Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2022/0103

 

2022           02          21                                   128/ШШ2022/0103

                                                 

           

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.О даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: И ТХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Ж нарын хооронд үүссэн тусгай хамгаалалттай газар ашиглах эрхийг цуцалсантай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч И ТХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан  “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын хавсралтын И ТХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй  болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байна.

2. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/155 дуугаар тушаалаар нэхэмжлэгч И ТХХК-д Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар, Нүхтийн аманд 0,1 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай олгосон. 

Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалаар И ТХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосон байна.

3. Нэхэмжлэгч И ТХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаал болон Богдхан уулын дархан цаазат газрын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 264 албан бичгийг 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр гардан авч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасны дагуу нэхэмжлэгчээс 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 02 сарын 26-ны өдрийн 264 дугаартай "тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ, гэрчилгээг хураалгах тухай" албан бичгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 сарын 18-ны А/50 дугаар тушаалын хамтаар 2021 оны 03 сарын 04-ны өдөр хүлээн аваад А/50 тушаалын "И" ХХК-д холбогдох хэсгийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/50 тушаалын үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 байх ба бичвэр хэсгийн 1 дэх заалтад " хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй, газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй" гэжээ.

Гэтэл манай компани анх газар ашиглах эрх олгогдсоноос хойш жил бүр газрын төлбөрийг хугацаанд нь төлж байсан, ихээхэн хэмжээний зардал гарган байж Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн, цаашид тухайн газрыг зүй зохистой ашиглаж эдийн засгийн үр өгөөж хүртэхээр төлөвлөж байсан.

Мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас шалтгаалан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан гэрээ 2021 оны 01 дүгээр сард эцэслэн батлагдсан. Энэ нь бидний буруутай үйлдэл биш юм. Гэрээ эцэслэн батлагдаагүй байхад бид уг газрыг ашиглах нь олон хуулийг зөрчсөн үйлдэл болох байсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12-д зааснаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/50 дугаар тушаалын " И " ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулж өгнө үү. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/50 дугаар тушаал нь 2021 оны 02 дугаар 18-ны өдрөөр огноолсон байх боловч Богдхан уулын дархан цаазат газрын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 264 дугаар албан бичгийн хамт  2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр гардан авсан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “...шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

4.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.Д шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:  “2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр манай компани нь Д.Э гэх хүний нэрээр эзэмшигч солигдож, түүнээс хойш гуравласан  гэрээ батлуулах ёстой гэсэн үндэслэлийн дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд бичиг баримтаа бүрдүүлж өгсөн. 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр тус газрыг 5 жилийн хугацаатайгаар аялал жуулчлалын зориулалтаар эзэмшиж авсан. Тухайн үед н.Ц гэх хүн захирал байж байгаад Э гэх хүнээр солигдсон юм. Н.Ц гэх хүн нас барсны улмаас шилжсэн. 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Д.Э-ын нэр дээр шилжсэн. Түүнээс хойш бүх бичиг баримтуудаа бүрдүүлж өгсөн. Манайх 5 удаа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүсэлт гаргаж байсан. 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэсэн хариу ирж байсан. Үүний дагуу албан ёсны байгууллагаар үнэлгээ хийлгээд 2019 оны 8 дугаар сард Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд өгч байсан. Мөн үнийн дүнд өөрчлөлт орсон, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга солигдсон гэх шалтгааны улмаас гэрээ байгуулах хугацаа хойшилж байсан. 2020 оны 01 дүгээр сард Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас гуравласан гэрээгээ аваад баталгаажуулахаар Хан-Уул дүүргийн Газрын албанд хүсэлт гаргаж байсан. Тус газраас баталгаажиж ирсний дараа 2020 оны 05 дугаар сард Байгаль орчин аялал жуулчлалын яаманд баталгаажуулахаар хүргүүлж, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гуравласан гэрээгээ баталгаажуулж хүлээж авсан. 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцлах тухай” А/50 дугаар тушаалыг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газарт өөрсдөө очиж мэдсэн.

Гуравласан гэрээ баталгаажаагүй, бичиг баримт хүчин төгөлдөр болоогүй байхад манай газар эзэмших эрхийг цуцалсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид газрын төлбөрт 2017 онд 1.320.000 төгрөг, 2018 онд 1.320.000 төгрөг, 2019 онд 1.410.00 төгрөг, 2020 онд 1.410.000 төгрөг тус тус төлсөн. Энэ төлбөрүүдээ он онд нь төлөөд явж байсан” гэв.

4.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Газар ашиглах эрх хэзээ үүсдэг гэдгийг эхлээд тодруулах шаардлагатай байна. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т зааснаар дарааллын хувьд эхлээд гэрээ байгуулах ёстой. Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “байгаль орчин нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийсний дараа гэрээ байгуулна” гэж заасан. Гэтэл түр журмаа баримталж гэрчилгээ олгочхоод газраа 2 жил ашиглаагүй гэж байгаа нь Газрын тухай хуулийн үндсэн зохицуулалттай нийцэхгүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс 2016 оны 05 дугаар сард гуравласан гэрээ байгуулах хүсэлтээ өгч байсан бөгөөд он дарааллаар тухай бүрд нь хүсэлтээ өгч байсан боловч гэрээ байгуулдаггүй байсан. Хүсэлт гаргаснаас хойш 30 хоногийн дотор хариу өгөх ёстой байсан боловч ямар нэгэн хариу өгөөгүй. Хэрэв гэрээ байгуулах боломжгүй гэсэн хариу өгсөн байсан бол манай компани шүүхэд хандах боломжтой байсан. Гэрээ байгуулах үйл явц яагаад удааширсан гэдэгт шүүх дүгнэлтээ өгөх байх. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т “гэрээнд заасан зориулалтын дагуу” гэсэн байдаг. Тэгэхээр гэрээ байхгүй байхад яаж зориулалтын дагуу ашиглах юм. 02 дугаар сарын 08-ны өдөр гэрээ байгуулж өгсөн атлаа 10 хоногийн дараа цуцалж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

5.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  О.Н шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/155 дугаар тушаалаар "И" ХХК-д Богдхан уулын дархан цаазат газарт 0,1 га газрыг 5 жилийн хугацаатайгаар олгосон байдаг.

"Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай" Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 тушаалын үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 ... аялагч, зөвшөөрөл бүхий бусад хун түр буудаллах, отоглох ажиглалт, судалгаа шинжилгээг хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах, мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-т “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх ..... 35.3.3.т газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх ..... 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “..газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй,.... 40.1.6 - д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан удирдлага болгосон.

Нэхэмжлэгч нь газар ашиглах гэрчилгээг авснаас хойш гэрээ болон хуульд заасан зориулалтын дагуу газраа огт ашиглаагүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар ашиглах эрхийг хүчингүй болгоно” гэж заасныг зөрчиж байсан ба нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин , аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй тул Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг хүчингүй болгосон болно. Дээрх тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд зааснаар мэдэгдэх, сонсох ажиллагааг "И”  ХХК-ийн албан ёсны хаягаар мэдэгдсэн болно” гэжээ.

5.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: И ТХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/155 дугаар тушаалаар аялал жуулчлалын зориулалтаар 0.1 га газрыг 5 жилийн хугацаатай эзэмшсэн. Маргаан бүхий актаар олон иргэн аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах эрхийг дуусгавар болгосон. Тус тушаалын хавсралтын 47 дугаарт И ТХХК орсон. Тусгай хамгаалалттай газар  нутгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дах заалтуудыг маргаан бүхий актад дурдсан. И ТХХК-ийн хувьд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т заасныг зөрчсөн тул газар эзэмших эрхийг цуцалсан. Тус компанийн хувьд газраа 2 жил дараалан ашиглаагүй. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2731 дугаар албан бичгийн хавсралтын 52 дугаарт И ТХХК-ийн нэрийг дурдсан байдаг. Цагдаагийн байгууллага хяналт шалгалт явуулах бүрэн эрхийнхээ хүрээнд Богдхан уулын дархан цаазат газарт үйл ажиллагаа явуулж байгаа газруудыг  мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй гэх үндэслэлээр 660 гаруй иргэн аж ахуйн нэгжид шалгалт хийсэн. Энэ хяналт шалгалтын явцад Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6-т  заасныг зөрчсөн иргэн аж ахуй нэгжийг тусад нь ялгаж, мэдэгдлийг хүргүүлсэн. Манай байгууллагын зүгээс Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх сонсох ажиллагааг хуульд заасны дагуу хийж, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10/7501 дугаар албан бичгийг И ТХХК-д хүргүүлсэн. Тус компани нь 2016 оноос хойш тус газарт үйл ажиллагаа явуулаагүй. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2001 оны 228 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын 3.4-т “Хамгаалалтын захиргаа болон сум дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн хийгдсэн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан гаргасан Байгаль орчин аялал жуулчлалын сайдын газар ашиглуулах шийдвэрийг үндэслэн Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга газар ашиглах гэрчилгээ олгоно” гэж заасан. Үүний дагуу гэрчилгээ олгосон. Гэрчилгээ олгосноос эхлэн үйл ажиллагаа явуулах эрхтэй бөгөөд 3 сарын дотор гуравласан гэрээг байгуулахыг заасан боловч, гэрээ байгуулж, үйл ажиллагаа явуулаагүй. Өөрөө хэлбэл бүх зүйл хугацаанд баригдаж явдаг.

Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу иргэн, аж ахуй нэгжийн гаргасан гомдлыг 30 хоногийн дотор шийдвэрлэх ёстой. Хэрэв энэ хугацаа өнгөрсөн бол, хариугаа шаардах эрхтэй. Түүнчлэн өгсөн хариуг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол дээд шатны байгууллага албан тушаалтанд хандах эрхтэй. 2016 оноос хойш гэрээ байгуулахгүй явсан нь төрийн байгууллагыг буруутгах үндэслэл болохгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх нэхэмжлэгч И ТХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын хавсралтын И ТХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй  болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл үндэслэлтэй байна гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч “И “ХХК Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь маргаан бүхий 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг зөрчсөн, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1-д заасан журмын дагуу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй эсэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийгээгүй гэж,

Харин хариуцагчаас нэхэмжлэгч И ТХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас шалтгаалан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан гэрээ 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр батлагдсан. Энэ нь бидний буруутай үйлдэл биш юм. Гэрээ эцэслэн батлагдаагүй байхад бид уг газрыг ашиглах нь олон хуулийг зөрчсөн үйлдэл болох байсан” зэрэг үндэслэлээр, харин хариуцагч Цагдаагийн байгууллага хяналт шалгалт явуулах бүрэн эрхийнхээ хүрээнд Богдхан уулын дархан цаазат газарт үйл ажиллагаа явуулж байгаа газруудыг  мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй гэх үндэслэлээр 660 гаруй иргэн аж ахуйн нэгжид шалгалт хийсэн. Энэ хяналт шалгалтын явцад Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6-т  заасныг зөрчсөн иргэн аж ахуй нэгжийг тусад нь ялгаж, мэдэгдлийг хүргүүлсэн. Манай байгууллагын зүгээс Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх сонсох ажиллагааг хуульд заасны дагуу хийж, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10/7501 дугаар албан бичгийг И ТХХК-д хүргүүлсэн. Тус компани нь 2016 оноос хойш тус газарт үйл ажиллагаа явуулаагүй. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2001 оны 228 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын 3.4-т “Хамгаалалтын захиргаа болон сум дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн хийгдсэн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан гаргасан Байгаль орчин аялал жуулчлалын сайдын газар ашиглуулах шийдвэрийг үндэслэн Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга газар ашиглах гэрчилгээ олгоно” гэж заасан. Үүний дагуу гэрчилгээ олгосон. Гэрчилгээ олгосноос эхлэн үйл ажиллагаа явуулах эрхтэй бөгөөд 3 сарын дотор гуравласан гэрээг байгуулахыг заасан боловч, гэрээ байгуулж, үйл ажиллагаа явуулаагүй.

Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу иргэн, аж ахуй нэгжийн гаргасан гомдлыг 30 хоногийн дотор шийдвэрлэх ёстой. Хэрэв энэ хугацаа өнгөрсөн бол, хариугаа шаардах эрхтэй. Түүнчлэн өгсөн хариуг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол дээд шатны байгууллага албан тушаалтанд хандах эрхтэй. 2016 оноос хойш гэрээ байгуулахгүй явсан нь төрийн байгууллагыг буруутгах үндэслэл болохгүй” гэж тус тус тайлбарлан маргажээ.

            3. Анх И ТХХКБайгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/155 дугаар тушаалаар нэхэмжлэгч И ТХХК-д Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар, Нүхтийн аманд 0,1 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай газар ашиглах эрхийг олгож, 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 20**/*** дугаар Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээг олгосон байна.

4. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 тоот тушаалаар ...Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй... нэр бүхий 104 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах эрхийг Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны ... 16/4670 тоот, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 2731 тоот албан бичгээр ирсэн санал, Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс 2020 оны 11и-3/5988 тоот албан бичгээр ирүүлсэн зөвлөмж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлсэн мэдэгдлийн дагуу газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосугай хэмээн шийдвэрлэсний 47-д нэхэмжлэгч И ТХХК-ийн газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр цуцалсан нь үндэслэлгүй, бодит нөхцөл байдалд нийцээгүй байна.

5. Учир нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж заасан байх бөгөөд И ТХХК нь  2016 онд газрын төлбөрт 726,000 төгрөг, 2017 онд 1,320,000 төгрөг, 2018 онд 1,320,000 төгрөг, 2019 онд 1,412,450 төгрөг, 2020 онд 706,225 төгрөг, 2020 онд 1,412,820 төгрөгийг тус тус төлж байсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар нотлогдож байна.

6. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэж заажээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл И ТХХКБайгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/155 дугаар тушаалаар Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар, Нүхтийн аманд 0,1 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай газар ашиглах эрхийг олгож, 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 2016/180 дугаар Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээг олгосон боловч үүнээс хойш 4 жил 4 сарын дараа буюу 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 2020/027 дугаар “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ” байгуулжээ.

Энэ нь нэхэмжлэгчээс шалтгаалж 4 жил 4 сар хэтрээгүй байна. Өөрөөр хэлбэл, И ТХХК газар ашиглах захирамж гарснаас хойш удаа дараа гэрээ байгуулах хүсэлтээ Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Богдхан уулын дархан цаазат хамгаалалтын захиргаанд гаргаж байсан байна.

7. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгч И ТХХК нь тухайн газраа ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх асуудлыг тодруулалгүй шууд газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй байна.

Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 24 дүгээр зүйлийн 24.1-т Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно, 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" хэмээн тус тус хуульчлан заасан.

8. Гэвч хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалыг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан тусгай зарчимд нийцэхгүй, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1-д заасан нөхцөл байдлыг тогтоох болон оролцогчийг сонсохтой холбоотой хуульд заасан журмыг зөрчсөн, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэх асуудлыг тодруулалгүйгээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

 Иймд шүүх дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч И ТХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын хавсралтын И ТХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй  болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 4 дүгээр зүйлийн 4.2.6, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын И ТХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ