| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00440/и |
| Дугаар | 430 |
| Огноо | 2020-06-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 430
2020 оны 06 сарын 11 өдөр Дугаар 139/ШШ2020/00431 Сайнцагаан сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д аймгийн С сумын, А 1-1 тоотод оршин суух, Ц овогт Ц Г /ЗП /-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00474/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүхэд гаргасан тайлбартаа: Ц Г миний бие 1968 онд төрсөн. Эрэгтэй. Энэ жил 52 настай. Улсад 7 жил 5 сар ажилласан. Үүнээс 1986 оны 7 сарын 02-ны өдрөөс 1988 оны 8 сарын 19-ний өдрийг хүртэл цэргийн алба хаасан. Цэргийн алба хааж ирээд 1988 оны 9 сарын 01-нд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Цавчир бригадад тэмээчнээр орж 1989 оны 1 сарын 01-ний өдрөөс 1994 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын ХӨгжил нэгдэл, Далайн хөгжил компанид бог мал маллаж байсан. Энэ үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тамга, тушаал дутуу шаардлага хангахгүй тул хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон тушаал зэргийг үндэслэн 1988 оны 9 сарын 1-ний өдрөөс 1989 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд тэмээчин, 1989 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд хоньчноор, 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл Эрдэнэдалай сумын Далайн хөгжил компанид хоньчноор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Г нь малчнаар ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
Дундговь аймгийн Архивын тасгийн “Тус архивын тасгийн сан хөмрөгт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1988 оны 01 сараас 1993 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан тухай баримт байхгүй учир Ц овогтой Гтой холбогдох баримт байхгүй учир лавлагаа гаргах боломжгүй” гэх 2020 оны 05 сарын 14-ний өдрийн 335 дугаартай тодорхойлолт нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Сайнцагаан сумын 8-р багийн иргэн Ц овогтой Г /ЗП68020917/-ын 1980, 1991 оны хөдөлмөрийн дэвтэр тамга тэмдэг, нөхөн бичилтийн зөрчилтэй тул 1988.08.01-1994.01.01-ний хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай байна гэх тодорхойлолт /хэргийн 6-р хуудас/
-Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв Архивын 2020 оны 05 сарын 20-ны өдрийн 5661 дугаартай “хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа”-ны хуулбар /хэргийн 7-р хуудас/
-Ц 605998 дугаартай цэргийн батлахын хуулбар /хэргийн 8-9 хуудас/
-Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын тамгын газрын даргын “тус сумын архив нь 2013 оны 4 сарын 11-ний өдөр Хөгжил нэгдлийн 1972-1994 оны 70 дансны баримтыг /бүрэн бус/ хүлээн авсан. 1-р багийн иргэн Ц овогтой Гын сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсны цалингийн баримт 1991, 1992, 1993 оны цалингийн хүснэгтийн хуулбар олгосон талаарх тодорхойлолт /хэргийн 10-р хуудас/
-Ц.Гын 1991, 1992, 1993 онуудын цалингийн баримтын хуулбар /хэргийн 11-13 хуудас/
-Ц.Год Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлээс олгосон 1988 оны 8 сарын 05-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 14-16 хуудас /
-Ц.Год Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлээс олгосон 1991 оны 12 сарын 16-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 17-19 хуудас /
-Гэрч М.М-ийн “Ц.Г нь 1988 оны 6 сард цэргээс халагдаж ирээд 1988 оны 9 сараас Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд тэмээ мал маллаж эхэлсэн. Хөгжил нэгдэл нь Хөгжил хувьцаат компани болж өөрчлөгдөхөд компанид тэмээ маллаж 1994 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан. Бид Ц.Г нь цэргээс халагдаж ирснээс хойш 1988 оны 9 сараас 1994 он хүртэл Хөгжил нэгдэлд тасралтгүй мал маллаж байсан. Би сургуульд суугаагүй багаасаа мал малласан. 1988 онд цэрэгт яваад 1990 онд халагдаж ирсэн. 1990 оноос хувьчлал тарах хүртэл Хөгжил нэгдэлд бог мал маллаж байсан. Бид нэг нутгийн хүмүүс учраас Ц.Гыг нэгдэлд тэмээчин байсан талаар нь сайн мэдэж байгаа юм. Өөр нэмж ярих зүйлгүй ” гэх мэдүүлэг /хэргийн 25-р хуудас/
-Гэрч О.П-ийн “ Ц.Г нь Эрдэнэдалай сумын харъяат хүн байгаа юм. Ц.Г нь 1988 оны 9 сард цэргээс халагдаж ирээд Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Цавчир бригадад тэмээ маллаж эхэлсэн. Ц.Г нь Хөгжил нэгдэлд 1988 оны 9 сард тэмээчин болсноос хойш хувьчлал тартал тэмээ малласан. Хувьчлал тарснаас хойш Хөгжил хувьцаат компанид 1994 он хүртэл тэмээ маллаж байсан. Цэргээс халагдаж ирснээс хойш нэгдэл, компанид тасралтгүй тэмээ малласан. Би 1987 онд сургууль төгсөөд илгээлтээр Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Цавчир бригадад мал маллаж эхэлсэн. Би 1987 оноос хувьчлал тарах хүртэл нэгдлийн Цавчир бригадад бог мал маллаж байсан. Бид нэг нутаг усны хүмүүс айл саахалт мал маллаж байсан учраас Ц.Гыг нэгдэлд тэмээ маллаж байсан талаар нь сайн мэдэж байгаа юм. Өөр нэмж ярих зүйлгүй ” гэх мэдүүлэг /хэргийн 26-р хуудас /
-Гэрч Т.Т-ийн “ Ц.Г нь 1988 онд цэргээс халагдаж ирээд Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Цавчир бригадад надтай хамт мал маллаж байсан. Анх Ц.Г цэргээс халагдаж ирээд тэмээ маллаж байгаад хувьчлал тарснаас хойш Хөгжил хувьцаат компанид хонь маллаж байсан. Ц.Г нь хувьчлал тарснаас хойш тасралтгүй Хөгжил нэгдэл, Хөгжил компанид ажиллаж байсан. Би 1989 онд цэргээс халагдаж ирснээс хойш Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд хувьчлал тарах хүртэл бог мал маллаж байсан. Хувьчлал тарснаас хойш Эрдэнэдалай суманд мал маллаж байсан. Ц.Гтой нэг нэгдэлд мал маллаж байсан учраас нэгдэлд малчин байсан талаар нь сайн мэдэж байгаа юм. өр нэмж ярих зүйлгүй” /хэргийн 28-р хуудас/
-Дундговь аймгийн Татварын хэлтсийн “Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэл нь 1955 оны 8 сарын 24-нд байгуулагдсан бөгөөд 1991 оны 3 сарын 12-нд улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1992 оны 2 сарын 19-нд Хөгжил хувьцаат компани, 1996 оны 4 сарын 18-нд Далайн хөгжил хоршоо болон өөрчлөгдсөн талаарх ” тодорхойлолт /хэргийн 35-р хуудас/ баримтууд болно.
Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Ц.Г нь 1988 оны 9 сарын 1-ний өдрөөс 1989 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд тэмээчин, 1989 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 сарын 19-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд хоньчноор, 1992 оны 02 сарын 19-ний өдрөөс 1994 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл Эрдэнэдалай сумын Хөгжил компанид малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ц овогт Ц Г /ЗП / нь 1988 оны 09 сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 сарын 19-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд, 1992 оны 2 сарын 19-ний өдрөөс 1994 оны 01 сарын 01-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил ХК-нд тус тус малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.У