Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 15

 

 

 

Б.Алтангэрэл, Д.Баатарсүрэн нарт

Холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор З.Алтансолонго, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Хосбаяр нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нарыг оролцуулан

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолтой Б.Алтангэрэл, Д.Баатарсүрэн нарт холбогдох эрүүгийн 1937000140051 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хянан хэлэлцэв.

            Монгол улсын иргэн, 1963 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Эмчийнхэн овогт Булдаагийн Алтангэрэл,

            Монгол улсын иргэн, 1961 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Дорж овогт Даржаагийн Баатарсүрэн нар нь бүлэглэн Засгийн газрын 2006 оны 137 дугаар тушаалын хавсралтаар баталсан “ Аж ахуйн нэгж байгууллагад байгаль орчны мэргэжлийн байгууллагын эрх олгох журам”-ын 3.5-д заасан “Мэргэжлийн байгууллагын эрх олгох шийдвэрийг байгаль орчны асуудал эрхэлсэн сайд гаргана” гэсэн заалтыг зөрчин эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хууль тогтоомжоор албан тушаалын байдалтай холбогдуулан олгосон өөрийн эрх мэдэл, чиг үүрэгт үл хамаарах асуудлаар буюу “Танай нөхөрлөл Майхан уулын орчин дахь эвдэрсэн талбайн нөхөн сэргээлтийн ажлаа 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэж сумын Засаг даргад хүлээлгэн өгөхийг мэдэгдье” гэж 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 3/96 дугаартай албан бичигт гарын үсэг зурж, албаны тамгаар баталгаажуулан шийдвэр гаргаж, сумын Засаг даргын орлогч Булдаагийн Алтангэрэлийн төрсөн дүү нар болох Булдаагийн Амаржаргал, Булдаагийн Амарсайхан нарын байгаль орчны асуудал эрхэлсэн сайдаас газрын хэвлийн нөхөн сэргээлт хийх эрх олгогдоогүй буюу эрхгүй “Алтай хишиг говь” нөхөрлөлд олгон, тус нөхөрлөлд хууль бусаар газрын хэвлийн нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх давуу байдлыг бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх:” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Баатарсүрэнд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Эмчийнхэн овогт Булдаагийн Алтангэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алтангэрэлийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алтангэрэлд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алтангэрэл нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарлаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алтангэрэлээс 933,256 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 2,200,000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Шүүхийн Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Б.Алтангэрэлийг тэнссэн хугацаанд түүнд хяналт тавихыг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Шүүгдэгч Б.Алтангэрэл нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүйг тус тус дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, хавтаст хэргийн 100 дугаар хуудсанд авагдсан 1 хуудас “Алтай сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 3/96 дугаартай” албан бичгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүүгдэгч Б.Алтангэрэлд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Д.Баатарсүрэнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгсэхгүй болгож” тус тус шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь ямар байдлаар хоорондоо үгүйсгэгдэж, шүүгдэгчийн гэм бурууд эргэлзээ үүсгэж байгааг шийтгэх тогтоолд дүгнэж чадаагүй атлаа шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн заалтыг баримталж Д.Баатарсүрэнг гэм буруугүйд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй шийдвэр болжээ.

Ховд аймгийн Алтай сумын Засаг даргын Тамгын газрын 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 3/96 дугаартай албан бичиг нь Д.Баатарсүрэнг гэмт хэрэг үйлдсэнийг нотлох яллах талын нотлох баримт байтал шүүх цагаатгах талын нотлох баримтаар үнэлсэн нь илтэд үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчлан тогтоосон.

Анхан шатны шүүх нь шүүгдэгч Б.Алтангэрэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийг журамлан шийдвэрлэсэн нь хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалт нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах арга хэмжээ авах тухай зохицуулалт юм.

Шүүгдэгч Б.Алтангэрэл нь мөрдөн байцаалтын явцад болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байхад шүүх түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан яллаж байгаа тухайн зүйл, хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Шүүгдэгч Б.Алтангэрэл нь хэргийн мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа үгүйсгэж, прокурорын шатанд яллах дүгнэлтийг гардан авахаас татгалзаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог ба гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэм буруугийн асуудал дээр маргах байр суурьнаас оролцсон байдаг.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт хэсэгт гэр бүлийн байдлын талаар огт дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтыг тус тус зөрчсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт дараах зүйлийг тусгана. Мөн хэсгийн 2.5-д хэд хэдэн шүүгдэгчээс заримыг нь  цагаатгасан бол яллах талын нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийн нотлох баримтын агуулгыг тусгана гэж хуульчилснаас дүгнэхэд шүүх Д.Баатарсүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэснээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргасан гэж үзэхээр байна. Хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр тухайн үед цагдаа нар ирэхэд үзүүлэх бичиг хэрэгтэй байна гэдэг асуудал яригдсан байдаг. Цагдаа нар ирэхэд үзүүлэх бичиг хэрэгтэй учир өөрийн төрсөн ахын албан тушаалын байдлыг ашиглаад албан бичиг авсан байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

            Шүүгдэгч Б.Алтангэрэл, Д.Баатарсүрэн тэдгээрийн өмгөөлөгч Б.Хосбаяр нар прокурорын эсэргүүцэлтэй танилцаад хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Ховд аймгийн Алтай сумын Засаг даргын Тамгын газрын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №3/96 дугаартай албан бичиг нь “Танай нөхөрлөл Майхан уулын орчин дахь эвдэрсэн талбайн нөхөн сэргээлтийн ажлаа 2019 оны 04 дүгээр сарын 01-нээс 05 дугаар сарын 01-ний хооронд гүйцэтгэж сумын Засаг даргад хүлээлгэж өгөхийг мэдэгдье” гэсэн үүрэг болгосон хэлбэр утгатай байх бөгөөд бусдаас давуу эрх эдэлж ямар нэгэн тусгай үйл ажиллагаа явуулах талаар зөвшөөрөл олгосон утга агуулгыг агуулаагүй байхад давуу байдал бий болгосон гэж дүгнэх нь өрөөсгөл ойлголт болно. Авилгын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасан давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгоогүй байна. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгохоор хуульчилсан байх бөгөөд хэргийн бодит нөхцөл байдлыг дүгнэвэл дээрх 2 албан тушаалтан нь албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх үйлдэл, эс үйлдэхүйг хийгээгүй байдаг.

            Мөн ашигт малтмалын олборлолтоос болж эвдэгдсэн газрыг нөхөн сэргээлт хийх шаардлагатай байсан нь нийтийн ашиг сонирхол болох нь хэрэгт Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Иргэдийн нийтийн хурлын 02 дугаар тогтоол, 2019 оны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, сумын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, газар зохион байгуулалтын төлөвлөгөө зэрэг баримтуудаар нотлогдож байна. Сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь хэвлэмэл хуудас, тамга, тэмдэг хэрэглэх эрх нь хуулиар олгогдсон байдаг ба шууд удирдах албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх талаар ч мөн хууль журмын зохицуулалтууд байдаг бөгөөд хэрэгт авагдсан баримт болох сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажлын байрны тодорхойлолтын 4-д зааснаар сумын засаг дарга болон түүний орлогч нар нь Тамгын газрын даргыг шууд удирдах албан тушаалтан болох нь нотлогдож байна.

            Монгол улсын Засгийн газрын 2006 оны 137 дугаар тогтоолын хавсралтад Байгаль орчны мэргэжлийн байгууллагын эрх олгох журмыг заасан болохоос нөхөн сэргээлтийг хэрхэн гүйцэтгэх, нөхөн сэргээлт явуулах үйл ажиллагааны процессын талаар ямар нэгэн асуудал дурдаагүй.

Нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх зайлшгүй шаардлагатай байгаа талаар тухайн сум орон нутгийн иргэдийн нийтийн эрх ашгид хамаарах шаардлага байсан. Шүүгдэгч Д.Баатарсүрэн нь шууд удирдах албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж тухайн албан бичгийг бичиж гарын үсэг зурж тамга тэмдэг дарж явуулсан. Сумын Засаг даргын орлогч шүүгдэгч Б.Алтангэрэлийн хувьд өөрт нь болон бусдад ямар нэгэн эдийн болон эдийн бус давуу байдлыг бий болгоогүй учраас энэ нь гэмт хэрэг биш юм.

 Иймд улсын яллагчийн эсэргүүцэл, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол зэргийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч нарыг цагаатгаж өгнө үү гэв.

 

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж  заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар  хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж  үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болж чадаагүй байна.

            Д.Баатарсүрэн, Б.Алтангэрэл нар бүлэглэн Засгийн газрын 2006 оны 137 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “ Аж ахуйн нэгж байгууллагад байгаль орчны мэргэжлийн байгууллагын эрх олгох журмын “-ын 3.5-д заасан “ . . . Мэргэжлийн байгууллагын эрх олгох шийдвэрийг байгаль орчны асуудал эрхэлсэн сайд гаргана . . .” гэсэн заалтыг зөрчин эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хууль тогтоомжоор албан тушаалын байдалтай холбогдуулан олгосон өөрийн эрх мэдэл,чиг үүрэгт үл хамаарах асуудлаар буюу “ . . . Танай нөхөрлөл Майхан уулын орчин дахь эвдэрсэн талбайн нөхөн сэргээлтийн ажлаа 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэж сумын Засаг даргад хүлээлгэн өгөхийг мэдэгдье . . .” гэж  2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 3/96 дугаартай албан бичигт гарын үсэг зурж, албаны тамгаар баталгаажуулан шийдвэр гаргаж, сумын засаг даргын орлогч Булдаагийн Алтангэрэлийн төрсөн дүү нар болох Булдаагийн Амаржаргал, Булдаагийн Амарсайхан нарын байгаль орчны асуудал эрхэлсэн сайдаас газрын хэвлийн нөхөн сэргээлт хийх эрх олгогдоогүй буюу эрхгүй “ Алтай хишиг говь “ нөхөрлөлд олгон, тус нөхөрлөлд хууль бусаар газрын хэвлийн нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх давуу байдлыг бий болгосон гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонго нь шүүгдэгч Д.Баатарсүрэнгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Алтангэрэлийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж уг хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Анхан шатны шүүх Д.Баатарсүрэн, Б.Алтангэрэл нарт холбогдох дээрх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж  Д.Баатарсүрэнд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Б.Алтангэрэлийг Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алтангэрэлийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр / жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 / нэг / жил, 6 / зургаан / сарын хугацаагаар тэнсэж тус тус  шийдвэрлэсэн  шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болж чадаагүй байна. Учир нь:

            Д.Баатарсүрэн, Б.Алтангэрэл нарт холбогдох дээр дурьдсан эрүүгийн хэрэгт Б.Амаржаргал, Б.Амарсайхан нар нь Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн “ Майхан хар “ гэх газарт нөхөн сэргээлт хийх нэрээр тухайн газрын шороог шигшүүрээр шигшиж, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул,олборлолт явуулсан үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг зайлшгүй  шалгах шаардлагатай байхад  анхан шатны шүүх үүнийг анхааралгүй орхигдуулж  хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байх тул шийтгэх тогтоолыг  хүчингүй болгож, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг  хийлгэхээр прокурорт буцаах нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн  үзлээ.

            Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалбал:  Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл / 1-р хх-н 8-10/, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1-р хх-н11-12 /,эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл / 1-р хх-н15-16х /, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл / 1-р хх-н 17-24х /, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл / 1-р хх-н 26-29 /, гэрч Б.Амаржаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ . . . 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ковшоор шигшүүр лүү шороо хийгээд 5-6 удаа шороо хийгээд шигшүүр ажиллуулж үзсэн шигшүүр нь болж байсан, тэгээд шигшүүрт шороогоо шигшээд шигшсэн шороогоороо газар булж эхэлсэн. Миний зорилго бол тухайн газарт байгаа шороог шигшээд шигшсэн шороогоор тухайн газрыг булаад гарсан ашигт малтмалаар нь зардлаа нөхий гэж бодсон, нөхөхгүй байсан ч газар орноо янзалъя гэж бодсон . . . н.Баярбат гээд манай дүү байгаа надад шигшүүр хийхэд тусалсан, бусад 3 хүнийг нь С.Ариунбаатар дагуулж ирсэн нэрийг нь мэдэхгүй нэг хүн нь ковш барьж, нэг нь хоол хийсэн, нэг нь шигшүүр хийхэд тусалсан . . .  “ гэх мэдүүлэг /1-р хх-н 34-35 /, гэрч Б.Амарсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ . . . Б.Амаржаргал бид хоёр ихэр миний ах, Б.Алтангэрэл бас миний ах, бид нар төрсөн ах , дүү нар байгаа юм.

            “Алтайн хишиг говь “ нөхөрлөлийг Б.Амаржаргал бид хоёр 7 хүний хамт  байгуулсан 9 гишүүнтэй нөхөрлөл байгаа юм . . . “ гэх мэдүүлэг / 1-р хх-н 53х / зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад эдгээрийг шалгахгүйгээр хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

            Өөрөөр хэлбэл мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлэх ёстой байтал тус үүргээ биелүүлж чадаагүй байна.

            Д.Баатарсүрэн, Б.Алтангэрэл нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах  ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж байгаа учир дүгнэлт хийгээгүй болно.

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах  нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.                     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1.Ховд аймгийн Булган сум дахь  Сум дундын   шүүхийн  2020 оны 01 дүгээр  сарын 03-ны өдрийн  03 дугаартай шийтгэх тогтоолын хүчингүй болгож, Д.Баатарсүрэн, Б.Алтангэрэл нарт  холбогдох хэрэгт  мөрдөн шалгах  ажиллагааг  хийлгэхээр Ховд аймгийн прокурорын газарт буцаасугай.       

            2. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

            3.Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Алтангэрэл, Д.Баатарсүрэн нарт  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсаныг тус тус хэвээр хэрэглэсүгэй.

            4.   Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

                                         ШҮҮГЧИД                                             М.НЯМБАЯР

                                                                                                       Б.ДАМБА