| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00438/и |
| Дугаар | 410 |
| Огноо | 2020-06-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 410
2020 оны 06 сарын 04 өдөр Дугаар 139/ШШ2020/00410 Сайнцагаан сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д аймгийн Х сумын 3 У гэх газар оршин суух, Б овогт Лгийн Г /ЗМ /-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00438/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь улсад 31 жил ажилласан. Үүнээс 1989 оны 09 сарын 27-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд малчнаар ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тамга тэмдэггүй, дэвтрийн бичилт бүдгэрсэн шаардлага хангахгүй байгаа тул хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтэр, цалингийн баримт зэргийг үндэслэн 1989 оны 09 сарын 27-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэл, Талын цэцэг ХК-д малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Г нь малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
Дундговь аймгийн Архивын тасгийн “тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд 198 оны 09 сарын 27-ны өдрөөс 1994 оны 21 сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан тухай баримт ирээгүй учир Л овогтой Гт холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна. Нэгдлийн даргын Л.Гийг ажилд томилсон тухай 1989 оны тушаалыг эх баримтаас хуулбарлан хүргүүллээ ” гэх Дундговь аймгийн архивын тасгийн 2020 оны 05 сарын 27-ны өдрийн 188 дугаартай тодорхойлолт нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Дундговь аймгийн Архивын тасгийн “тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд 198 оны 09 сарын 27-ны өдрөөс 1994 оны 21 сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан тухай баримт ирээгүй учир Л овогтой Гт холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна. Нэгдлийн даргын Л.Гийг ажилд томилсон тухай 1989 оны тушаалыг эх баримтаас хуулбарлан хүргүүллээ ” гэх Дундговь аймгийн архивын тасгийн 2020 оны 05 сарын 27-ны өдрийн 188 дугаартай тодорхойлолт /хэргийн 4-р хуудас/
-Хулд сумын Талын цэцэг нэгдлийн даргын 1988 оны 7 сарын 14-ний өдрийн “ажилд томилох тухай ” 21 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 5-р хуудас/
-Хулд сумын Талын цэцэг нэгдлийн даргын 1989 оны 9 сарын 27-ны өдрийн “малчнаар томилох тухай ” 37 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 6-р хуудас/
-Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 05 сарын 26-ны өдрийн 348 дугаартай Хулд сумын 3-р багийн иргэн Л овогтой Г /ЗМ70112627/-ийн хөдөлмөрийн дэвтэр тамга тэмдэгийн зөрчилтэй тул 1989.08.01-1992.12.31-ний хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай талаарх тодорхойлолт /хэргийн 7-р хуудас /
-Дундговь аймгийн Татварын хэлтсийн “Хулд сумын Талын цэцэг нэгдэл нь 1991 оны 04 дүгээр сарын 27-нд улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1993 оны 2 сарын 10-нд Талын цэцэг ББХК, 1996 оны 04 дүгээр сарын 30-нд “Талын цэцэг” хоршоо болон өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулж байгаад 2005 оны 12 дугаар сарын 30-нд татан буугдсан болно” гэх тодорхойлолт /хэргийн 8-р хуудас/
-Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлээс Лгийн Гт олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 9-10 хуудас/
-Дундговь аймгийн Хулд сумын Засаг даргын тамгын газрын даргын “Иргэн Лгийн Г нь Хулд Талын цэцэг нэгдэлд захиргаа аж ахуйд 1988 оны 04 сараас 1989 оны 9 сарыг дуусталх хугацаанд санитарчнаар, 1989 оны 10 сараас 1990 он, 1991 оны 2 сараас бусад саруудад Булаг бригадад малчнаар ажиллаж байсан нь үнэн болно ” гэх тодорхойлолт /хэргийн 11-р хуудас/
-Л.Гийн 1988, 1989, 1990, 1991 оны 1 сар, 1991 оны 2 сар, 1991 оны 3 сар, 1991 оны 4 сар, 1991 оны 5 сар, 1991 оны 6 сар, 1991 оны 7 сар, 1991 оны 8 сар, 1991 оны 9 сар, 1991 оны 10 сар, 1991 оны 11-12 сар, 1984, 1985, 1986, 1987, 1988, 1989, 1990, 1991, 1992, 1993 онуудын цалингийн хүснэгтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 12-26 хуудас/
-Гэрч Ц.Б-ны “ Лгийн том охин нь байгаа юм. Би 1981 оноос хойш Гийг таньдаг болсон. Г нь 1987 оноос Хулд сумын эмчилгээ тэжээлийн цэгт ажиллаж байгаад 1989 оны 9 сараас өөрийн хүсэлтээр нэгдэлд малчин болж байсан. Хулд сумын Талын цэцэг нэгдлийн Булаг бригад нь хоёр хуваагдаж Уул бригад болоход малчин болж хувьчлал тарах хүртэл мал маллаж байсан. Би 1980 оноос 1981 онд Хулд сумын нарийн бичгийн дарга байсан. 1981 оноос 1986 он хүртэл Талын цэцэг нэгдпийн худаг усны даргаар, 1987 оноос хувьчлал тарах хүртэл Сумын үйлдвэрчний зөвлөлийн дарга байсан. Өөр нэмж ярих зүйлгүй ” гэх мэдүүлэг /хэргийн 38-р хуудас/
-Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 06 сарын 04-ний өдрийн 369 дугаартай Хулд сумын 3-р багийн иргэн Л овогтой Г /ЗМ70112627/-ийн хөдөлмөрийн дэвтэр тамга тэмдэгийн зөрчилтэй тул 1993.01.01-1994.12.31-ний хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай талаарх тодорхойлолт /хэргийн 39-р хуудас /
-Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлээс Лгийн Гт 1993 оны 1 сарын 12-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 9-41-42 хуудас/ баримтууд болно.
Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Л.Г нь 1989 оны 09 сарын 27-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэл, Талын цэцэг ХК-д малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Лгийн Г /ЗМ / нь1988 оны 09 сарын 27-ны өдрөөс 1993 оны 2 сарын 10-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд, 1993 оны 2 сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг ХК-д тус тус малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.У