Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1405

 

 

 

  2023         11         13                                        2023/ШЦТ/1405

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,  

улсын яллагч К.Чимгээ,

шүүгдэгч Ж.Г. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Т. овогт Ж.ийн Г.од яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2306003782672 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, операторчин мэргэжилтэй, Ганцын задгай тоотод оршин суух, Т. овогт Ж.ийн Г..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Г. нь 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 2 дугаар гудамж, 1139 тоотод болон гэрийн гадна Д.Оюун-Эрдэнэтэй маргалдаж, биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Г. мэдүүлэхдээ: “Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв.” гэв.

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Д.Оюун-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Ж.Г. надад хандаж “нэг шил архи аваад ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “надад одоо мөнгө байхгүй” гэж хэлсэн чинь “мөнгөтэй байж архи авчихгүй” гэх мэтчилэн агсарч байгаад “гараад ир” гэж хэлсэн. Ж.Г.ын үгэнд нь ороод гадагшаа гартал Ж.Г. надад хандаж “мөнгөө харамлаад үхлээ юу” гэх мэтчилэн харааж багаад намайг хөлөөрөө хавирч унагасан. Тэгэхээр нь би “чамтай зодоон хийхгүй” гэж хэлээд буцаад Анхбаярын гэр лүү орсон. Анхбаярын гэрт ороод сууж байтал Ж.Г. үг хэлэхийн зөрүүгүй миний нүүр хэсэгт хөлөөрөө өшиглөж, газарт унагаад, толгой хэсэгт хөлөөрөө дэвсэж, газарт унасан байхад чирээд, намайг цохиод байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 13/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 271 тоот: “Д.Оюун-Эрдэний биед зүүн сарвууны эрхийн хурууны мултрал, доод уруулд няцарсан шарх, дээд үүдэн зүүн 1, доод зүүн 1-р шүдний сулрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 23-24/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.Г. нь 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 2 дугаар гудамж, 1139 тоотод болон гэрийн гадна Д.Оюун-Эрдэнэтэй маргалдаж, биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Д.Оюун-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Ж.Г. надад хандаж “нэг шил архи аваад ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “надад одоо мөнгө байхгүй” гэж хэлсэн чинь “мөнгөтэй байж архи авчихгүй” гэх мэтчилэн агсарч байгаад “гараад ир” гэж хэлсэн. Ж.Г.ын үгэнд нь ороод гадагшаа гартал Ж.Г. надад хандаж “мөнгөө харамлаад үхлээ юу” гэх мэтчилэн харааж багаад намайг хөлөөрөө хавирч унагасан. Тэгэхээр нь би “чамтай зодоон хийхгүй” гэж хэлээд буцаад Анхбаярын гэр лүү орсон. Анхбаярын гэрт ороод сууж байтал Ж.Г. үг хэлэхийн зөрүүгүй миний нүүр хэсэгт хөлөөрөө өшиглөж, газарт унагаад, толгой хэсэгт хөлөөрөө дэвсэж, газарт унасан байхад чирээд, намайг цохиод байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 13/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 271 тоот: “Д.Оюун-Эрдэний биед зүүн сарвууны эрхийн хурууны мултрал, доод уруулд няцарсан шарх, дээд үүдэн зүүн 1, доод зүүн 1-р шүдний сулрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 23-24/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ж.Г.од яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Ж.Г.од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн мэдүүлж байгаа зэргийг нь харгалзан шүүгдэгчид  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т. овогт Ж.ийн Г.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г.од 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Ж.Г.од оногдуулсан 700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхийг тайлбарласугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.Г. нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

            5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Г.од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

           6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЛЗОД