтэй дүгнэгддэг байсан. 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 3 нас хүрээгүй хүүхэдтэй намайг үндэслэлгүйгээр ажиллаасаа халагдсан. Ажлын байрны нэршил өөрчлөгдөж ажлын байрны орон тоо байхгүй гэдэг үндэслэлээр ажлаас халсан гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын б/113 тоот тушаал нь хууль зүйн үүднээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй акт гаргасан. Хоёрдугаарт, нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын нэршил өөрчлөгдөж, чиг үүрэг үйл ажиллагааны хувьд хэвээр байгаа учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл хууль зүйн бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна.
Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Монгол Улсын Засгийн газрын 2016 огы 08 дугаар тогтоол, дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны үлгэрчилсэн жагсаалтыг батлах тухай Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/832 тоот захирамжийг үндэслэн дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалт батлах тухай Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/486 дугаар захирамж батлагдан гарсан.
Энэхүү шинэчлэн батлагдсан Хан-Уул дүүргийн ол, мэдээллийн төвийн мэргэжилтний орон тоо хасагдсан болно. Засаг даргын Тамгын газрын бүтцээр Захиргаа, хуулийн хэлтсийн Өргөдөл, гомдол, мэдээллийн төвийн мэргэжилтний орон тоо хасагдсан болно.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн тул Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Өргөдөл, гомдол, мэдээллийн төвийн мэргэжилтэн Д.Оийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/113 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн.
Өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдаж өөрчлөгдсөн тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасны дагуу 3 сарын цалинтай тэнцэх, мөн өөрийнх нь гаргасан өргөдлийн дагуу гэр бүлийг нь дэмжих зорилгоор мөн 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмж нийт 3.600.834 төгрөгийн тэтгэмжийг Д.Оийн 5033330933 тоот цалингийн дансанд шилжүүлсэн.
Иймд иргэн Д.Оийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үүгэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Байгаль шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/832 дугаар захирамжийг үндэслэн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны А/486 дугаар захирамжаар Тамгын газрын бүтцийг шинэчлэн баталсны үндсэн дээр мэргэжилтнүүдийг ажлаас нь чөлөөлсөн байгаа. Нэхэмжлэгч н.Оюунгэрэл Захиргаа хуулийн хэлтсийн өргөдөл, гомдол мэдээллийн төвийн мэргэжилтнээр Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны А/10 дугаар захирамж батлагдсанаар ажиллаж эхэлсэн.
Шинэчлэн батлагдсан Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын хувьд өргөдөл гомдол мэдээллийн төв гэсэн бүтэц нь хасагдсан. Төрийн захиргааны удирдлагын хэлтэс дотор иргэдийн өргөдөл, гомдол, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн гэсэн дуудлагаар шинэчлэгдэн батлагдсан учраас өргөдөл гомдол мэдээллийн төвийн мэргэжилтний албан тушаалаас 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгож ажлаас чөлөөлсөн. Өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар бүтэц орон тоо өөрчлөгдөж орон тоо хасагдсан учраас 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний 3,600,830 төгрөгийн тэтгэмжийг чөлөөлсөнтэй холбоотойгоор Д.Од олгосон байгаа гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.О нь шүүх хуралдаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Д.Оийг албан тушаалаас чөлөөлөх тухай дугаар Б/113 тушаалын 2 дахь заалтыг хүчингүй болгож, Хмэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг төлүүлэх гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Д.Оийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай Б/14 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар[1] тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн Өргөдөл, гомдол, мэдээллийн төвийн мэргэжилтний албан тушаалд томилсон байна.
Улмаар Д.Оийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Д.Оийг албан тушаалаас чөлөөлөх тухай Б/113 дугаар тушаалаар[2] ...Тамгын газрын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдаж, орон тоо хасагдсан тул гэсэн үндэслэлээр Өргөдөл, гомдол, мэдээллийн төвийн мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн байна.
Хэрэгт цугларсан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ДүүргийнЗасаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалтыг батлах тухай А/10 тоот захирамжийн хавсралт, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалт батлах тухай А/486 тоот захирамжийн 1 дүгээр хавсралт, Иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлт, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтний болон Өргөдөл, гомдол мэдээллийн төвийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаас үзэхэд Өргөдөл, гомдол, мэдээллийн төвийн мэргэжилтэн болон Засаг даргын зөвлөлийн хурал, тогтоол, шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн гэсэн хоёр албан тушаалыг нийлүүлж, Иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлт, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн гэсэн нэг албан тушаалыг бий болгож, хоёр орон тоог нэг болгож цөөрүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан Захиргаа, хуулийн хэлтсийн Өргөдөл, гомдол, мэдээллийн төвийн мэргэжилтний албан тушаалын чиг үүрэг шинэ бүтцээр Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлт тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтний албан тушаалын чиг үүрэгт хадгалагдан үлдсэн болох нь ажлын байрны тодорхойлолтууд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тодорхой нотлогдож байна.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна гэж заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд албан тушаалын орон тоо цөөрсөн тохиолдолд уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан үзэж, тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авахаар хуульчилсан ба хариуцагч шалгаруулалт явуулалгүйгээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн байна.
Тодруулбал Өргөдөл, гомдол, мэдээллийн төвийн мэргэжилтэн болон Засаг даргын зөвлөлийн хурал, тогтоол, шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн гэсэн албан тушаалыг хашиж байсан 2 албан хаагчдын дунд дээрх хуульд заасан шалгуур үзүүлэлтүүдээр шалгаруулалт явуулж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг шалгаруулж томилох ёстой атал шалгаруулалтгүйгээр албан тушаалаас чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна гэж заасан байна.
Бага насны хүүхэдтэй төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх, халах харилцааг Төрийн албаны тухай хуулиар зохицуулаагүй, харин уг харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар тусгайлан, нарийвчлан зохицуулсан байх тул энэ маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлах нь зүйтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж заасан байна.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Д.Оийг албан тушаалаас чөлөөлөх тухай дугаар Б/113 тушаалыг гаргах үед нэхэмжлэгч 3 нас хүрээгүй хүүхэдтэй байсан болох нь төрсний гэрчилгээгээр нотлогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаас үзэхэд дараах 3 үндэслэл бий болсон тохиолдолд л бага насны хүүхэдтэй эхийг ажлаас халахаар зохицуулсан байна. Үүнд:
Аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан
Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан
Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон
Дээрх үндэслэлүүд үүссэн нөхцөлд л бага насны хүүхэдтэй эхийг ажлаас халахыг хуулиар зөвшөөрсөн атал Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Д.Оийг албан тушаалаас чөлөөлөх тухай дугаар Б/113 тушаалаар ...орон тоо шинэчлэн батлагдаж, орон тоо хасагдсан тул гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг албан тушаалаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн байна.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар татан буугдаагүй тул нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн ньхуульд нийцэхгүй байна.
Иймд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Д.Оийг албан тушаалаас чөлөөлөх тухай дугаар Б/113 тушаалын 2 дахь заалт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нийтлэг эрх эдэлнэ, 14.1.5-д өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг шүүх болон холбогдох бусад байгууллагаар хамгаалуулах гэж заасан байна.
Дээрх үндэслэлүүдээр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Д.Оийг албан тушаалаас чөлөөлөх тухай дугаар Б/113 тушаалын 2 дахь заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг Хмэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.
Шүүх Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Д.Оийг албан тушаалаас чөлөөлөх тухай дугаар Б/113 тушаалын 2 дахь заалтыг хүчингүй болгож, Д.Оийг Хмэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож байгаа тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хүртэл хугацаагаар зохих хууль, журмын дагуу тооцож олгохыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгах нь зүйтэй байна.
Д.Оийн ажиллаж байсан хугацааны цалингийн картын дагуу тооцон үзэхэд нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлсийг үндсэн болон нэмэгдэл цалинг оруулан 600,139 (зургаан зуун мянга, нэг зуун гучин ес) төгрөгөөр тооцож, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарсан буюу хүчинтэй болсон 2017 оны 08 дугаар сарын 28-ний өдрийг дуусталх нийт 3,118,320 (гурван сая, нэг зуун арван найман мянга, гурван зуун хорь) төгрөгийг нэхэмжлэгчид олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 14 дүгээр зүйлийн 14.1, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Оийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Д.Оийг албан тушаалаас чөлөөлөх тухай дугаар Б/113 тоот тушаалын 2 дахь заалтыг хүчингүй болгож, Д.Оийг Хмэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Д.Од 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3,118,320 (гурван сая, нэг зуун арван найман мянга, гурван зуун хорь) төгрөгийг олгож,эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Хан-уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАТЗОРИГ