Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/140

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул,

Улсын яллагч Ц.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б.*******д холбогдох 2323000000163 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, ******* настай эрэгтэй, халх бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, бүл 4 эхнэр, 2 хүүхдүүдийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* овогт *******ийн *******, регистрийн дугаар .

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Завхан аймгийн сумын Оройн товгор багийн нутаг “Элст булаг” гэх газраас  хохирогч М.ын эзэмшлийн 1 тооны  адууг хулгайлж, түүнд 650,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Түүний холбогдсон уг хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэгт хамаарч байна. 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Завхан аймгийн сумын Оройн товгор багийн нутаг “Элст булаг” гэх газраас  хохирогч М.ын эзэмшлийн 1 тооны  адууг хулгайлж, түүнд 650,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

  - Хохирогч М.ын “...Би 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө сумын Оройн товгор багийн “Элст булаг” гэх газраас 1 тооны адуугаа алдсан. Манай хулгайд алдсан 1 тооны адуу нар сартай төвд да үсгэн тамгатай хээр зүсмийн, тухайн үедээ шүдлэн байдас алдаж байсан. Би адуугаа 1.000.000 төгрөгөөр үнэлж байна. Манай адуу сумын Оройн товгор багийн нутаг “Элст булаг”, “Сонгинот” гэх газруудаар нутаглаж байсан. ...Миний алдсан нэг тооны адууг ******* сумын иргэн Б.******* нь хулгайлж тус сумын Баянцагаан багийн иргэн Ж. гэх залууд бууны өртгөнд өгсөн байсан. Миний тухайд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ******* гэгч өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч надад гүүний үнэ болох 800.000 төгрөгийг 8 дугаар сарын дундуур миний данс руу шилжүүлж намайг хохиролгүй болгосон тул хуулийн дагуу хурдан шийдэж өгөөч гэж хүсмээр байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14-р хуудас/

- Гэрч Э.ын “...Манай нутгийн малчин М. гэх хүнийг би сайн танина. Манайхан ойрхон айл хамт олон жил нутаглаж байгаа М. нь 2019 оны 05 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө сумын Оройн товгор багийн нутаг "Элст булаг" гэх газраас нэг тооны адуугаа хулгайд алдсан юм. Түүнээс хойш олон удаа эрж хайж явсан. Нар сартай төвд да үсгэн тамгатай хээр байдсан гүү байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,

- Гэрч Ж.гийн “...2019 оны 08 дугаар сарын 10-ны үед ******* сумын иргэн ******* гэх залуу манайд ирээд та надад буугаа зарчих гэхээр нь би миний бууны оронд нэг гүү өгөөд ав гэсэн. Тэгсэн ******* манай адуунд төвд да үсгэн тамгатай дэлтэй хээр байдас байгаа тэрийг аваарай гээд миний бууг аваад явсан. Тэрнээс хойш надад миний бууны үнэ өртгийг өгөөгүй байж байгаад би өөрөө 2020 оны 06 дугаар сарын эхээр Б.******* гэх залуугийн хамар цагаан хээр азаргатай адуунаас нь хээр байдсан гүүг авч адуундаа нийлүүлсэн. Тэгээд нилээд удсаны дараа би Б.******* рүү залгаад би танай адуунаас бууны үнэ болох хэр байдсаа авсан шүү зөв адуу авсан байна уу гэхэд зөв адуу авсан байна гэж хэлсэн. Төвд да үсгэн тамгатай хээр зүсмийн шүдлэн байдас байгаа тэрийг ав гэхээр нь адуунаас нь очиж авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,

- Завхан аймгийн Цагдаагийн газрын сумын хэсгийн мөрдөгч, Цагдаагийн дэслэгч Д.гийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-07-р хуудас/,

- Шүүгдэгч Б.ийн “...Би 2019 оны 05 сарын үед яг хэдний өдрийг нь санахгүй байна. Оройхон адуугаа бөөгнүүлээд явж байтал манай адууны ойр дэлтэй хээр шүдлэн байдас байхаар явган туугаад адуундаа нийлүүлчихсэн юм. Манайх тухайн үед ******* сумын Шар нуруу баг Эндэртий гэх газар нутаглаж байсан. Би тэр үед адуугаа Цэцэн-уул сумын Оройн товгор багийн элст булаг гэх газраас бөөгнүүлээд туугаад явж байсан. 2019 оны намар 08 сарын үеэр би Баянцагаан багийн гэх хүнээс буу аваад оронд нь нэг байдас өгөхөөр тохиролцсон юм. Дараа нь над руу утсаар залгаад байдсаа хэзээ өгөх, ямар байдас өгөх талаар асуухаар нь би манай адуунд нэг хээр байдас байгаа тэрийг аваарай гэж хэлсэн. Тэрнээс хойш байдсаа авахгүй хээр байдсыг ч хүн сурж ирээгүй хэвээрээ манай адуунд намаржаад өвөлжөөд хаваржсан. 2020 оны зун  06 сарын эхээр над руу залгаад би хээр байдсаа танай адуунаас авсан зөв байдас байгаадаа гэхээр нь би зөв байхаа манайд өөр хээр байдас байхгүй гэж хэлсэн. Маргааш нь адуундаа явахад хээр байдас байхгүй байсан. Тэгтэл 2022 оны 10 сарын үеэр над руу гэх хүн залгаад манай алга болсон хээр байдас н адуунд байна. Чамаас авсан гэж байна гэхээр нь би гэх хүнд адуунд 1 жил болоод хүн сураглахгүй байхаар нь гэх хүнд бууны үнэнд өгсөн гэдэг үнэнээ  хэлээд таны адуу юм бол би үнийг төлье гэж хэлсэн. Тэгэхэд би байдсаа авна гэхээр нь байдсыг нь өгье гэж хэлсэн. Тэгээд тэр үед ынх Сантмаргаз сум руу говьд  нутаглаж байсан учир өгч чадаагүй. 2023 оны 08 дугаар сарын сүүлээр над руу байдасныхаа мөнгийг авъя гэхээр нь би 800,000 төгрөг шилжүүлж хохиролгүй болгосон. ...Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /х.х-ийн 42-44-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй тухайгаа мэдэгдсэн байх тул хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа малыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар, өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан малаа эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог. Мал хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчдөг. 

Шүүгдэгч Б.******* нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж иргэн М.ын нэг тооны адууг хулгайлж түүнд 650,000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, амар хялбар аргаар мөнгө олох, шунахай сэдэлт, шударгаар хөдөлмөрлөхөөс зайлсхийх санаа зорилго нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Мөн шүүгдэгч Б.******* нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

  • Хохирлын талаар:

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч М.т 650,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “” ХХК-ны хөрөнгийн үнэлгээчин Н.ийн “Хулгайд алдагдсан гэх 1  тооны шүдлэн байдас  2019 оны 05 дугаар сарын байдлаар 650,000 төгрөг” гэж үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-р хуудас/-ээр тогтоогдож байна.

Хохирогч М.т учруулсан 650,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч  Б.******* төлсөн болох нь хохирогч М., шүүгдэгч Б.******* нарын мэдүүлэг, тайлбараар тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдсөн байна. Иймд шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй байна.        

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Мөн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.

 Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.*******д “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 4. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарласугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлд тус тус зааснаар шүүгдэгч Б.*******д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 6. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 7. Шүүгдэгч Б.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               П.ДОРЖБАЛ