| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00464/и |
| Дугаар | 453 |
| Огноо | 2020-06-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 453
2020 оны 06 сарын 19 өдөр Дугаар 139/ШШ2020/00453 Сайнцагаан сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д аймгийн Х сумын тоотод оршин суух, Т овогт Лын О /ЗМ/-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00464/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ц оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Л.О нь 1965 онд төрсөн. 55 настай. Хулд сумын Талын цэцэг нэгдэлд 1981 оны 04 сарын 05-ны өдрөөс 1983 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байгаад 1983 оны 06 сарын 15-ны өдрөөс 1986 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан. Цэргийн алба хааж ирээд 1986 оны 07 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1992 оноос хувийн малаа маллаж эхэлсэн. Одоо 55 нас хүрч байгаа тул малчнаар тэтгэвэрт гарахаар ажилласан жилээ тогтоолгож байна. Иймд 1981 оны 04 сарын 05-ны өдрөөс 1983 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэл, 1986 оны 07 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.О нь малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
Дундговь аймгийн Архивын тасгийн “тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд 1981 оны 04 сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан тухай баримт ирээгүй учир Л овогтой От холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна. Талын цэцэг нэгдлийн даргын 1981 оны малчнаар томилсон тушаалыг холбогдох баримтаас хуулбарлан гаргаж, хавсралтаар хүргүүллээ ” гэх Дундговь аймгийн архивын тасгийн 2020 оны 05 сарын 20-ны өдрийн 345 дугаартай тодорхойлолт нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Дундговь аймгийн Татварын хэлтсийн “Хулд сумын Талын цэцэг нэгдэл нь 1991 оны 04 дүгээр сарын 27-нд улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1993 оны 2 сарын 10-нд Талын цэцэг ББХК, 1996 оны 04 дүгээр сарын 30-нд “Талын цэцэг” хоршоо болон өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулж байгаад 2005 оны 12 дугаар сарын 30-нд татан буугдсан болно” гэх тодорхойлолт /хэргийн 4-р хуудас/
-Монгол улсын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2018 оны 01 сарын 17-ны өдрийн 82 дугаартай “хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа”-ны хуулбар /хэргийн 5-р хуудас/
- Дундговь аймгийн Архивын тасгийн “тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд 1981 оны 04 сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан тухай баримт ирээгүй учир Л овогтой Отгобаярт холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна. Талын цэцэг нэгдлийн даргын 1981 оны малчнаар томилсон тушаалыг холбогдох баримтаас хуулбарлан гаргаж, хавсралтаар хүргүүллээ ” гэх Дундговь аймгийн архивын тасгийн 2020 оны 05 сарын 20-ны өдрийн 345 дугаартай тодорхойлолт /хэргийн 6-р хуудас/
-Хулд сумын Талын цэцэг нэгдлийн даргын 1981 оны 8 сарын 1-ний өдрийн “илгээлтийн хүүхдийг ажилд томилох тухай ” 26 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 7-р хуудас/
-Дундговь аймгийн Хулд сумын Засаг даргын тамгын газрын даргын “Тус сумын иргэн Л овогтой О нь 1988, 1989, 1990 онуудад тус сумын Цагаанчулуу бригадад малчнаар ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолтыг архиваас лавлагааг гаргуулж авсан нь үнэн болно ” гэх тодорхойлолт /хэргийн 8-р хуудас/
-Л.Оын 1990, 1989, 1988 онуудын цалингийн хүснэгтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 9-11 хуудас/
-Гэрч Д.Лхамжавын “ Л.О нь Хулд сумын дунд сургуулийн 8-р ангийг төгсөөд 1981 оны 4 сараас Хулд сумын Талын цэцэг нэгдэлд илгээлтээр гарч Цагаан чулуу бригадад эцэг эх дээрээ адуу маллаж байгаад цэрэгт явсан. Цэргээс халагдаж ирээд 1986 оны 7 сараас 1992 онд хувьчлал тарах хүртэл Хулд сумын Талын цэцэг нэгдлийн Цагаан чулуу бригадад тэмээ авч маллаж байсан. Л.О нь 1981 оноос хойш тасралтгүй Хулд сумын Талын цэцэг нэгдэлд адуу, тэмээ маллаж байсан гэдгийг нь нэг бригадад мал маллаж байсан учраас сайн мэдэж байгаа юм. Нэгдэлд малчнаас өөр ажил хийж байгаагүй. Би Хулд сумын Талын цэцэг нэгдэл нь 1958 онд байгуулагдахад гишүүнээр орж хувьчлал тарах хүртэл тасралтгүй тоо бүртгэгч, малчнаар ажиллаж байсан. Бид нэг нутгийн хүмүүс учраас Л.Оыг нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаар нь сайн мэдэж байгаа юм. Өөр нэмж ярих зүйлгүй ” гэх мэдүүлэг /хэргийн 25-р хуудас/
-Гэрч Ц.Б-ны “ Л.Оыг 1980 оны 10 сараас таньдаг болсон. Л.О нь 1981 оны 4 сараас Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлийн Цагаан чулуу бригадад адуу маллаж байгаад 1983 оны 6 сард цэрэгт явсан. Тэгээд 1986 оны 6 сард цэргээс халагдаж ирээд Талын цэцэг нэгдлийн Цагаан чулуу бригаддаа 7 дугаар сараас тэмээ авч маллан 1991 оныг дуустал тасралтгүй малласан. Л.О нь Хулд сумын талын цэцэг нэгдэлд тасралтгүй мал маллаж байсан гэдгийг нь тухайн үед нэг нутагт ажиллаж байсан учраас сайн мэдэж байгаа юм. Би 1980 оноос 1981 онд Хулд сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн дарга байсан. 1981 оноос 1986 он хүртэл Талын цэцэг нэгдпийн худаг усны даргаар, 1987 оноос хувьчлал тарах хүртэл Сумын үйлдвэрчний зөвлөлийн даргаар ажиллаж байсан. Өөр нэмж хэлэх зүйлгүй гэх”мэдүүлэг /хэргийн 26р хуудас/
-Гэрч М.Ө-гийн “Л.О нь Хулд сумын сургуулийн 8-р ангийг төгсөөд 1981 оноос Хулд сумын Талын цэцэг нэгдлийн Цагаан чулуу бригадад адуу маллаж байгаад цэрэгт 3 жил явсан. Цэргээс халагдаж ирээд 1986 оны 7 сараас 1992 онд хувьчлал тарах хүртэл Хулд сумын Талын цэцэг нэгдлийн Цагаан чулуу бригадад тэмээ маллаж байсан. Л.О нь 1981 оноос хойш тасралтгүй Хулд сумын Талын цэцэг нэгдэлд адуу тэмээ маллаж байсан гэдгийг нь нэг бригадад мал маллаж байсан хүний хувьд сайн мэдэж байгаа юм. Би 1966 оноос Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд тэмээ маллаж хувьчлал тарах хүртэл ажилласан. Намайг нэгдэлд тэмээ маллаж байхад Л.О нь 1981 онд илгээлтээр нэгдэлд адуучин болж байсан учраас Л.Оын талаар сайн мэдэж байгаа юм. Өөр нэмж ярих зүйлгүй ” гэх мэдүүлэг /хэргийн 27-р хуудас/
-Гэрч Ц-ийн Б-ны 264452 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 28-30/
-Гэрч Д-ын Ө-т Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлээс 1981 оны 05 сарын 05-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 31-33/
-Гэрч Д-ийн Л-д Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлээс 1981 оны 05 сарын 05-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 34-35 хуудас/
-Дундговь аймгийн Хулд сумын 2-р багийн Засаг даргын 2020 оны 05 сарын 21-ний өдрийн 9/180 дугаартай тодорхойлолт /хэргийн 42-р хуудас/
-Даатгуулагч /иргэн/-ийн хөдөлмөрийн чавдар алдалтын хувь, хугацаа тогтоосон 0111685 дугаартай актын хуулбар /хэргийн 43-р хуудас/ баримтууд болно.
Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Л.О нь 1981 оны 04 сарын 05-ны өдрөөс 1983 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэл, 1986 оны 07 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Л.О нь өөрийн эзгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтийг тус шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т овогт Лын О /ЗМ/ нь 1981 оны 04 сарын 05-ны өдрөөс 1983 оны 06 сарын 15-ны өдрийг дуустал, 1986 оны 07 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.У