Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 418

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 10 өдөр                                      Дугаар 139/ШШ2020/00418                                                      Сайнцагаан сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д  аймгийн Б  сумын  Ш гэх газар оршин суух, Б овогт Жын Б /ЗБ  /-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00442/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ц   нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж овогтой Б миний бие  1971 онд төрсөн. Эмэгтэй. Энэ жил 50 нас хүрч байгаа. Улсад 32 жил малчнаар ажилласан. Үүнээс 1987 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл     Дундговь аймгийн Баянжаргалан сумын  Ардын жаргал нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Б нь ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

Дундговь аймгийн Архивын тасгийн  “тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд 1987 оны 01 сараас 1990 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл  малчнаар ажиллаж байсан тухай баримт байхгүй учир Ж овогтой Бтэй  холбогдох   лавлагаа гаргах   боломжгүй  болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн  2020 оны 05 сарын 21-ний өдрийн 354 дугаартай тодорхойлолт нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

               

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн   2020 оны 05 сарын 22-ны өдрийн 341 дугаартай Баянжаргалан  сумын 1-р багийн иргэн Ж овогтой Б /ЗБ71041708/-ийн 1991 оны хөдөлмөрийн дэвтэр тамга тэмдэг зөрчилтэй тул 1987.01.01-1989.12.31-ний хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай байна гэх тодорхойлолт /хэргийн 6-р хуудас /

-Дундговь аймгийн татварын хэлтсийн  2020 оны 05 сарын 21-ний өдрийн 08/576 дугаартай “ Тус аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал” нэгдэл нь 1956 оны 2 сарын 22-нд байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаад 1991 оны  4 сарын 25-нд улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн  1992 оны 11 сарын 4-нд  “Ардын жаргал” хувьцаат компани болон өөрлөгдсөн талаарх тодорхойлолт /хэргийн 7-р хуудас/

            -Жын Бд Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдлээс 1991 оны 09 сарын 1-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн   хуулбар /хэргийн 9-р хуудас/

            -Дундговь аймгийн Баянжаргалан сумын Баянхошуу бригадад малчнаар ажиллаж байсан Ж овогтой Бгийн  1987-1989 оны хөдөлмөрийн дэвтрийг 70-р данстай тулган баталгаажуулсан тодорхойлолт Ж /хэргийн 10 хуудас/

            -Жын Бгийн 1989 оны цалингийн хүснэгтийн хуулбар /хэргийн 11-р хуудас/

-Гэрч Г.Жын “Ж.Б нь манай 5 дахь хүүхэд байгаа юм. Баянжаргалан сумын сургуулийн 8-р ангийг 1986 оны 6 сард төгссөн. Ж.Б нь Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдлийн Баянхошуу бригадад 1987 оны 1 сарын 1-ний өдөр илгээлтээр гарч миний туслах малчнаар ажиллаж эхэлсэн.  Миний охин Ж.Б нь  1987 оны 7 сараас  1992  оныг дуустал Дундговь Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдлийн Баянхошуу  бригадад  бог  малыг малладаг байсан. Ж.Б нь Ардын жаргал нэгдэл тарснаас хойш хувиараа мал маллаж байгаа.  Анх нэгдэлд илгээлтээр малчин болсноос хойш өөр ажил хийж байгаагүй, насаараа мал маллаж байгаа Ардын жаргал нэгдэлд малчин болсноос хойш нэгдэл, компани, хувиараа гээд тасралтгүй насаараа мал маллаж байгаа. Би Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэл байгуулагдсан цагаас эхлэн хувьчлал тарах хүртэл бог мал, адуу маллаж байсан. Өөр нэмж ярих зүйлгүй  ”  гэх мэдүүлэг /хэргийн 17-р хуудас/

-Гэрч Л.Д-ийн “ Ж.Б нь  Баянжаргалан сумын сургуулийн 8-р ангийг төгсөж 1987  оны 7 сарын 1-ний өдөр илгээлтээр гарч ээж аав нарын хамт нэгдлийн туслах малчнаар ажиллаж эхэлсэн. Ж.Б нь Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд 1987 оны 7 сараас   1992 оны 3 сард хувьчлал тарах хүртэл  тасралтгүй мал маллаж байсан. Би тэр үед нэгдлийн малчнаар ажиллаж байсан болохоор   сайн мэднэ.  Анх  1987 онд нэгдэлд илгээлтээр гарч малчин болсноос хойш өөр ажил хийж байгаагүй, насаараа мал маллаж байгаа   Тэрнээс бусдаар бол нэгдэл, компани, хувиараа гээд тасралтгүй насаараа мал маллаж байгаа малчин хүн. Би Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд 1984 онд Батбаяртай гэр бүл болж  малчнаар ажилд орж байсан. Бид нэг нутаг усны хүмүүс ойр айл саахалт мал маллаж байсан, нэг нэгдлийн нэг бригадын малчид учраас Ж.Бг нэгдэлд малчин байсан талаар нь мэдэж байна. Ж.Б нь  бага залуу байхаас нь мэднэ, хүүхэд байхаас нэгдэлд мал маллаж байгаа малчин хүн. Өөр нэмж ярих зүйлгүй ” гэх мэдүүлэг /хэргийн 19-р хуудас/

-Гэрч Л.Д-ийн 1981 оны 6 сарын 20-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 27-28 хуудас/

-Гэрч Г.Жын 1981 оны 6 сарын 20-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар  /хэргийн 29-30 хуудас/  баримтууд болно.

 

Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Ж.Б нь 1987 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Жын Б /ЗБ/ нь 1987 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг  тогтоосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.У