Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2022/00375

 

 

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2022/00375

 

 

 

А.Оюунбямбын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2020/03618 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2407 дугаар магадлалтай,

А.Оюунбямбын нэхэмжлэлтэй,

Б.Цэнднямд холбогдох

Гэрлэлт цуцлуулж, 26,061,740 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Оюунбямба, хариуцагчийн өмгөөлөгч Э.Батжаргал, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А.Оюунбямба нь хариуцагч Б.Цэнднямд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, 26,061,740 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг буюу гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч, маргажээ.

2. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2020/03618 дугаар шийдвэрээр: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Хотгойд овогт Агваандондовын Оюунбямба, Ням овогт Базаррагчаагийн Цэндням нарын гэрлэлтийг цуцалж, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар хариуцагч Б.Цэнднямаас 14,424,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Оюунбямбад олгож, нэхэмжлэлээс 11,637,340 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330,817 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Цэнднямаас 300,272 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Оюунбямбад олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2407 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2020/03618 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.20-ны өдрийн 101/ШШ2020/03618 дугаар шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.21-ний өдрийн 2407 дугаар магадлалын зарим хэсэг хариуцагчаас 14,434,400 төгрөгийн 12,500,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс энэхүү гомдлыг гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь давж заалдах шатны шүүх ...орон сууцны урьдчилгаанд төлсөн гэх 10,000,000 төгрөг, хариуцагчийн автомашин худалдан авахад нь зориулж шилжүүлсэн гэх 2,500,000 төгрөг, 2016 оноос 2018 оны 5 дугаар сарын хооронд хариуцагчийн өмнөөс орон сууцны зээлд төлсөн гэх 1,924,400 төгрөг нь Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй гэж үндэслэсэн. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг ... шаардлагаар хувааж болно, мөн хуулийн 126.1, 126.2.1-д заасныг баримтлан 14,424,400 төгрөгийг гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө гэж үзсэн атлаа хуваалгүй хариуцагч Б.Цэнднямаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь ... адил байна гэж зааснаас харахад 14,424,400 төгрөг нэхэмжлэгч, хариуцагч нарт хуваагдах ёстой. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ орон сууцны урьдчилгаанд шилжүүлсэн, автомашин худалдан авахад шилжүүлсэн, орон сууцны зээлд төлсөн гэж тайлбарладаг. Хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууцны зээлд төлсөн гэх 1,924,400 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь шүүх байгаа хөрөнгийг хуваах ёстой, байхгүй хөрөнгийг хувааж төгрөгөөр илэрхийлэн хариуцагчаас гаргуулах боломжгүй. Мөн шүүх нэхэмжлэгчээс хариуцагчийн ээж Б.Сойзмаа, хариуцагчийн ах Долгорсүрэн нар руу шилжүүлсэн мөнгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т заасныг хэрэглээгүй. 2018.01.09-ний өдөр нэхэмжлэгчийн данс руу 7,000,000 төгрөг Долгорсүнгээс орсон, мөн өдөр Мандахбаяраас гээд 5020597652 тоот данснаас 2 сая төгрөг шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгчийн данснаас нэхэмжлэгч, хариуцагч нарын хадгаламж болох 5112169726 тоот данс руу 5,000,000 төгрөг 2018.01.09-ний өдөр, Мандахбаяраас гээд шилжүүлсэн данс болох 5020597652 тоот данс руу буцаагаад 2,000,000 төгрөгийг 2 цаг гарны дараа, Долгорсүнгээс орж ирсэн 7,000,000 төгрөгийг 2018.01.10-ны өдөр түүний 5020429745 тоот данс руу тус тус зарлагадсан байдаг. Эдгээр гүйлгээ хийгдсэний дараа нэхэмжлэгчийн дансны үлдэгдэл 3,882,811.65 төгрөг үлдсэн. Мөн нэхэмжлэгч Автомашин худалдан авахад зориулсан гэх 2,500,000 төгрөгийг Б.Сойзмаад шилжүүлсэн, орон сууцны урьдчилгаанд төлсөн гэх 3,000,000 төгрөгийг хариуцагчийн ах Долгорсүрэнд шилжүүлсэн гэж тайлбарладаг. Хариуцагч орон сууцны урьдчилгаанд болон автомашин худалдан авахад мөнгө аваагүй гэж маргадаг бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь тайлбар болон дансны хуулгаар үгүйсгэгддэг. Хариуцагчид биш өөр хүмүүс рүү шилжүүлсэн, байхгүй мөнгийг гаргуулахаар шийдвэрлэж, гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө гэж үзсэн атлаа хуваагаагүй нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иймд хариуцагч Б.Цэнднямаас 14,424,400 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснээс орон сууцны зээлд төлсөн 1,924,400 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн, үлдсэн 12,500,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй учир хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6. А.Оюунбямба нь Б.Цэнднямд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, гэр бүл болон хамт амьдрах хугацаандаа хариуцагчийн орон сууцны урьдчилгаанд төлсөн 10,000,000 төгрөг, хариуцагчийг автомашин худалдан авахад нь зориулж өгсөн 2,500,000 төгрөг, хамтран эрхэлсэн бизнесийн ашиг 7,414,140 төгрөг, 2016 оноос 2018 оны 5 сарын хооронд хариуцагчийн өмнөөс орон сууцны зээлд төлсөн 3,674,600 төгрөг, гацууртад газар авахад төлсөн 2,500,000 төгрөг, нийт 26,061,740 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч гэрлэлт цуцлуулах шаардлагаас бусад хэсгийг эс зөвшөөрч, маргасан байна.

Анхан шатны шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хариуцагч Б.Цэнднямаас 14,424,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Оюунбямбад олгож, нэхэмжлэлээс 11,637,340 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол ...14,424,400 төгрөгийг гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө гэж үзсэн атлаа хуваалгүй хариуцагч Б.Цэнднямаас гаргуулахаар шийдвэрлэсэн, ...хариуцагчид биш өөр хүмүүс рүү шилжүүлсэн, байхгүй мөнгийг гаргуулахаар шийдвэрлэсэн... гэсэн агуулга дурдсан байна.  

7. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, гэрлэгчид 2016.05.05-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн ба зохигчийн тайлбараар тусдаа амьдарч байгаа болох нь тогтоогдсон.

8. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, гэрлэгчид эвлэрэн амьдрах боломжгүй, хэн аль нь гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж гэрлэлтийг цуцалсан нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т нийцжээ.

9. Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарахаар Гэр бүлийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т заасан.

Гэрлэгчид маргааны зүйл болж буй хариуцагчийн өмчлөлд бүртгэлтэй, төрийн банкны зээлийн барьцаанд байгаа орон сууцны урьдчилгаанд төлөхөөр 10,000,000 төгрөгийг Б.Цэнднямын ах н.Долгорсүрэнгээс зээлснийг нэхэмжлэгч А.Оюунбямба 2016.07.06-ны өдөр 3,000,000 төгрөг, 2018.01.10-ны өдөр 7,000,000 төгрөгийг н.Долгорсүрэнгийн эзэмшлийн Хаан банк ХХК-ийн 5020429745 тоот дансанд төлсөн үйл баримт тогтоогдож байна. (хх-8,35)

Түүнчлэн, шүүх нэхэмжлэлд дурдсан хариуцагчийн автомашин худалдан авахад зориулж шилжүүлсэн 2,500,000 төгрөг, мөн 2016 оноос 2018 оны 5 сарын хооронд орон сууцны зээлд төлсөн 1,924,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1., 126.2.1., 130 дугаар зүйлийн 130.1.-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэлийн шаардлагаас хамтран эрхэлсэн бизнесийн ашиг 7,414,140 төгрөг, гацууртад газар худалдан авахаар төлсөн 2,500,000 төгрөгийн шаардлагыг нэхэмжлэгч нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй гэж 2 шатны шүүх үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн баримтад тулгуурласан, үндэслэлтэй байна

11. Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.  

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2020/03618 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2407 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн 214,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

П.ЗОЛЗАЯА

 

Д.ЦОЛМОН