| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00439/и |
| Дугаар | 411 |
| Огноо | 2020-06-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 411
2020 оны 06 сарын 04 өдөр Дугаар 139/ШШ2020/00411 Сайнцагаан сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д аймгийн Г сумын Б гэх газар оршин суух, Б овогт Нын Л /ЗВ /-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00439/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Л миний бие 1960 онд төрсөн, эрэгтэй, энэ жил 60 нас хүрч байна. Улсад 26 жил ажилласан юм. Үүнээс 1981 оны 7 сарын 25-наас 1992 оны 5 сарын 25-ныг хүртэл Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Говийн-Өрнөлт нэгдэлд жолоочоор ажиллаж байсан үөийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч бичилт засвартай гэх зөрчилтэй болоод байгаа ба үүнийг шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн. Үүнээс болоод тэтгэвэр тогтоолгоход хүндрэл учраад байна. Би 1978 оны 6 сарын 27-ноос 1981 оны 5 сарын 9-ний хооронд цэргийн алба хаасан юм. Цэргийн алба хааж ирээд тус нэгдэлдээ жолоочоор ажиллаж эхэлсэн. Иймд Говийн-Өрнөлт нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, цалингийн баримт, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад хол5огдох баримтуудыг үндэслэн 1981 оны 7 сарын 25-наас 1992 оны 5 сарын 25-ныг хүртэл Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Говийн-Өрнөлт нэгдэлд жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Нын Л нь тус шүүхэд ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Н.Л гуай 60 нас хүрч байгаа. Улсад 26 жил ажилласан. Үүнээс 1981 оны 7 сарын 25-наас 1992 оны 5 сарын 25-ныг хүртэл Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Говийн-Өрнөлт нэгдэлд жолоочоор ажиллаж байсан. Энэ хугацаанд ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэрт бичиглэл засвартай гэсэн зөрчил үүссэн учраас Нийгмийн даатгалын байгууллагаас шүүхээр тогтоолго гэсэн. Үүний дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн хувьд 1978 оны 6 сарын 27-ноос 1981 оны 6 сарын 9-ний хооронд цэргийн алба хаасан. Цэргийн албаа хааж ирээд тус нэгдэлд 1981 оны 7 сарын 25-наас эхлээд жолоочоор ажилласан. Энэ хугацаанд ажиллаж байсан нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн Говийн-Өрнөлт нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Говь-Угтаал сумын Засаг даргын тамгын газрын 2020 оны 5 сарын 14-ний өдрийн 3/106 дугаартай 1981-1992 оны нэхэмжлэгчийн цалингийн жагсаалтын тодорхойлолт, Говийн-Өрнөлт нэгдлийн даргын 1981 оны 7 сарын 24-ний өдрийн 85 дугаартай тушаалын хуулбар, гэрч Н.Э-ын мэдүүлэг, нэхэмжлэгчийн 366777 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогддог. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Л нь ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
Дундговь аймгийн Архивын тасгийн “тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Говийн-Өрнөлт нэгдэлд 1981 оны 07 сарын 25-наас 1992 оны 05 сарын 25-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байгаад чөлөөлөгдсөн тухай баримт байхгүй учир Н овогтой Лтай холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна. Говийн-Өрнөлт нэгдлийн даргын 1981 оны ажилд томилсон тушаалыг холбогдох баримтаас хуулбарлан гаргаж, хавсралтаар хүргүүллээ гэх Дундговь аймгийн Архивын тасгийн 2020 оны 05 сарын 20-ны өдрийн 342 дугаартай тодорхойлолт байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Нын Лын 388501 дугаартай цэргийн батлахын хуулбар /хэргийн 5-р хуудас/
-Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Засаг даргын тамгын газрын даргын Нын Лын Говийн-Өрнөлт нэгдэлд ажиллаж байсан үеийн цалингийн жагсаалтын тодорхойлолт /хэргийн 6-р хуудас/
-Дундговь аймгийн Татварын хэлтсийн “Говь-Угтаал сумын Говийн-Өрнөлт нэгдэл нь 1990 оны 3 сарын 13-нд улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1992 оны 9 сарын 21-нд Говийн-Өрнөлт хоршоо болон өөрчлөгдсөн талаарх ” тодорхойлолт /хэргийн 8-р хуудас/
-Дундговь аймгийн Говийн-Өрнөлт нэгдлийн даргын 1981 оны 7 сарын 4-ний өдрийн 85 дугаартай “ажил өөрчилж ажиллуулах ба ажилд томилох тухай” тушаалын хуулбар /хэргийн 11-р хуудас/
-Нын Лд Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Говийн-Өрнөлт нэгдлээс 1981 оны 7 сарын 25-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 12-13 хуудас/
-Гэрч Н.Э-ын “ Н.Л нь 1981 оны 7 сарын 15-ны өдрөөс 1992 оны 5 сарын 25-ны өдрийг хүртэл Говь-Угтаал сумын Говийн-Өрнөлт нэгдэлд жолоочоор ажиллаж А 69 машин барьдаг байсан. Н.Л нь цэргээс халагдаж ирээд нэгдэлд жолоочоор ажилд орсноос хойш хувьчлал тарах хүртэл жолоочоор ажиллаж байсан. Би 1978 оноос 1995 он дуустал Говь-Угтаал сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны санхүү тасгийн нягтлан бодогч, татварын байцаагчаар ажиллаж байсан. Бид нэг суманд ажиллаж байсан учраас Н.Лыг нэгдэлд жолооч байсан талаар нь мэдэж байгаа юм. Өөр ажил хийж байгаагүй, нэгдэлд жолоочоор ажиллаж байгаад хувьчлал тараасан. Өөр нэмж ярих зүйлгүй ” /хэргийн 19-р хуудас/ гэх мэдүүлэг баримтууд болно.
Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Н.Л нь 1981 оны 7 сарын 25-наас 1992 оны 5 сарын 25-ныг хүртэл Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Говийн-Өрнөлт нэгдэлд жолоочоор ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Нын Л /ЗВ / нь 1981 оны 07 сарын 25-ны өдрөөс 1992 оны 05 сарын 25-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Говийн-Өрнөлт нэгдэлд жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.У