Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 221/ШШ2026/0006

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдааны шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Л.Одбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Б.Адъяасүрэн

Шүүгч О.Оюунгэрэл

Нэхэмжлэгч: “Б р” ХХК

Хариуцагч: Монгол Улсын Засгийн газар

Хариуцагч: Оюуны өмчийн газрын дарга

Гуравдагч этгээд: “Г” ХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 151 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Оюуны өмчийн байгууллаас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ”-ний 5.8 дахь хэсгийг хүчингүй болгуулах”, “Оюуны өмчийн газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/122 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Барааны тэмдэг, газар зүйн заалтын мэдүүлэг гаргах, шүүлт хийх, тэдгээрийг бүртгэх, улсын бүртгэл хөтлөх, тэдгээрт өөрчлөлт оруулах журам”-ын 5.19 дэх хэсгийг хүчингүй болгуулах”, “Барааны мэдүүлгийг яаралтай журмаар шийдвэрлэх хөлсний хэмжээг тогтоох эрхийг олгоогүй болохыг тогтоолгох”

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Т, хариуцагч Оюуны өмчийн газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, С.У, Г.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, Г.З, иргэдийн төлөөлөгч Б.Б нар оролцов.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр

Хэргийн индекс: 221/2025/0026/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Б р” ХХК-иас шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа  Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан “Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 151 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Оюуны өмчийн байгууллаас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ”-ний 5.8 дахь хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Оюуны өмчийн газрын даргад холбогдуулан “Оюуны өмчийн газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/122 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Барааны тэмдэг, газар зүйн заалтын мэдүүлэг гаргах, шүүлт хийх, тэдгээрийг бүртгэх, улсын бүртгэл хөтлөх, тэдгээрт өөрчлөлт оруулах журам”-ын 5.19 дэх хэсгийг хүчингүй болгуулах”-аар,

3.Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан “Барааны мэдүүлгийг яаралтай журмаар шийдвэрлэх хөлсний хэмжээг тогтоох эрхийг олгоогүй болохыг тогтоолгох”-оор тус тус нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн байна.

4.Нэхэмжлэгчээс дээрх Монгол Улсын Засгийн газар, Оюуны өмчийн даргад холбогдуулан гаргасан “Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 151 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Оюуны өмчийн байгууллаас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ”-ний 5.8 дахь хэсгийг хүчингүй болгуулах”, “Оюуны өмчийн газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/122 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Барааны тэмдэг, газар зүйн заалтын мэдүүлэг гаргах, шүүлт хийх, тэдгээрийг бүртгэх, улсын бүртгэл хөтлөх, тэдгээрт өөрчлөлт оруулах журам”-ын 5.19 дэх хэсгийг хүчингүй болгуулах”, “Барааны мэдүүлгийг яаралтай журмаар шийдвэрлэх хөлсний хэмжээг тогтоох эрхийг олгоогүй болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлан маргаж байна.

4.1. “Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 151 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Оюуны өмчийн байгууллаас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ”-ний 5.8 дахь хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

- “...Оюуны өмчийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт "Оюуны өмчийн байгууллагаас үзүүлэх дараах үйлчилгээний хөлсний хэмжээг Засгийн газар тогтооно" гээд оюуны өмчийн байгууллагаас үзүүлэх 8 төрлийн үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоохыг Засгийн газарт олгосон байна. Энэ эрхийн хүрээнд Засгийн газар 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 151 дүгээр тогтоолын хавсралтаар "Оюуны өмчийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ"-г баталсан бөгөөд энэ тогтоолын хавсралт хэсгийн 5.8 дахь хэсэгт барааны тэмдгийн мэдүүлгийг яаралтай журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргахад 300,000 /гурван зуун мянга/ төгрөг байхаар тогтоожээ. Өөрөөр хэлбэл, барааны тэмдгийн мэдүүлэгч гаргагч этгээд барааны тэмдгийн гэрчилгээг яаралтай журмаар авах тохиолдолд оюуны өмчийн байгууллагад 300,000 /гурван зуун мянга/ төгрөг төлөхөөр зохицуулсан байна.

Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 151 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Оюуны өмчийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ"-ний 5.8 дахь хэсэг нь дараах үндэслэлээр хууль бус болох нь тогтоогдож байна.

Барааны тэмдгийн мэдүүлгийг яаралтай журмаар шийдвэрлүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох эрхийг олгоогүй тухайд: Оюуны өмчийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.3-д "Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд заасан үйлчилгээ"-ний хөлсний хэмжээг Засгийн газар тогтоохоор зохицуулсан байна. Энэ агуулгаас үзвэл, барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд заасан үйлчилгээний хөлсний хэмжээг Засгийн газар тогтоохоор байна. Засгийн газрын 2021 оны 151 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Оюуны өмчийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ"-ний 5.8 дахь хэсэгт заасан барааны тэмдгийн мэдүүлгийг яаралтай журмаар шийдвэрлүүлэх гэсэн үйлчилгээг Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд заагаагүй атал Засгийн газар хуульд заагаагүй үйлчилгээг журамласан нь хууль бус байна. Учир нь захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх, 60.1.2-д тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байхаар зохицуулсан ба энэ зохицуулалтын агуулга нь захиргааны хэм хэмжээний акт, түүний доторх агуулга нь Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, бусад хуульд нийцсэн байх учиртай. Гэвч Оюуны өмчийн тухай хууль /2020/, Патентын тухай хууль /2021/, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль /2010/-д тодорхойлоогүй үйлчилгээний хөлсний хураамжийг шинээр тодорхойлсон нь эдгээр хуультай нийцэхгүй буюу эрх олгосон хэм хэмжээг хэтрүүлсэн байна.

Мөн Оюуны өмчийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.3-д барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд заасан үйлчилгээнд Засгийн газар үйлчилгээний хураамж тогтоогдох эрхийг олгосон байхад Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд заагаагүй үйлчилгээний хураамж тогтоож буй нь захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна.

Оюуны өмчийн газар нь тухайн барааны тэмдэг нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзвэл энэ тухай дүгнэлт гаргаж, барааны тэмдгийг бүртгэхээс татгалзах тухай урьдчилсан шийдвэр гаргаж, мэдүүлэг гаргагчид мэдэгдэх бөгөөд мэдүүлэг гаргагч уг дүгнэлтийг хүлээж авснаас хойш гурван сарын дотор үндэслэл бүхий хариуг төрийн захиргааны байгууллагад ирүүлэх, хэрэв мэдүүлэг гаргагч хүндэтгэн үзэх шалтгаантай бол уг хугацааг гурав хүртэлх сараар сунгуулах тухай хүсэлт гаргаж болдог. Мэдүүлэг гаргагчийн хариуг хүлээж авснаас хойш гурван сарын дотор тухайн барааны тэмдгийг бүртгэх эсэх талаар эцсийн шийдвэр гаргахаар зохицуулжээ.

Мөн оюуны өмчийн газраас барааны тэмдгийн мэдүүлгийн бүрдлийг хянаж, анхдагч огноог тогтоосны дараа мэдүүлсэн барааны тэмдгийн ном зүй, илэрхийллийг албан ёсны тогтмол хэвлэлээр нийтэд мэдээлэх үүрэгтэй бөгөөд нийтэд мэдээлсэн барааны тэмдгийн мэдүүлэгт анхдагч огнооноос хойш гурван сарын дотор сонирхогч этгээд эсэргүүцэл гаргах, эсэргүүцэл гаргасан этгээд энэ хугацааг хоёр хүртэл сараар сунгуулах тухай хүсэлт гаргаж болохоор зохицуулсан байна.

Хуульд заасан хугацааг тоолж үзэхэд барааны тэмдгийн мэдүүлгийг бүртгэх хугацаа нь барааны тэмдгийн шүүлт хийх үндсэн хугацаа 9 сар, энэ хугацааг сунгах 6 сар буюу нийт 15 сарын хугацааны дараа барааны тэмдгийн мэдүүлгийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан тохиолдолд тайлбар ирүүлэх 3 сар, энэ хугацааг сунгах дахин 3 сарын хугацаа зарцуулагдахаар байна. Өөрөөр хэлбэл, нэг барааны тэмдгийг бүртгэх хугацаа нь 21 сap (түүнээс дээш байх боломжтой) хүртэл хугацаанд үргэлжилдэг байна. Учир нь барааны тэмдгийн бүртгэл нь цаад агуулгаараа Үндсэн хуульд заасан өмчлөх эрхтэй холбоотой тул хуулиар эдгээр хугацааг тогтоож өгсөн байна. Гэвч Засгийн газрын 2021 оны 151 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Оюуны өмчийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ"-ний 5.8 дахь хэсэгт зааснаар барааны тэмдгийн мэдүүлгийг яаралтай журмаар гаргасан тохиолдолд Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд заасан хугацааг үгүйсгэж, бусдын гаргасан барааны тэмдэгт эсэргүүцэл гаргах эрхийг хязгаарлаж байна.

4.2. “Оюуны өмчийн газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/122 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Барааны тэмдэг, газар зүйн заалтын мэдүүлэг гаргах, шүүлт хийх, тэдгээрийг бүртгэх, улсын бүртгэл хөтлөх, тэдгээрт өөрчлөлт оруулах журам”-ын 5.19 дэх хэсгийг хүчингүй болгуулах”  шаардлагын тухайд:

-  Оюуны өмчийн газрын дарга 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/122 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар “Барааны тэмдэг, газар зүйн заалтын мэдүүлэг гаргах, шүүлт хийх, тэдгээрийг бүртгэх, улсын бүртгэл хөтлөх, тэдгээрт өөрчлөлт оруулах журам”-ыг баталсан байх ба энэ журмын 5.19-д “яаралтай үйлчилгээний хөлс төлсөн мэдүүлэгт хуулийн 8 дугаар зүйлийн 8.10-т заасан эсэргүүцэл гаргах хугацаа дуусгавар болсны дараа шүүлт хийж, дүгнэлт гаргана” гэжээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын 2021 оны 151 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Оюуны өмчийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ”-ний 5.8 дахь хэсгийн дагуу барааны тэмдгийн мэдүүлгийг яаралтай журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тохиолдолд барааны тэмдгийн мэдүүлэгт эсэргүүцэл гаргах гурван сарын хугацаа дуусгавар болсны дараа шүүлт хийж, дүгнэлт гаргахаар зохицуулсан байна.

Оюуны өмчийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.3-д “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд заасан үйлчилгээ”-ний хөлсний хэмжээг Засгийн газар тогтоохоор зохицуулсан байна. Энэ агуулгаас үзвэл, барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд заасан үйлчилгээний хөлсний хэмжээг Засгийн газар тогтоохоор байна. Засгийн газрын 2021 оны 151 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Оюуны өмчийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ”-ний 5.8 дахь хэсэгт заасан барааны тэмдгийн мэдүүлгийг яаралтай журмаар шийдвэрлүүлэх гэсэн үйлчилгээг Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд заагаагүй атал Засгийн газар хуульд заагаагүй үйлчилгээг журамласан нь хууль бус юм. Мөн барааны тэмдгийн мэдүүлгийг яаралтай журмаар шийдвэрлэх эрхийг хуулиар олгоогүй атал Оюуны өмчийн газрын дарга маргаан бүхий журмын холбогдох хэсгээр яаралтай үйлчилгээний хөлс төлсөн мэдүүлэгт Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10-т заасан эсэргүүцэл гаргах хугацаа дуусгавар болсны дараа шүүлт хийж, дүгнэлт гаргахаар журамласан нь хууль бус болсон байна.

Захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх, 60.1.2-д тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байхаар зохицуулсан ба энэ зохицуулалтын агуулга нь захиргааны хэм хэмжээний акт, түүний доторх агуулга нь Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, бусад хуульд нийцсэн байх учиртай. Гэвч Оюуны өмчийн тухай хууль /2020/, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль /2010/-д заасан барааны тэмдгийг мэдүүлгийг шийдвэрлэх хугацааг үгүйсгэж, барааны тэмдгийн мэдүүлгийг яаралтай шийдвэрлэхээр тодорхойлсон нь эдгээр хуультай нийцэхгүй буюу эрх олгосон хэм хэмжээг хэтрүүлсэн байна.

Барааны тэмдгийг мэдүүлгийг яаралтай журмаар шийдвэрлэж буй харилцаа нь нийтийн эрх зүйн хүрээнд үүсэж буй харилцаа болохын хувьд “нийтийн эрх зүйн харилцаанд хуулиар зөвшөөрснөөс бусдын хориглох” зарчмыг Монгол улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-тайлбар... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д зааснаар хуульд үндэслэх тусгай зарчим мөрдөхөөр заасан байна. Гэтэл хариуцагч нар барааны тэмдгийн мэдүүлгийг яаралтай журмаар шийдвэрлэх харилцааг нарийвчлан зохицуулсан хуулиар зөвшөөрөөгүй атал хуулиар олгосон бүрэн эрхээ хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

Оюуны өмчийн газрын дарга нь 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/122 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан "Барааны тэмдэг, газар зүйн заалтын мэдүүлэг гаргах, шүүлт хийх, тэдгээрийг бүртгэх, улсын бүртгэл хөтлөх, тэдгээрт өөрчлөлт оруулах журам"-ын 5.19 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэгч этгээдтэй ялгагдах шинж чанаргүй барааны тэмдгийг гуравдагч этгээд "Г" ХК-ийн мэдүүлсэн барааны тэмдгийг мэдүүлгийг яаралтай журмаар шийдвэрлэж, барааны тэмдгийн гэрчилгээ олгосон билээ. Энэ үйлдэл нь "Б р" ХХК-ийн Монгол Улсын Үндсэн хуулийн арванзургаадугаар зүйлийн 3-т заасан “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй”, мөн  зүйлийн 8-д заасан "соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх эрхтэй. Зохиогч, шинэ бүтээл, нээлтийн эрхийг хуулиар хамгаална" гэж заасан үндсэн эрх, Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцоор тодорхойлсон өөрийн барааны тэмдгийг бусдаас хамгаалах, оюуны өмчийн эрхийг зөрчсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар дээрх эрх бүрэн сэргэх боломжтойгоос гадна хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, ажил үйлчилгээнээс ялгах тэмдгийг эзэмших эрхээ эдлэх боломжтой юм.

4.3. “Барааны мэдүүлгийг яаралтай журмаар шийдвэрлэх хөлсний хэмжээг тогтоох эрхийг олгоогүй болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:

- Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3-д заасан нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гаргаж байгаа бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчийн хувьд илүү үр дүнтэй процессын эрх зүйн А хамгаалалт үзүүлэхэд чиглэгддэг онцлогтой.

Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн өөр бусад үндсэн төрлүүдээс нэхэмжлэл гаргасан ч үр дүнд хүрэхээргүй буюу эрх ашиг нь хамгаалагдахааргүй байгаа, ерөөс эдгээр шаардлагыг гаргах боломжгүй буюу бусад нэхэмжлэлийн зүйл, урьдчилсан нөхцөлд хамаарахгүй байх тохиолдлыг ойлгодог. Нэхэмжлэгч нь журмын маргаан бүхий заалт анхнаасаа хууль байсан гэх агуулгаар маргаж байгаа ба Засгийн газрын 2021 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Оюуны өмчийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ"-ний 5.8 дахь хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага хангагдсан, тохиолдолд тухайн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс маргаан бүхий журмын заалт хүчингүй болох боломжтой буюу буцаж үйлчлэхгүй үр дагавар үүсэх тул маргаан бүхий журмын заалт хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хүчингүй болгох хүртэлх хугацаанд хамаарахгүй юм.

Өөрөөр хэлбэл, барааны тэмдгийн мэдүүлгийг яаралтай журмаар шийдвэрлэх хөлсний хэмжээг тогтоох эрхийг олгоогүй болохыг тогтоосноор нэхэмжлэгч этгээдийн хувьд түүнтэй ялгагдах шинж чанаргүй, ижил барааны тэмдгийн мэдүүлгийг яаралтай журмаар шийдвэрлэсэн нь хууль бус байсан гэдгийг тогтоосноор нэхэмжлэгч эрх ашиг хамгаалагдах боломжтой.

Засгийн газар нь оюуны өмчийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох замаар барааны тэмдгийн мэдүүлгийг яаралтай журмаар шийдвэрлүүлэх хөлсний хэмжээг тогтоосон нь анхнаасаа хууль бус буюу тухайн хөлсний хэмжээг тогтоох эрхийг олгоогүй атал тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Учир нь Оюуны өмчийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт "Оюуны өмчийн байгууллагаас үзүүлэх дараах үйлчилгээний хөлсний хэмжээг Засгийн газар тогтооно" гээд оюуны өмчийн байгууллагаас үзүүлэх 8 төрлийн үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоохыг Засгийн газарт олгосон байна. Энэ эрхийн хүрээнд Засгийн газар 2021 оны 05 дугаар сарын 19- ний өдрийн 151 дүгээр тогтоолын хавсралтаар "Оюуны өмчийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ"-г баталсан бөгөөд энэ тогтоолын хавсралт хэсгийн 5.8 дахь хэсэгт барааны тэмдгийн мэдүүлгийг яаралтай журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргахад 300,000 /гурван зуун мянга/ төгрөг байхаар тогтоожээ. Өөрөөр хэлбэл, барааны тэмдгийн мэдүүлэгч гаргагч этгээд барааны тэмдгийн гэрчилгээг яаралтай журмаар авах тохиолдолд оюуны өмчийн байгууллагад 300,000 /гурван зуун мянга/ төгрөг төлөхөөр зохицуулсан байна.

Харин дээрх барааны тэмдгийн мэдүүлгийг яаралтай журмаар шийдвэрлэх хөлсний хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт олгоогүй болох нь дараах байдлаар тогтоогдож байна. Тухайлбал, Оюуны өмчийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.3-д "Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд заасан үйлчилгээ"-ний хөлсний хэмжээг Засгийн газар тогтоохоор зохицуулсан байна. Энэ агуулгаас үзвэл, барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд заасан үйлчилгээний хөлсний хэмжээг Засгийн газар тогтоохоор байна. Засгийн газрын 2021 оны 151 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Оюуны өмчийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ"-ний 5.8 дахь хэсэгт заасан барааны тэмдгийн мэдүүлгийг яаралтай журмаар шийдвэрлүүлэх хөлсний хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт олгоогүй атал хуулиар олгоогүй эрхийг хэрэгжүүлсэн байна.

Тухайлбал, захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх, 60.1.2-д тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байхаар зохицуулсан ба энэ зохицуулалтын агуулга нь захиргааны хэм хэмжээний акт, түүний доторх агуулга нь Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, бусад хуульд нийцсэн байх учиртай. Гэвч Оюуны өмчийн тухай хууль /2020/, Патентын тухай хууль /2021/, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль /2010/-д тодорхойлоогүй үйлчилгээний хөлсний хураамжийг шинээр тодорхойлсон нь эдгээр хуультай нийцэхгүй буюу эрх олгоогүй хэм хэмжээг үндэслэж, барааны тэмдгийн мэдүүлгийг яаралтай журмаар шийдвэрлэх хөлсний хэмжээг тогтоосон байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасны дагуу барааны тэмдгийн мэдүүлгийг яаралтай журмаар шийдвэрлэх хөлсний хэмжээг тогтоох эрхийг олгоогүй болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

5. Нэхэмжлэгч “Б р” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1. “...Оюуны өмчийн газрын даргад холбогдуулан Оюуны өмчийн газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 122 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан журмын 5.19 дэх хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэгчийн субьектив эрхийн зөрчлийн тухайд "Б р" ХХК нь 2021 оноос эхлэн өөрийн бараа, үйлчилгээг бусдаас ялгах зорилгоор тухайн барааны тэмдгийг үйл ажиллагаандаа ашиглаж ирсэн. Гэтэл гуравдагч этгээд "Г" ХК нь ижил төстэй барааны тэмдгийн мэдүүлгийг Засгийн газрын 151 дүгээр тогтоолын 5.8 дахь хэсэгт үндэслэн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр яаралтай журмаар шийдвэрлүүлэхээр гаргаж, Оюуны өмчийн газраас түргэвчилсэн журмаар бүртгэн гэрчилгээ олгосон. Гэвч барааны тэмдгийн мэдүүлгийг яаралтай журмаар шийдвэрлэх эрхийг хууль тогтоогчоос Засгийн газар болон Оюуны өмчийн газарт огт олгоогүй. Ийм эрхгүй атлаа хэм хэмжээний акт баталж, хэрэгжүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хувийн аж ахуй эрхлэх эрх, мөн 8 дахь хэсэгт заасан бүтээлийн үр шимийг хүртэх эрх зөрчигдсөн. Ижил төстэй барааны тэмдгийг түргэвчилсэн журмаар бүртгэснээр нэхэмжлэгчийн бизнесийн үйл ажиллагаа явуулах, зах зээлд өрсөлдөх, хэрэглэгчдэд танигдах боломжид шууд сөргөөр нөлөөлсөн.

Маргааны эрх зүйн үндэслэлийн тухайд Засгийн газрын 151 дүгээр тогтоол нь Оюуны өмчийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт үндэслэсэн. Уг заалтаар Засгийн газар зөвхөн хуульд заасан үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох эрхтэй. Гэтэл Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд "яаралтай журмаар шийдвэрлэх" үйлчилгээний талаар огт заагаагүй. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1 (хуульд нийцсэн байх), 60.1.2 (эрх олгосон хуулийн хүрээнд байх) гэсэн шаардлагыг зөрчсөн. Мөн Оюуны өмчийн газрын даргын 122 дугаар тушаалын 5.19 дэх хэсэг нь дээрх хууль зүйн зөрчилтэй уялдан батлагдсан тул адилхан хууль зөрчсөн гэж үзэж байна.

Нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох шаардлагын тухайд Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3-т заасны дагуу нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Учир нь маргаан бүхий "яаралтай журмаар шийдвэрлэх" харилцаа нь анхнаасаа хуульд байгаагүй, өөрөөр хэлбэл хууль бус харилцаа байсан гэж үзэж байна. Иймд зөвхөн хүчингүй болгуулах нь хангалтгүй бөгөөд уг харилцаа анхнаасаа үүсээгүй болохыг тогтоолгох нь нэхэмжлэгчийн эрхийг бүрэн хамгаалах үр дүнтэй арга юм. Хэрэв зөвхөн хүчингүй болговол шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд үйлчилсэн харилцааг хууль ёсны мэт үлдээх эрсдэлтэй. Харин анхнаасаа эрх олгоогүй болохыг тогтоовол нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол бүрэн сэргэнэ...” гэж маргажээ.

6. Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

- “...Оюуны өмчийн газар нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 151 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан "Оюуны өмчийн байгууллагаас үзүүлэх ажил, үйлчилгээний хөлсний хэмжээ"-г хэрэгжүүлж эхлэхээс өмнө Монгол Улсын Шадар сайдын 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 59 тоот тушаалын хавсралтаар батлагдсан хөлсний хэмжээгээр үйлчилгээ үзүүлдэг байсан ба уг хавсралтад "Барааны тэмдгийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг яаралтай /45 хоног/ гүйцэтгүүлэхэд 50 000 төгрөг" гэж анх тогтоосон байдаг.

“Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр"-ийн 12 дугаар бүлгийн 12.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Барааны тэмдгийг бүртгүүлэх тухай мэдүүлгийн шүүлтийг зохих үндэслэл болон журмын шаардлагад нийцүүлэн шуурхай журмаар хийлгэх хүсэлтийг эрх бүхий байгууллагад гаргаж болохыг Тал бүр хангана. Ийм хүсэлт гаргасан бол эрх бүхий байгууллага мэдүүлгийн шүүлтийг зохих тохиолдолд шуурхай журмаар хийнэ." хэмээн заасан.

Мөн хэлэлцээний шатанд байгаа Монгол Улс, БНСУ хоорондын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт хэлэлцэгч талууд барааны тэмдгийн мэдүүлгийг яаралтай журмаар шийдвэрлэх талаар харилцан тохиролцсон нь бүртгэлийг шуурхай буюу яаралтай журмаар шийдвэрлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагыг бий болгож байна.

Монгол Улс нь "Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцын 2 дугаар зүйлийн 2 (1)-т заасны дагуу дотоодын иргэн, хуулийн этгээдэд үзүүлдэг хамгаалалтыг адил нөхцөлөөр Парисын конвенцын гишүүн орны иргэн, хуулийн этгээдэд олгох үүрэг хүлээдэг.

2020 онд батлагдсан Оюуны өмчийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт "Хууль тогтоомжид заасан журмын дагуу оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийлгэх, лавлагаа авахад улсын тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлс төлнө", 24.2 дахь хэсэгт "Оюуны өмчийн байгууллагаас үзүүлэх дараах үйлчилгээний хөлсний хэмжээг Засгийн газар тогтооно" гэж тус тус заасан. Эдгээр заалтын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 5 дугаар сарын 19- ний өдрийн 151 дүгээр тогтоолоор Оюуны өмчийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн тогтоосон байдаг.

Мөн жил ирэх тусам аж үйлдвэрийн өмчийн эрхийн хамгаалалт хийлгэх мэдүүлгийн тоо өсөж, тэр дундаа барааны тэмдгийн мэдүүлгийн тоо ихээхэн нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар нэг шинжээч сард дунджаар Үндэсний 80-100 мэдүүлэг, Олон улсын 60 гаруй мэдүүлэгт шүүлт хийж, бүртгэх эсэх талаар дүгнэлт гаргаж байна. Үүн дээр яаралтай журмаар ирүүлсэн барааны тэмдгийн мэдүүлэг ч мөн нэмэгдэж байгаа нь шинжээчийн ажлын ачааллыг ихээхэн нэмэгдүүлж буй тул яаралтай журмаар үйлчилгээ үзүүлсний хөлсийг тусад нь тогтоох шаардлага гарсан учир дээрх хууль зүйн болон практик шаардлагыг харгалзан Барааны тэмдгийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг яаралтай гүйцэтгүүлэх үйлчилгээний хөлсийг 300,000 (гурван зуун мянган) төгрөгөөр тогтоосон болно.

"Оюуны өмчийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ"- ний 5.8 дахь хэсэг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8 дахь заалт, "Б р" ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тухайд:

Нэхэмжлэгч "Б р" ХХК нь барааны тэмдгээ 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн анхдагч огноотойгоор, Ниццийн ангиллын 18, 25, 35, 37, 40, 41, 42, 43, 44 дүгээр ангиллуудад бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан. Харин "Г" ХК нь 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн анхдагч огноотой, 40-2024- 0035811, 40-2024-0035812 дугаартай үг, дүрс хосолсон барааны тэмдгүүдийг Ниццийн 18, 22, 23, 24, 25, 35 дугаар ангиллуудад бүртгүүлэхээр мэдүүлсэн байна. Мөн Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлд "Б р" ХХК нь 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр "Г" ХК-ийн дээр дурдсан хоёр барааны тэмдгийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан. Тус маргаан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд "Б р” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оын тайлбараар өөрийн ашиглаж буй компанийн лого, дүрслэлийн зохиогчийг мэдэхгүй, эрхийн хамгаалалт 53 хийлгээгүй, мөн анхдагч огноо нь "Г" ХК-ийн мэдүүлгээс хожуу болох нөхцөл тогтоогдсон.

Иймд Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлөөс 2024 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 20 дугаартай "Гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгох тухай" тогтоол гаргасан байдаг.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад "Барааны тэмдэг" гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг ойлгоно" гэж, Оюуны өмчийн тухай хуулийн 7 дугаар зүйлд "Аж үйлдвэрийн өмчийн эрхэд шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, газар зүйн заалт тус тус хамаарна" гэж, тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь заалтад "аж үйлдвэрийн өмчийн эрхийг эхэлж мэдүүлэх, зарчмыг баримтлах, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт "Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх тухайн барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ" гэж, тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэгт "Хэрэв хоёр буюу түүнээс дээш этгээд ижил барааны тэмдгийг ижил бараа, үйлчилгээнд ашиглаж байгаа бол хамгийн анх мэдүүлэг гаргасан этгээдийн барааны тэмдэг эзэмших эрх хамгаалагдана" гэж тусгайлан хуульчилсан.

2021 оны 5 дугаар сарын 6-ны өдөр батлагдсан "Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль"-аар тус хуулийн 8 дугаар зүйлд шинэ зохицуулалт нэмэгдсэн. Тодруулбал, хуулийн 8.10 дахь хэсэгт "Энэ хуулийн 7.10-т заасны дагуу нийтэд мэдээлсэн барааны тэмдгийн мэдүүлэгт анхдагч огнооноос хойш гурван сарын дотор сонирхогч этгээд эсэргүүцэл гаргаж болно" гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад барааны тэмдгийн мэдүүлгийг нийтэд зарласнаас хойш Гурван сарын хугацаанд сонирхогч этгээд тухайн мэдүүлэгт эсэргүүцэл гаргах эрхтэй байна.

Мөн "Барааны тэмдэг, газар зүйн заалтын мэдүүлэг гаргах, шүүлт хийх, тэдгээрийг бүртгэх, улсын бүртгэл хөтлөх, тэдгээрт өөрчлөлт оруулах журам"-ын 5 дугаар зүйлийн 5.19-т  "Яаралтай үйлчилгээний хөлс төлсөн мэдүүлэгт хуулийн 8 дугаар зүйлийн 8.10-т заасан эсэргүүцэл гаргах хугацаа дуусгавар болсны дараа шүүлт хийж, дүгнэлт гараана гэж заасан байдаг.

Иймээс Монгол Улсад яаралтай үйлчилгээний хөлс төлсөн барааны тэмдгийн мэдүүлэгт ч дээрх гурван гурван сарын эсэргүүцлийн хугацаа бүрэн дууссан хойно шүүлтийн ажиллагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл, яаралтай үйлчилгээ авсан тохиолдолд ч хуульд заасан эсэргүүцэл гаргах эрхийг хязгаарлахгүй бөгөөд тухайн хугацаа өнгөрсний дараа л шүүлт, дүгнэлтийг хийдэг зарчимтай.

Мөн түүнчлэн нэхэмжлэлд дурдагдсан Парисын конвенцын 4 дүгээр зүйл бол аливаа этгээд конвенцын гишүүн бусад улсад мэдүүлэг гаргахдаа эдлэх давамгайлах эрхтэй холбоотой зохицуулалт юм. Тухайлбал Монгол улсын иргэн, хуулийн этгээд Монгол улсдаа мэдүүлэг гаргаснаас хойш 6 сарын дотор конвенцын гишүүн аль нэг улсад барааны тэмдгээ бүртгүүлэхээр мэдүүлбэл дээр дурдсан давамгайлах эрхийг эдэлнэ.

Иймд Парисын конвенцын 4 дүгээр зүйлтэй холбоотойгоор "Б р" ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй болно.

Дэлхийн улс орнууд барааны тэмдгийг мэдүүлгийг түргэвчилсэн журмаар шийдвэрлэж буй тухайд: Дэлхийн улс орнууд барааны тэмдгийн мэдүүлгийг энгийн журмаар эсхүл түргэвчилсэн журмаар шийдвэрлэх боломжийг нээж ялгаатай зохицуулсан байдаг. Тухайлбал:

Улсын нэр

Энгийн журмаар шийдвэрлэхэд

Түргэвчилсэн журмаар шийдвэрлэхэд

1

ОХУ

8-12 сар

2-4 сар

2

БНХАУ

7-9 сар

5-6 сар

3

АНУ

9-12 сар

2-4 сар

4

БНСУ

6-8 сар

2-4 сар

5

Япон

6-12 сар

2-3 сар

6

Монгол улс

9-15 сар

4-6 сар

7

Канад

6-7 сар

Ажлын 5 өдөр шүүлт хийж, 7 сарын дотор бүртгэнэ.

8

Сингапур

6-8 сар

3-4 сар

9

Бразил

12-24 сар

4-6 сар

10

Энэтхэг

12-18 сар

4-6 сар

11

Индонез

24 сар

8-12 сар

Ийнхүү түргэвчилсэн журмаар шийдвэрлэхдээ тухайн улс орнууд дараах үндэслэлүүдийг харгалзан үздэг. Үүнд: мэдүүлэг гаргагч нь өөрийн бизнес, барааны тэмдгээ шударга бус өрсөлдөөнөөс хамгаалах шаардлагатай болсон, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлд нэвтрүүлэх, сурталчлах, түнш болон хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулах, тендер, төрийн худалдан авах ажиллагаанд оролцох, мөн барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн Мадридын системд мэдүүлэхийн тулд үндэсний бүртгэл шаардагдаж буй зэрэг нөхцөлүүд багтана.

Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцын 2 дугаар зүйлийн 2(1)-д "Холбооны аливаа гишүүн орны харьяат аж үйлдвэрийн өмчийн эрхийн хувьд энэхүү конвенцоор тусгайлан олгосон эрхийг хөндөхгүйгээр холбооны бусад бүх орны хуулиар өөрийн харьяатад олгодог, эсхүл цаашид олгох давуу эрхийг эдэлнэ. Иймд тэд тухайн орнууд өөрийн харьяатад тавих албан ёсны шаардлага, нөхцөлийг мөрдөж байвал тэдгээрийн адил эрхийн хамгаалалт болон эрхийг зөрчих тохиолдолд тэдний аливаа эрх зүйн адил хамгаалалттай байна." гэж заасан.

2016 оноос хойш өнөөдрийг хүртэл нийт 40412 мэдүүлэг хүлээн авснаас 301 мэдүүлэг яаралтай журмаар шийдвэрлэсэн. Эдгээрээс 36 нь Гадаадын хуулийн этгээд, 265 нь дотоодын иргэн, хуулийн этгээдийнх байна. Энэ хугацаанд нэг ч иргэн хуулийн этгээдээс яаралтай журмаар шийдвэрлэсэнтэй холбоотой гомдол гарч байгаагүй болно.

Иймд "Б р" ХХК-ийн "Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 19-ний 151 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Оюуны өмчийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ"-ний 5.8 дахь хэсгийг хүчингүй болгуулах тухай" нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

6.1. Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Т шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа:

“...Засгийн газрын зүгээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт, шуурхай үйлчилгээний хөлс тогтоох эрхийг хууль тогтоомжоор Засгийн газарт олгосон гэж үзэж байна. Тухайлбал, Оюуны өмчийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд заасан үйлчилгээний хөлсний хэмжээг Засгийн газар тогтооно гэж заасан. Иймд Засгийн газар уг хөлсний хэмжээг тогтоох бүрэн эрхтэй. Мөн Оюуны өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болон Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 2.2-т Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заасан бол тухайн гэрээний заалтыг дагаж мөрдөнө гэж тус тус заасан байдаг. Үүнтэй холбогдуулан Монгол Улс, Япон Улсын хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн 12.9 дүгээр зүйлд гишүүн талууд шуурхай журмаар мэдүүлэг гаргах боломжийг бүрдүүлэх үүрэг хүлээсэн. Монгол Улс энэхүү гэрээний оролцогч тул шуурхай үйлчилгээний эрх зүйн зохицуулалтыг бий болгох үүрэгтэй.

Хоёрдугаарт, шуурхай үйлчилгээ нь албадлагын шинжтэй бус, харин мэдүүлэг гаргагчид олгогдсон сонголт. Мөн шуурхай журмаар мэдүүлэг гаргаснаар энгийн журмаар мэдүүлэг гаргасан этгээдээс давуу эрх үүсэхгүй. Энэ нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсгээр нотлогдоно. Тус заалтад ижил барааны тэмдгийг ижил бараа, үйлчилгээнд ашигласан тохиолдолд хамгийн түрүүнд мэдүүлэг гаргасан этгээдийн эрх хамгаалагдана гэж заасан. Иймд шуурхай үйлчилгээ ашигласнаар эрхийн дараалал өөрчлөгдөхгүй бөгөөд анхны мэдүүлгийн огноо л эрхийн хамгаалалтын үндэс болно.

Гуравдугаарт, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзэж байна. Учир нь шуурхай үйлчилгээний хураамжийг тогтоосон заалтыг хүчингүй болгосон ч нэхэмжлэгчийн барааны тэмдгийн эрхийн байдалд өөрчлөлт орохгүй. Өөрөөр хэлбэл, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 6.7 дахь хэсгийн дагуу анхны мэдүүлэг гаргасан огноо хүчинтэй хэвээр үлдэнэ. Энэ нь "Г" ХК болон "Б р" ХХК-ийн аль алинд адил үйлчилнэ…” гэж тайлбарлажээ.

7. Хариуцагч Оюуны өмчийн газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Оюуны өмчийн тухай хууль 2020 онд батлагдаж, тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт "Хууль тогтоомжид заасан журмын дагуу оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийлгэх, лавлагаа авахад улсын тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлс төлнө.", 24.2 дахь хэсэгт "Оюуны өмчийн байгууллагаас үзүүлэх дараах үйлчилгээний хөлсний хэмжээг Засгийн газар тогтооно:" гэж заасан. Дээрх заалтын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 151 дүгээр тогтоолоор Оюуны өмчийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоосон байдаг.

 Оюуны өмчийн газар нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 151 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан "Оюуны өмчийн байгууллагаас үзүүлэх ажил, үйлчилгээний хөлсний хэмжээ"-г хэрэгжүүлж эхлэхээс өмнө Монгол Улсын Шадар сайдын 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 07 сарын 03-ны өдрийн 59 тоот тушаалын хавсралтаар батлагдсан хөлсний хэмжээгээр үйлчилгээ үзүүлдэг байсан ба уг хавсралтад "Барааны тэмдгийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг яаралтай /45 хоног/ гүйцэтгүүлэхэд 50 000 төгрөг" гэж тогтоосон.

Оюуны өмчийн газар 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл нийт 40412 мэдүүлэг хүлээн авснаас 301 мэдүүлэг яаралтай журмаар шийдвэрлэсэн. Эдгээрээс 36 нь Гадаадын хуулийн этгээд, 265 нь дотоодын иргэн, хуулийн этгээдийнх байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.", мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ." гэж заасан. Энэ хүрээнд:

Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улс хоорондын хэлэлцээр 2016 онд хүчин төгөлдөр болж, 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. "Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр"-ийн 12 дугаар бүлгийн 12.9 дүгээр зүйлийн 2 дугаар хэсэгт "Барааны тэмдгийг бүртгүүлэх тухай мэдүүлгийн шүүлтийг зохих үндэслэл болон журмын шаардлагад нийцүүлэн шуурхай журмаар хийлгэх хүсэлтийг эрх бүхий байгууллагад гаргаж болохыг Тал бүр хангана. Ийм хүсэлт гаргасан бол эрх бүхий байгууллага мэдүүлгийн шүүлтийг зохих тохиолдолд шуурхай журмаар хийнэ" гэж заасан.

Мөн Монгол Улс 1985 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр нэгдэн орсон "Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын Конвенц"-ийн 2 дугаар зүйлийн 2(1)-т заасны дагуу дотоодын иргэн, хуулийн этгээдэд үзүүлдэг хамгаалалтыг адил нөхцөлөөр Парисын конвенцын гишүүн орны иргэн, хуулийн этгээдэд олгох үүрэг хүлээдэг.

Иймд "Б р” ХХК-ийн гаргасан "Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 19-ний 151 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Оюуны өмчийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ"-ний 5.8 дахь хэсгийг хүчингүй болгуулах, "Оюуны өмчийн газрын даргын 2021 оны А/122 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Барааны тэмдэг, газар зүйн заалтын мэдүүлэг гаргах, шүүлт хийх, тэдгээрийг бүртгэх, улсын бүртгэл хөтлөх, тэдгээрт өөрчлөлт оруулах журам"-ын 5.19 дэх хэсгийг хүчингүй болгуулах" нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

7.1. Хариуцагч Оюуны өмчийн газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч  Г.Г-аас шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа:

“...Оюуны өмчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “Б р” ХХК-ийн гаргасан гурван шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч танилцсан бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Юуны өмнө Монгол Улс 1979 онд Дэлхийн оюуны өмчийн байгууллагад (WIPO) гишүүнээр элссэн бөгөөд энэ хүрээнд 20 гаруй олон улсын гэрээ, хэлэлцээр, конвенцын хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Дотоодын хууль тогтоомжийн хувьд Патентын тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, Зохиогчийн эрхийн тухай хуулийн 2021 оны шинэчилсэн найруулгууд хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Эдгээр хуульд оюуны өмчийн үйлчилгээтэй холбоотой төлбөр, хураамжийг төлөхөөр зохицуулсан бөгөөд Оюуны өмчийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийн дагуу тухайн хөлсний хэмжээг Засгийн газар тогтоох эрхтэй. Үүний дагуу Засгийн газрын 2021 оны 151 дүгээр тогтоол батлагдсан. Мөн Оюуны өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлд оюуны өмчийн эрхийг зохиогчийн эрх болон аж үйлдвэрийн өмчийн эрх гэж ангилан зохицуулсан. Аж үйлдвэрийн өмчид шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, газар зүйн заалт хамаарна. Түүнчлэн Оюуны өмчийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д "эхэлж мэдүүлэх" зарчим үйлчилнэ гэж заасан бөгөөд Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэгт хамгийн анх мэдүүлэг гаргасан этгээдийн эрх хамгаалагдана гэж тусгасан. Иймд барааны тэмдгийн мэдүүлгийг  шуурхай журмаар шийдвэрлэх нь дээрх зарчимд нөлөөлөхгүй, эрхийн дарааллыг өөрчлөхгүй гэж үзэж байна.

Мөн Оюуны өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлд оюуны өмчийн эрхийг хамгаалахтай холбоотой харилцааг холбогдох тусгай хуулиудаар зохицуулна гэж заасан. Олон улсын гэрээний хувьд Монгол Улс, Япон Улсын хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (2016) болон Парисын конвенц (Монгол Улс 1985 онд нэгдсэн)-д гишүүн улс орнууд иргэн, хуулийн этгээдийг ялгаварлахгүйгээр ижил нөхцөлөөр үйлчилгээ авах боломжийг хангах, мөн тодорхой тохиолдолд шуурхай журмыг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх талаар зохицуулсан байдаг.

Үндсэн хуулийн хүрээнд авч үзвэл 16 дугаар зүйлийн 2-т Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх, мөн зүйлийн 3-т соёрхон баталсан олон улсын гэрээ нь дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчлэх гэж заасан. Иймд шуурхай үйлчилгээний хураамж болон холбогдох зохицуулалт нь дотоодын хууль тогтоомж болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээрт нийцсэн…” гэж тайлбарлажээ.

8. Гуравдагч этгээд “Г” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан тайлбартаа:

- “...Барааны тэмдгийн мэдүүлгийг яаралтай журмаар шийдвэрлүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох эрхийг олгоогүй" гэх нэхэмжлэгчийн үндэслэлийн тухайд: Оюуны өмчийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт "Оюуны өмчийн байгууллагаас үзүүлэх дараах үйлчилгээний хөлсний хэмжээг Засгийн газар тогтооно" гээд 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт "... Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд заасан үйлчилгээ.." гэж үйлчилгээний хэмжээ тогтоох Засгийн газрын эрх хэмжээг хуульчилсан байна.

Засгийн газар өөрийн эрх хэмжээний хүрээнд батлах Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд заасан үйлчилгээд "Яаралтай журмаар шийдвэрлүүлэх" ажиллагаа багтах бөгөөд үүнийг тус хуулийн 29.1.1 дэх хэсэг, Оюуны өмчийн газрын даргын А/122 дугаар тушаал "Барааны тэмдэг, газар зүйн заалтын мэдүүлэг гаргах, шүүлт хийх, тэдгээрийг бүртгэх, улсын бүртгэл хөтлөх, тэдгээрт өөрчлөлт оруулах журам батлах тухай" хавсралтын 5.19 дэх хэсэгт зохицуулсан...

- “...Барааны тэмдгийн мэдүүлгийг яаралтай журмаар шийдвэрлэж буй нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж буй” гэх нэхэмжлэгчийн үндэслэлийн тухайд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч "... Өөрөөр хэлбэл, нэг барааны тэмдгийг бүртгэх хугацаа нь 21 сар (түүнээс дээш байх боломжтой)..." гэж тайлбарласан. Нэг барааны тэмдгийг бүртгэх хугацаа заавал 21 сар байх хуулийн агуулга байхгүй бөгөөд хуулийн "хүртэл хугацаа" гэж заасан агуулгыг явцуу хүрээнд тайлбарлаж байна. Хуулийн "...энэ хугацааг зургаан сар хүртэл хугацаагаар сунгана...", "...уг хугацааг гурав хүртэлх сараар сунгуулах..." гэж зохицуулсан нь хугацааг сунгах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд сунгах дээд хугацааг агуулсан байх бөгөөд сунгах эсэх нь Оюуны өмчийн газрын эрх хэмжээний асуудал байна.

"Г" ХК 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр барааны тэмдгийн мэдүүлэг гаргасан бөгөөд Төрийн захиргааны байгууллага буюу Оюуны өмчийн газар барааны тэмдгийн мэдүүлгийн бүрдлийг хянаж 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөр анхдагч огноог тогтоосон. Мэдүүлсэн барааны тэмдгийн ном зүй, илэрхийллийг албан ёсны тогтмол хэвлэлээр нийтэд мэдээлээсэн. 3. “Б р” ХХК 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Г ХК-ийн мэдүүлсэн барааны тэмдгийн мэдүүлэгт эсэргүүцэл гаргасан. Сонирхогч этгээд эсэргүүцэл гаргах хугацаа нийтэд мэдээлсэн барааны тэмдгийн мэдүүлэгт анхдагч огнооноос хойш гурван сарын дотор буюу 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр дууссан. Яаралтай үйлчилгээний хөлс төлсөн учраас эсэргүүцэл гаргах хугацаа дуусгавар болсны дараа буюу 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөр шинжээч шүүлт хийн эхэлсэн.

2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Оюуны өмчийн газрын 7/513 тоот албан бичгээр "... Г ХК-ийн Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 5.2.8, 5.2.11 дүгээр заалтуудыг зөрчиж барааны тэмдгээ мэдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байгаа тул татгалзах боломжгүй болно" гэсэн хариу хүргүүлсэн. 7. Г ХК барааны тэмдэг мэдүүлэг гаргасан хугацаанаас хойш 4 сарын дараа
буюу 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/112 тоот тушаалаар 40-0030362, 40-0030363 дугаартай барааны тэмдгийг эзэмших онцгой эрхийг зөвшөөрч гэрчилгээг олгосон.

Барааны тэмдэг бүртгэх үйл ажиллагаа, хуулийн зохицуулалт, хариуцсан төрийн захиргаан байгууллагын эрх хэмжээний талаар:

Олон улс буюу манай улс нэгдсэн олон улсын гэрээ, конвенц түүний зохицуулалт:

Д/д

Утга

Огноо

Нэгдэн орсон

Ерөнхий буюу холбоотой зохицуулалт

1

Парисын конвенц

1883.03.20

1970.05.19

Гишүүн орнуудад барааны тэмдэг мэдүүлэх давамгайлах эрхийн хугацаа /3-А1, 4-С1/, бүртгэх, мэдүүлэг гаргах нөхцөлийг орон бүр өөрсдийн хууль тогтоомжоор тодорхойлно.

2

Мадридын хэлэлцээр

1891.04.14

1985

Олон улсын бүртгэлийн зохицуулалт буюу Оюуны өмчийн олон улсын товчоонд мэдүүлж гишүүн орнуудад хамгаалах

3

Мадридын протокол

1989.06.27

2001 он

Олон улсад бүртгүүлэх илүү нарийвчилсан зохицуулалтууд. Хүчинтэй хүчингүй болох хугацаа гэх мэт

4

Ниццийн хэлэлцээр

1957.06.15

1982 он

Барааны тэмдгийг бүртгэх зорилгоор бараа, ажил үйлчилгээний нэгдмэл ангиллын хүлээн зөвшөөрч тогтоосон.

 Монгол улсын хууль эрх зүйн зохицуулалт:

Д/д

Утга

Огноо

Зохицуулалт

1

Оюуны өмчийн тухай хууль

2020.01.23

- Зарчим /4.1.6-аж үйлдвэрийн өмчийн эрхийг эхэлж мэдүүлэх, Оюуны өмч, төрөл зүйл, холбогдох байгууллага, этгээдийн чиг үүрэг, мэдээллийн сан, үйлчилгээний хөлс, маргаан шийдвэрлэх

2

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль

2010.06.10

- Нэр томъёо, Барааны тэмдэг, тавигдах шаардлага, мэдүүлэх, Анхдагч огноо, шүүлт хийх, бүртгэх, бүртгэлд өөрчлөлт оруулах эзэмшигчийн эрх, Оюуны өмчийн байгууллагын чиг үүрэг, холбоотой журам баталж мөрдүүлэх /29.1.1/, гомдол маргаан шийдвэрлэх

3

Оюуны өмчийн газрын Барааны тэмдэг, газар зүйн заалтын мэдүүлэх гаргах, шүүлт хийх, тэдгээрийг бүртгэх, улсын бүртгэл хөтлөх, тэдгээрт өөрчлөлт оруулах журам

2021.10.19

- Барааны тэмдэг мэдүүлэх, бүртгэхтэй холбоотой нарийвчилсан зохицуулалтыг журамласан.

Барааны тэмдгийг бүртгэх үйл ажиллагаанд ашиглах эх сурвалж, тэдгээрийн эрэмбийн талаар

Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, эрх зүйн акт нь олон улсын гэрээ, конвенц, түүнд заасан агуулгыг зөрчөөгүй байх бөгөөд Парисын Конвенцын 6 дугаар зүйлийн 6.1-т энэхүү конвенцод нэгдсэн гишүүн орон бүр барааны тэмдгийг бүртгэх, мэдүүлэг гаргах нөхцөлийг өөрсдийн хууль тогтоомжоор шийдвэрлэнэ гэж заасан байдаг.

Монгол улсын тухайд Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, Патентын тухай хууль, Зохиогчийн эрхийн тухай хуулиар оюуны өмчийн харилцааг төрөл тус бүрээр зохицуулж ирсэн бөгөөд 2020 онд эдгээр салбар эрх зүйн хуулиудыг нэгтгэн ерөнхий зохицуулалт агуулсан Оюуны өмчийн тухай хууль батлагдан мөрдөгдөж байна.

...Оюуны өмчийн тухай хууль тогтоомж нь органик хууль бөгөөд эрх, үүрэг тодорхойлон түүнд заасны дагуу дагалдан гарах эрх зүйн акт, зөвшөөрлийг тодорхойлсон хууль юм.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль нь барааны тэмдэг баталгаажуулах, түүнийг эзэмшигч, хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, барааны тэмдэг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, газар зүйн заалтыг ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулсан ердийн, гол хууль болдог.

Оюуны өмчийн газрын Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-т заасан эрх хэмжээнийхээ хүрээнд баталсан "Барааны тэмдэг, газар зүйн заалтын мэдүүлэг гаргах, шүүлт хийх, тэдгээрийг бүртгэх, улсын бүртгэл хөтлөх, тэдгээрт өөрчлөлт оруулах журам" нь дээрх хоёр хуультай зөрчилдөөгүй, харин хуулийг хэрэгжүүлэх буюу тодорхой хүрээнд үйлчлэх, барааны тэмдэг бүртгэх нарийн журам аргачлал болон процессыг тусгайлан зохицуулсан, илүү нарийвчилсан зохицуулалттай хэм хэмжээ юм.

Иймд барааны тэмдгийг бүртгэх үйл ажиллагаанд ашиглах эх сурвалж, тэдгээрийн эрэмбийн хувьд:

- Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль

- Барааны тэмдэг, газар зүйн заалтын мэдүүлэг гаргах, шүүлт хийх, тэдгээрийг бүртгэх, улсын бүртгэл хөтлөх, тэдгээрт өөрчлөлт оруулах журам.

  • Барааны тэмдэгт мэдүүлэх, бүртгэхэд төлөх тэмдэгтийн хураамж болон үйлчилгээний хөлс, яаралтай журмын талаар:

Монгол улсад төрийн үйлчилгээний зардал нь тэмдэгтийн хураамж болон үйлчилгээний хөлснөөс бүрдэж байна. Тэмдэгтийн хураамжийн тухайд тусгайлан хуулиар хуульчлан зохицуулсан байх бол үйлчилгээний хөлсний хэмжээг хуулиар бүрэн эрхийг нь олгосны дагуу салбар бүрд засгийн газраас эсхүл агентлагууд өөрсдийн шийдвэрээ тогтоож байна.

Зохицуулсан хууль, эрх зүйн акт

Хэм хэмжээг тогтоох эрх бүхий байгууллага

Эрх олгосон хууль, эрх зүйн акт

Батлагдан гарсан хэм хэмжээний акт

Үйлчилгээний хөлсний хэмжээ

Оюуны өмчийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээний хөлс төлөх талаар

Оюуны өмчийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.2, 9 дүгээр зүйлийн 9.4

Засгийн газар

Оюуны өмчийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.3, Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2

Засгийн газраас 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 151 дүгээр тогтоолоор Оюуны өмчийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоосон

Хавсралтын 5.8-д зааснаар барааны тэмдгийн мэдүүлгийг яаралтай журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргах бол 300.000 төгрөгийн үйлчилгээний хөлс төлөхөөр тогтоосон

Засгийн газрын үйлчилгээний хөлсний хэмжээ тогтоосон нь хуульд заасан хэм хэмжээ, олгосон бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэр байна. Мөн гадаад улс орнуудад энгийн болон яаралтай буюу түргэвчилсэн горимоор шийдвэрлэж байгааг хариуцагчийн тайлбар, хавтаст хэргийн 39 дүгээр нүүрэн дээр гадаад 10 улсад яаралтай горимоор ямар хугацаанд шийдвэрлэж буй талаар тодорхой харагдаж байна.

Яаралтай журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шийдвэрлэхдээ Үндсэн хууль болон бусад хуульд заагдсан хүн, хуулийн этгээд гомдол гаргах, шийдвэрлүүлэх, мэдэх үндсэн эрхийг хангаж эсэргүүцэл гаргах 3 сар дууссаны дараа шийдвэр гаргахаар журамласан нь хууль зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл яаралтай эсэхээс үл хамаарч Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10-т зааснаар мэдүүлэг гаргаснаас хойш 3 сарын дотор бусад буюу сонирхогч этгээд эсэргүүцэл гаргах эрхтэй ба энэ эрх дууссаны дараа шинжээч хайлт, шүүлт хийнэ.

Иймд нэхэмжлэгчийн "...мэдүүлгийн шийдвэрлэх хугацааг үгүйсгэж, барааны тэмдгийн мэдүүлгийг яаралтай шийдвэрлэхээр тодорхойлсон нь эдгээр хуультай нийцэхгүй буюу эрх олгосон хэм хэмжээг хэтрүүлсэн байна..." гэж үзсэн нь ямар ч хуулийн Үндэслэлгүй, онолын хүрээнд тайлбарлагдахгүй тайлбар байна.

8.1. Гуравдагч этгээд “Г” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, Г.З нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Нэхэмжлэгчийн зүгээс барааны тэмдгийн мэдүүлгийг яаралтай журмаар шийдвэрлэх эрхийг хуулиар олгоогүй, мөн хуульд заагаагүй үйлчилгээний хураамжийг шинээр тогтоосон нь эрх олгосон хэм хэмжээг хэтрүүлсэн гэж маргаж байгаа боловч энэ нь үндэслэлгүй гэж үзэж байна. Захиргааны хэм хэмжээний акт нь хуулиар эрх олгогдсон байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, давтагдах шинжтэй шийдвэр байдаг. Энэ тохиолдолд Оюуны өмчийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.3-д заасны дагуу үйлчилгээний хөлс тогтоох эрхийг Засгийн газарт олгосон бөгөөд уг үйлчилгээ нь хуульд заасан үйлчилгээний хүрээнд хамаарна.

Нэхэмжлэгчийн тайлбарлаж буйгаар хуульд "яаралтай үйлчилгээ" гэж тусгайлан заагаагүй тул хууль бус гэж үзэж байгаа боловч Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд "шүүлт хийх" ажиллагааг зохицуулсан байдаг. Харин журам нь энэхүү шүүлтийг энгийн болон шуурхай хэлбэрээр зохион байгуулах процессын ялгааг тодорхойлж байгаа болохоос шинэ төрлийн үйлчилгээ бий болгосон хэрэг биш..., Мөн Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д заасны дагуу мэдүүлэг гаргах, шүүлт хийх, бүртгэхтэй холбоотой журам батлах эрхийг Оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад олгосон. Ийм байхад журам батлах эрх олгоогүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь барааны тэмдгийн шийдвэрлэх хугацааг буруу тайлбарлаж байна. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т зааснаар мэдүүлгийн анхдагч огнооноос хойш 9 сарын дотор шийдвэр гаргах боломжтой. Харин шаардлагатай тохиолдолд хугацааг сунгаж болох тул хамгийн дээд хугацаа нь уртсаж харагдаж байгаа болохоос үндсэн хугацаа нь 9 сар юм.

Нэхэмжлэгч бодит нөхцөл байдлыг буруу тайлбарлаж байна. "Г" ХК нь 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр барааны тэмдгийн мэдүүлгээ гаргасан бол "Б р" ХХК нь 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр буюу 51 хоногийн дараа мэдүүлэг гаргасан байна. Иймд "Г" ХК нь яаралтай үйлчилгээний хөлс төлснөөр бус, харин анх мэдүүлэг гаргасан огноогоороо давуу байдалтай байсан. Түүнчлэн хуулийн дагуу 9 сарын дотор, бодитоор 4 сар 2 хоногийн хугацаанд шинжээчийн дүгнэлт гарч, улмаар барааны тэмдгийн гэрчилгээ олгогдсон. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь бодит нөхцөл байдал болон хууль зүйн үндэслэлээр тогтоогдохгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэж маргаж, татгалзлаа тайлбарлажээ.  

 9. Иргэдийн төлөөлөгч Б.Бшүүхэд гаргасан дүгнэлтдээ: “... Яаралтай журмыг гаргаснаар нийтийн эрх, ашиг хөндөгдөөгүй байна. Барааны тэмдэгтийг Оюуны өмчид бүртгүүлсэн анхдагч огноо "Г" ХК-д байгаа юм байна. Энэ дээр хуулийн заалтыг зөрчсөн зүйл алга. "Б р" ХХК өөрсдийн хариуцлагагүй үйлдлээ хүлээн зөвшөөрөх шаардлагатай. Хамгийн гол нь нэхэмжлэгч компани нь 2021 оноос хойш барааны тэмдгээ ашиглаж байгаа гэсэн боловч үүнийг баталгаажуулаагүй байгаа нь өөрсдийнх нь хариуцлагагүй үйлдэл болсон гэж үзэж байна...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Нэхэмжлэгч “Б р” ХХК анх шүүхэд Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 151 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Оюуны өмчийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ”-ний 5.8 дахь хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмнөх нэхэмжлэлийн шаардлага дээрээ  Оюуны өмчийн газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/122 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Барааны тэмдэг, газар зүйн заалтын мэдүүлэг гаргах, шүүлт хийх, тэдгээрийг бүртгэх, улсын бүртгэл хөтлөх, тэдгээрт өөрчлөлт оруулах журам”-ын 5.19 дэх хэсгийг хүчингүй болгуулах гэж ихэсгэсэн.

            3. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа Барааны тэмдгийн мэдүүлгийг яаралтай журмаар шийдвэрлэх хөлсний хэмжээг тогтоох эрхийг олгоогүй болохыг тогтоолгох гэж нэмэгдүүлсэн .

            4. Шүүхээс захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нараас гаргаж өгсөн тайлбар, нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэгч “Б р” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            5. Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 151 дүгээр “Оюуны өмчийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай” тогтоолоор Оюуны өмчийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасныг үндэслэн Оюуны өмчийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоосон бөгөөд уг жагсаалтын 5.8-д “Барааны тэмдгийн мэдүүлгийг яаралтай журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргах” үйлчилгээнд 300,000 төгрөг байхаар тогтоожээ.

            6. Оюуны өмчийн газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн А/122 дугаар тушаалаар “барааны тэмдэг, газар зүйн заалтын мэдүүлэг гаргах, шүүлт хийх, тэдгээрийг бүртгэх, улсын бүртгэл хөтлөх, тэдгээрт өөрчлөлт оруулах журам” -ыг баталсан бөгөөд уг журмын 5.19-т “Яаралтай үйлчилгээний хөлс төлсөн мэдүүлэгт хуулийн 8 дугаар зүйлийн 8.10-т заасан эсэргүүцэл гаргах хугацаа дуусгавар болсны дараа шүүлт хийж, дүгнэлт гаргана” гэж заажээ.

            7. Нэхэмжлэгчээс “... Оюуны өмчийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.3-т Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд заасан үйлчилгээний хөлсний хэмжээг Засгийн газар тогтоохоор зохицуулсан байна. Энэ агуулгаас үзвэл барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд заасан үйлчилгээний хөлсний хэмжээг засгийн газар тогтоохоор байна. Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 151 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Оюуны өмчийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ”-ний 5.8 дахь хэсэгт заасан барааны тэмдгийн мэдүүлгийг яаралтай журмаар шийдвэрлүүлэх гэсэн үйлчилгээг Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд заагаагүй атал Засгийн газар хуульд заагаагүй үйлчилгээг журамласан нь хууль бус байна... хуульд тодорхойлоогүй үйлчилгээний хөлсний хураамжийг шинээр тодорхойлсон нь эдгээр хуультай нийцэхгүй буюу эрх олгосон хэм хэмжээг хэтрүүлсэн байна ... Мөн Оюуны өмчийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.3-т барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд заасан үйлчилгээнд Засгийн газар үйлчилгээний хураамж тогтоогдох эрхийг олгосон байхад Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд заагаагүй үйлчилгээний хураамж тогтоож буй нь захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна... Оюуны өмчийн газрын дарга нь 2021 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн А/122 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “ Барааны тэмдэг, газар зүйн заалтын мэдүүлэг гаргах, шүүлт хийх, тэдгээрийг бүртгэх, улсын бүртгэл хөтлөх, тэдгээрт өөрчлөлт оруулах журам”-ын 5.19 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэгч этгээдтэй ялгагдах шинж чанаргүй барааны тэмдгийг гуравдагч этгээд Г ХХК-ийн мэдүүлсэн барааны тэмдгийн мэдүүлгийг яаралтай журмаар шийдвэрлэж, барааны тэмдгийн гэрчилгээ олгосон ... энэ үйлдэл нь “Б р” ХХК -ний Монгол Улсын Үндсэн хуулийн арванзургаадугаар зүйлийн 3-т заасан “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” , мөн зүйлийн 8-д заасан “соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх эрхтэй. Зохиогч, шинэ бүтээл, нээлтийн эрхийг хуулиар хамгаална” гэж заасан үндсэн эрх, Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцоор тодорхойлсон өөрийн барааны тэмдгийг бусдаас хамгаалах, оюуны өмчийн эрхийг зөрчсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар дээрх эрх бүрэн сэргэх боломжтойгоос гадна хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах эрсдэлээс урьдчилан  сэргийлэх, өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, ажил үйлчилгээнээс ялгах тэмдгийг эзэмших эрхээ эдлэх боломжтой юм ... Мөн Засгийн газарт барааны тэмдгийн мэдүүлгийг яаралтай журмаар шийдвэрлэх хөлсний хэмжээг тогтоох эрхийг олгоогүй болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3-т заасан нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гаргаж байгаа бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчийн хувьд илүү үр дүнтэй процессын эрх зүйн хамгаалалт үзүүлэхэд чиглэгддэг онцлогтой ... өөрөөр хэлбэл, барааны тэмдгийн мэдүүлгийг яаралтай журмаар шийдвэрлэх хөлсний хэмжээг тогтоох эрхийг олгоогүй болохыг тогтоосноор нэхэмжлэгч этгээдийн хувьд түүнтэй ялгагдах шинж чанаргүй, ижил барааны тэмдгийн мэдүүлгийг яаралтай журмаар шийдвэрлэсэн нь хууль бус байсан гэдгийг тогтоосноор нэхэмжлэгчийн эрх ашиг сэргэх боломжтой гэж маргаж байна.

            8. Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс: “...Оюуны өмчийн газар нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 151 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Оюуны өмчийн байгууллагаас үзүүлэх ажил, үйлчилгээний хөлсний хэмжээ”-г хэрэгжүүлж эхлэхээс өмнө Монгол Улсын Шадар сайдын 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 59 тоот тушаалын хавсралтаар батлагдсан хөлсний хэмжээний үйлчилгээ үзүүлдэг байсан ба уг хавсралтад “Барааны тэмдгийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг яаралтай /45 хоног/ гүйцэтгүүлэхэд 50 000 төгрөг” гэж анх тогтоосон байдаг ...  2020 онд батлагдсан Оюуны өмчийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “хууль тогтоомжид заасан журмын дагуу оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийлгэх, лавлагаа авахад улсын тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлс төлнө”, 24.2-т “Оюуны өмчийн байгууллагаас үзүүлэх дараах үйлчилгээний хөлсний хэмжээг Засгийн газар тогтооно” гэж тус тус заасан эдгээр заалтын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 151 дүгээр тогтоолоор Оюуны өмчийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн тогтоосон байдаг ... Нэхэмжлэгч “Б р” ХХК нь барааны тэмдгээ 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн анхдагч огноотойгоор, Ниццийн ангиллын 18, 25, 35, 37, 40, 41, 42, 43, 44 дүгээр ангиллуудад бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан ... Харин Г ХК нь 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн анхдагч  огноотой, 40-2024-0035811, 40-2024-0035812 дугаартай үг, дүрс хосолсон барааны тэмдгүүдийг Ниццийн 18, 22, 23, 24, 25, 35 дугаар ангиллуудад бүртгүүлэхээр мэдүүлсэн ... 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан “ Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-иар тус хуулийн 8 дугаар зүйлд шинэ зохицуулалт нэмэгдсэн. Тодруулбал “ Энэ хуулийн 7.10-т заасны дагуу нийтэд мэдээлсэн барааны тэмдгийн мэдүүлэгт анхдагч огнооноос хойш гурван сарын дотор сонирхогч этгээд эсэргүүцэл гаргаж болно”... мөн Барааны тэмдэг, газар зүйн заалтын мэдүүлэг гаргах, шүүлт хийх, тэдгээрийг бүртгэх, улсын бүртгэл хөтлөх, тэдгээрт өөрчлөлт оруулах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.19-т “ Яаралтай үйлчилгээний хөлс төлсөн мэдүүлэгт хуулийн 8 дугаар зүйлийн 8.10-т заасан эсэргүүцэл гаргах хугацаа дуусгавар болсны дараа шүүлт хийж, дүгнэлт гаргана” гэж заасан байдаг... Парисын конвенцын 4 дүгээр зүйлтэй холбоотойгоор “Б р” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй болно ... маргаан бүхий яаралтай үйлчилгээ нь эрхийн хамгаалалтын шалгуур, шаардлагыг өөрчлөөгүй, зөвхөн захиргааны үйл ажиллагааны хугацаанд хамаарах процессын зохицуулалт юм. Яаралтай үйлчилгээ нь сайн дурын шинжтэй бөгөөд мэдүүлэг гаргагч уг үйлчилгээг авах эсэхээ өөрөө сонгох боломжтой ... яаралтай үйлчилгээ авахгүй тохиолдолд эрх зүйн сөрөг үр дагавар үүсэхгүй, барааны тэмдгийн мэдүүлгийг ердийн журмаар шийдвэрлүүлэх боломж бүрэн хадгалагдана, үйлчилгээний хөлс төлөх үүрэг албадан үүсэхгүй ... үйлчилгээний хөлсний хэмжээ тогтоосонтой холбоотойгоор нэхэмжлэгчид бодит хохирол учирсан, эрх нь хөндөгдсөн болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж татгалзлаа тайлбарладаг.

            9. Оюуны өмчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс: “...Оюуны өмчийн газар нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 151 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Оюуны өмчийн байгууллагаас үзүүлэх ажил, үйлчилгээний хөлсний хэмжээ”-г хэрэгжүүлж эхлэхээс өмнө Монгол Улсын Шадар сайдын 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 59 тоот тушаалын хавсралтаар батлагдсан хөлсний хэмжээний үйлчилгээ үзүүлдэг байсан ба уг хавсралтад “Барааны тэмдгийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг яаралтай /45 хоног/ гүйцэтгүүлэхэд 50 000 төгрөг” гэж анх тогтоосон байдаг ... Оюуны өмчийн газар нь 2016 оноос өнөөдрийг хүртэл нийт 40412 мэдүүлэг хүлээн авснаас 301 мэдүүлэг яаралтай журмаар шийдвэрлэсэн. Эдгээрээс 36 нь Гадаадын хуулийн этгээд, 265 нь дотоодын иргэн, хуулийн этгээдийнх байна... Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол улс, Япон улс хоорондын хэлэлцээр 2016 онд хүчин төгөлдөр болж, Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол улс, Япон улс хоорондын хэлэлцээрийн 12 дугаар бүлгийн 12.9 дүгээр зүйлийн 2 дугаар хэсэгт “ Барааны тэмдгийг бүртгүүлэх тухай мэдүүлгийн шүүлтийг зохих үндэслэл болон журмын шаардлагад нийцүүлэн шуурхай журмаар хийлгэх хүсэлтийг эрх бүхий байгууллагад гаргаж болохыг тал бүр хангана. Ийм хүсэлт гаргасан бол эрх бүхий байгууллага мэдүүлгийн шүүлтийг зохих тохиолдолд шуурхай журмаар хийнэ” гэж заасан ... Иймд “Б р” ХХК -ний гаргасан ... Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 151 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Оюуны өмчийн байгууллагаас үзүүлэх ажил, үйлчилгээний хөлсний хэмжээ”-ний 5.8 дахь хэсгийг хүчингүй болгуулах, Оюуны өмчийн газрын даргын 2021 оны  А/122 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Барааны тэмдэг, газар зүйн заалтын мэдүүлэг гаргах, шүүлт хийх, тэдгээрийг бүртгэх, улсын бүртгэл хөтлөх, тэдгээрт өөрчлөлт оруулах журам”-ын 5.19 дэх хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж ... татгалзлаа тайлбарладаг.

Монгол Улсын Засгийн газарт Барааны тэмдгийн мэдүүлгийг яаралтай журмаар шийдвэрлэх хөлсний хэмжээг тогтоох эрх олгосон эсэх тухайд:

            10. Оюуны өмчийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хууль тогтоомжид заасан журмын дагуу оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийлгэх, лавлагаа авахад улсын тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлс төлнө”, 24.2-т “Оюуны өмчийн байгууллагаас үзүүлэх дараах үйлчилгээний хөлсний хэмжээг Засгийн газар тогтооно”, 24.2.3-т “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд заасан үйлчилгээ” гэж зааснаар Монгол Улсын Засгийн газар нь дээрх хуулийн 24.2.1-24.2.8-д заасан 8 төрлийн үйлчилгээний хөлсийг тогтоохоор хуульчилсан байх бөгөөд нэхэмжлэгч талын үйлчилгээ авахыг хүссэн төрөл болох Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд заасан үйлчилгээний хөлсийг тогтоох бүрэн эрхийг хуулиар олгосон байна.

            11. Тухайлбал Оюуны өмчийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээг яаралтай журмаар тогтоосон асуудал нь тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасан үйлчилгээний төрлүүдээс тусдаа шинээр эрх бий болгосон үйлчилгээний шинэ төрөл биш бөгөөд дээрх 8 төрлийн үйлчилгээг Оюуны өмчийн байгууллагаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлсэн тохиолдолд цаг хугацаа, үнийн дүнгийн хувьд өөрчлөгдсөн үйлчилгээний шинж чанарыг сайжруулах, түргэн шуурхай үйлчлэх, үйлчлүүлэгчид чирэгдэл учруулахаас сэргийлсэн, процессын зохицуулалтын шинжтэй үйл явц бөгөөд Засгийн газрын зүгээс хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэр юм.

            12. Өөрөөр хэлбэл Засгийн газрын 2021 оны 151 дүгээр тогтоолоор үйлчилгээний хугацаа, хөлсний хэмжээ тогтоосон болохоос Оюуны өмчийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасан 8 төрлийн үйлчилгээнээс өөр хуульд заагаагүй шинээр 9 дэх үйлчилгээний төрөл нэмж оруулсан, хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй байна.

            13. Дээрх яаралтай журмаар үйлчилгээ үзүүлэх ойлголт өмнө нь Монгол Улсын Шадар сайдын 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 59 тоот тушаалын хавсралтаар батлагдсан хөлсний хэмжээний үйлчилгээ үзүүлдэг байсан ба уг хавсралтад “Барааны тэмдгийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг яаралтай /45 хоног/ гүйцэтгүүлэхэд 50 000 төгрөг” гэж анх тогтоож байсан бөгөөд 2021 оны 151 дүгээр тогтоол гарах хүртэл дагаж мөрдсөөр ирсэн байна.

            14. Нөгөөтээгүүр Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол улс, Япон улс хоорондын хэлэлцээрийн 12 дугаар бүлгийн 12.9 дүгээр зүйлийн 2 дугаар хэсэг, Парисын конвенцын 4 дүгээр зүйл зэрэг Монгол улсын улсын гадаад улстай хийсэн хэлэлцээр, нэгдэн орсон конвенцын дагуу Монгол улс Барааны тэмдгийг яаралтай журмаар шийдвэрлэх үүрэг хүлээдэг бөгөөд дэлхийн бусад улс орнуудад барааны тэмдгийн мэдүүлгийг түргэвчилсэн буюу яаралтай журмаар шийдвэрлэдэг жишиг тогтсон байна.

            15. Засгийн газрын 2021 оны 151 дүгээр тогтоол батлагдсан болон Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуульд 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор Оюуны өмчийн газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн А/122 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар “барааны тэмдэг, газар зүйн заалтын мэдүүлэг гаргах, шүүлт хийх, тэдгээрийг бүртгэх, улсын бүртгэл хөтлөх, тэдгээрт өөрчлөлт оруулах журам” батлагдсан бөгөөд Засгийн газрын 2021 оны 151 дүгээр тогтоол, хуулийн нэмэлт өөрчлөлттэй нийцүүлэн уг журмын 5.19-д “Яаралтай үйлчилгээний хөлс төлсөн мэдүүлэгт хуулийн 8 дугаар зүйлийн 8.10-т заасан эсэргүүцэл гаргах хугацаа дуусгавар болсны дараа шүүлт хийж, дүгнэлт гаргана”  гэх журмын заалт нь “Б р” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, хууль зөрчсөн гэж үзэхгүй.

            16. Нөгөө талаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж зааснаар Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 151 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Оюуны өмчийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ”-ний 5.8 дахь хэсэг болон Оюуны өмчийн газрын даргын 2021 оны А/122 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар “Барааны тэмдэг, газар зүйн заалтын мэдүүлэг гаргах, шүүлт хийх, тэдгээрийг бүртгэх, улсын бүртгэл хөтлөх, тэдгээрт өөрчлөлт оруулах журам”-ын 5.19 дах хэсэг нь нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаар нэхэмжлэгч тал нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тодорхой тайлбарлаж чадаагүй бөгөөд дээрх маргаан бүхий актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж дүгнэхээр байна.

            17. Нэхэмжлэгчээс шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Барааны тэмдгийн мэдүүлгийг яаралтай журмаар шийдвэрлэх хөлсний хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт олгоогүй болохыг тогтоолгох гэж нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д “эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх” гэж заасан төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            18. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 5.8-д “Хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасан “эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх” шийдвэрийг шүүх гаргаж болох зохицуулалт нь мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3-т заасан тогтоох нэхэмжлэлийн дагуу гарах шүүхийн шийдвэрийн төрөл тул хуулийн системчлэлийн үүднээс авч үзвэл, эрх зүйн харилцааг тогтоох нэхэмжлэлийн урьдчилсан нөхцөл хангагдсан тохиолдолд шүүх уг шийдвэрийг гаргана гэж ойлгохоор байна. Өөрөөр хэлбэл, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох нэхэмжлэлийн урьдчилсан нөхцөл хангагдсан тохиолдолд шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг үүсгэх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн тогтоолгохыг шаардаж буй нийтийн эрх зүйн харилцаа байгаа нь эсхүл байхгүй нь тогтоогдсон бөгөөд шүүхийн шийдвэр гарснаар нэхэмжлэгчийн хувьд ямар нэгэн эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, эсхүл дуусгавар болох зэргээр эрх зүйн тодорхой үр дагавар үүсэх буюу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хамгаалагдах боломжтой тохиолдолд тухайн /нэхэмжлэлээр шаардаж буй/ эрх зүйн харилцаа байгааг, эсхүл байхгүйг тогтоосон  буюу хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана. Харин нэхэмжлэгчийн тогтоолгохыг шаардаж буй эрх зүйн харилцаа нь байгаа, эсхүл байхгүй гэдэг нь тогтоогдоогүй, тогтоогдсон ч нэхэмжлэгчийн хувьд ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсэхээргүй буюу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хамгаалагдахааргүй бол нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно” гэж тайлбарласнаар маргаан бүхий нөхцөлд нэхэмжлэгчийн шаардаж буй Барааны тэмдгийн мэдүүлгийг яаралтай журмаар шийдвэрлэх үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт олгоогүй нөхцөл тогтоогдохгүй байхаас гадна нэхэмжлэгчийн хувьд ямар нэг эрх зүйн үр дагавар үүсэхээргүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хамгаалагдахааргүй байна.

            19. Өөрөөр хэлбэл ҮНДЭСЛЭХ хэсгийн 10, 11-д дурдсанчлан Оюуны өмчийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасан бүрэн эрхийн хүрээнд 24.2.1-24.2.8-д заасан үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох бүрэн эрхийг Монгол Улсын Засгийн газарт хуулиар олгосон байх тул Барааны тэмдгийн мэдүүлгийг яаралтай журмаар шийдвэрлэх хөлсний хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт олгоогүй болохыг тогтоох шаардлагагүй. 

            20. Иргэдийн төлөөлөгч .... Яаралтай журмыг гаргаснаар нийтийн эрх, ашиг хөндөгдөөгүй байна. Барааны тэмдэгтийг Оюуны өмчид бүртгүүлсэн анхдагч огноо "Г" ХК-д байгаа юм байна. Энэ дээр хуулийн заалтыг зөрчсөн зүйл алга. “Б р” ХХК өөрсдийн хариуцлагагүй үйлдлээ хүлээн зөвшөөрөх шаардлагатай. Хамгийн гол нь “Б р” ХХК 2021 оноос хойш барааны тэмдгээ ашиглаж байгаа гэсэн боловч үүнийг баталгаажуулаагүй байгаа нь өөрсдийнх нь хариуцлагагүй үйлдэл болсон гэж үзэж байна ... гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, хуульд нийцсэн байх тул хүлээн авах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ :

 1. Оюуны өмчийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 , 24.2.3, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Б р” ХХК-ийн Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 151 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Оюуны өмчийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ”-ний 5.8 дахь хэсгийг хүчингүй болгуулах, Оюуны өмчийн газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/122 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Барааны тэмдэг, газар зүйн заалтын мэдүүлэг гаргах, шүүлт хийх, тэдгээрийг бүртгэх, улсын бүртгэл хөтлөх, тэдгээрт өөрчлөлт оруулах журам”-ын 5.19 дэх хэсгийг хүчингүй болгуулах, Барааны тэмдгийн мэдүүлгийг яаралтай журмаар шийдвэрлэх хөлсний хэмжээг тогтоох эрхийг олгоогүй болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч “Б р” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                               Л.ОДБААТАР

ШҮҮГЧ                                               Б.АДЪЯАСҮРЭН

ШҮҮГЧ                                               О.ОЮУНГЭРЭЛ

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдааны шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Л.Одбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Б.Адъяасүрэн

Шүүгч О.Оюунгэрэл

Нэхэмжлэгч: “Б р” ХХК

Хариуцагч: Монгол Улсын Засгийн газар

Хариуцагч: Оюуны өмчийн газрын дарга

Гуравдагч этгээд: “Г” ХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 151 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Оюуны өмчийн байгууллаас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ”-ний 5.8 дахь хэсгийг хүчингүй болгуулах”, “Оюуны өмчийн газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/122 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Барааны тэмдэг, газар зүйн заалтын мэдүүлэг гаргах, шүүлт хийх, тэдгээрийг бүртгэх, улсын бүртгэл хөтлөх, тэдгээрт өөрчлөлт оруулах журам”-ын 5.19 дэх хэсгийг хүчингүй болгуулах”, “Барааны мэдүүлгийг яаралтай журмаар шийдвэрлэх хөлсний хэмжээг тогтоох эрхийг олгоогүй болохыг тогтоолгох”

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Т, хариуцагч Оюуны өмчийн газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, С.У, Г.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, Г.З, иргэдийн төлөөлөгч Б.Бнар оролцов.

7.1. Хариуцагч Оюуны өмчийн газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч  Г.Гас шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа: