| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00437/и |
| Дугаар | 429 |
| Огноо | 2020-06-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 429
2020 оны 06 сарын 11 өдөр Дугаар 139/ШШ2020/00429 Сайнцагаан сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д аймгийн Д сумын А гэх газар оршин суух, Б овогт Х О /ЗД /-ийн ажиллаж байсан байдал болон малчин байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00437/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.О миний биө 1972 онд төрсөн, эмэгтэй, энэ жил 48 нас хүрч байна. Улсад 18 жил ажилласан юм. Үүнээс 1990 оны 7 сарын 1-нээс 1993 оны '2 сарын 30-ныг дуустал Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчинаар ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч бичилт болон тамга, тэмдэг бүдэг дарагдсан зөрчилтэй болоод байна. Иймд хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад холбогдох баримтуудыг үндэслэн 1990 оны 7 сарын 1-нээс 1993 оны 12 сарын 30-ныг дуустал Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү.
Мөн миний бие эхээс 10-уулаа бөгөөд Дэлгэрхангай сумын 3-р багийн иргэн Х 6 дах хүүхэд болон төрсөн юм. Би 1990 оны 7 сарын 1-нээс 1993 оны 12 сарын 30-ныг дуустал Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1994 оны 1 сараас нэгдэл хувьчлагдаж бид хувийн мал маллах болсон. Манайх нэгдлийн хувьчлалаар маш олон малтай хувьд гарсан учраас миний дээд талын ах болох Х.Мөнхболд бид хоёрыг тусад нь өрхөөр тоолуулж, бидэнд 300 толгой мал тасалж өгч байсан юм. Учир нь тухайн үед ах бид хоёр хэн хэн нь гэр бүлтэй болоогүй байсан, ахыг ганц ам бүлээр гаргахгүй гэсэн эцэг, эхийн шийдвэрээр биднийг нэг ам бүл, өрх болгон тусад нь гаргасан юм. Тэгээд миний бие 2005 онд охин Г.А-г төрүүлсэн бөгөөд 2005 оноос хойш бид 3 ам бүлээр бүртгэгдэж ирсэн. 2009 оноос ах бид хоёр хэн хэн нь гэр бүлтэй болж тус тусдаа гарцгаасан. Иймд 1994 оны 1 сарын 1-нээс 2008 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 3-р багт малчин байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Оийн тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр дээр бичилт хийгдэж тамга дарагдсан боловч бүдэгхэн байна гэсэн учраас 1990 оны 7 сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажилласан жилийг мөн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 3 дугаар багт өөрийн төрсөн ах Мөнхболдтой тусдаа өрх болон гарч мал малласан байдаг. Тухайн үед малын “А” данс нь ах Мөнхболдын нэр дээр гарсан учраас 1994 оны 01 сарын 01-ний өдрөөс 2008 оны 12 сарын 31-нийг дуустал малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.О нь ажиллаж байсан байдал болон малчин байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
-Дундговь аймгийн Архивын тасгийн “тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Засаг даргын тамгын газрын 1994-2000 оны мал тооллогын А дансны баримтанд Хархүн овогтой Овунтунгалагтай холбогдох лавлагааг гаргах боломжгүй гэх Дундговь аймгийн Архивын тасгийн 2020 оны 04 сарын 29-ний өдрийн 307 дугаартай тодорхойлолт нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын засаг даргын 2020 оны 05 сарын 18-ны өдрийн 153 дугаартай тодорхойлолт /хэргийн 6-р хуудас/
-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 05 сарын 18-ны өдрийн 08/555 дугаартай “ Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэл нь 1991 оны 4 сарын 27-нд шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1996 оны 4 сарын 29-нд Говийн хангай хоршоо болон үйл ажиллагаа явуулж байна гэх тодорхойлолт /хэргийн 7-р хуудас/
-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 04 сарын 29-ний өдрийн 08/501 дугаартай “Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 3-р багийн иргэн /ЗД71012711/ тоот регистрийн дугаартай Хархүн овогтой Мөнхболд нь 1994-2000 онд мал бүхий иргэний албан татвар төлж байсан нь үнэн болно ” гэх тодорхойлолт /хэргийн 8-р хуудас/
-Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 05 сарын 15-ны өдрийн 320 дугаартай “Дэлгэрхангай сумын 3-р багийн иргэн Хархүн овогтой О /ЗД72060409/-ийн 1980, 1991 оны хөдөлмөрийн дэвтэр нөхөн бичилт тамга тэмдгийн зөрчилтэй тул 1990.08.01-1994.01.01-ний хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай байна ” гэх тодорхойлолт /хэргийн 9-р хуудас /
-Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 3-р багийн засаг даргын 2020 оны 05 сарын 14-ний өдрийн 3/042 дугаартай тодорхойлолт /хэргийн 10-р хуудас/
-Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 05 сарын 18-ны өдрийн 005/000467 дугаартай тодорхойлолт /хэргийн 11-р хуудас/
-Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 05 сарын 18-ны өдрийн 005/000468 дугаартай тодорхойлолт /хэргийн 12-р хуудас/
-Х Оийн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлээс 1991 оны 01 сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 14-15 хуудас/
-Х Оийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хэргийн 16-р хуудас/
-Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох Зөвлөлийн 2020 оны 05 сарын 18-ны өдрийн 05 дугаартай тогтоол /хэргийн 17-р хуудас/
-Дундговь аймгийн Архивын тасгаас малчин даатгуулагчид олгох 2020 оны 04 сарын 29-ний өдрийн 259 дугаартай архивын лавлагаа /хэргийн 18-29 хуудас/
- Гэрч Х.М-ын “Х.О нь 1990 оны 7 сард Дэлгэрхангай сумын сургуулийг төгсөөд илгээлтээр Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд бог мал маллаж байсан. Х.О нь 1990 оны 7 сараас 1993 оны 12 сарын 31-ний өдөр хувьчлал тарах хүртэл Шинэ зам нэгдэлд мал маллаж байсан. Хувьчлал тарснаас хойш аав ээж олон малтай байсан болохоорс 1994 оноос дүү бид хоёр хувиараа мал маллаж одоо Дэлгэрхангай суманд хувийн мал аж ахуй эрхлэж байгаа. Х.О нь Дэлгэрхангай суманд 1990 оноос 1993 оны 8 сар хүртэл нэгдэл компани болох хүртэл мал маллаж байсан. Би тэр үед нэгдэлд мал маллаж байсан болохоор дүүгээ нэгдэлд малчин байсан талаар нь мэдэж байгаа юм. Шинэ зам нэгдэл нь хувьчлалаар тарахад манай аав ээж олон мал хувьчлалаар авч Дэлгэрхангай сумандаа хувийн мал аж ахуй эрхэлж амьдарч байсан. Х.О миний дүү нь 1990 оны 7 сараас хувьчлал тарах хүртэл нэгдлийн малчин, хувьчлал тарснаас хойш Дэлгэрхангай сумын Толь бригадад 1994 оноос 2008 оныг дуустал надтай нэг ам бүртгэлтэй мал маллаж байгаа малчин хүн. Х.О нь 2009 онд гэр бүлтэй болж бид хоёр малаа хувааж авч тус тусдаа мал маллаж амьдрах болсон. Би Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд 1987 оноос хувьчлал тарах хүртэл аав ээжийн хамт бог мал маллаж байсан. Хувьчлал тарснаас хойш Дэлгэрхангай сумандаа мал маллаж амьдарч байна. Би гэр бүлтэй болох хүртэл 1994 оноос 2008 оныг дуустал дүүтэйгээ ам бүл болж амьдарч байсан. Тухайн үед дүүгийн мал өрхийн тэргүүн гээд миний нэр дээр бичигддэг байсан” гэх мэдүүлэг хэргийн 35-р хуудас/
-Гэрч С.Д-ийн “Х.О нь 1990 онд 10-р ангиа төгсөөд илгээлтээр гарч Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлийн Номгон бригадад үхэр маллаж байсан. Х.Оийн эцэг эх нь нэгдэлд үхэрчин байсан. Х.О нь 1990 оны 7 сараас 1993 онд өмч хувьчлалаар Шинэ зам нэгдэл тарах хүртэл мал маллаж, үхрийн фермийн саальчин байсан. Х.О нь хувьчлал тарснаас хойш ах Х.Мөнхболдтой хувиараа мал маллаж одоо Дэлгэрхангай суманд хувийн мал аж ахуй эрхлэж байгаа. Х.О нь 2009 оны үед хүнтэй гэр бүл болж ах Мөнхболдоос тусдаа ам бүл болж мал маллаж байгаа. Би Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд 1985 оноос тэжээлийн цехийн ажилтан байж байгаад 1990 онд тракторын жолоочоор 1992 оныг дуустал ажиллаж байсан. Бид нэг нутаг усны хүмүүс ойр айл саахалт нэг нэгдэлд ажиллаж амьдарч байсан учраас Х.Оийг нэгдэлд малчин байсан талаар нь сайн мэдэж байгаа юм. Би Дэлгэрхангай суманд ажиллаж амьдарч байгаад 2000 онд аймагт ирж ажилласан. Өөр нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг /хэргийн 36-р хуудас/
-Гэрч С.А-ын “ Би Отай Дэлгэрхангай сумын сургуульд нэг ангид суралцаж байсан. О нь 10-р ангиа төгсөөд илгээлтээр 1990 онд Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд мал маллаж эхэлсэн. Х.О нь 1990 оноос 1993 онд хувьчлал тарах хүртэл нэгдэлд малчин байсан. Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэл тарснаас хойш ах Мөнхболдтой 1994 оноос 2009 он хүртэл нэг ам бүл болж мал маллаж байсан. 2009 онд нөхөртэй болсноос хойш нөхрийн хамт мал маллаж байгаа. Би 1991 оноос хувьчлал тарах хүртэл Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд мал маллаж байсан. Хувьчлал тарснаас хойш Дэлгэрхангай сумын 3-р багт 2010 он хүртэл мал маллаж байсан. Бид нэг ангийн хүүхдүүд найз нөхөд учраас Х.Оийн талаар сайн мэдэж байгаа юм. Өөр нэмж ярих зүйлгүй ” гэх мэдүүлэг /хэргийн 38-р хуудас/ баримтууд болно.
Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Х.О нь 1990 оны 07 сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар, 1994 оны 01 сарын 01-ний өдрөөс 2008 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд малчин байсан болох нь тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Х О /ЗД / нь 1990 оны 07 сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Б овогт Х О /ЗД/ нь 1994 оны 01 сарын 01-ний өдрөөс 2008 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 3 дугаар багт малчин байсан болохыг тогтоосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.У