Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/52

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батбаяраар хөтлүүлэн,

Улсын яллагч Н.Баасанжав,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* /цахимаар/,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ирүүлсэн 2309000001389 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: * Улсын иргэн, * төрсөн, 35 настай, эмэгтэй, * боловсролтой, * мэргэжилтэй, * ажилладаг, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт * оршин суудаг, урьд эрүүгийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй,  ******* овогт *******ийн *******, регистрийн дугаар: /РД:*******/,

 

Шүүгдэгч ******* нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ Монгол Улсын Боловсролын Их сургуулийн “Сургуулийн өмнөх боловсролын сургууль”-ийг сургуулийн өмнөх боловсролын арга зүйч, багш мэргэжлээр суралцсан боловч төгсөлтийн шалгалтад орж төгсөөгүй байж 2010 онд төгссөн гэх D201004228 дугаартай “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс Завхан аймгийн Тосонцэнгэл сумын хоёрдугаар цэцэрлэгт багшаар ажилд орохдоо ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний тухайд ярьж хэлэх зүйлгүй. Нэхэмжлэх зүйлгүй, прокурорын саналыг дэмжиж байна...” гэв.

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би Монгол Улсын Боловсролын Их сургуульд 2006 онд сургуулийн өмнөх боловсролын заах арга зүйч багшаар элсэн орж суралцсан. Би 3 дугаар курсээ төгсөх хүртлээ хичээлдээ ер нь тогтмол суралцдаг байсан. 2009 оны 08 дугаар сарын үед жирэмсэн болсон, мөн тухайн үед бие өвдөөд 4 дүгээр курстээ суралцаагүй, хааяа л хичээлдээ очдог байсан. Тухайн үеийн сургалтын менежертэй уулзаад учир байдлаа хэлээд би төгсөх хэрэгтэй байна гэхэд “Болно болно, чи хамгийн гол нь төлбөрөө бүрэн төлсөн үү, хэрэв төлсөн бол төгсөж болно” гэхээр нь би тухайн үед төрийн банкны дансанд төлбөрөө тушааж байсан. Би одоо төлбөр гэж хэдэн төгрөг, ямар хүний данс руу шилжүүлж байснаа санахгүй байна, сургалтын албаны менежерийн нэрийг нь ч санахгүй байна. 2010 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тус сургуулийн сургалтын албаны багш залгаад дипломоо аваарай гэж хэлэхээр нь би хэрхэн авах талаар асуухад намайг сургуулийн жижүүрээс нэрээ хэлээд аваарай гэсэн. Тэгэхээр нь би 2010 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 15-16 цагийн хооронд сургуулийн жижүүрээс очиж авсан. Би уг дипломоо хуурамч гэдгийг нь анх 2019 онд Газарчин дээд сургуулийн магистрт сурах гэтэл миний дипломыг үзээд наадах чинь хуурамч юм шиг байна, магистрт сурч болохгүй, эхнээс нь бакалаврт сурсан нь дээр гэж хэлснээр мэдсэн. Би уг сургуульд 4 жилийн хугацаатай суралцсан. Намайг Газарчин дээд сургуулийн 2 дугаар курст суралцаж байхад манай ажил дээр боловсролын яамнаас шалгалт ирээд миний дипломыг хуурамч гэдгийг дахин хэлсэн. Би тухайн үед шалгалтын хүмүүст би хуурамч дипломтой гэдгээ магистрт сурах гэж байхдаа мэдсэн, одоо бакалавраар суралцаж байгаа гэхэд шалгалтын хүмүүс за тэгвэл наад дипломоо хураалга гээд хурааж авсан. Би Газарчин дээд сургуульд сурч байхдаа ажлаасаа чөлөө аваагүй, ажлынхаа хажуугаар суралцаж төгссөн. Би үндсэндээ хуурамч дипломтой гэдгээ 2019 оноос эхэлж мэдсэн...” гэв.

Улсын яллагч Н.Баасанжав шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийг сургуулийн өмнөх боловсролын арга зүйч, багш мэргэжлээр суралцсан боловч төгсөлтийн шалгалтад орж төгсөөгүй байж 2010 онд төгссөн гэх D201004228 дугаартай “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс Завхан аймгийн Тосонцэнгэл сумын хоёрдугаар цэцэрлэгт багшаар ажилд орохдоо ашигласан болох нь хохирогч *******ын мэдүүлэг, гэрч , , , , , ,, , нарын мэдүүлэг, Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичигт хяналт-шинжилгээ хийсэн тухай танилцуулга, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн захирлын 2010 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 178 дугаартай тушаал, хавсралтууд, мөрдөгчийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн яллагдагч *******аас гаргаж өгсөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод үндэслэн хийсэн хохирлын тооцоо, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бусад нотлох баримтаар хангалттай нотлогдож байна гэж үзэж байгаа. Тийм учраас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Дээрх үйлдэл 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарыг хүртэл үргэлжилсэн байх тул гэмт хэргийн төгссөн цаг хугацаагаар тооцож гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хэтэрсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Дээрх гэмт хэргийн улмаас Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны яаманд 100,869,450 төгрөгийн хохирол учирсан байгаа. Энэ нь 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сар хүртэл 8 жил 10 сар ажилласан хугацааны цалин байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар шударгаар хөдөлмөрлөх, хөдөлмөрлөсөн хөлсөө авах эрхтэй гэж заасан учраас тухайн онуудад ажилласан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож түүний цалин 32,988,000 төгрөгийг хохирлоос хасах нь зүйтэй байна. Үүнийг төрд учирсан нийт хохирлоос хасаж 67,881,450 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх саналтай байна. Шүүгдэгчээс төрд учирсан хохиролд 67,896,001 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн D201004228 дугаартай бакалаврын дипломыг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргах саналтай байна ...” гэв.

Эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад : “Боловсрол, шинжлэх ухааны яамнаас улсын хэмжээний нийт багш нарын их, дээд сургуулийн дипломын дугаарт тулгалт хийж, хяналт, шалгалтыг зохион байгуулахад нэр бүхий багш нар нь хуурамч диплом ашиглан ажиллаж байж болзошгүй байх тул ...мөрдөн шалгах ажиллагаа явуулах саналтай байгааг илтгэн танилцуулъя” гэсэн тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоол, Монгол Улсын Боловсрол, Шинжлэх Ухааны яамны албан бичиг  /ХХ-ийн 02 дугаар хуудас/,

-Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичигт хяналт-шинжилгээ хийсэн тухай танилцуулга, зөрчилтэй баримт бичгийн жагсаалт, /ХХ-ийн 11-59, 134-145 дугаар хуудас/

-Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн захирлын 2010 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 178 дугаартай тушаал, хавсралтууд /ХХ-ийн 225-229 дүгээр хуудас/

-Мөрдөгчийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн яллагдагч *******аас гаргаж өгсөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод үндэслэн хийсэн хохирлын тооцоо /ХХ-ийн 179 дүгээр хуудас/

-2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 3/1184 дугаартай Монгол Улсын Боловсролын их сургуулиас ирүүлсэн “... Тус байгууллагаас ирүүлсэн албан бичигт дурдсан *******ийн ******* /РД:*******/ нь МУБИС-ийг 2010 онд Сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч мэргэжлээр төгссөн тухай мэдээлэл олдоогүй болно...” албан бичгийн хуулбар /ХХ-ийн 224 дүгээр хуудас/,

-2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 01/74 дугаартай Монгол Улсын Боловсролын их сургуулиас ирүүлсэн “...*******ийн ******* /РД:*******/ нь тус сургуулийн 2010 оны төгсөлтийн тушаалд нэр бүртгэлгүй байна. Мөн 2009-2010 оны сургалтын төлбөр төлсөн баримтууд архивлагдаж байгаа ч шүүж үзэхэд тус иргэний сургалтын төлбөр төлсөн гэх баримт байхгүйг мэдэгдье...” албан бичгийн хуулбар /ХХ-ийн 233 дугаар хуудас/,

 -Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын “...Миний хувьд хуурамч дипломтой хүнийг уг ажилд ажиллуулж хүүхдийг хүмүүжүүлэх эрхгүй гэж бодож байна. Нэхэмжлэх зүйл гэвэл ажлаас нь чөлөөлүүлэх хүсэлтэй байна. Өөр надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 151 дүгээр хуудас/

-Гэрч ийн “...2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Боловсрол шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтны хяналт шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан. Тухайн шалгалтыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч, бүртгэлжүүлж дээд боловсролын удирдлага мэдээллийн системд тулгалт хийж, үндэсний архивын газраас ирүүлсэн мэдээлэл, төгсөгчдийн дээд боловсролын мэдээний маягт зэргүүдээс шүүлт хийж боловсролын баримт бичгийг бүртгэл, тулгалт хийж ажилласан. Манай ажлын хэсгийн шалгалтаар 21 аймаг, 9 дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичиг, /диплом/ мэдээллийн сангийн бүртгэл /Esis программ/ бүртгэл, pdf файлаар ирүүлсэн материалд тулгалт хийж үзэхэд Боловсролын салбарт ажиллаж байгаа багш ажилчдын  дипломын дугаар давхардсан /овог нэр, регистрийн дугаар, гарын үсэг, тамга тэмдгийг сканердсан/ зөрчил нь 458 боловсролын баримт бичиг /диплом/ илэрсэн. Бүртгэлгүй дипломын дугаар ашигласан зөрчил нь 145 боловсролын баримт бичиг /диплом/ илэрсэн. Их, дээд сургуультай холбоотой /алдаатай бичилт хийгдсэн, төгсөгчдийн дугаарыг давхардуулсан, дээд боловсролын мэдээнд байхгүй төгсөлт хийсэн, архивын бүрдлийг өгөөгүй/ 13 зөрчил илэрсэн. Өмнөх шатны боловсролын зөрчилтэй 108 зөрчил илэрсэн нийт 725 зөрчил тус тус илрээд байна. Үүнээс эхний хоёр ангилалд хамрагдаж байгаа дипломын дугаар давхардсан 458, бүртгэлгүй дипломын дугаар ашигласан нь 145 боловсролын баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэж үзэж байна. Шалгалтын хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуулийн багш, удирдах ажилтны ирүүлсэн дипломыг харахад бүртгэлийн дугаарыг засварласан нь илтэд мэдэгдэхүйц засварласан, тамга тэмдэг, гарын үсэг дутуу, гарын үсгийг хуурамчаар үйлдсэн, бүртгэлийн дугаар давхардсан, хавсралтын бүрдэл дутуу, дипломын загвар буруу зэрэг зөрчлүүд 458 байсан. Боловсрол шинжлэх ухааны яамнаас дээд боловсролын байгууллагад олгогдсон дипломын дугаараас ондоо өөр дугаар тавигдсан. Мөн тухайн төгсөгчдийн мэдээ бүртгэлгүй дипломын дугаар ашигласан 145 байсан. Төгсөгчдийн бүртгэлийг давхардуулж олгосон, алдаатай бичсэн зөрчил 13 байсан. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системд алдаатай шивэлт хийсэн 1 зөрчил байна. Хуурамчаар авч ашигласан дипломын дийлэнх нь Монгол улсын их сургууль, Монгол улсын боловсролын их сургуулийн диплом байсан. Уг дипломыг хаана ямар байдлаар үйлдвэрлэж олгосон гэдгийг тогтоох боломжгүй байна. Ажлын хэсэг нь хуурамч дипломтой багш, удирдах ажилтантай холбогдож уулзаагүй тайлбар өгөөгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 62-63 дугаар хуудас/,

-Гэрч гийн “...БШУЯамны сайд ийн 2021 оны 12 дугаар сард гаргасан тушаалын дагуу ажлын хэсэг байгуулагдаж дээд боловсрол, ерөнхий боловсрол, сургуулийн өмнөх боловсрол, мэргэжлийн хяналтын байгууллага, боловсролын ерөнхий газраас тус тус хүмүүс ажлын хэсэгт орж ажилласан. Ерөнхийдөө шалгалт 2021 оны 12 дугаар сарын сүүлээр эхэлсэн ба эхний ээлжид шалгалтын бэлтгэл ажлыг хангах 2 сарын хугацаа шаардагдсан ба түүнд боловсролын мэдээллийн системд байгаа багш нарын мэдээллийг татаж авах, Багш нарын дипломыг pdf файлаар татаж авах, Архивын ерөнхий газраас мэдээлэл гаргуулж авах зэрэг мэдээлэл цуглуулах ажилд маш их хугацаа орсон. Тухайн хяналт, шалгалтыг явуулах туршлагатай мэргэжилтэн шаардлагатай байсан тул мэргэжлийн хяналтын байцаагч, боловсролын ерөнхий газраас мэргэжилтэн татан оролцуулж, тушаалд өөрчлөлт оруулж уг ажлыг эхэлсэн. Мөн ажлын хэсгээ дотор нь 2 болгож хуваасан ба хувь хүний нууцлалтай хэсэг дээр бол мэргэжлийн хяналтын байцаагч, боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн, манай газрын ахлах шинжээч нарыг оруулж тэдгээр хүмүүстэй нууцлалын баталгаа гаргуулж шалгалтын үндсэн ажлын дээрх хүмүүс 2022 оны 03 дугаар сараас эхэлж 08 дугаар сарыг дуустал хийж гүйцэтгэсэн харин бусад ажлын хэсэгт орсон хүмүүс нь бол дээрх хүмүүсийг ажиллах нөхцөлөөр хангаж мэдээллийг цэгцлэх, цуглуулах хэлбэрээр ажилласан юм. Дээрх шалгалтын үр дүнгийн тайланд бусад шалгалтаар тогтоогдсон дэлгэрэнгүй мэдээллийг тусгасан байгаа. Би яг системийг хэзээнээс эхлэн ашигласныг бол сайн мэдэхгүй байна гэхдээ манай байгууллагад EISIS, HEMIS гэсэн үндсэн 2 программ ашиглагддаг юм. Тухайн HEMIS программд бүх их, дээд сургуулиуд төгсөгчдийн мэдээллийг оруулдаг ба түүний боловсролын ерөнхий газар баталгаажуулдаг байсан харин EISIS программд Монгол улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй мэдээлэл байдаг юм. EISIS систем нь Монгол улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй бүхий л мэдээлэл багтдаг юм. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем гэдэг нь HEMIS программ буюу их дээд сургууль төгсөгчдийн дипломын мэдээлэл юм. Ерөнхийдөө шалгалтаар системд бүртгэлгүй, дугаар давхардсан гэх зөрчлүүд гарч байсан гэхдээ шалгалтын явцад бол цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хүмүүсийн мэдээлэл нь 4-5 өөр баримт бичиг дээр үндэслэн зөрчилтэй диплом баталгаажсан мэдээллийг үндэслэж хүргүүлсэн юм. Тэрнээс биш 1-2 эх үүсвэр дээр зөрчилтэй мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлээгүй. Нэг. Хувь хүнээс санаатайгаар хуурамчаар үйлдсэн байж болзошгүй дипломын тамга, тэмдэг, гарын үсэг, дипломын дугаар, мэргэжлийн индекс буруу /мэргэшлийн нэршил/, өөр хүний овог, нэр, регистрийн дугаар ашигласан зэрэг маш олон зөрчлүүдийг ойлгож байгаа юм. Эдгээр 4-өөс, 5 баримт бичгийг тулгаж тогтоогдсон дипломуудыг хуурамч байж болзошгүй гэж үзээд бидний зүгээс зөрчилтэй дипломын тоонд оруулж цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүргүүлсэн юм. Хоёр. Их дээд сургуулиудын хүчингүй болгосон дипломын дугаар ашигласан, бүртгэлгүй дипломын дугаар ашигласан, Их дээд сургуулийн нэр зөрүүтэй, төгсөгчдийн диплом алдаатай бичиглэл хийсэн, дипломын дугаарыг зөрүүлэн олгосон /Өөр сургуулийн дипломын дугаар/, архивын бүрдэлд өгөөгүй, дугаар давхардуулан олгосон зэрэг зөрчлүүд байсан юм. Тэгж ойлгож болохгүй. Дээрх зөрчлүүдийн аль нэг гарсан бөгөөд түүнийг нь бид нарын шалгалтдаа ашигласан 4-өөс 5 баримт бичиг тулгаж зөрчилтэй гарч байгаа хуурамч байж болзошгүй зөрчилтэй дипломуудыг нэрс гарган явуулсан юм. Улсын хэмжээний цэцэрлэг, сургуулийн багш, удирдах ажилтнуудын дипломыг өөрсдөөс нь хуулбар байдлаар гаргуулж аваад түүнийгээ архивын материал, системийн бүртгэл, төгсөгчдийн дипломын бүртгэл, захирлын тушаалууд зэрэг мэдээллийг тулгаж байж зөрчлийг гаргаж ирж байгаа юм...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 68 дугаар хуудас/,

Гэрч ийн “...Яамны сайд ийн тушаалын дагуу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд боловсролын баримт бичгийн үзлэг, шалгалтын ажлын хэсэгт , , , нарын хамт ажилласан юм...” “...Миний хувьд бол өөрийн ажил үүргийн дагуу дипломын хуурамч мөн эсэх болон үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт, EISIS программд дипломын дугаараар хайлт тус тус хийсэн юм. Зарим багш нарын хуурамч дипломыг системд бүртгүүлж, баталгаажуулсан зөрчил бол илэрсэн...” “...Зөрчилтэй дипломыг бүхий багш нарын төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваагүй. Зөвхөн дээрх бүртгэл, мэдээллүүдээс шүүлт хийх замаар зөрчилтэй дипломыг  тодруулсан. ...” “...Ангилсан кодыг уншихдаа 1.1 Дипломын дугаар давхацсан, бусдын дипломын дугаарыг ашигласан, 1.2 Дипломын дугаар огт байхгүй буюу тийм дугаар тухайн жилд олгогдоогүй, илтэд хуурамчаар үйлдсэн, 1.3 тухайн сургуулийн буруутай үйл ажиллагаанаас /Сургуулиуд өөрсдөө төгсөгчдийн дипломын дугаарыг сургуулиудад давхцуулан олгосон/, 1.5 дараагийн шатанд зөрчилтэй диплом ашиглан суралцсан зэрэг зөрчлүүд илэрснийг тус тус ангилсан юм... “...Дээрх зөрчлүүдээс 1.1, 1.2, кодтой зөрчил илэрсэн мэдээллийг танай байгууллагад хүргүүлж байгаа юм...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 72-74 дүгээр хуудас/,

-Гэрч ийн “...Тухайн хяналт шалгалтыг хийхдээ Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйл, 28.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Боловсрол шинжлэх ухааны яамны бүтэц, чиг үүргийг заасан Засгийн газрын тогтоолын дагуу тус тус хяналт, шалгалтыг явуулсан юм. Миний хувьд тухайн ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан...” “...Ерөнхийдөө манай яамны дотооддоо ашиглаж байгаа цахим, мэдээллийн бааз дээр тулгуурлан мөн өөрсдийн архивын нэгжтэй тулгалт хийх, Архивын ерөнхий газраас төгсөгчидтэй холбоотой лавлагааг мөн давхардуулан тулгах замаар дээрх зөрчлүүдийг илрүүлсэн юм...” ... Дээрх он, цаг үеийн өөрчлөлтөөр курс төгсөж багш болсон хүмүүсийг дипломын зөрчилтэйд тооцсон боловч цагдаагийн хүргүүлсэн жагсаалт дунд оруулаагүй...” “...Ерөнхийдөө илтэд хуурамч дипломтой, бусдын дипломыг хуурамчаар авч ашигласан гэх зөрчилтэй 600 гаруй иргэдийн мэдээллийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хүргүүлсэн байгаа...” “...Эдгээр хүмүүс хуурамч диплом ашиглаж гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байгаа учраас үүнийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлсэн юм...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 77-79 дүгээр хуудас/,

Гэрч ийн “...Тухайн программд мэдээлэл оруулахдаа боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүс нь анх орохдоо өөрсдөө юм уу сургууль, цэцэрлэгийн менежер, эрхлэгч нар мэдээлэл оруулдаг үнэн зөвийг нь аймаг, дүүргийн боловсролын хэлтсийн ажилчид хяналт тавьж ажилладаг...” “...EISIS систем бол боловсролын салбарын сургууль, цэцэрлэгт ажиллаж байгаа багш ажилчдын мэдээллийн бүртгэл, дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь HEMIS буюу их, дээд сургуулиудын хөдөлгөөн статистикийн мэдээг цахимжуулсан систем, их дээд сургууль төгсөгчдийн мэдээний pdf, ДБ гэсэн үг нь Их, дээд сургууль төгсөгчдийн статистик мэдээний тайлан, дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь төгсөгчдийн дипломын үнэн зөвийг систем нотлох боломжгүй зөрчилтэй эсэхийг тухайн сургууль нотолно. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системийн мэдээллийн сан бүрдүүлэх ажил үе шаттайгаар тасралтгүй хийгдэж байна тиймээс системд бүртгэлгүй шүүлт хийхэд байхгүй байна гэдэг нь системийн алдаа биш юм...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 83-84 дүгээр хуудас/, 

-Гэрч гийн “...Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/265 дугаар тушаалаар батлагдсан боловсролын салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журмын 2.2.9, 3.2, 3.3, 3.4, 3.10.1-ээс 3.10.3 хүртэлх заалтуудын дагуу тухайн сургууль мэдээллийн санг баяжуулж мэдээлэлд хяналт тавьж үнэн зөв бодит байдлыг бүрэн хариуцах зохицуулалттай байдаг. Тийм болохоор программ дээр байгаа иргэний үнэн зөв байгаа эсэхийг систем нотлохгүй тухайн сургуулийн захирлын тушаал, сургуулиас ирүүлсэн төгсөгчдийн статистик мэдээ болон бусад баримтад үндэслэн /Hemis/ программ дээр оруулдаг. Программ дээр буруу шивсэн байвал хариуцлагыг тухайн их, дээд сургууль хариуцахаар сайдын тушаал, статистикийн тухай хуулиар зохицуулж өгсөн байдаг...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 88-89 дүгээр хуудас/

-Гэрчгийн “...2022 оны 05 дугаар сард Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 01 дүгээр сургууль руу ******* багшийг явуул гэж утсаар хэлж байсан. Тухайн үед *******аас би хуурамч дипломтой байсныг нь анх өөрөөс нь сонсож мэдсэн. Тэрнээс өмнө би хуурамч диплом ашиглан манай байгууллагад ажиллаж байсан талаар мэдээлэл байхгүй байсан. Надад ******* нь өөрөө надад хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 201 дүгээр хуудас/

-Гэрч гийн “...2022 оны 05 дугаар сард миний дүү ******* нь над руу залгаад миний дипломыг хураагаад авчихлаа гэж хэлэхээр би ямар учраас хураагаад авсан талаар нь асуухад хуурамч диплом байсныг нь өнөөдөр мэдлээ гэж хэлээд утасны цаанаас уйлаад байсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй. Тухайн үед миний дүүгийн ажиллаж байсан 02 дугаар цэцэрлэгт багш нарын диплом шалгах шалгалт ирээд миний дүүгийн дипломыг хурааж авсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 205 дугаар хуудас/

-Гэрч ийн “...Би 2010 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Төгсөгчдөд боловсролын зэрэг олгох тухай” 178 дугаартай тушаалаар төгссөн суралцагч нарын нэрсийн жагсаалтыг шүүж үзэхэд ******* овогтой ******* /*******/ гэсэн төгсөгчийн нэр байхгүй, мөн дээрх D201004228 дипломын дугаар нь манай сургуулийн төгсөгчдийн статистик мэдээлэлд байхгүй байна. Тус сургуулиас 4 жилийн өдрийн ангийн тушаал 2010 оны 06 дугаар сарын 16-нд нэг удаа гарсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 223 дугаар хуудас/

-Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би Монгол Улсын Боловсролын Их сургуульд 2006 онд сургуулийн өмнөх боловсролын заах арга зүйч багшаар элсэн орж суралцсан. Би 3 дугаар курсээ төгсөх хүртлээ хичээлдээ ер нь тогтмол суралцдаг байсан. 2009 оны 08 дугаар сарын үед жирэмсэн болсон мөн тухайн үед бие өвдөөд 4 дүгээр курстээ суралцаагүй, хааяа л хичээлдээ очдог байсан. Тухайн үеийн сургалтын менежертэй уулзаад учир байдлаа хэлээд би төгсөх хэрэгтэй байна гэхэд “Болно болно, чи хамгийн гол нь төлбөрөө бүрэн төлсөн үү, хэрэв төлсөн бол төгсөж болно” гэхээр нь би тухайн үед төрийн банкны дансанд төлбөрөө тушааж байсан. Би одоо төлбөр гэж хэдэн төгрөг, ямар хүний данс руу шилжүүлж байснаа санахгүй байна, сургалтын албаны менежерийн нэрийг нь ч санахгүй байна. 2010 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тус сургуулийн сургалтын албаны багш залгаад дипломоо аваарай гэж хэлэхээр нь би хэрхэн авах талаар асуухад намайг сургуулийн жижүүрээс нэрээ хэлээд аваарай гэсэн. Тэгэхээр нь би 2010 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 15-16 цагийн хооронд сургуулийн жижүүрээс очиж авсан. Би уг дипломоо хуурамч гэдгийг нь анх 2019 онд Газарчин дээд сургуулийн магистрт сурах гэтэл миний дипломыг үзээд наадах чинь хуурамч юм шиг байна, магистрт сурч болохгүй, эхнээс нь бакалаврт сурсан нь дээр гэж хэлсэн. Би уг сургуульд 4 жилийн хугацаатай суралцсан. Намайг Газарчин дээд сургуулийн 2 дугаар курст суралцаж байхад манай ажил дээр боловсролын яамнаас шалгалт ирээд миний дипломыг хуурамч гэдгийг дахин хэлсэн. Би тухайн үед шалгалтын хүмүүст би хуурамч дипломтой гэдгээ магистрт сурах гэж байхдаа мэдсэн, одоо бакалавраар суралцаж байгаа гэхэд шалгалтын хүмүүс за тэгвэл наад дипломоо хураалга гээд хурааж авсан. Би Газарчин дээд сургуульд сурч байхдаа ажлаасаа чөлөө аваагүй, ажлынхаа хажуугаар суралцаж төгссөн. Би үндсэндээ хуурамч дипломтой гэдгээ 2019 оноос эхэлж мэдсэн....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 120-121, 161-162, 166, 195-197 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийн “Сургуулийн өмнөх боловсролын сургууль”-д сургуулийн өмнөх боловсролын арга зүйч, багш мэргэжлээр суралцсан боловч төгсөлтийн шалгалтад орж төгсөөгүй байж 2010 онд төгссөн гэх D201004228 дугаартай “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” диплом гаргуулан авч, уг дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын хоёрдугаар цэцэрлэгт багшаар ажилд орохдоо болон тухайн ажил албан тушаалд 2023 оны 05 дугаар сарыг хүртэл ажиллах хугацаандаа ашигласан үйл баримтууд нь хангалттай нотлогдож байна.

 

Шүүгдэгч ******* нь өөрийн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамруулна” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч ******* нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийн “Сургуулийн өмнөх боловсролын сургууль”-д сургуулийн өмнөх боловсролын арга зүйч, багш мэргэжлээр суралцсан боловч төгсөлтийн шалгалтад орж төгсөөгүй байж 2010 онд төгссөн гэх D201004228 дугаартай “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” диплом гаргуулан авч, уг дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын хоёрдугаар цэцэрлэгт багшаар ажилд орохдоо болон тухайн ажил албан тушаалд 2023 оны 05 дугаар сарыг хүртэл ажилласан хугацаандаа ашигласан үргэлжилсэн хугацааг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд оруулан тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй.

Иймд *******ын дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Түүнчлэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул *******ыг дээд боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан буюу хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх ба түүнд ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

Иймээс шүүх шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан түүнд прокурорын санал болгосны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.   

Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд түүнд энэ шийтгэх тогтоолоор зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах учир урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

Шүүгдэгч ******* нь дээд боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан буюу хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэрэг үйлдэж улсын төсөвт 67,896,001 төгрөгийн хохирол учруулсан байна.

Тодруулбал, шүүгдэгч ******* нь 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарыг хүртэлх 8 жил 10 сарын хугацаанд хуурамч баримт бичиг ашиглан Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар цэцэрлэгт багшаар ажиллаж 100,869,450 төгрөгийн цалин хөлс авсан байх ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2014-2016 онуудад 192,000 төгрөг, 2017-2018 онуудад 240,000 төгрөг, 2019 онд 320,000 төгрөг, 2020-2022 онуудад 420,000 төгрөг, 2023 онд 550,000 төгрөг байсныг үндэслэн, Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “...цалин хөлс авах...” үндсэн эрхийнх нь дагуу шударгаар хөдөлмөрлөсөн хөдөлмөрийн хөлс болох 32,973,449 төгрөгийг хасаж тооцон, түүнийг улсын төсөвт 67,896,001 төгрөгийн хохирол учруулсан гэж шүүх дүгнэв.

Иймд уг хохирлыг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт оруулах нь зүйтэй.

Харин шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилсэн баримт шүүхэд ирээгүй учир энэ гэмт хэргийн улмаас түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзлээ.

Түүнчлэн энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгчээс битүүмжилсэн эд зүйлгүй бөгөөд харин эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  Монгол Улсын Боловсролын Их сургуулийн 2010 оны D201004228 дугаартай “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн дипломыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж хадгалах нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээд боловсролын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан буюу хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч *******ыг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төвөөс өөр газарт очихгүй байх хязгаарлалт тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар *******д шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төвөөс гадагш зорчихгүй байхаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг дурдаж, хяналтдаа байлгахыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******аас 67,896,001 /жаран долоон сая найман зуун ерэн зургаан мянга нэг/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Монгол Улсын Боловсролын Их сургуулийн 2010 оны D201004228 дугаартай “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн дипломыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тэмдэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.УРТНАСАН