| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Одбаатар |
| Хэргийн индекс | 128/2025/0455/З |
| Дугаар | 221/МА2026/0238 |
| Огноо | 2026-04-09 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2026/0238
Д.Хнарын 11 иргэний
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэсэн: шүүгч Л.Одбаатар
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д
Нэхэмжлэгч: Д.Хнарын 11 иргэн
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/234 болон А/237 дугаар захирамжийн Түргэн үйлчилгээний цэгт хамаарах хэсгийг хүчингүй болгох, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 25/29 дугаар тогтоолоор баталсан “Худалдаа, үйлчилгээний төрөл, ангилал, худалдаа үйлчилгээ эрхлэхэд тавих шаардлага, бүрдүүлэх баримт бичиг, худалдаа үйлчилгээ эрхлэгчийн эрх, үүргийг тодорхойлсон нийтлэг журам”-ын 3.6 дахь хэсэг, 6.2.7 дахь хэсэг, 5.1 дэх хэсгийн хэрэгжилтийг хангаагүй Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Түргэн үйлчилгээний бүртгэх боломжийн бүрдүүлж захиргааны акт гаргахын Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2026/0087 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, Б.Д
Хариуцагчийн өмгөөлөгч Л.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 128/2025/0455/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2026/0087 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 20 дугаар зүйлийн 20.2.2, 27 дугаар зүйлийн 27.4 Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 35 дугаар зүйлийн 35.1.16 дахь хэсэг, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.5 дахь хэсэг, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон Д.Х нарын 11 иргэний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргажээ. Үүнд:
2.1. “...анхан шатны шүүх хурал 2026 оны 01 сарын 19-ний өдөр болж, шүүгч шийдвэрээ танилцуулсан боловч бичгээр гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаанд шүүхийн шийдвэрийг бичгээр гаргаагүй, шүүхийн шийдвэрийг танилцуулснаас 50 гаруй хоногийн дараа шийдвэрийг бичгээр гаргасан болно.
2.2. Шүүгчийн холбогдох маргааныг шийдвэрлэснийг дараах байдлаар эс зөвшөөрч байна.
2.3. Шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ нэхэмжлэгчдийн хүсэл зориг, хохирол, захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа зэрэг нөхцөл байдлыг харгалзалгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дох хэсэгт заасан бичгээр гаргасан Захиргааны актад тавигдах шаардлагыг хангасан эсэх, Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26 дугаар зүйлд заасан ажиллагааг явуулаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзалгүйгээр шүүхийн шийдвэрийн 4.10 дахь хэсэгт маргаан бүхий захиргааны актыг хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт хэмээн дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.2 дох хэсэгт заасныг зөрчиж хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлсэн байна.
2.4. Мөн шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 4.3, 4.4 дэх хэсгүүдэд "шүүх уг захирамжид байх "объект" гэх нэршлийг түргэн үйлчилгээний цэгт хамаатуулах хэлбэрээр авч үзсэн боловч Я.Ц-ийн Монгол хэлний тайлбар толь болон Монгол хэлний их тайлбар толь зэрэгт энэ агуулгаар тэмдэглэгдээгүй. Нийтийн хүртээл болсон ойлголтод объектыг бол барилга байгууламж, үл хөдлөх биет хөрөнгөд илүүтэй хэрэглэдэг байх тул шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэнчлэн маргаан бүхий энэ актад ТҮЦ гэх үг, өгүүлбэр байхгүй гэж дүгнэн энэхүү захирамжийг нэхэмжлэгч 11 иргэнд эрх зүйн шууд үр дагавар бий болгосон гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж үзлээ" хэмээн дүгнэсэн байна. Тодруулбал, шүүхийн шийдвэрийн 4.6 дахь хэсэгт ".. Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/237 дугаар захирамжаар нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж талбайд холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, норм стандартын зөрчлийг газар дээр нь шуурхай арилгуулах, шаардлагатай тохиолдолд зөрчил гаргасан иргэн аж ахуй нэгжид хуулийн хүрээнд арга хэмжээ авч зөрчлийг арилгах, хашаа хайсыг албадан буулгах, газрыг чөлөөлөх, зөвшөөрөлгүй болон хууль, тогтоомж, барилгын норм ба дүрмийг зөрчиж барьсан барилга, байгууламжийг албадан буулгах, эрсдэл учруулж буй эд зүйл, техник хэрэгслийг шилжүүлж зам талбайг чөлөөлөх хотын стандартыг мөрдүүлэх талаар арга хэмжээ авах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан, үүнд дүүргийн Засаг дарга нарыг оруулсан байх ба захирамжийн мөрөөр хууль тогтоомжийн хэрэгжилт, орчны аюулгүй байдлыг хангуулах, хотын өнгө үзэмжийг сайжруулах ажлыг зохион байгуулж, үр дүнг нь танилцуулах хяналт шалгалтын хуваарийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд 3 үе шаттайгаар зохион байгуулахаар тогтжээ" хэмээн тусгасан байна. Гэвч ийнхүү дүгнэж шийдвэрлэхэд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлсэн буюу Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас ирүүлсэн "Иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний тухай" хэмээх нэртэй ажлын тайланд хавсаргасан Нийслэлийн Засаг даргын А/237 дугаар захирамжийн танилцуулга, тухайн захирамжийн хэрэгжилтийг танилцуулсан хэсэгт "Нийслэлийн Засаг даргын А/237 дугаар захирамжийн хүрээнд 2025 оны 03 сарын 20-оос 04 дүгээр сарын 15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод нийт 661 Түргэн үйлчилгээний цэг нүүлгэн шилжүүлээд байна" хэмээн тусгасныг үнэлээгүй байна. 3/ Анх Нийслэлийн Засаг даргын А/237, А/234 дүгээр захирамжийн хүрээнд ТҮЦ-ийг албадан ачих үүрэг болгосон шийдвэр гаргах үед буюу 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар болон ТҮЦ-ийг зөвшөөрөлгүй, газрын хууль зөрчсөн гэх зэрэг үндэслэлээр 2025 оны 04 сараас эхлэн ачих үед Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор батлагдсан "Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журам хэрэгжиж байсан бөгөөд тус журмын дагуу ТҮЦ-ний байршлыг тогтоох, холбогдох зөвшөөрөл олгох ажиллагааг дүүргийн засаг дарга нар хэрэгжүүлээгүй байснаас бүх ТҮЦ "зөвшөөрөлгүй" хэмээх ангилалд хамаарах болж, Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий захиргааны актуудын дагуу бүх ТҮЦ-ийг ачсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх маргааны явцад НИТХ-аас 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 25/29 дүгээр тогтоолоор батлагдсан "Худалдаа, үйлчилгээний төрөл, ангилал, худалдаа үйлчилгээ эрхлэхэд тавих шаардлага, бүрдүүлэх баримт бичиг, худалдаа үйлчилгээ эрхлэгчийн эрх, үүргийг тодорхойлсон нийтлэг журам" нь 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр захиргааны хэм хэмжээний актаар бүртгэгдэж, legalinfo цахим хуудаст байршсан байна. Тус журмын дагуу ТҮЦ-ийг мөн л дүүргээс баталсан байршилд байна хэмээн заасан.
2.5. Нийслэлийн засаг дарга нь Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.9 дэх хэсэгт "худалдаа, үйлчилгээний нийтлэг зохицуулалт, хяналт" гэж, 63 дугаар зүйлийн 63.1.2 дох хэсэгт "нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулж, үр дүнг хариуцах" гэж тус тус зааснаар нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн дээрх журмын хэрэгжилтийг хангах, хяналт тавих чиг үүрэгтэй байна. Гэвч бодит байдал дээр хэрэгжих боломжгүй нөхцөлд тухайн доголдлыг арилгах, ТҮЦ эрхлэгчдийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх үүргээ биелүүлэлгүйгээр эс үйлдэхүй гаргаж буй нь хууль бус байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчийг хуульд заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан үйл ажиллагаа тогтоогдсонгүй хэмээн дүгнэсэн нь нотлох баримтыг дутуу үнэлсэн, хуульд нийцэхгүй шийдвэр байна.
2.6. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 0087 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах хүсэлтэй байгаа тул уг гомдлыг хүлээн авч тус шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч Д.Хнараас 1/ Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн А/234 болон А/237 дугаар захирамжийн Түргэн үйлчилгээний цэгт хамаарах хэсгийг хүчингүй болгох, 2/ Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 25/29 дугаар тогтоолоор баталсан “Худалдаа, үйлчилгээний төрөл, ангилал, худалдаа үйлчилгээ эрхлэхэд тавих шаардлага, бүрдүүлэх баримт бичиг, худалдаа үйлчилгээ эрхлэгчийн эрх, үүргийг тодорхойлсон нийтлэг журам”-ын 3.6 дах хэсэг, 6.2.7 дах хэсэг, 5.1 дэх хэсгийн хэрэгжилтийг хангаагүй Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Түргэн үйлчилгээний цэгийг бүртгэх боломжийг бүрдүүлж захиргааны акт гаргахыг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт даалгах нэхэмжлэлийг гаргажээ.
2. Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/234 дүгээр захирамжийн агуулга нь “Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор зөвшөөрөлгүй болон зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн барьсан хашаа, хайс, гарааш, хаалтыг чөлөөлөх, объектыг буулгах, төлөвлөлтийн дагуу орц, гарц гаргах, мухар гудамж чөлөөлөх, газар зохион байгуулалт хийх зорилгоор газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх, холбогдох стандартыг мөрдүүлэх ажлыг зохион байгуулах”, 2025 оны А/237 дугаар захирамжийн агуулга нь “Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж талбайд холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, норм, стандартын зөрчлийг газар дээр нь арилгуулах, шаардлагатай тохиолдолд зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжид хуулийн хүрээнд арга хэмжээ авч зөрчлийг арилгах, хашаа хайсыг албадан буулгах, газрыг чөлөөлөх, зөвшөөрөлгүй болон хууль тогтоомж, барилгын норм ба дүрмийг зөрчиж барьсан барилга, байгууламжийг албадан буулгах, эрсдэл учруулж буй эд зүйл, техник хэрэгслийг шилжүүлж зам талбайг чөлөөлөх, хотын стандартыг мөрдүүлэх гэсэн агуулгатай захирамжуудыг гаргажээ.
3. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын зүгээс маргаан бүхий А/234 болон А237 дугаар захирамжуудыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан Захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчим болох 4.2.1-д заасан “хууль үндэслэх” 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 4.28-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмуудыг үйл ажиллагаандаа болон шийдвэр гаргахдаа хэрэгжүүлээгүйн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж дүгнэхээр байна.
4. Анхан шатны шүүх Д.Х нарын 11 иргэний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Тухайлбал:
4.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 25/29 дугаар тогтоолоор Худалдаа, үйлчилгээний төрөл, ангилал, худалдаа үйлчилгээ эрхлэхэд тавих шаардлага, бүрдүүлэх баримт бичиг, худалдаа, үйлчилгээ эрхлэгчийн эрх, үүргийг тодорхойлсон нийтлэг журам”-ыг баталсан бөгөөд уг журамд зааснаар түргэн үйлчилгээний цэг нь худалдааны төрөлд багтаж байна гэж үзэх боломжтой. Тодруулбал тус журмын 3.6-д түргэн үйлчилгээний цэг нь дүүргээс баталсан байршилд байрлах ба тухайн байршил нь худалдаа эрхлэгчийн ариун цэврийн шаардлагыг хангах боломжтой байх, орчны цэвэрлэгээ үйлчилгээг хариуцна гэж, 6.2.7-д Түргэн үйлчилгээний цэг нь цөөн, энгийн нэр төрлийн, хадгалах, худалдахад онцгой нөхцөл горим шаарддаггүй барааг худалдах үүрэгтэй ... тус журмын 5.1-т “Иргэн, хуулийн этгээд худалдаа, үйлчилгээ эрхлэх тухай мэдэгдлийг дараах дарааллын дагуу хүргүүлснээр үйл ажиллагаа эрхлэх эрх үүснэ” гэж зааснаар Ulaanbaatar.mn цахим системд нэвтэрч холбогдох баримт бичгүүдийг хавсаргаснаар мэдэгдэл илгээх боломжтой болно. Гэвч бодит байдал дээр уг журмын 5.1.3-т “үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хавсаргахаар зааснаар ТҮЦ дээрх журмын дагуу мэдэгдэл хүргүүлэх боломжгүй нөхцөл байдалд байна”, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулж, үр дүнг хариуцах” гэж зааснаар Нийслэлийн Засаг дарга нь Түргэн үйлчилгээний цэгийн байршлыг тогтоох ажиллагааг дүүргийн Засаг дарга нар явуулж байгаа эсэхэд хяналт тавиагүй, түргэн үйлчилгээний цэгийг бүртгэх боломжийг хангаагүй, ...манай нэхэмжлэгчдийн хувьд 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 6 сар хүртэлх хугацаанд 11 түргэн үйлчилгээний цэгийг ачсан гэх журмын заалт болон үйл баримтуудад дүгнэлт хийгээгүй байна.
4.2 Өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын А/234 болон А/237 дугаар захирамжууд нь агуулгын хувьд ТҮЦ-н үйл ажиллагаанд шууд чиглээгүй мэт боловч тухайн захирамжуудыг хэрэгжүүлэх талаар гарсан дүүргийн Засаг дарга нарын захирамжууд гарахдаа А/237 дугаартай захирамжийг үндэслэж гарсан, мөн газар чөлөөлөх мэдэгдлүүдийг ТҮЦ эрхлэгч нарт хүргүүлснээр 2025 оны 04 сарын 11-ний өдрөөс эхлэн ТҮЦ-ийг албадан ачиж нүүлгэсэн зэрэг эрх зүйн шууд үр дагавар үүсгэсэн байтал анхан шатны шүүх үйл баримтад нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, маргаан бүхий актад ТҮЦ гэх үг байхгүй гэсэн дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй.
Тодруулбал Нийслэлийн Засаг даргын А/237 болон А/234 дугаар захирамжууд нь нэхэмжлэгч нарт шууд чиглээгүй агуулгатай боловч үр дагавар нь ТҮЦ эрхлэгч нарын худалдаа үйлчилгээ эрхлэх, ашиг орлого олох эрхэд нь халдсан, тэдгээрийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн гэж дүгнэхээр байна.
4.3 Мөн дээрх маргаан бүхий захирамжууд гарч байх үед болон 2025 оны 04 дүгээр сард нэхэмжлэгч нарын ТҮЦ-үүдийг албадан нүүлгэж байх үед Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 25/29 дугаартай тогтоолоор баталсан Худалдаа, үйлчилгээний төрөл, ангилал, худалдаа үйлчилгээ эрхлэхэд тавих шаардлага, бүрдүүлэх баримт бичиг, худалдаа, үйлчилгээ эрхлэгчийн эрх, үүргийг тодорхойлсон нийтлэг журам нь тухайн өдрөө албажсан боловч 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд бүртгэгдэж хүчин төгөлдөр болсон байна.
4.4 Өөрөөр хэлбэл өмнөх 2022 оны журмыг шинэ журам батлах өдөр хүчингүй болгосон боловч шинээр баталсан журам нь нэхэмжлэгч нарын ТҮЦ-үүдийг албадан нүүлгэж байх үед хүчин төгөлдөр болоогүй байсан бөгөөд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулж, үр дүнг хариуцах” гэж зааснаар Нийслэлийн Засаг дарга нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны хүчингүй болсон журам, 2025 оны хүчин төгөлдөр болоогүй журмын алийг нь хэрэгжүүлсэн болох нь ойлгомжгүй. Нэхэмжлэгч нарын хувьд өмнөх 2022 оны журмаар ТҮЦ эрхлэх эрхтэй байсан бол 2025 оны шинэ журам гарсантай холбогдуулан өмнөх журмыг хүчингүй болгосноор ТҮЦ эрхлэх эрхгүй болсон үр дагавар үүссэн, мөн дээр дурдсан агуулгаар Нийслэлийн Засаг даргын А/237 болон А/234 захирамжууд гарсан боловч бодит байдалд хэрэгжихдээ зөвхөн ТҮЦ-үүдийг албадан нүүлгэсэн үр дагаврыг үүсгэсэн байхад анхан шатны шүүхээс энэ талаар үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байна.
4.5 Мөн анхан шатны шүүхээс Нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий актуудыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох, 25 дугаар зүйлд заасан нотлох баримт цуглуулах, 26 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулсан эсэх, маргаан бүхий захиргааны актуудын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдүүдэд Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан журмаар мэдэгдсэн, хүргүүлсэн эсэх, дээд шатны байгууллага болон шүүхэд гомдол гаргах эрхийг нь хангаагүй талаар хууль зөрчсөн гэж маргаж байхад энэ талаар ямар нэг дүгнэлт хийгээгүй нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тус бүрд дүгнэлт өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байна.
5. Энэ бүхнээс дүгнэхэд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам” баталсан бөгөөд уг журмын 2.1.1.16-д Түргэн үйлчилгээний цэг буюу ТҮЦ-ийг худалдаа үйлчилгээний төрөл ангилалд оруулан тавигдах шаардлагыг тус тус баталж байсан бөгөөд нэхэмжлэгч ТҮЦ эрхлэгч нар уг журмын дагуу хэвийн үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 2025 оны 25/29 дугаартай тогтоолоор баталсан “Худалдаа, үйлчилгээний төрөл, ангилал, худалдаа үйлчилгээ эрхлэхэд тавих шаардлага, бүрдүүлэх баримт бичиг, худалдаа, үйлчилгээ эрхлэгчийн эрх, үүргийг тодорхойлсон нийтлэг журам”-ын 3.6-д түргэн үйлчилгээний цэг нь дүүргээс баталсан байршилд байрлах ба тухайн байршил нь худалдаа эрхлэгчийн ариун цэврийн шаардлагыг хангах боломжтой байх, орчны цэвэрлэгээ үйлчилгээг хариуцна гэж, 6.2.7-д Түргэн үйлчилгээний цэг нь цөөн, энгийн нэр төрлийн, хадгалах, худалдахад онцгой нөхцөл горим шаарддаггүй барааг худалдах үүрэгтэй ... гэж зааснаар ТҮЦ эрхлэх боломжтой мэт боловч үйл ажиллагаа явуулах эрх үүсэхийн тулд бүрдүүлэх баримт бичигт үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хавсаргахаар заасан нь ТҮЦ эрхлэх боломжийг хаасан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл ТҮЦ нь Иргэний хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгөд тооцогдохгүй бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авах боломжгүй тул бодит байдалд гаргаж өгөх боломжгүй бичиг баримтыг ТҮЦ эрхлэгчид нараас шаардсан байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүйгээс гадна журмын заалт хэрэгжих боломжгүй байна. Ингэснээр хэвийн үйл ажиллагаа явуулж, тодорхой хэмжээний ашиг олж байсан худалдаа эрхлэгч нар маргаан бүхий актууд болон 2025 оны 25/29 дугаар тогтоолоор баталсан журмын үйлчлэлээр ашиг олох, ТҮЦ-ний үйл ажиллагаа эрхлэх ямар ч боломжгүй болж эрх, хууль ёсны ашиг сонирхол нь бодитоор хөндөгдөж, хохирол учирсан байтал нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Х нарын 1/ Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн А/234 болон А/237 дугаар захирамжийн Түргэн үйлчилгээний цэгт хамаарах хэсгийг хүчингүй болгох, 2/ Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 25/29 дугаар тогтоолоор баталсан “Худалдаа, үйлчилгээний төрөл, ангилал, худалдаа үйлчилгээ эрхлэхэд тавих шаардлага, бүрдүүлэх баримт бичиг, худалдаа үйлчилгээ эрхлэгчийн эрх, үүргийг тодорхойлсон нийтлэг журам”-ын 3.6 дах хэсэг, 6.2.7 дах хэсэг, 5.1 дэх хэсгийн хэрэгжилтийг хангаагүй Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Түргэн үйлчилгээний цэгийг бүртгэх боломжийг бүрдүүлж захиргааны акт гаргахыг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Л.ОДБААТАР