Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 16

 

 

 

 

Ц.Ням-Очирт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор З.Алтансолонго, хохирогч Ц.Бат-Орших, шүүгдэгч Ц.Ням-Очир түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нарыг оролцуулан

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолтой Ц.Ням-Очирт холбогдох эрүүгийн 1937000000077 дугаартай хэргийг хохирогч Ц.Бат-Оршихын давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

            Монгол Улсын иргэн, 1972 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Харчин овогт Цэдэвийн Ням-Очир нь Ховд аймгийн Алтай сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт 2019 оны 10 дугаар сарын 24-ний орой 20 цагийн  орчимд Ц.Бат-Оршихтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт цохиж биед нь халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Ц.Ням-Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.Ням-Очирыг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Ням-Очирт холбогдох 1937000000077 дугаартай эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хохирогч Ц.Бат-Оршихын 3,240,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Ням-Очирт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж” тус тус шийдвэрлэжээ.

            Хохирогч Ц.Бат-Орших давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цэдэв овогтой Ням-Очир нь Ховд аймгийн Алтай сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт 2019 оны 10 дугаар сарын 24-ний орой 21 цагийн орчимд хохирогч намайг зодож, миний биед халдан тархи доргилт, 2 шүдний уналт, дээд эрүүний баруун талын 2,5 дугаар шүдний хөдлөл гэмтэл үүсгэсэн.

Тухайн хэрэг учрал болох үед нэг шүд унасан, 2 шүдэнд хөдөлгөөн орсон ба шинжээч эмчид үзүүлсний дараа хөдөлгөөн орсон нэг шүд дахиж унасан болно.

 Гэтэл шүүх эмнэлгийн шинжээч эмч нь миний биед учирсан хохирлыг хөнгөн гэмтэл байна гэж дүгнэсэнтэй санал нийлэхгүй шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

Анхан шатны шүүх Цэдэв овогтой Ням-Очирын талд илт үйлчилж, хэргийг цагаатгасан нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон надад маш их хохиролтой хохирол төлбөрөө төлүүлж авч чадахгүйд хүрээд байна.

 Ц.Ням-Очир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөх талаар хүсэлт гаргаснаас харахад Ц.Ням-Очир нь намайг зодсоноо хүлээн зөвшөөрсөн байдаг.

Ц.Ням-Очир нь утсаар манай бэр эгч н.Баярмагнайтай ярихдаа надтай уулзаж хохирол төлбөрөө төлөх талаар ярьсан байдаг.

Шүүх дээрх бүх нөхцөлийг харгалзан үзэхгүйгээр илтэд хохирогч намайг хохироосон шийдвэр гаргасанд туйлын гомдолтой байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

            Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн болон мөрдөн байцаалтын явцад цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн дүүрэн үнэлэхгүйгээр хэргийг цагаатгасан ба цагаатгах тогтоолд шүүх шүүгдэгч Ц.Ням-Очирын гэм бурууд эргэлзэх болсон үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй байна.

            Ц.Бат-Орших нь согтуугаар Ц.Ням-Очирыг хэл амаар доромжилсон харьцаа үүссэн нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах бөгөөд шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болохгүй юм.

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, улсын яллагчийн дүгнэлт, саналыг няцаасан үгүйсгэсэн үндэслэлээ хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудыг бодитой тал бүрээс тэгш байдлаар үнэлж, дүгнэлт хийж няцааж чадаагүй байна.

 Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож уг хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү гэв.  

            Шүүгдэгч Ц.Ням-Очир болон түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан.

Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлууд бүрэн нотлогдсон.

Гэрч нар Ц.Ням-Очирыг хохирогчийн биед гэмтэл учруулсан гэдгийг хараагүй, мэдэхгүй гэж мэдүүлсэн байгаа.

Анхан шатны шүүх хэргийг тухайн шүүгдэгчид ашигтай байдлаар буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар гэм буруугүйд тооцож цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхийн цагаатгасан тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх   хэсэгт зааснаар  хэргийг  хянан хэлэлцэхдээ  хэргийн бүх   ажиллагаа, шийдвэрийг  хэрэгт цугларсан нотлох  баримтуудад  үндэслэн прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн давж заалдсан гомдолд   дурдсан асуудлаар  хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна.

            Ц.Ням-Очир нь Ховд аймгийн Алтай сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт 2019 оны 10 дугаар сарын 24-ний орой 20 цагийн орчимд Ц.Бат-оршихтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт цохиж биед нь халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонго нь шүүгдэгч Ц.Ням-Очирын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж  хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Анхан шатны шүүх Ц.Ням-Очирт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан түүний үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.Ням-Очирыг цагаатгаж шийдвэрлэсэн нь хуульзүйн үндэслэлгүй байна.  Учир нь:

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалбал: 2019 оны 10 дугаар сарын 24-ны орой 20 цагийн үед П.Цоодол гэдэг хүний тоглоом тоглодог газарт Ц.Ням-Очир, Ц.Бат-Орших нар нь хоорондоо маргалдаж улмаар уг тоглоомын газраас хоёулаа гарсан үйл  баримт  тогтоогдсон мөн хохирогч Ц.Бат-оршихын мөрдөн байцаалтад өгсөн “ . . . Тухайн үед хөзөр тоглоод сууж байсан хүмүүст намайг Ц.Ням- Очир цохиод миний шүд унагаасан гэж хэлээд яваад өгсөн . . .” гэх мэдүүлэг /хх-н 8-9х /, гэрч П.Цоодолын мөрдөн байцаалтад өгсөн “ . . . бичиг баримтыг Булган сум руу дайж явуулаад буцаад ирж байхад дэлгүүрийн урд талд Ц.Бат-Орших ам хамраас цус гарсан орилсон согтуу зогсож байсан. Тэгээд би очиж гэрлүүгээ харь гэж хэлэхээр тухайн дэлгүүр лүү чулуу авч шидээд байсан . . .” гэх мэдүүлэг / хх-н 13х /,гэрч Ц.Энхбатын мөрдөн байцаалтад өгсөн “ . . . гаднаас Ц.Бат-Орших согтуу орж ирээд сууж байсан хүмүүст агсам тавиад сүүлд Ц.Ням-Очир гэж хэлээд гараас нь татаж хоёулаа гадаа гарсан . . . “ гэх мэдүүлэг / хх-н 14х / , гэрч Д.Мөнх-Одын мөрдөн байцаалтад өгсөн “. . . Харин дараа орж ирээд Ц.Ням- Очир намайг зодлоо гэж хэлээд орж ирээд гараад явсан. Тэр үед хамар хэсгээс цус гарсан байсан . . . “ гэх мэдүүлэг / хх-н 15х /, Шинжээч эмчийн 2019 оны 11 дугаар сарын 05 өдрийн 774 дугаартай “ . . . Ц.Бат-Оршихын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан талаарх дүгнэлт “ / хх-н 18х /  зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан  байхад анхан шатны шүүх дээр дурьдсан нотлох баримтуудыг хэрхэн үнэлж байгаа талаар болон хэргийн бодит байдалд  үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр Ц.Ням-очирт холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсгийг зөрчсөн байна.

            Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл, хохирогчийн давж заалдсан гомдлыг хүлээн авсан болно.

             Уг хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан учир хэргийн талаар дүгнэлт хийгээгүй болно.

            Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, уг хэргийг  шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.      

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын  2019 оны 12  дугаар сарын 18 -ны өдрийн 86 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Ц.Ням-Очирт холбогдох эрүүгийн хэргийг  шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр  мөн шүүхэд буцаасугай.

            2. Прокурорын эсэргүүцэл, хохирогч Ц.Бат-Оршихын давж заалдсан гомдлыг хүлээн авсан болохыг дурьсугай.

            3.Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Ц.Ням-Очирт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

            4. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

   

           

                                                                                                       

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

                                                     ШҮҮГЧИД                                        М.НЯМБАЯР

                                                                                                              Б.ДАМБА