| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00314/и |
| Дугаар | 403 |
| Огноо | 2020-06-04 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 403
2020 оны 06 сарын 04 өдөр Дугаар 139/ШШ2020/00403 Сайнцагаан сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д аймгийн С сум, байр, Г хадгаламж зээлийн хоршооны Д салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:, Д аймгийн С сум, тоотод оршин суух, Ж овогт Дийн Н /ЗЮ /-т хариуцагдах 8379256, 88 /найман сая гурван зуун далан есөн мянга хоёр зуун тавин зургаан төгрөг, наян найман мөнгө / гаргуулах тухай 139/2020/00314/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б , хариуцагч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г хадгаламж зээлийн хоршооны Д салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Н нь Г хадгаламж зээлийн хоршоотой 2017 оны 12 сарын 22-ны өдөр ЗГ/3564 тоот зээлийн гэрээг байгуулан 5000000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар Д аймаг, Сайнцагаан сум, 9-рбаг, Буянт 3 гудамж, 3 тоот хаягт байрлах 700 м.кв өмчлөх эрхийн газрыг барьцаалан зээл авсан. Зээлдэгчтэй байгуулсан ЗГ/3564 тоот зээлийн гэрээний үүргээ биелүүлж 2017 оны 1 сарын 18-ны өдөр 5000000 төгрөгийг зээлдэгчид олгосон байна. Зээлдэгч нь ЗГ/3564 тоот дугаартай зээлийн гэрээний салшгүй нэг хэсэг болох хавсралт 1 буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч төлөөгүй. Хоршооны зүгээс зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг 88077714, 99627714 дугаарын утсаар холбогдон удаа дараа шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, 522 хоног хугацаа хэтэрч нэхэмжлэгч Г хадгаламж зээлийн хоршоонд ноцтой хохирол учруулж байна. Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлийн үндсэн төлбөрт 3841092, 39 төгрөгийн төлөлт хийсэн ба үүнээс 1411162, 84 төгрөг, үндсэн зээлээс 2429929, 55 төгрөг хүүний төлбөрөөс төлөгдсөн байна. Зээлдэгчийн зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр нь 2020 оы 3 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар ЗГ/3564 тоот зээлийн үндсэн төлбөр 3588837, 16 төгрөг, хүүгийн төлбөр 4783419, 72 төгрөг, нотариатын зардал 7000 төгрөг, нийт 8379256, 88 төгрөг хуримтлагдсан. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453. 1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон талуудын хооронд байгуулсан ЗГ/3564 тоот зээлийн гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна. ЗГ/3564 дугаартай зээлийн гэрээний дагуу нийт төлбөр болох 8379256, 88 /найман сая гурван зуун далан есөн мянга хоёр зуун тавин зургаан төгрөг, наян найман мөнгө /-ийг Д.Нээс гаргуулж Г хадгаламж зээлийн хоршоог хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч “ Г” Хадгаламж зээлийн хоршооноос “Зээлийн гэрээний үүрэгт төлбөр 8379256,88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Д.Нт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Хариуцагч Д.Н би уг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч Д.Н нь "Г” хадгаламж зээлийн хоршоотой 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ЗГ/3564 тоот Зээлийн гэрээг байгуулан 5000000 /таван сая/ төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай Сайнцагаан сум 9-р баг хаягт байрлах 700 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаалан зээл авсан байна гэсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хадгаламж зээлийн хоршооны захирал Б.Цэрэнчунтын эхнэр Б.Ганчимэг газрын гэрчилгээг чинь тавьж 5 000 000 /таван сая/ төгрөг авъя, та өөрийнхөө нэр дээр зээл аваад өгөөч удаахгүй төлж барагдуулна гэснээр зээлийн гэрээг хийж, гарын үсэг зурсан боловч уг мөнгийг хүлээж аваагүй. Дээрх зээл нь "Г “ хадгаламж зээлийн хоршооны захирал байсан Б.Цэрэнчунттай холбоотой. Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулснаас хойш нийт 3841092,39 төгрөгийн зээлийн төлөлт хийгдсэн гэсэн байна. Үүнийг зээл хийж авсан Б.Цэрэнчунт нь өөрөө төлсөн байх. Миний бие нь 2018 оны 11 дүгээр сард цалингийн зээл авах гэтэл Банк бус санхүүгийн байгууллагад зээлтэй байна гэсэн. Түүний дагуу миний газрыг барьцаалан зээл авсан Б.Цэрэнчунттай уулзахад Цэрэнчунт нь авсан зээлээ төлнө, газрын бичгийг чинь чөлөөлж өгнө гэж хэлээд Д.Н миний нэр дээр байсан “Г” хадгаламж зээлийн хоршооны зээл хаасан тухай дансны хуулга гаргаж өгсөн. Хоршооны зүгээс эээлдэгчийг зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг шаардан удаа дараа миний утасруу холбогдсон боловч тогтоосон хугацаанд төлөөгүй, гэрээнд заасан үүргээ үл биелүүлж 522 хоногийн хугацаа хэтэрсэн гэж нэхэмжпэгч тал бичсэн байсан. Гэтэл “Г” хадгаламж зээлийн хоршоо нь надад газар барьцаалсан зээлтэй байна, зээлээ төлж дуусга гэдэг шаардлага огт тавьж байгаагүй. Энэ талаар бусад албан хаагч нар нь мэдэж байсан гэж бодож байна. Харин сая гэнэт шүүхээс дуудаж өр төлбөртэй байна гэсэн нэхэмжлэл хүлээн авч үнэхээр гайхаж байна. Иймд хариуцагч Д.Нт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч “Г” хадгаламж зээлийн хоршооны зээлийн гэрээний үүрэгт төлбөр 8379256,88 төгрөг гаргуулах тухай нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үүнээс болж миний зээлийн түүх маш муу, ахин зээл авах ямар ч боломжгүй болсон гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 12 сарын 22-ны өдөр ЗГ/3564 тоот зээлийн гэрээний дагуу харилцагч Д.Н нь “Г” ХЗХ-ноос 5000000 төгрөгний зээл авсан байдаг. “Г” ХЗХ-ны Д аймаг дахь салбарын зүгээс гэрээнийхээ үүргийг биелүүлээд тухайн өдөр харилцагчид 5000000 төгрөгний зээлийн олголтыг хоршооны нэрийн данс руу шилжүүлсэн. Хоршооны гишүүн нэрийн данснаасаа 4950000 төгрөгийг бэлнээр авсан байдаг. Эргээд зээлээ төлөх явцад манай салбарын захирал байсан Балжиннямын Цэрэнчунт гэдэг хүнд би зээл аваад өгчихсөн юм аа. Би бол өөрөө төлөх боломжгүй гэсэн хариултуудыг өгч байсан. Манайхаас Б.Цэрэнчунт гэдэг хүнтэй төвөөс бол харилцан тохиролцсон юм байна лээ. Өөрийнх нь яриад байгаа машинуудыг нь барьцаалж аваад өөрт нь ажилтай холбоотой шаардлагууд тавьсан. Тэр шаардлагуудыг биелүүлсний дараа машиныг нь борлуулаад холбоотой гээд байгаа зээлүүдийг төлье өө гэсэн. Б.Цэрэнчунт захирлын хувьд төвтэй тохиролцсоныхоо дагуу бол ирээгүй. Тийм учраас бид бүх ирсэн хэргүүдийг цагдаагийн байгууллага руу шилжүүлсэн. Цагдаагийн байгууллагаас энэ хүмүүс өөрсдөө “Г” хадшаламж зээлийн хоршоотой гэрээ байгуулаад цаашаа Б.Цэрэнчунт гэдэг хүн рүү дамжуулсан бол энэ бол иргэний хэрэг. Цагдаагийн байгууллага шийдэх боломжгүй учраас та бүхэн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандана уу гэсэн. Үүний дагуу бид Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тийм учраас бид нар анх Б.Цэрэнчунт захиралтай ч тохирч байснаараа, хүнд зээл аваад өгчихсөн юм чинь гэдгээрээ танд бол боломж олгоод 5100000 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж байна. Энэ зээлийг яаралтай төлүүлэх шаардлага, хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Н миний бие нь 2017 оны 12 сарын 22-ны өдөр “Г” хадгаламж зээлийн хоршооноос зээл авсан нь Б.Цэрэнчунт захирлын эхнэр болох Б.Ганчимэг “бид хоёр нэг бизнесийн ажил эрхлэх гээд байна. Мөнгө төгрөг дутагдалтай байгаа учраас та зээл аваад өгөөч” гэсэн. Тэгэхээр нь би тухайн үед хэлж л байсан л даа “би бол өөрийн нэр дээрээ зээл авах боломжгүй. Хүн дээр итгэмжлэл хийлгүүлээд газрын гэрчилгээгээрээ зээл авахуулъя” гэсэн. Тэгэхэд “Та эхний ээлжинд өөрийнхөө нэр дээр зээл аваад өгөөч. Бид нар нэг их удаахгүй төлчихнө” гэсэн. Тэгээд тус хоршоотой 5000000 төгрөгний гэрээ хийгээд гарын үсэг зураад үлдээснээс яг тэр мөнгийг би гардаж аваагүй. Тэр мөнгийг Б.Цэрэнчунт л өөрөө бэлнээр гаргаж авсан юм шиг байгаа юм. Тэгээд гэрээгээ 24 сарын хугацаатайгаар хийчихье, тэр дотроо төлчихнө. Ерөнхийдөө жил дотроо найдвартай төлчихнө та жилийн дараа гэрчилгээгээ авчихна гэсэн ийм л амлалттайгаар надаар зээл хийлгүүлсэн. Гэтэл “Г” хадгаламж зээлийн хоршоо бол надад гэрээний үүргээ биелүүлээгүй, төлбөр мөнгөө төлөхгүй байна. Хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй байна гэдэг юмыг огт яриагүй байж байгаад би 2018 оны 11 сард Хаан банкнаас цалингийн зээл авах гээд очтол банк бус санхүүгийн байгууллагад зээлтэй байна. Лавлагаан дээр чинь өгөх боломжгүй гараад ирлээ гэсэн. Тэгэхлээр нь эргэж очоод Б.Цэрэнчунттай уулзаад хэлсэн. Тэгсэн чинь “таны зээл хаагдаагүй байна уу? Одоо ингээд хаачихъя” гээд надад зээл хаасан тухай дансны хуулга гаргаж өгсөн. Тэр дансны хуулгыг би ХААН банкинд аваачиж өгөөд цалингийн зээл авсан. Тэгээд зээл хаагдсан гээд бодоод явж байтал 2019 оны 7 сард манай охин миний нэр дээр утас лизингээр авах гээд лавлагаа гаргуултал зээлтэй байна гэж гарч ирсэн. Би цалингийн зээлнээс өөр зээл хийдэггүй. Өөрөө гэрээгээр хүлээсэн үүргээ, өөрт оногдох юм аа би цаг хугацаанд нь төлдөг. Надад зээлийн хугацаа хэтрэлттэй янз бүрийн юм гарч байгаагүй. Гэтэл ийм юм гараад ирдэг. Тэгэхлээр нь “Г” хадгаламж зээлийн хоршоон дээр очоод танай дээр зээл төлөгдөөгүй явж байна уу? гэтэл “харин тийм ээ төлөгдөөгүй. Одоо захирлыг авсныг бид нар мэдэж байгаа болохоор танд хэлээгүй. Захирал төлөх байх гэж явсаар өдийг хүрсэн.” гэсэн. Тэгээд хамгийн сүүлд 2020 оны 3 сард О.Бямбасүрэн над руу ярьсан. Би тэр үед хүүхдийн эрүүл мэндийн шалтгаантай хотод явж байсан. Тэгээд энэ тухай танилцуулаад одоо шүүхэд өгнө. Эвлэрүүлэн зуучлахаар гэрээнийхээ үүргийг өөрчлүүлээд зээлээ төлөх боломжтой. Тэгэхгүй бол манайх шүүхэд хандахаас өөр аргагүй болсон” гээд учир байдлаа хэлээд надад ярьсан байгаа. Тэгээд би шүүхэд хариу тайлбараа гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Би энэ мөнгийг өөрөө аваад хэрэглэчихсэн биш надад ямар ч холбогдолгүй болохоор би өөрөө ганцаараа ажил эрхэлдэг. Оюутан хүүхэдтэй. Тийм болохоор би энэ зээлийг төлөхөөсөө татгалзаж байна. Тэгээд энэ зээлийг төлөх хугацаанд 6, 7 сарын хугацаанд төлсөн байгаа. Би энэ зээлийг төлж байгаагүй. Бодвол Б.Цэрэнчунт л төлж байсан байх даа. Тэгэхлээр үүнийг ямар данснаас яаж төлж байсан тэр талаар нотлох баримт гаргуулах, Б.Ганчимэгийг хариуцагчаар татах хүсэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч Д.Нээс 8379256,88 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг шүүхийн хэлэлцүүлгийн өмнө нэхэмжлэлийн шаардлагаа 5100000 төгрөг болгон бууруулж нэхэмжилжээ.
Хариуцагч Д.Н нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тухай тайлбараа гаргаж байна.
Хариуцагч нь “дээрх зээлийн гэрээг байгуулсан боловч мөнгийг тус хадгаламж зээлийн хоршооны захирал байсан Б.Цэрэнчунт авсан ба Б.Цэрэнчунт нь зээлийг хуваарийн дагуу төлж байсан, зээл төлөгдсөн тухай дансны хуулга гарган өгсөн тул би зээлийг төлөх үндэслэлгүй” гэж тайлбарлан мэтгэлцэж байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бямбасүрэн “Энэ зээлийг манай захирал байсан Б.Цэрэнчунт авахуулсан, зээлийг төлж байсан гэдгийг сүүлд мэдсэн. Д.Н нь сайн дураараа зээлийн гэрээ байгуулан зээл авч мөнгийг Б.Цэрэнчунтад өгсөн тул гэрээний үүргээ Д.Н нь биелүүлэх ёстой” гэж тайлбарлаж байна.
Зохигч нь 2017 оны 12 сарын 22-ны өдөр ЗГ/3564 дугаартай зээлийн гэрээ байгуулан 5000000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлсэн /хх-ийн 10-14-рт/ үйл баримт дээр маргахгүй байгаа болно.
Хариуцагч нь шүүхэд Дийн Н зээл хаав гэх бичиглэл бүхийн зээлийн дансны хуулга /хх-ийн 29-рт/ баримтыг ирүүлсэн ба энэхүү баримт нь тус хадгаламж зээлийн хоршооны программаас хэвлэгдэн гардаг, баримтад зурагдсан гарын үсэг тухайн үед ажиллаж байсан захирал Б.Цэрэнчунтын гарын үсэг мөн эсэх, дарагдсан тамга тэмдэг нь манай салбарын тэмдэг мөн эсэхтэй маргах зүйлгүй гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж байна.
Хэрэгт ирүүлсэн зээлийн гэрээний /хх-ийн 10-14-рт/ дагуу хариуцагч Д.Н нь Г хадгаламж зээлийн хоршоонд 5000000 төгрөгийн зээлийг хүүгийн хамт 24 сарын хугацаанд төлөх үүрэг хүлээсэн байх бөгөөд тус хадгаламж зээлийн хоршооноос олгосон “Зээлийн дансны хуулга” /хх-ийн 29-рт/ баримтаар уг үүрэг дуусгавар болсон болох нь нотлогдож байна. Иймд нэхэмжлэгч Г хадгаламж зээлийн хоршоо нь 2017 оны 12 сарын 22-ны өдрийн ЗГ/3564 дугаартай зээлийн гэрээний үүргийг хариуцагч Д.Нээс нэхэмжлэх үндэслэлгүй байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149019 /нэг зуун дөчин есөн мянга арван есөн / төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар Г хадгаламж зээлийн хоршооны Ж овогт Дийн Н /ЗЮ /-ээс 5100000 /таван сая нэг зуун мянган/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149019 /нэг зуун дөчин есөн мянга арван есөн / төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ Д.У