Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2026/0209

 

 

 

 

 

 

 

 

 

 

“С о х” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Ц.Одмаа

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Б.Адъяасүрэн 

Илтгэсэн: шүүгч Л.Одбаатар

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц нар

Нэхэмжлэгч: “С о х” ХХК

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2026/0063 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.О 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц, Т.О

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр 

Хэргийн индекс: 128/2025/0305/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2026/0063 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 35 дугаар зүйлийн 35.3, 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "С о х" ХХК-ийн "Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/667 дугаар захирамж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.О давж заалдах гомдол гаргажээ. Үүнд:

3. “...Анхан шатны шүүх нь Газрын тухай хуулийн 27-р зүйлийн 27.5, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан “С о х”ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон.

2.1. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” хэмээн заасан ба Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчим нь захиргааны байгууллага үйл ажиллагаандаа баримтлах тусгай зарчим бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/667 дугаар захирамж нь энэхүү зарчимд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй гарсан.

2.2. “С о х” ХХК нь 2009 онд байгуулагдсан ба Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны А/377 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 27.5-д заасны дагуу тус дүүргийн 24-р хороо, Баруун салаанд 3 га газрыг мод үржүүлгийн зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмшихээр болж газрыг зориулалтын дагуу ашиглаж эзэмшиж байгаад дүүргийн газрын албанд хүсэлт гаргасныг хүлээн авч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн А/166 дугаар захирамжаар аялал зуучлалын зориулалтаар талбайн хэмжээг нэмж 29952 м2 газрыг эзэмшихээр шийдвэрлэсэн.

2.3. Сонгинохайрхан дүүргийн Газар Зохион байгуулалтын хоёрдугаар албанаас 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр мэдэгдэл гаргасан байх ба мэдэгдэл: “... Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн А/667 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг хүчингүй болгож шийдвэрлэсэн болохыг мэдэгдье...” гэсэн байна. Уг захиргааны шийдвэр гарахдаа хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдээс буюу нэхэмжлэгчид албан ёсоор мэдэгдэж Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа явуулах ёстой байтал 2024 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр шийдвэр гаргаж байгаа нь дээрх хуулийн ерөнхий үзэл санааг гүйцэлдүүлэхгүй хуулийг буруу хэрэглэж гаргасан шийдвэр тул үндэслэлгүй гэж үзэж байна. Энэхүү маргаан бүхий 2 захирамж нь Газрын тухай хуулийн 4.1.3 газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах, Захиргааны ерөнхий хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй захирамжид дурдсан хуулийн заалтыг үзэхэд Газрын тухай хуулийн 40.1.5. “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” 40.1.6. “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” үндэслэлийг дурдсан байна.

2.4. “С о х” ХХК нь 2019 оноос эхлэн “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-нд өргөдөл гаргаж 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 15/03386/19 дугаар “Техникийн нөхцөл” авч, “Б п” ХХК-тай Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо, Баруун салаанд 10/0,4 250 кВА чадалтай /КТПН/ шугам, дэд өртөөний ажлын зургийг хийлгэх гэрээ байгуулан зураг төслийг хийлгэж, “Б П И” ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан 10/0,4 250 кВА чадалтай /КТПН/ шугам, дэд өртөөний ажлыг хийж гүйцэтгүүлсэн.

2.5. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга бөгөөд Улсын ерөнхий шинжээчээр “Газрын төлөв, байдал, чанарын хянан баталгааны дүгнэлтийг 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хийлгэсэн. Ингээд дэлхий нийтэд гарсан цар тахалтай холбоотойгоор 2022 оны дуустал ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж чадаагүй ба 2023 оны 12-р сарын 05-ны өдөр “Р м к” ХХК-тай “Ажлын зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан ажлаа эхлүүлсэн. Нийт 342,288,480 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна.

2.6. Ингээд газар дээрээ үйл ажиллагаа явуулах болоход манай газар руу орох, гарах замын хэсэгт дүүргийн газрын албанаас иргэдэд газар олгосны улмаас машин техникт хэрэгсэл орох боломжгүй болсон ба газрын албанд хандан орц гарч нээж өгөхийг удаа дараа хүссэн боловч удахгүй газар дээр нь очиж үзээд холбогдох газар эзэмшигч нартай уулзаж талбайн хэмжээ, байршлыг нь өөрчилж өгөх талаар судалж үзээд арга хэмжээ авна гэсээр өдийг хүрсэн.

2.7. “С о х” ХХК нь анх 2015 онд Газрын тухай хуулийн 27.5-д заасны дагуу энэхүү газрыг авч, өөрийн хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгөөр газрыг сэргээх, хог шороог цэвэрлэх, тэгшлэх шороо асгуулж, загвар зураг, ажлын зураг хийлгүүлж, үе шаттайгаар зориулалтын дагуу эзэмшиж байсан. Нэгдүгээрт, сонсох ажиллагаа явуулах тухайд: Захиргааны байгууллага нь акт гаргахын өмнө Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 27 дугаар зүйлийн 27.1-т “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно”, 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ”, 27.2.1-т “... сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах” гэж заасны дагуу хэрхэн мэдэгдсэн нь тодорхойгүй ба нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан “...2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Өглөөний сонинд сонсох ажиллагааны мэдэгдлийг гаргасан зэргээр сонсох ажиллагааг явуулсан байна...” гэж тодорхойлсон нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна.

2.8. Хоёрдугаарт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлийн тухайд: Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө”, 34 дүгээр зүйлийн 34.6-д “Газар эзэмших гэрээнд дараах зүйлийг тусгана”, 34.6.6-д “Газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “Газрын тухай хууль заасан нөхцөл, журмын дагуу гэрээ байгуулан газрыг эзэмшиж, ... газрын төлбөр төлөгч ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллага газрын төлбөр төлөгч байна”, 4 дүгээр зүйлд “Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа ... газарт төлбөр ногдуулна” гэж заасны дагуу газрын төлбөр төлөх үүрэг гэрээний үндсэн дээр үүсэх ёстой.

2.9. Газрын төлбөрийг газар зохион байгуулалтын албанд очиж 2 дугаар улирлын төлбөрийн нэхэмжлэх авахаар хандахад төлбөр хариуцсан мэргэжилтэн код үүсгээгүй байсан ба энэ талаар ямар нэгэн нэхэмжлэх ирүүлээгүй байна.

2.10. Мөн газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлэх эрх зүйн харилцаа нь хуульд заасан журмын дагуу эхлээд дуудлага худалдаа явуулах, дуудлага худалдааны ялагчтай гэрээ байгуулснаар үүсэх анхдагч нөхцөл нь болох бөгөөд энэхүү ялагчтай гэрээ байгуулсан тохиолдолд л дуудлага худалдааны хүрээнд “дуудлага худалдааны үнэ” төлөх эрх, үүрэг үүсэх ёстой.

2.11. Захиргааны байгууллагын зүгээс газрын дуудлага худалдаа явуулаагүй бол, дуудлага худалдаанд ялсан гэж үзэн газрын алба нь дуудлага худалдааны үнийг төлөх талаар үүрэг үүсгэсэн гэрээ байгуулаагүй бол тэдгээрээс дуудлага худалдааны үнийг төлөхийг шаардах эрх үүсэхгүй байх нь эрх зүйн зарчим юм. Энэ дүгнэлт нь эрх зүйн харилцаа гэх эрх зүйн ойлголт, мөн эрх зүйн харилцаа үүссэнээр эрх, үүрэг үүсэх эрх зүйн зарчимд үндэслэж байгаа болно. Мөн газрын төлбөрийн “тооцоо нийлсэн акт” гэж байгаа боловч талууд харилцан тохиролцоогүй, газар эзэмшигч компанид танилцуулаагүй, газрын төлбөрийг хэрхэн ямар хууль, журмын дагуу тооцож гаргасан нь ойлгомжгүй ба газрын төлбөрийн нэхэмжлэхүүдийн 2024 онд нэг өдөр зэрэг үүсгэсэн гэх баримтууд хэрэгт авагдсан байна.

2.12. Гуравдугаарт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж Улсын дээд шүүхийн 2008 оны “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-т “...зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл байдал зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй, барилга байгууламж зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй гэх мэт байдлыг ойлгоно гэж заасан. Барилга байгууламж барихын тулд Барилгын тухай хуулийн дагуу барилгын үйл ажиллагаа явуулах ёстой байдаг. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д барилгын үйл ажиллагаа гэж барилга байгууламжийн зураг, баримт бичиг боловсруулах, магадлал хийх, барилгын ажил гүйцэтгэх, үе шатны ажилд хяналт тавих, чанар аюулгүй байдлын шинжилгээ хийх, ашиглалтад оруулж, гэрчилгээжүүлэхийг” гэж заасны дагуу барилгын Зураг боловсруулах үйл ажиллагаа нь барилга барих ажлын нэг хэсэг юм. Нэхэмжлэгч холбогдох байгууллагуудаас архитектур төлөвлөлтийн даалгавар, техникийн нөхцөлөө авахаар эскиз зургаа батлуулан зураг төслийн мэргэжлийн байгууллагатай аялал жуулчлалын цогцолбор барилгын зураг боловсруулах гэрээ байгуулан үйл ажиллагаагаа явуулж байсан ба энэ талаарх баримтуудыг хэрэгт нотлох баримтаар хавсаргасан баримтуудаар нотлогдож байгаа болно шүүх бүрэлдэхүүн нотлох баримтыг дутуу үнэлж, хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

2.13. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2026/0063 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, “С о х”ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц давж заалдах гомдол гаргажээ. Үүнд:

3.1. “...Анхан шатны шүүх шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийг 2015 оноос хойш 113.595.648 төгрөгийн газрын төлбөрийн үлдэгдэлтэй, газар эзэмшүүлэх гэрээний дагуу төлөх ёстой байсан гэж дүгнээд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасныг зөрчөөгүй гэж үзээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ маргаан бүхий захиргааны акт болох Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 14 өдрийн А/667 дугаар захирамжийг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж өрөөсгөл дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

3.2. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/667 дугаар захирамжаар “С о х” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгохдоо Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг үндэслэсэн байдаг.

3.3. Гэтэл маргаан бүхий захирамжийн хууль зүйн үндэслэлийг анхан шатны шүүх бүхэлд нь хянаж үзээгүй бөгөөд зөвхөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэдэг заалтыг биелүүлээгүй байна гэдэг зөвхөн нэг хуулийн заалтыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэдэг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

3.4. Маргаан бүхий захиргааны актыг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг үндэслэснийг тухайн заалтыг баримталсан байгаа боловч Захирамжлах хэсэгт акт гарах үндэслэлээ болгож “дуудлага худалдааны үнэ төлөөгүй” учраас цуцлах гэж заагаагүй учраас шүүх зөвхөн маргаан бүхий актын хүрээнд үйл баримтыг хянах үүрэгтэй гэж үзсэн атлаа энэ талаар дүгнэлт өгөхгүй гэж орхигдуулсан нь захиргааны актыг тал бүрээс нь шинжлэн судлаагүй гэж үзэж байна.

3.5. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг нэхэмжлэгч “С о х” ХХК-ийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан хугацаанаас газрыг эзэмших эрх үүсэх бөгөөд өөрийн эзэмшиж байгаа газар дээрээ цахилгааны дэд станц байгуулж, хөрөнгө оруулсан нь газрыг зориулалтын дагуу эзэмшиж эхэлсэн гэж үзэх нь зүйтэй байна гэж үзээд шүүхэд тогтоогдсон үйл баримтуудыг нэгтгэн хянаад маргаан бүхий акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхдөө Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасныг зөрчөөгүй гэж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шүүх бүрэлдэхүүн нотлох баримтыг дутуу үнэлсэн, хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

3.6. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ ШШ2026/ 0063 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгч “С о х” ХХК-аас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/667 дугаар захирамж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ: “...нэхэмжлэгч холбогдох байгууллагуудаас архитектур төлөвлөлтийн даалгавар, техникийн нөхцөлөө авахаар эскиз зургаа батлуулан зураг төслийн мэргэжлийн байгууллагатай аялал жуулчлалын цогцолбор барилгын зураг боловсруулах гэрээ байгуулах зэргээр зориулалтын дагуу үйл ажиллагаагаа явуулж байсан, ...“С о х” ХХК өөрийн эзэмшиж байгаа газарт цахилгааны дэд станц байгуулж, хөрөнгө оруулсан, ...газрын төлбөрийн “тооцоо нийлсэн акт” гэж байгаа боловч талууд харилцан тохиролцоогүй, газар эзэмшигч компанид танилцуулаагүй гэж,

1.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ болох 118,800,000 төгрөгийг төлөх талаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч хаягт ийм компани байхгүй гэх магадалгааг ирүүлсэн, дуудлага худалдааны анхны үнэ болох 118,800,000 төгрөгийг төлж барагдуулаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тайлбарлан маргажээ.

2. Хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаас үзэхэд

2.1. Нэхэмжлэгч нь анх Сонгинохайрхан дүүргийн 2015 оны А/377 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салаанд байрлалтай газарт мод үржүүлгийн зориулалтаар 30.000 м.кв газар эзэмшиж, улмаар тус дүүргийн Засаг даргад “газрын байршил, газар эзэмших эрхийн зориулалт”-ыг өөрчилж, аялал жуулчлалын зориулалтаар газар эзэмших эрх олгох хүсэлт гаргаж, 2020 оны А/166 дугаар захирамжаар “Аялал жуулчлалын бааз”-ын зориулалтаар газар эзэмших эрх бүхий 00016758 дугаар гэрчилгээтэй болсон байна.

2.2. “С о х” ХХК нь газар ашиглах эрх олгосон эдгээр хугацаанд:

- холбогдох байгууллагуудад хандаж, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салаанд 10/0,4 250 кВА чадалтай /КТПН/ шугам, дэд өртөөний ажлын зургийг хийлгэх гэрээ байгуулж, зураг төсөл хийлгэсэн.

- “Б П И” ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 10/0,4 250 кВА чадалтай /КТПН/ шугам, дэд өртөөний ажлыг гүйцэтгэсэн.

- Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга бөгөөд Улсын ерөнхий шинжээчээр “Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт хийлгэсэн.

- холбогдох байгууллагуудаас архитектур төлөвлөлтийн даалгавар, техникийн нөхцөлөө авахаар эскиз зургаа батлуулан зураг төслийн мэргэжлийн байгууллагатай аялал жуулчлалын цогцолбор барилгын зураг боловсруулах гэрээ байгуулсан.

            2.3. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын маргаан бүхий актад дурдсан үндэслэлээр  буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 ажил дараалан ашиглаагүй гэж үзэж нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалснаар маргаан бүхий тус дүүргийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/667 дугаар захирамж гарчээ.

            3. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж тус тус заасан бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээ нь гэр бүлийн хамтын хэрэгцээний, төрийн байгууллагын, аж ахуйн нэгж, байгууллагын гэсэн төрөлтэй байхыг мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2, 28.1.3 дахь заалтаар зохицуулсан.

            4. Тодруулбал, аж ахуйн зориулалтаар иргэн, хуулийн этгээдэд газар олгож буй зорилго нь бизнесийн хөгжил, ажлын байр бий болгох, эдийн засгийн үр өгөөжтэй байдлыг нэмэгдүүлж хөгжүүлэхэд чиглэгдсэн.

            5. Маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч “С о х” ХХК-ийн төлөөлөгч Х.О “...Ковид-19 өвчний байдал 2 жилийн хугацаанд дууссан ч Газар зохион байгуулалтын албанаас орц гарц хааж газар олгосон байсан учир аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа сайн жигдрэхгүй байсан. Энэ талаар Газар зохион байгуулалтын алба болон Татварын албанд очиж дээрх нөхцөл байдлаа, мөн цаашид татвараа төлөх боломжтой, газраа эзэмших сонирхолтой байгаа гэдгээ хэлсэн байсан” гэж тайлбарлан, тухайн газрыг “Аялал жуулчлалын зориулалт”-аар боломжит нөхцөлдөө тохируулан эзэмшиж байсныг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

            6. Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч /цаашид "оролцогч" гэх/ гэж захиргааны байгууллагад өргөдөл, хүсэлт гаргасан этгээд, захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд болон захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулсан этгээдийг ойлгоно.”, 13.3-т “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна.”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй Захиргааны байгууллага нь захиргааны шийдвэр гаргахдаа үүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулахаар хуульчилсан бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.” гэж тус тус заажээ.

            7. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, захиргааны байгууллага нь аливаа этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргахдаа уг этгээдийг зайлшгүй оролцуулж, тайлбар гаргах боломжоор хангаж, тухайн бодит нөхцөл байдлыг тодруулах үүрэгтэй бөгөөд уг гаргасан шийдвэрийн үндэслэлийг нотлох үүргийг хүлээдэг.

            8. Анхан шатны шүүхээс дээрх маргааны үйл баримт, хэргийн оролцогчдын шаардлага, татгалзлын үндэслэлд холбогдуулан “...нэхэмжлэгч компани нь 2020 оны 04 дүгээр сард өөрийн эзэмшиж байгаа газар дээрээ цахилгааны дэд станц байгуулж, хөрөнгө оруулсан нь газрын зориулалтыг дагуу эзэмшиж эхэлсэн гэж үзэх нь зүйтэй” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.

            9. Харин “...газрын төлбөрийг огт төлөөгүй бөгөөд газрын төлбөрийн асуудлаар хариуцагч захиргааны байгууллагад хандан, өргөдөл хүсэлт гаргаж байгаагүй тул Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024 оны  11 дүгээр сарын 14-ний өдрийн А/677 дугаар захирамжаар “газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг үндэслэлтэй” гэж тайлбарласан нь учир дутагдалтай болжээ.

            10. Учир нь нэхэмжлэгч “С о х” ХХК-аас давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...татварын албанд очиж газрын төлбөрийг төлөх хүсэл зоригоо илэрхийлж байсан” гэж, мөн нэхэмжлэгчээс Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2020 оны 03 дугаар сарын 18-ний өдөр гаргасан “...одоо эзэмшиж байгаа 29976 м2 газрын 18000 м2 газар нь уул талдаа олгогдсон учир үйл ажиллагааны зориулалтаар ашиглахад боломжгүй байгаа тул дээрх газрыг уулнаас нь буулгаж, байршлыг өөрчилж өгнө үү” гэх агуулга бүхий хүсэлт зэргээс үзвэл нэхэмжлэгчийг шууд буруутгах үндэслэл тогтоохгүй байхын зэрэгцээ нэхэмжлэгчид олгосон газрын орц гарцыг хааж газар эзэмших эрх олгосны улмаас “Аялал жуулчлалын зориулалт”-аар үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн гэж үзэхээр байна.

            11. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж тус тус заасан.

12. Энэхүү маргааны хувьд хууль ёсны газар эзэмших эрхийг дагаж үүссэн эд хөрөнгө, өмчийн эрх хуулиар хамгаалагдах учиртай.

13. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах”, “Тайлбар: Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно” гэж зааснаар нэхэмжлэгч “С о х” ХХК-ийн хууль ёсны итгэл хамгаалагдана.

14. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлийн тухайд нэхэмжлэгч талаас анх 2017 онд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасан үндэслэлээр газар эзэмших хүсэлт гаргаж байсан, шүүх хуралдааны явцад газрын төлбөрийг төлөх боломжтой нөхцөл байдлаа илэрхийлэх зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул нэхэмжлэгч талын хууль ёсны итгэл хамгаалах зарчмыг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас дахин шинэ акт гаргах хүртэл 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/667 дугаартай захирамжийг 58 хоногоор түдгэлзүүлж шийдвэрлэх өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

15. Ингэхдээ хариуцагч байгууллагаас дахин шинэ акт гаргахдаа анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримталж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан нэхэмжлэгч талын газрын байршлыг харгалзаж, удаан хугацаагаар газар эзэмшсэн байсан компани газрын төлбөрөө төлсөн тохиолдолд үргэлжлүүлэн эзэмшүүлэх боломжтой эсэхийг судалж, шинэ акт гаргах замаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг биелүүлэх боломжтой байна гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2026/0063 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсгийг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас дахин шинэ акт гаргах хүртэл 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/667 дугаартай “С о х” ХХК-ийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийг дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж, 3 дах заалтаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 58 хоногийн хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд “С о х” ХХК-ийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамж хүчингүй болохыг дурдсугай” гэж нэмж, 3 дахь заалтыг 4 дэх заалт болгон дугаарлаж, бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийн хангасугай. .

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                       Ц.ОДМАА

ШҮҮГЧ                                                       Б.АДЪЯАСҮРЭН

ШҮҮГЧ                                                       Л.ОДБААТАР