Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/49

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Алтансолонгоор хөтлүүлэн,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ирүүлсэн 2324000000066 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: * Улсын иргэн, * төрсөн, халх, 32 настай, эрэгтэй, * боловсролтой, *, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт * оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******ын *******, регистрийн дугаар: /РД:/

Шүүгдэгч ******* нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ Завхан аймгийн Их-Уул сумын ******* багийн нутаг дэвсгэр болох Цохиот гэх газарт 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр 5.574 метр куб мод бэлтгэж ойн санд 1,101,244 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэний нэхэмжлэгч  ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “...Иргэн ******* ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шалгах нь зүйтэй байх. Их-Уул сумын ойн санд учруулсан хохирол болох Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээг нэхэмжилнэ, өөр нэхэмжлэх зүйлгүй...” гэжээ.

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд Их-Уул сумын ******* багийн нутаг дэвсгэр болох “Цохиот Улаан даваа” гэх газраас ганцаараа, гэрийнхээ өвлийн галын түлээний модыг бэлтгэх гэж хуурай, босоо, жаахан бүдүүвтэр мод 20 ширхгийг унагаад модон дотор нь 2 метр орчмоор тайрч бэлдээд, өөрөө газрын уруу хэсэг рүү өнхрүүлэхийг нь өнхрүүлж, биеэрээ чирэхийг нь чирээд мод хийсэн газрынхаа хаяанд гаргаж хураасан юм. Гэтэл 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр манай сумын хэсгийн төлөөлөгч над руу залгаад тухайн модыг ямар зориулалтаар, хаанаас, хэрхэн бэлтгэсэн талаар асууж тодруулаад, та хийсэн модныхоо зөвшөөрлийг авч орж ирж надтай уулзах хэрэгтэй байна гэсэн. Би тухайн үед мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй байхдаа мод бэлтгэсэн талаараа хэлсэн. Тэгээд 09 дүгээр сарын эхээр мөн манай сумын хэсгийн төлөөлөгч над руу залгаад мод бэлтгэсэн газраа зааж өгөх шаардлагатай байна үзлэг хийнэ гэж хэлсэн. Би ямар нэгэн нойтон болон чийгтэй мод огт унагаагаагүй...” гэв.

Улсын яллагч Б.Чулуунхүү шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ******* нь Завхан аймгийн Их-Уул сумын ******* багийн Цохиот гэх газарт 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр 5.574 метр куб мод бэлтгэж, сумын ойн санд 1,101,244 төгрөгийн хохирол учруулсан болох нь яллах дүгнэлтэд дурдагдсан болон хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. *******ын үйлдлийн улмаас байгаль, экологид учруулсан хохирлыг гурав дахин үржүүлээд буюу 3,303,732 төгрөгийн нөхөн төлбөр төлөгдөх ёстой байсан. Мөрдөн шалгах ажиллагааны үед 1,700,000 төгрөг төлөгдсөн байсан. Үлдэгдлийг нь иргэний нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаад төлөхөөр тохиролцсон байдаг. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр үлдэгдэл мөнгөө төлөөд Засаг даргын тамгын газрын санд төлбөр орсон байсныг залруулга хийлгээд байгаль орчин уур амьсгалын санд шилжүүлсэн талаарх баримтыг ирүүлж байгаа нь хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж үзэхээр байна. Иймд ******* нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн, хохирол төлбөрийг бүрэн төлсөн, мөн өөрөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа гэж үзээд, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд мөрийн баримтаар хураагдсан Хятад улсад үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөөг улсын орлого болгох, цагаан өнгийн голоороо ногоон судал бүхий мушгиа хийцлэлтэй 7 метрийн урт мяндсан уяаг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар дүгнэлт гаргаж байна...” гэв.

Эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр иргэн *******аас цагдаагийн байгууллагад ирүүлсэн: “Завхан аймгийн Их-Уул сумын ******* баг “Цохиот” гэх газар зохих зөвшөөрөлгүй, 2 метрийн урттай, шинэс төрлийн 47 ширхэг хэрэглээний мод бэлтгэсэн байна, шалгаж өгнө үү” гэсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /ХХ-01 дүгээр хуудас/,

-2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын ******* багийн нутаг “Цохиот Улаан даваа” гэх газарт хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 39-44 дүгээр хуудас/,

-2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр банкны таг улаан өнгөтэй, маниулын хэсэг хөх өнгийн тагтай, ногоон өнгийн бариултай, шугам төмөр, сейфтэй, сейфийн тагтай, таг нь хөх өнгөтэй, их биеийн хэсэг цагаан өнгөтэй, бензинээр ажилладаг цахилгаан хөрөө 1 ширхэг, 7 метрийн урттай мяндсан уяа зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 51-52, 55-56 дугаар хуудас/,

-Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Иргэн ******* ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шалгах нь зүйтэй байх. Их-Уул сумын ойн санд учруулсан хохирол Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээг нэхэмжилнэ, өөр нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 6-7 дугаар хуудас/,

-Гэрч *******ын “...Би 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хамгаалагч *******ын хамтаар эргүүл хяналт шалгалтаар ******* багаар явсан юм. Тухайн үед тус багийн Цохиот гэх газар Улаан даваа гэх газрын модны хаяанд 2 метрийн урттай 47 ширхэг хэрэглээний, бүдүүн, хуурайн шинэс төрлийн мод бэлтгээд орхисон байсан. Тухайн модны зургийг нь авч баримтжуулаад цагдаагийн байгууллагаар шалгуулахаар болж хэсгийн төлөөлөгчид тухайн газар дээрээс нь мэдээлэл өгсөн. Өөр зүйл болоогүй. Тухайн модыг Их-Уул сумын ******* багийн иргэн *******ын ******* гэх иргэн бэлтгээд модны захад өөрөө цагаалж хураасан. Улаанбаатар хот руу ачуулах гэж байгаа талаарх мэдээлэл авагдаад би тус модыг очиж үзсэн юм. Тухайн иргэний зүгээс 2023 оны 08 дугаар сард ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй талаар байгаль хамгаалагч , ******* нар ярьж байсан. Иргэдэд галын мод бэлтгэх эрхийн бичиг бичиж байгаа. Ойгоос мод бэлтгэхээс өмнө заавал мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстой. Тэгээд эрхийн бичигт заагдсан газраас тухайн модныхоо төрөл, хэмжээг зөрчихгүйгээр эрхийн бичигт заагдсан хугацаанд тухайн модоо бэлтгэж, тээвэрлэх ёстой. Иргэн хүн ойгоос мод бэлтгэхдээ цэвэрлэгээний ажлаар ойгоос хатсан хуурай унанги модыг бэлтгэх ёстой. Тухайн иргэн ******* баг Цохиот Улаан даваа гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиг авах талаар хандаж байгаагүй. Босоо модыг огтолж, бэлтгэж болохгүй. Иргэн хүн зөвхөн цэвэрлэгээний ажлаар мод бэлтгэнэ. Харин цэвэрлэгээний огтлолоор зөвхөн ойн мэргэжлийн байгууллага ойгоос мод бэлтгэх ёстой. Иргэн хүн ойгоос унанги модыг цэвэрлэгээний журмаар болон галын түлээнд бэлтгэж болно. Харин босоо нойтон болон хуурай модыг бэлтгэж болохгүй хориотой. Босоо нойтон болон хуурай модыг тусгай зөвшөөрөлтэй ойн мэргэжлийн байгууллага зөвхөн үйлдвэрлэлийн огтлолоор бэлтгэнэ...Тухайн газар нь сумын ойн сан бүхий газар нутагт хамаарна. Ойн 2-р мужлалд хамаарна...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 27-28 дугаар хуудас/,

-Гэрч *******ын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр дахин өгсөн “...2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр нэгэн дугаараас залгаад ******* багийн Цохиот гэх газарт их хэмжээний мод модны захад цагаалж гаргасан байна гэж мэдээлэл ирээд би хяналт, шалгалтаар байгаль хамгаалагч *******ын хамт явсан. Тухайн мэдээллийг ******* багийн иргэн мэдээлсэн бөгөөд тухайн иргэн мэдээллийг нууцлах болон намайг цагдаагийн байгууллагад дуудаж мэдүүлэг өгөхгүй байх талаарх арга хэмжээг авч өгөөрэй гэсэн тул тухайн иргэний мэдээллийг өгмөөргүй байна. Тухайн иргэн мэдээлэл өгөхдөө *******ын ******* гэгч тухайн модыг хийсэн талаар хэлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 33 дугаар хуудас/,

-Гэрч “...Би 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр байгаль орчны улсын байцаагч *******ын хамтаар эргүүл хяналт шалгалтаар ******* багаар явсан юм. Тухайн үед тус багийн Цохиот гэх газар Улаан даваа гэх газрын модны хаяанд 2 метрийн урттай 47 ширхэг хэрэглээний бүдүүн хуурай шинэс төрлийн мод бэлтгээд орхисон байсан. Тухайн модны зургийг нь авч баримтжуулаад улсын байцаагч цагдаагийн байгууллагаар шалгуулахаар болж хэсгийн төлөөлөгчид тухайн газар дээрээс нь мэдээлэл өгсөн...Тухайн иргэний зүгээс 2023 оны 08 дугаар сард ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Тус багийг хариуцсан байгаль хамгаалагч жирэмсний чөлөөтэй байгаа тул байгаль хамгаалагч бид хоёр иргэдэд галын мод бэлтгэх эрхийн бичиг бичиж байгаа. Ойгоос мод бэлтгэхээс өмнө заавал мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстой. Тэгээд эрхийн бичигт заагдсан газраас тухайн модныхоо төрөл, хэмжээг зөрчихгүйгээр эрхийн бичигт заагдсан хугацаанд тухайн модоо бэлтгэж,  тээвэрлэх ёстой...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 30-31 дүгээр хуудас/,

-Гэрч ийн “...Тухайн иргэний зүгээс 2023 оны 08 дугаар сард ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг надаас аваагүй. Тухайн багийг хариуцсан байгаль хамгаалагч жирэмсний амралттай байгаа. Манай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал сумын хэмжээнд 2023 онд ойгоос мод бэлтгэх хуваарийг баталсан. Ойгоос мод бэлтгэхээс өмнө заавал мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстой. Тэгээд эрхийн бичигт заагдсан газраас тухайн модныхоо төрөл, хэмжээг зөрчихгүйгээр эрхийн бичигт заагдсан хугацаанд тухайн модоо бэлтгэж, тээвэрлэх ёстой...Тухайн газар Тарвагатай нурууны байгалийн цогцолборт газрын улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. Ойн 2-р мужлалд хамаарна...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 35 дугаар хуудас/,

-Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 15 дугаартай: "... Ойгоос бэлтгэсэн мод нь хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн хуурай мод байна. Тухайн бэлтгэсэн моднууд нь ангиллын хувьд хэрэглээний модонд хамаарна. Өөрийн мөн чанараараа хэрэглээний модны шаардлагад тохирохгүй, зөвхөн түлшинд ашиглаж болох өнгөний хувиралт, өмх, яр, гүн ан цавтай, чанарын хувьд бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй бөөрөнхий буюу цуулж хагалсан түлшний зориулалттай модыг түлшний мод гэнэ. Ойгоос бэлтгэсэн моднууд нь цаг хугацааны хувьд нэг цаг хугацаанд бэлтгэгдсэн байх боломжтой, модны тайралт бүгд жигд, тухайн моднууд 2023 оны 08 дугаар сарын 20-ноос 08 дугаар сарын 29-ний хооронд бэлтгэсэн байх боломжтой. Ойгоос бэлтгэсэн моднууд 5.574 метр куб мод байна. Мод бэлтгэсэн газар болох ******* багийн “Цохиот” гэх газар нь ойн 2-р мужлалд хамаарна. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. Тухайн мод бэлтгэсэн мужид 1 куб метр модны экологи эдийн засгийн үнэлгээ 109,760 төгрөг байна. Их-Уул сумын ******* багийн “Цохиот” гэх газраас бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ: БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход бүх төрлийн хуурай модны 1-р мужийн 1 метр, куб шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь хэрэглээний модонд 109,760 төгрөг, итгэлцүүр болох 1,8-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 197,568 төгрөг болж. бэлтгэсэн мод 5.574 метр, кубээр үржин экологи эдийн засгийн үнэлгээ нь 1,101,244 төгрөг болж байна. Ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг авахгүйгээр мод бэлтгэж болохгүй. Ойгоос зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн үйлдэл нь Ойн тухай хуулийн 35.4.2-р заалт зөрчсөн байна...” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 10-12 дугаар хуудас/,

-Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд Их-Уул сумын ******* багийн нутаг дэвсгэр болох “Цохиот Улаан даваа” гэх газраас ганцаараа гэрийнхээ өвлийн галын түлээний модыг бэлтгэх гэж тус газраас хуурай, босоо, жаахан бүдүүвтэр мод 20 ширхгийг унагаад модон дотор нь 2 метр орчмоор тайрч бэлдээд өөрөө газрын уруу хэсэг рүү өнхрүүлэхийг нь өнхрүүлж, биеэрээ чирэхийг нь чирээд мод хийсэн газрынхаа хаяанд гаргаж хураасан юм. Гэтэл 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр манай сумын хэсгийн төлөөлөгч над руу залгаад тухайн модыг ямар зориулалтаар, хаанаас, хэрхэн бэлтгэсэн талаар асууж тодруулаад та хийсэн модныхоо зөвшөөрлийг авч орж ирж надтай уулзах хэрэгтэй байна гэсэн. Би тухайн үед мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй байхдаа мод бэлтгэсэн талаараа хэлсэн. Тэгээд 09 дүгээр сарын эхээр мөн манай сумын хэсгийн төлөөлөгч над руу залгаад мод бэлтгэсэн газраа зааж өгөх шаардлагатай байна үзлэг хийнэ гэж хэлсэн. Би ямар нэгэн нойтон болон чийгтэй мод огт унагаагаагүй...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь Завхан аймгийн Их-Уул сумын ******* багийн нутаг дэвсгэр болох Цохиот гэх газарт 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр 5.574 метр куб мод бэлтгэсэн үйл баримт хангалттай нотлогдож байна.

 Түүнчлэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “Ойн санд учирсан хохирлыг ойн экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж хуульчилсан ба шүүгдэгч ******* нь Завхан аймгийн Их-Уул сумын ойн санд 3,303,732 төгрөгийн хохирол учруулсан болох  нь: 

-Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын улсын байцаагчийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “...Иргэн ******* нь зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос бэлтгэсэн 5.574 м.куб шинэс төрлийн хэрэглээний модонд тавигдсан ойн ангийн шинжээч Б.Даваацэрэнгийн тогтоосон экологи-эдийн засгийн үнэлгээ нь 1,101,244 төгрөгийн мөнгөн дүнд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д заасныг үндэслэн нөхөн төлбөр тавив...” гэсэн улсын байцаагчийн акт /ХХ-ийн 18 дугаар хуудас/-аар нотлогдож байна.

Мөн шүүгдэгч ******* нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар, ойн санд учруулсан хохирлыг төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд гаргаж өгсөн банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар нотлогдож байх ба өөрийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно.    

Иймд *******ын дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.    

Шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул *******ыг ойд хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь зүйтэй юм.  

Иймээс түүнд прокурорын санал болгосны дагуу торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

Харин прокурорын санал болгосон торгох ялын хэмжээ нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, гэм буруугийн хэлбэр, ойн санд учруулсан хохирлын хэр хэмжээнд тохирохгүй байна гэж шүүх үзсэн тул прокурорын санал болгосон хэмжээнээс илүү хэмжээгээр торгох ялыг оногдуулахаар тогтсон болно.

Тодруулбал, шүүгдэгч ******* нь ойгоос хууль бусаар мод бэлтгэсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч өөрийн бэлтгэсэн модыг галын түлээний мод гэж тайлбарлаж байх бөгөөд, угтаа бэлтгэсэн мод нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр бэлтгэгддэг хэрэглээний мод байсан байна.

Мөн шүүгдэгч нь тухайн модыг Улаанбаатар хот руу ачуулж ашиг олох зорилготой байсан талаар мэдээлэл байсныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч мэдүүлсэн байх ба нэг хүний хэрэглээнээс давсан хэмжээний буюу нэг хүний хувьд ойн санд учруулсан хэмжээгээрээ багагүйд тооцогдох хэмжээтэй модыг бэлтгэсэн байна.

Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд Завхан аймгийн Их-Уул сумын төрийн сангийн дансанд ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг төлж барагдуулсан байх ба түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шүүгдэгч ******* нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн банк нь улаан ягаан өнгөтэй, маниулын хэсэг ногоон өнгийн тагтай, хар өнгийн бариултай, шугам төмөр, сейфтэй, их биеийн хэсэг цагаан өнгөтэй цахилгаан хөрөө, 7 метрийн урттай мяндсан уяа зэргийг ашигласан болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд хураан авч хэрэгт эд мөрийн баримтаар хавсарган ирүүлсэн байх тул хөрөөг улсын орлого болгож, уяаг устгаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн шүүгдэгч ******* нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдэж 5.574 м.куб шинэс модыг бэлтгэснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад битүүмжилсэн байх ба дээрх мод нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого мөн тул улсын орлого болгох нь үндэслэлтэй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн буюу хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх өр төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэж олсон 5.574 метр куб хэрэглээний мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан хөрөөг улсын орлого болгож, 7 метрийн урттай мяндсан уяаг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.УРТНАСАН