Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/890

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энэрэл,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ******* овогт *******ын *******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205026200752 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, радио телевиз медиа урлагийн сургуулийн 4 дүгээр ангийн оюутан, ам бүл 3, эх, эмээгийн хамт Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, ***-р байр, **** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн *** дүгээр хороо, **** тоотод түр оршин сууж байгаа, /РД:/, урьд

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/984 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2023/ХМШЗ/23 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж хяналтын хугацаа дууссан, ******* овогт *******ын *******.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* нь 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, зочид буудлын 703 тоотод *******тэй үл ялих зүйлээс маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь духанд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч *******ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 6 дугаар сарын 13-ны орой би гэртээ байж байтал надтай нэг сургуульд сурдаг над руу залгаад 3 дугаар эмнэлгийн замын эсрэг талд байрлах нэртэй зочид буудалд хүрээд ир ярих юм байна гэж хэлсэн. Тэгээд би нэртэй зочид буудалд 703 тоот өрөөнд ороход , ******* бас хоёр эмэгтэй байсан ба би тэр хоёр эмэгтэйг нь танихгүй өмнө харж байгаагүй хүмүүс байсан. Намайг ороход *******, нар маргалдсан юм шиг хоорондоо харьцаж байгаа нь нэгэндээ уурласан байртай харьцаж байсан ба ******* нэлээн согтсон байсан. Би ороод сууж байтал ******* миний футболкийг урчихсан байна та хоёр намайг зодох гээд байгаа юм уу гээд над руу дайрч эхэлсэн. Тэгээд байж байтал нүүрний баруун хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Би ор луу унасан чинь ******* миний дээр гарч сууж байгаад миний нүүр лүү хоёр гараараа ээлжлээд цохиод байсан. Би *******өөс больё гэж гуйсан чинь намайг цохихоо больсон бөгөөд миний хамраас, дух хэсгээс цус гарсан байсан. Би орон дээр сууж байхдаа чи ийм хүн байгаагүй шүү дээ надад яагаад ингэж муухай хандаж байгаа юм гэж хэлсэн чинь ******* нь би ийм болцон чи тэгээд яахын гээд байхаар нь би өрөөнөөс нь гараад цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал),

2. Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ******* хоёр эмэгтэй дуудсан, хоёр эмэгтэй нь ирсэн. Тэгээд байж байтал 18 цагийн орчим ******* над руу залгаад сонин юу байна гэхээр нь би *******д ******* бид хоёр уулзаад пиво уугаад байж байна гэж хэлсэн. Тэгтэл ******* би очиж болох юм уу удаан уулзаагүй юм байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэг тэг гэж хэлсэн. ******* гаднаас буудлын өрөөнд орж ирсэн. Би ариун цэврийн өрөө орчоод эргээд гараад ирсэн чинь ******* Мөнх-Эрдэнийг орон дээр хэвтүүлчихсэн дээр нь дарчихсан гараараа нүүр лүү нь цохиж байсан. Тэгээд би тэр хоёрыг салгасан ба тухайн үед Мөнх-Эрдэнийн хамар, духнаас нь цус гарч байсан. *******ийг ******* зодож биед нь гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 9185 дугаартай “...*******ийн биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтэл нь 2022.06.14-ний өдөр үүссэн байх боломжтой. Амь насанд аюулгүй гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлтийн хуулбар (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

4. Шинжээч эмч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022.06.14-ний өдөр гавал ясны рентген зургийг уншуулахад гавал, эрүү, хамар ясанд гэмтэлгүй, хамрын таславч мурийлтгүй гэж оношилж гаргасан. Үзлэгээр духнаас гадна хамрын нуруунд эмзэглэлтэй байсан боловч хамар ясанд гэмтэл тогтоогдоогүй тул дүгнэлтэд тусгагдаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дэх тал), 

5. Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би сууж байгаад ариун цэврийн өрөө орчхоод гараад ирсэн чинь ******* гаднаас ороод ирчихсэн байсан ба би *******тэй мэндлээд суусан. Тэгтэл ******* хоёр өмнө нь маргалдсан асуудлынхаа талаар ярилцаж байснаа маргалдаад эхэлсэн бөгөөд нэлээн удаан маргалдсан. Би тэр хоёрыг болиулах санаатай та хоёр одоо боль хүүхэн шиг нэг ч үг газар гээхгүй хэрэлдэх юм гэж хэлсэн. Тэгтэл ******* өндөр дуугаар айн чи надтай яаж харьцдаг болцон юм чи хэн болцон юм гэж хэлээд босоод ирсэн. Тэгэхээр нь би өөдөөс нь босоод нэг нэгнийгээ заамдаад авсан. Тэгээд би боль гэж хэлээд гарыг нь дарсан. Тэгтэл дундуур ороод салгах гэж оролдсон. Тэгээд гарыг нь салгаад цааш нь түлхсэн чинь ******* хойшоо бөгсөөрөө орон дээр суусан. Тэгснээ ахиад босоод ирсэн. Намайг цохих гэж байгаа юм шиг болохоор нь бид хоёр ахиад зууралдаад авсан. Тэгээд гарыг нь тавиулах гэтэл дийлдэхгүй байхаар нь би нүүр хэсэг рүү нь хүчтэй түлхсэн чинь ******* орон дээр нуруу хэсгээрээ унасан. Тэгээд би уурлаад дээр нь гарч суусан. Мөнх-Эрдэнийн дух хэсгээс нь цус гарч байсан. Би Мөнх-Эрдэнийн дээрээс буусан. Тэгтэл ******* уурлаад өрөөнөөс гараад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 84-86 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2022 онд над руу залгаад уулзъя гээд Баянзүрх дүүргийн гадна уулзсан. Уулзаад бид хоёр пиво ууя гэж ярилцаад согтолтой байсан болохоор гэрийнх нь зүг рүү дөхөөд буудал оръё гээд орсон. Тухайн орой харих байсан боловч чадаагүй. Маргааш нь бид хоёр орой болтол утсаараа тоглоод өнжсөн. ******* болон нар сайн найзууд тэр хоёр хоорондоо муудалцсан байхад нь би ын талд орсон. тай нийлээд оройн нь дахиж уухаар болоод уусан чинь согтож ирээд *******тэй уулзмаар байна. Ямар нэгэн байдлаар өшөө хорслоо тайлах гэсэн өнгө аястай байхаар нь битгий дууд ирээд асуудал болно гэж хэлсэн. Тэгээд  би 00 өрөө орчхоод гараад ирэхэд ******* ирсэн байсан. *******тэй гар бариад юу байна гэтэл өөдөөс чи хоёр хүний дунд ороод хэнтэй нь найзалж хэнийх нь мөнгийг үрэлцээд байгаа юм. Яагаад Хатнаагийн талд ороод байгаа юм гэхээр нь би тэгээгүй гэтэл хоёулаа бие бие рүүгээ чанга дуугаар харьцаад хоёр талаас босож ирсэн. Мөнх-Эрдэнийг цохиж байхад 00 өрөөнд биш миний хажууд байсан. Тэгээд цагдаа ирээд авч явсан...” гэх мэдүүлэг болон улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шүүгдэгч *******өөс гаргаж өгсөн сургуулийн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 100 дахь тал), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 102 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар тодорхойлолт (хавтаст хэргийн 103 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 104 дэх тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 105 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 122-124 дэх тал), эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 182 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ. 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч *******өөс гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 48-51 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.                              

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч ******* нь 2022 оны 6 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо, зочид буудлын 703 тоотод *******тэй үл ялих зүйлээс маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь духанд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байна.

Энэ нь хэрэгт авагдсан хохирогч *******ийн “...2022 оны 6 дугаар сарын 13-ны орой би гэртээ байж байтал надтай нэг сургуульд сурдаг над руу залгаад 3 дугаар эмнэлгийн замын эсрэг талд байрлах нэртэй зочид буудалд хүрээд ир ярих юм байна гэж хэлсэн. Тэгээд би нэртэй зочид буудалд 703 тоот өрөөнд ороход , ******* бас хоёр эмэгтэй байсан ба би тэр хоёр эмэгтэйг нь танихгүй өмнө харж байгаагүй хүмүүс байсан. ...Би ороод сууж байтал ******* миний футболкийг урчихсан байна та хоёр намайг зодох гээд байгаа юм уу гээд над руу дайрч эхэлсэн. Тэгээд байж байтал нүүрний баруун хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Би ор луу унасан чинь ******* миний дээр гарч сууж байгаад миний нүүр лүү хоёр гараараа ээлжлээд цохиод байсан. Би *******өөс больё гэж гуйсан чинь намайг цохихоо больсон бөгөөд миний хамраас, дух хэсгээс цус гарсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч *******ын “...2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ******* хоёр эмэгтэй дуудсан, хоёр эмэгтэй нь ирсэн. Тэгээд байж байтал 18 цагийн орчим ******* над руу залгаад сонин юу байна гэхээр нь би *******д ******* бид хоёр уулзаад пиво уугаад байж байна гэж хэлсэн. Тэгтэл ******* би очиж болох юм уу удаан уулзаагүй юм байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэг тэг гэж хэлсэн. ******* гаднаас буудлын өрөөнд орж ирсэн. Би ариун цэврийн өрөө орчоод эргээд гараад ирсэн чинь ******* Мөнх-Эрдэнийг орон дээр хэвтүүлчихсэн дээр нь дарчихсан гараараа нүүр лүү нь цохиж байсан. Тэгээд би тэр хоёрыг салгасан ба тухайн үед Мөнх-Эрдэнийн хамар, духнаас нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 9185 дугаартай “...*******ийн биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтэл нь 2022.06.14-ний өдөр үүссэн байх боломжтой. Амь насанд аюулгүй гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлтийн хуулбар,  шинжээч эмч *******гийн “...2022.06.14-ний өдөр гавал ясны рентген зургийг уншуулахад гавал, эрүү, хамар ясанд гэмтэлгүй, хамрын таславч мурийлтгүй гэж оношилж гаргасан. Үзлэгээр духнаас гадна хамрын нуруунд эмзэглэлтэй байсан боловч хамар ясанд гэмтэл тогтоогдоогүй тул дүгнэлтэд тусгагдаагүй...” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан.

Иймд хохирогч *******ийн эрүүл мэндэд духанд шарх гэмтэл учирсан, энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 9185 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.  

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч *******ийн хохирогчийг нүүрэн тус газар нь гараараа цохисон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэл хэргийн баримтаар нотлогджээ.

Шүүгдэгч ******* нь хохирогчийг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, гэмт хэрэг 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд түүнийг 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр яллагдагчаар татсан байх тул хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. Иймд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ.  

Шүүхээс шүүгдэгч *******т ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч ******* нь урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/984 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2023/ХМШЗ/23 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 3 сар, 23 хонгийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоож, уг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, тус хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсан уг эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 222 дугаартай тогтоолоор дуусгавар болгожээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг биечлэн эдэлж дууссан, хяналт тогтоосон хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг зөрчөөгүй, шүүхийн шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ гэмт хэргийг үйлдсэн байгааг дүгнэх нь зүйтэй байна.

Иймд шүүх, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж болон гэм буруу дээр маргаагүй, төгсөх курсийн оюутан зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь түүний гэм буруутай үйлдэлд тохирно гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан. 

Иймд шүүгдэгч ******* нь оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 9185 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба тэрээр хавтаст хэрэгт хохирол, хор уршигтай холбогдуулан баримт гаргаж өгөөгүй, “...эмчилгээний зардалтай холбоотой гаргаж өгөх баримт байхгүй гомдол санал байхгүй. Цаашид шүүх хуралд орох хүсэлтгүй байна...” гэх хүсэлтийг бичгээр гарган өгсөн (хавтаст хэргийн 180 дахь тал) байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

             ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 700 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ******* нь “гомдол санал байхгүй” гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА