Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 14

 

 

 

 

 

С.Сьезханд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Т.Өсөхболд, хохирогчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч С.Сьезхан түүний өмгөөлөгч Н.Очирбат, нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нарыг оролцуулан

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 24 дугаар шийтгэх тогтоолтой С.Сьезханд холбогдох эрүүгийн 1936003060258 дугаартай хэргийг хохирогч А.Төлөөгөн түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг,шүүгдэгч С.Сьезхан түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

            Монгол Улсын иргэн, 1981 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, ард казах, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан гэх Найман төртүл овогт Сапагийн Сьезхан нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багаас хохирогч Н.Банзрагчийн 1 тооны 7 настай, шулдан тамгатай морь хулгайлж 850000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 10 дугаар сарын сүүл, 11 дүгээр сарын эхээр хохирогч А.Төлөөгөний Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн Шар нуур гэх газарт байсан бэлчээрээс нь 7 тооны адууг нууцаар хууль бусаар хулгайлан авч, хохирогч А.Төлөөгөнд 6,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2018 оны 11 дүгээр сард хохирогч Ж.Цэндээгийн эзэмшлийн улсын дугааргүй цэнхэр өнгийн Зил-130 маркийн тээврийн хэрэгслийг хуурч авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Шүүгдэгч Найман төртүл овогт Сапагийн Сьезханыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан, бусдын малыг хулгайлсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Найман төртүл овогт Сапагийн Сьезханыг 02 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Сьезханд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Сьезханд оногдуулсан 02 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож, 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 1 сарын хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.Сьезханд оногдуулсан 02 жил 01 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Сьезханы цагдан хоригдсон 62 /жаран хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн 1936003050256 дугаартай хэрэгт эрүүгийн 1936003060258 дугаартай хэргийг нэгтгэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар сарын 510.1-д зааснаар шүүгдэгч С.Сьезханаас 6850000 төгрөг гаргуулж, хохирогч Н.Банзрагчид 850000 төгрөг, хохирогч А.Төлөөгөнд 6000000 төгрөг тус тус олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3-т зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1200000 төгрөгийг шүүгдэгч С.Сьезханаас гаргуулж улсын төсөвт шилжүүлж, шүүгдэгч С.Сьезханд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэжээ.

            Хохирогч А.Төлөөгөн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна. Удаа дараа хулгай хийж шийтгэгдэж байгаа Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын харьяат С.Сьезханд анхан шатны шүүх дэндүү хөнгөн ял оногдуулж хуулинд заасан ялын хамгийн доод хэмжээ болох 2 жил дээр нэмэх нь 1 сар өгч хүндрүүлсэн болж шийдвэрлэсэн. Өнгөрсөн жил 7 тооны адуугаа алдаж өөрөө асар их зардал гаргаж хөөцөлдөж байж С.Сьезхан хулгайлсан болохыг тогтоож хэсгийн төлөөлөгч н.Батжаргалд мэдэгдсэн. С.Сьезхан хохирлыг маань төлж өгсөн бол шүүхээс тэнсэн өгсөн ч гомдох зүйл байхгүй л дээ. Би бичиг үсэг мэддэггүй болохоор охиноо дагуулж очиж хавтаст хэрэгтэйгээ танилцах гэсэн чинь мөрдөн байцаагч н.Сугар наана чинь уншаад байх сүртэй юм юу ч байхгүй зүгээр л танилцлаа гээд гарын үсэг зурчих гээд дарамтлаад танилцуулахгүйгээр гарын үсэг зуруулсан. Миний 7 адууг дутуу үнэлсэн 3 адуу нь гэхэд л хурдан удмын 1500000-2000000 төгрөгт худалдаж авсан.

Худалдсан хүмүүсийн нэр хаяг нь тодорхой. Би нэг азрага, нэг морьтой л үлдлээ. Анхнаасаа дутуу дулимаг шалгасан энэ хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэжээ.

            Хохирогчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийтгэх тогтоол нь яллагдагч С.Сьезханы үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохироогүй, хэтэрхий хөнгөдсөн гэж үзэж байна.

            Хохирогч А.Төлөөгөн нь амьжиргааны эх үүсвэр болсон уналга эдэлгээний 7 толгой нас гүйцсэн адуугаа хулгайлуулсны улмаас олон газраар хайж, хулгайлан авсан этгээдийг олж тогтоохын тулд эрэл, хайгуул хийж, мал хулгайлсан этгээдийг олж тогтооход идэвхтэй туслалцаа үзүүлж давхар хохирсон.Хохирогчийн хувьд бичиг үсэг мэддэггүй байсан учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчтэй явсан. Зарим үед хууль зүйн  үндэслэлгүй шаардлага тавьж байсан учраас би ёс зүйн дүрэм болон Өмгөөллийн тухай хуульд заасан үндэслэлээр та ийм үндэслэлээр гомдол гаргаж болохгүй гэснээс болж  хохирогч бид хоёрын дунд зөрчил үүссэн. Хохирогч хохироод байгаа учраас эрж хайсны зардлаа жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү С.Сьезханд оногдуулсан ял хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Үүнийг анхаарч үзнэ үү гэв.   

            Шүүгдэгч С.Сьезхан түүний өмгөөлөгч Н.Очирбат нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч С.Сьезханыг заавал цагдан хорьж шийтгэх шаардлагагүй юм. Учир нь шүүгдэгч С.Сьезхан нь намайг гадуур гаргасан тохиолдолд би 2020 оны 5 дугаар сарын 31-ний дотор хохирол төлбөрийг хохирогч А.Төлөөгөн, Н.Банзрагч нарт нөхөн төлөх болно. Одоо хавар болж ид ажлын үе эхэлж байна. Би дарханы ажил хийдэг, машин засдаг, ах, дүү, хамаатан садан, төрөл төрөгсөд нартаа хэлж байгаад хохирлыг нөхөн төлөх болно гэж шүүх хуралдаан дээр хэлдэг.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь хохирол төлбөрийг нөхөн төлүүлэхэд оршдог. 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр олон тооны мал буюу наймаг бог, хоёр бодоос дээш малыг хулгайлсан бол 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар шийтгэхээр болжээ. Шүүгдэгч С.Сьезхан нь тухайн 8 адууг 2019 оны 11 дүгээр сард хулгайлсан байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ, 2-д үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заажээ.

Шүүгдэгч хоригдсон тохиолдолд хохирогчийн хохирол төлөх боломжгүй. Иймд шүүгдэгч С.Сьезханд нэг удаа боломж олгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар нэг жилийн хорих ял оногдуулж өгнө үү С.Сьезхан миний бие хэрэг хийсэндээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Та бүхэн намайг уучлаад хөнгөн ял оногдуулж өгнө үү  гэв. 

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гаргаагүй. Тус гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх   хэсэгт  зааснаар  хэргийг  хянан  хэлэлцэхдээ  хэргийн бүх   ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хохирогч А.Төлөөгөн түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг,  шүүгдэгч С.Сьезхан түүний өмгөөлөгч Н.Очирбат  нарын давж заалдсан гомдолд  дурдсан асуудлаар  хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ. 

              С.Сьезхан нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багаас хохирогч Н.Банзрагчийн 1 тооны 7 настай, шулдан гал тамгатай морь хулгайлж, 850000 төгрөгийн хохирол учруулсан,

            - 2019 оны 10 дугаар сарын сүүл, 11 дүгээр сарын эхээр хохирогч А.Төлөөгөний Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн Шар нуур гэх газарт байсан бэлчээрээс нь 7 тооны адууг нууцаар хууль бусаар хулгайлан авч, хохирогч А.Төлөөгөнд 6000000 төгрөгийн хохирол учруулсан,

            -2018 оны 11 дүгээр сард хохирогч Ж.Цэндээгийн эзэмшлийн улсын дугааргүй цэнхэр өнгийн Зил-130 маркийн тээврийн хэрэгслийг хуурч авсан гэмт хэргүүдийг тус  тус   үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий , хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон  талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт   хэргийн үйл баримт болон бодит байдалд нийцсэн, хуульзүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

            Хохирогч А.Төлөөгөн түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг  нарын “ . . . Анхан шатны шүүх С.Съезханд хөнгөн ял оногдуулсан . . .мөн миний хамаатан Р.Мугражтай хамтарч миний адууг  хулгай хийснийг шалгаагүй . . .  намайг хавтаст хэрэгтэй танилцуулаагүй . . . миний 7 адууг дутуу үнэлсэн гурван адуу нь хурдан удмын 1500000-с 2 сая төгрөгт худалдаж авсан . . .  шүүхийн шийтгэх тогтоолд гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг нэхэмжлэх талаар өөрчлөлт оруулж жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж  өгнө үү . . .  “ гэх давж заалдах гомдол,

            Мөн шүүгдэгч С.Сьезхан түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын “ . . . шүүгдэгч С.Сьезхан нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд гэм буруугийн асуудал дээр маргадаггүй. Хохирогч А.Төлөөлөн, Н.Банзрагч нарт хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлдэг. Харин хохирогч Ж.Цэндээ нь ямар нэгэн хохирол төлбөргүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж хэлдэг. . . шүүгдэгч нь өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдлыг харгалзан  үзэж түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү . . . “ гэх давж заалдсан гомдлуудын дагуу хэргийн нөхцөл байдлуудыг дүгнэвэл:

            С.Сьезхан нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багаас хохирогч Н.Банзрагчийн 1 тооны 7 настай, шулдан гал тамгатай морь хулгайлж, 850000 төгрөгний хохирол учруулсан,

- 2019 оны  10 дугаар сарын сүүлч, 11 дүгээр сарын эхээр хохирогч А.Төлөөгөний Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн Шар нуур гэх газарт байсан бэлчээрээс нь 7 тооны адууг нууцаар хууль бусаар хулгайлан авч, хохирогч А.Төлөөгөнд 6000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Н.Банзрагч, А.Төлөөгөн, гэрч А.Жанболот, Х.Тавас, Н.Солтанбек, И.Лиза, Т.Өмирхан, Т.Хосылбай нарын өгсөн мэдүүлгүүд, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  мал үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Сьезханы хэргээ хүлээн өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,

- Мөн 2018 оны 11 дүгээр сард  хохирогч Ж.Цэндээгийн эзэмшлийн улсын дугааргүй цэнхэр өнгийн Зил-130 маркийн тээврийн хэрэгслийг хуурч авсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ж.Цэндээ, гэрч А.Авдихадар, К.Айнур нарын мэдүүлгүүд, эд хөрөнгө үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт, мал үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

С.Сьезханы үйлдсэн дээрх гэмт хэргүүдийн зүйлчлэл зөв, шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон, шүүх түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэл оногдуулсан байна гэж дүгнэв.

Хохирогч А.Төлөөгөн нь шүүгдэгч С.Съезхан нь миний хамаатан Р.Мугражтай хамтарч миний адууг хулгайлсан гэж байгаа боловч хэрэгт Р.Муграж гэдэг хүн хамтран оролцож таны адууг хулгайлсан талаарх ямар ч нотлох баримт авагдаагүй байна.

Мөн хохирогч нь намайг хэргийн материалтай танилцуулаагүй гэж байгаа боловч 1-р хавтаст хэргийн 218 дугаар хуудсанд хохирогчид 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр  хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл байгаа болно.

Хохирогч нь миний 3 адуу хурдан удмын адуу байсныг зөв үнэлж тогтоогоогүй гэж маргаж   байгаа боловч хэрэгт хурдан морь байсан болохыг нотолсон баримт  мөн байхгүй байна.

Хохирогч А.Төлөөгөний адуу эрж ,хайсны зардал болох бензин болон бусад зардлаа нотлох баримтаа  бүрдүүлэн шүүхээр  нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа учир энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж  үзлээ.

 Иймд хохирогч Т.Төлөөгөн түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч С.Сьезхан түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож , анхан  шатны  шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь  зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/24  дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Т.Төлөөгөн түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч С.Сьезхан түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Сьезханы  анхан  шатны шүүх хуралдаан хүртэл 62  хоног, давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл 47  хоног нийт 109 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

            3. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

           

           

                                     

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.ТУЯА

                                              ШҮҮГЧИД                                      М.НЯМБАЯР

                                                                                                     Б.ДАМБА